Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,

хохирогч Б.О,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г-т холбогдох 23160000000010 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ш**** цехэд мужаан ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** багийн ***** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, *********** регистрийн дугаартай, С овогт Д-н Г.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Г-н Говь-Алтай аймгийн Шарга сумын ****** багийн Б***** гэх нэртэй газраас ТОЗ-8 загварын галт зэвсгээр, ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны янгир ямааг агнаж, өөрийн эзэмшлийн ***** ГАА улсын дугаартай Приус-11 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, амьтны аймагт 6,200,000 (зургаан сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Г нь Говь-Алтай аймгийн Шарга сумын ******* багийн Б***** гэх нэртэй газраас 1 тооны янгир ямааг ТОЗ-8 загварын буугаар агнасан, махыг нь өөрийн эзэмшлийн **** ГАА улсын дугаартай Приус-11 загварын машинаар Говь Алтай аймгийн Есөнбулаг сум руу нэвтрүүлэхээр тээвэрлэсэн болох нь: 

1. Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2023 оны 01 дүгээр сарын 03-нд хичээлтэй байсан бөгөөд Г ах руу утсаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ярихад Г ах би одоо гарч байна маргааш буцна гэж хэлсэн. Би тэгэхээр нь маргааш хамт явна шүү намайг аваад яваарай гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байж байхад 21 цагийн үед манайд ирсэн. Би тэгээд гэрээс 6 ямааны арьс, нэг ямааны мах машинд нь ачаад хамт явсан. Тэгээд явж байтал Баарангийн давааны амны өндөр мөргүүний тэнд цагдаа зогсоож шалгасан. Тэгсэн чинь Г ахын машины багажнаас ангийн мах байна гэж хэлээд саатуулсан ... Би тэр талаар мэдээгүй. Цагдаа зогсоож шалгаад ангийн мах тээвэрлэж явна гэхэд нь мэдсэн ... Говь-Алтай аймгийн Шарга сум ******* баг Б****** гэх нэртэй газрыг мэднэ. Тэр газар нь Д.Г-н хадам аав болох Б-н өвөлжөөнөөс баруун талд ойрхон байдаг юм. Тухайн газарт болон манай тэр ууланд янгир ямаа их байдаг юм...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 44 дүгээр тал/ 

 

2. Хохирогч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Говь-Алтай аймгийн Шарга сум ****** багийн Б****** гэх нэртэй газрыг мэднэ. Тухайн газар ********* багт хамаардаг юм. Д.Г-н хадам аав Б-нх нь ****** гэх нэртэй өвөлжөөнд нутагладаг ба ****** гэх нэртэй өвөлжөөний ойролцоо Б******* гэх нэртэй газар нь байдаг юм... Б********* гэх нэртэй газар нь янгир ямаа нутагшил, тархалттай нутаг дэвсгэрт хамаардаг. Газрын хувьд өндөр уулархаг, хадтай газар байдаг юм...Говь-Алтай аймгийн Шарга сум ********* багийн Б********* гэх нэртэй газар нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай Говь-Алтай аймгийн Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалттай газарт нутагт авсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 36 дугаар тал/ 

3. Шүүгдэгч Д.Г-н янгир ямааг агнасан гэх газрын байдлыг хэрэгт бэхжүүлэн тусгасан мөрдөгчийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн болон шүүгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 8-14 дүгээр тал/

4. Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “...***** ГАА улсын дугаартай “Toyota Prius-10” загварын тээврийн хэрэгслийн багаж хэсгээс ангийн махыг илрүүлэн, хураан авсан...” талаар тусгасан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд./хавтаст хэргийн 4-7 дугаар тал/

5. Шүүгдэгч Д.Ганхөлөгөөс хураан авсан янгир ямааны маханд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 15-20 дугаар тал/

6. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Г.Олонбаатарын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/01 дугаартай “...Уг амьтны эд эрхтний бүтэц, ясны морфлоги, арьсны өнгөөр янгир ямаа болох нь тогтоогдож байна... Хөл мах 4 ширхэг /хаа, гуя/, хүзүү1 ширхэг, сээр 1 ширхэг, ууц сүвэй 1 ширхэг, өвчүү 1 ширхэг, өвчсөн арьс 1 ширхэг шинжилгээнд ирүүлсэн эд эрхтнээс үзэхэд  бие гүйцсэн бодгаль болох нь тогтогдож байна... Арьсанд хийсэн үзлэгээр эр амьтны чив, засааны уутанцар тогтоогдоогүй, дэлэнгийн толгой тогтоогдож байгаа нь эм бодгаль болох нь тогтоогдож байна ...” гэсэн агуулгатай шинжээчийн дүгнэлт, хавсаргасан гэрэл зургууд. /хавтаст хэргийн 68- 71 дүгээр тал/

7. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний албаны Криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Батмагнайн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн  буу нь 1952 онд хуучнаар Зөвлөлт холбоот улсад үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын бага калибрын буу байна.

2. Уг галт зэвсэг нь ан агнуур-спорт сургалтын зориулалтаар үйлдвэрлэгдсэн буу байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой байна. Уг галт зэвсэг нь гох дарахгүйгээр өөр ямар нэгэн хүчний үйлчлэлээр буудахгүй байна. 

4. Шинжилгээний явцад шинээр ямар нэг нөхцөл байдал илрээгүй...” гэх  дүгнэлт, хавсралт гэрэл зургууд /хавтаст хэргийн 59-62 дугаар тал/

8. Эд мөрийн баримтаар янгир ямааны хаа 2 ширхэг, гуя 2 ширхэг, хүзүү 1 ширхэг, сээр 1 ширхэг, ууц 1 ширхэг, өвчүү 1 ширхэг, арьс 1 ширхэг, ТОЗ-8 маркийн ***** гэсэн гол төмрийн дугаартай, ***** гэсэн замгийн дугаартай буу 1 ширхэг зэргийг тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 27 дугаар тал/

9. Шүүгдэгч Д.Г-н шүүх хуралдаанд өгсөн “... Би 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхнэр 2 охинтойгоо Говь-Алтай аймгийн Шарга сум руу буюу хадам аавынх руу явсан. 2023 оны 01 дүгээр сарын 02-нд хонинд явж байхад Б******** гэх газар хадны ёзоорт 1 янгир хэвтэж байсан. Ойртоод очиход босохгүй байхаа нь буудаж агнасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... Би 2 жилийн өмнө худалдаж авч байсан. Миний эзэмшлийн буу байгаа юм. Гэхдээ өөр хүний нэр дээр байдаг ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн...” тохиолдолд хууль бусаар ан агнах гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Тодруулбал Амьтны тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 7.5.2 дахь хэсэгт  Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн бол төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр ховор амьтныг агнаж болох бөгөөд мөн хуулиар ховор амьтны жагсаалтыг Засгийн газар батлахаар зохицуулсан бөгөөд дээрх хуулиар тогтоосон журмыг зөрчин тусгай зөвшөөрөлгүйгээр жагсаалтад багтсан амьтныг дур мэдэн агнах, түүхий эдийн зүйлийг нь хадгалах тээвэрлэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд тусгажээ.

Янгир ямаа нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын  11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар ховор амьтны жагсаалтад багтсан бөгөөд шүүгдэгч Д.Г нь янгир ямаа агнах тусгай зөвшөөрөл аваагүй байна.

Иймээс шүүгдэгч Д.Г-н янгир ямаа буудаж агнасан, махыг нь Тоёота Приус-11/“Toyota Prius-11”/ загварын автомашинаар тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, түүний түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор:

1. “...Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгуулсан...” гэх тэмдэглэгээтэй эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас. /хавтаст хэргийн 90 дугаар тал/

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар. / хавтаст хэргийн 140-144 дүгээр тал/

3. Авто тээврийн үндэсний төвийн “... **** ГАА улсын дугаартай Toyota Prius-11 загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Д-н Г ...” гэх агуулга бүхий тээврийн хэрэгслийн лавлагаа. / хавтаст хэргийн 120 дугаар тал/

4. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаартай “... Д-н Г нь тус багийн **** тоотод ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг нь үнэн болно...” гэх албан бичиг. /хавтаст хэргийн 91 дүгээр тал/

5. Шүүх хуралдаанд  шинээр гаргаж өгсөн шүүгдэгч Д.Г-н Байгаль орчин, уур амьсгалын санд 4,000,000 (дөрвөн сая) төгрөг төлсөн тухай ХААН банкны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шилжүүлгийн мэдээллийн баримт.

