| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0062/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/063 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/063
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил,
Нарийн бичгийн дарга: *******,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, / РД:******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Баянхонгор сумын 3 дугаар багийн 3-9-1330 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч *******н нүүрэн тус газарт нь гутлаар цохиж, гараараа толгойны ар хэсгээр нь барьж ширээ мөргүүлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, духны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч П.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Монгол улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна....гэх мэдүүлэг / хх-ийн 73-74 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гутлаар цохисон, гараа далайхад ширээ мөргөсөн гэв.
3. Шүүгдэгч П.*******ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
....Би ******* гэх хүнтэй анх 2018 онд танилцсан. Тэгээд хамт амьдраад 4 дэх жилдээ болж байгаа юм. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Манай ах, дүүгийн нэг хүн нас бараад ажил явдалд нь оролцож байгаад тухайн айлдаа юм хийж байгаад би 3 хундага архи уусан. Тэгээд би өдөр 16 цагийн орчимд гэртээ ирсэн юм. Би 1 настай ачаа гэртээ унтуулчихаад яваад удаагүй ирсэн. Тэгээд намайг гэртээ ирэхэд ач маань унтаж байсан. Тэгээд гэртээ ирээд би бага зэргийн архи уусан байсан болохоор унтаад өгсөн байсан. Орой 20 цагийн орчимд ******* гэртээ ирсэн юм. Гэтэл намайг “гэр орон цэвэрлээгүй зайл” гээд хөөгөөд байхаар нь би орны урд тайлаад тавьсан байсан гутлаа аваад рүү шидсэн чинь дух хэсэгт нь оноод цохисон. Тэгээд хоорондоо бид хоёр хэрүүл маргаан хийсэн. Гэтэл уурандаа ширээний булан руу зориуд өөрөө мөргөчихсөн юм. Би гутал шидсэнийхээ дараа н хацар хэсэгт нэг удаа алгадсан. Тэгээд цагдаа дуудаад би саатуулагдсан юм. Манайд бид гурваас өөр хүн байгаагүй юм. Би нэг их согтоогүй бага зэргийн согтуу л байсан юм. Би 0.75 граммын шилтэй архинаас 3 удаа буюу 3 хундага архи л уусан байсан. Би орны урд тайлаад тавьсан байсан бор өнгийн түрийтэй хатуу ултай ботинк байсныг авч шидсэн. Тэр гутлыг 2022 оны 12 дугаар сарын эхээр ул нь салаад өнхрөөд ойчихоор хог руу хаясан юм. Одоо хогонд хаягдсан байгаа юм. ширээний булан руу өөрөө уурандаа мөргөчихсөн юм. Тэрнээс би мөргүүлээгүй юм. Би бол нэг удаа алгадсан, мөн гутал авч шидэхэд дух хэсэгт нь оносон юм. Би 2022 оны хавар ******* намайг мөн хөөж туугаад байхаар нь би нэг удаа цохиж байсан. Тэгээд тэр асуудал шалгагдаад шүүхээр орж 620 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж, ялаа биелүүлж дууссан байгаа юм. *******н духан дээр нь хавдсан байсан. Тэгээд чарлаад уурлаж байгаад өөрөө ширээний булан мөргөсөн. Гэтэл *******н баруун талын нүд нь хавдаад цус гарсан байсан юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй, би бие муутай, би 620 цагийн ажил хийгээд миний бүх биеэр тууралт үүсээд одоо хүртэл арилаагүй байгаа юм, эмнэлэгт үзүүлэхээр харшил байна гээд тоохгүй байгаа юм, намайг эмнэлэгт хэвтэх гэхээр даатгал төлөгдөөгүй байна гээд хэвтүүлэхгүй байгаа, миний бие өвдөөд хэцүү байгаа, энэ байдал зэргийг харгалзан үзэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/,
4. Хохирогч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би ажлаа тараад гэртээ 20 цаг өнгөрч байхад ирсэн юм. Намайг гэртээ буюу Баянхонгор сумын Дуурсах 3-9-1330 тоотод ирэхэд манай 1 настай ач, хамтран амьдрагч ******* нар байсан. Тэгэхээр нь би “гэрээ цэвэрлэхэд яадаг юм, хүүхдийн баас цэвэрлэчихэд яадаг юм гэтэл намайг “янхан минь ээ” гэхээр нь би “чи дандаа намайг янхан банзлаар дуудах юм” гэхэд ******* нь өмсөж байсан гутлаа тайлаад гутлаараа миний баруун талын нүд рүү 2 удаа цохиод авсан. Тэгээд ширээний өнцөг мөргүүлсэн, гэтэл миний баруун талын нүдэн дээр таарсан юм. Намайг гараараа барьж аваад толгойны араас барьж байгаад ширээний өнцөг мөргүүлсэн. Гэтэл миний баруун талын нүд хөхрөөд цус гарсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Манайд хүн байхгүй байсан. Манай 1 настай ач, хамтран амьдрагч ******* нар байсан юм. Би архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг нь тухайн үед мэдээгүй юм. Ажлаасаа тараад л гэртээ ирсэн юм. Хүүхдийн баас болон гэр цэвэрлэчихгүй яасан юм гэтэл л намайг хэл амаар доромжлоод шууд гутлаа тайлаад намайг 2 удаа цохиод, ширээний өнцөг мөргүүлсэн. Бодвол тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байх. Архи уухаараа л намайг янз бүрээр, элдэв нэгээр хэлж хэл амаар доромжлоод байдаг юм. Би 2022 онд анх ******* гэж хүнтэй танилцсан. Хэдэн сард гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд танилцсанаасаа хойш хамт амьдарч байгаа юм. 2022 оны 05 дугаар сард намайг зодож, миний хамрыг тухайн үед хугалаад шалгагдаад шүүхээр шийдэгдсэн юм. Өөр цохиж зодож байсан асуудал байхгүй юм. Би тухайн үед нэгдсэн эмнэлгийн 103-т үзүүлж, өвчин намдаах тариа, эмийн эмчилгээ хийлгэсэн юм. Би эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн нөхөн төлбөр авсан зүйл бол байхгүй юм. ******* нь өмсөж байсан бор өнгийн түрийтэй ботинкоо тайлж байгаад миний баруун талын нүд рүү 2 удаа цохисон, мөн ширээний өнцөг рүү намайг нүүрээр 1 удаа мөргүүлсэн. Өөр цохиж зодсон асуудал байхгүй юм....гэх мэдүүлэг / хх-ийн 57-58 /,