6. Мэргэшсэн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай “...Toyota Prius-11 загварын тээврийн хэрэгслийг 2,176,000 төгрөгөөр, ТОЗ-8 загварын галт зэвсгийг 200,000 төгрөгөөр...”  тус тус үнэлсэн хөрөнгийн үнэлгээ. /хавтаст хэргийн 81-87 дугаар тал/

7. Шүүгдэгч Д.Г-н шүүх хуралдаанд өгсөн “... Би 2 жилийн өмнө худалдаж авч байсан. Миний эзэмшлийн буу байгаа юм. Гэхдээ өөр хүний нэр дээр байдаг ...” гэх мэдүүлэг. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийг хувьд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэж болохоор тус тус хуульчилсан байна.

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж төлүүлэхээр, мөн Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор янгир ямааны эм бодгалийн үнэлгээг 3,100,000 (гурван сая нэг зуун мянга) төгрөг байхаар зохицуулжээ.

Шүүгдэгч амьтны аймагт учруулсан 6,200,000 (зургаан сая хоёр зуун зуун мянга) төгрөгийн хохирлоос 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг “Байгал орчин, уур амьсгалын сан”-д төлсөн,  шүүх хуралдаанд үлдсэн 2,200,000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн  бөгөөд “хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг нотлох ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн тул Эрүүгийн хуульд заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, галт зэвсэг өмчлөх, эзэмших эрхийг нь хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд заруулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...” гэж тус тус хуульчилсан.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгож хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

Иймээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Приус-11 /“Toyota Prius-11”/ загварын автомашин,  ТОЗ-8М загварын галт зэвсгийг тус тус хураан авч, худалдан борлуулсан үнээс амьтны аймагт учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 2,200,000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлж, үлдсэнийг улсын төсөвт шилжүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохицуулалтад нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн янгир ямааны хаа 2 ширхэг, гуя 2 ширхэг, хүзүү 1 ширхэг, сээр 1 ширхэг, ууц 1 ширхэг, өвчүү 1 ширхэг, арьс 1 ширхгийг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, ****** замаг, гол төмрийн дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсэг, ***** ГАА улсын дугаартай Приус-11 загварын тээврийн хэрэгслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол “Байгаль орчин, уур амьсгалын сан”-д 4,000,000 (дөрвөн сая)төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 2 хуудас баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон тогтоох нь

1. Шүүгдэгч С овогт Д-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах, түүхий эд зүйлийг тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г-т мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Г-т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар галт зэвсэг өмчлөх, эзэмших шүүгдэгчийн эрхийг хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Г-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***** гол төмрийн болон замгийн дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсэг, ******* ГАА улсын дугаартай Приус-11 загварын автомашиныг хураан авч, тэдгээрийг худалдан борлуулсан үнийн дүнгээс гэмт хэргийн улмаас амьтны аймагт учирсан хохирлоос төлөгдөөгүй үнийн дүн 2,200,000 (хоёр сая хоёр зуун мянга)  төгрөгийг “Байгаль орчин, уур амьсгалын сан”-д шилжүүлж, үлдсэнийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Г-т сануулсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол Байгаль орчин, уур амьсгалын санд 4,000,000 (дөрвөн сая)төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 2 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан янгир ямааны хаа 2 ширхэг, гуя 2 ширхэг, хүзүү 1 ширхэг, сээр 1 ширхэг, ууц 1 ширхэг, өвчүү 1 ширхэг, арьс 1 ширхгийг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, ******** замаг, гол төмрийн дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсэг, ******** ГАА улсын дугаартай Приус-11 загварын тээврийн хэрэгслийг Шүүхийн шийдвэр   гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Г.МӨНХТУЛГА