....Надад одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөр ******* тухайн үйл явдал болсноос хойш ерөөсөө архи уугаагүй одоо ямар нэг асуудалгүй байгаа 2022 оны 03 дугаар сард намайг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ миний нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөж зодож, миний биед тухайн үед миний хамар хугарч, миний нүүр хөх эрээн болсон байсан. 2022 оны 04 дүгээр сард мөн намайг шүүхээр баривчлагдсан. Тухайн үед надад ямар бэртэл гэмтэл учирсан байсныг би мэдэхгүй байна. Тухайн үед бол шинжээч эмчид үзүүлээгүй юм. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бол ******* нь өмсөж байсан бор өнгийн түрийтэй ботинкоо тайлж байгаад миний баруун талын нүд рүү 2 удаа цохисон, мөн ширээний өнцөг рүү намайг нүүрээр 1 удаа мөргүүлсэн. Өөр цохиж зодсон асуудал байхгүй юм. Тухайн үед миний баруун талын нүд хөхрөөд цус гарсан. Би элэгний С вирустай гээд уг нь группэд байдаг байсан юм. Тэгээд 2021 онд намайг группээс хассан байсан юм. Тэгээд би байнгын дотрын эмчийн хяналтад байдаг юм. Би байнгын амбулатори дээр үзүүлдэг юм. Мөн миний нуруу өвдөөд нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт Тэгээд би бие өвдөөд байдаг учраас эмнэлэгт дуудлага өгдөг. Би өөрөө бие муутай хүн байгаа юм. Миний толгой байнгын өвддөг, зүрх муутай хүн байгаа юм. Тэгээд байнгын үзүүлж харуулдаг юм. Гэхдээ саяны хэлсэн өдрүүдэд бол би энэ талаар эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн мөнгөн дүн гардаг эсэхийг бол огт мэдэхгүй. Ямар ч байсан л байнгын эмнэлэгт үзүүлж харуулж явдаг. Тухайн хэрэг болсон өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд бол үзүүлж оруулсан. Гэхдээ би ямар нэгэн мөнгөн төлбөр бол огт аваагүй. Тухайн үед өвчин намдаах тариа, эмийн эмчилгээ бичүүлж авсан. Тэрнээс хойш *******д зодуулснаасаа болж дахин эмчилгээ хийлгэсэн, эм тариа хэрэглэсэн зүйл бол :айхгүй. Дараа нь бол би бие өвдөөд байдаг тул байнгын эмнэлэгт өөрөө үзүүлж харуулж явдаг юм. Тухайн өдрүүдэд бол яг ямар эмчид үзүүлж, ямар эмчилгээ хийлгэснээ бол санахгүй байна. хамгийн сүүлд бол би өөрийн оршин суудаг 3-р багийн өрхийн эмнэлэг дээр очиж зүрхээ үзүүлсэн юм. Одоо миний зүгээс бол цаашид гаргах санал хүсэлт болон гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 /,
5. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Хохирогч *******н талаар мэдээллийг шүүж үзэхэд ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 396.570 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. Би *******гийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 396.750 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа....гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 /,
6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 746 дугаартай шинжээчийн:
1. *******н биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, духны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт гэмтэл нь тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Дээрх духны цус хуралт гэмтэл нь тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 / зэрэг нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Баянхонгор сумын 3 дугаар багийн 3-9-1330 тоотод байх гэртээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах хамтран амьдрагч *******н нүүрэн тус газарт нь гутлаар цохиж, гараараа толгойны ар хэсгээр нь барьж ширээ мөргүүлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, духны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******н мэдүүлэг, шинжээчийн 746 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 396.750 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******өөс 396.750 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгалаа.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа түүнийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байх гэрээсээ Нэгдсэн эмнэлэг, 9 дүгээр багийн өрхийн эмнэлэг, төв эмийн сан, 9 дүгээр багийн төв зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг дөрвөн / 04 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байх гэрээсээ Нэгдсэн эмнэлэг, 9 дүгээр багийн өрхийн эмнэлэг, төв эмийн сан, 9 дүгээр багийн төв зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тоолцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******өөс 396.750 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