Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2389

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2019/02389

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           

Нэхэмжлэгч:Д.З-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Д.Н-д холбогдох

 

Зөвшөөрөлгүй барьсан хашаа болон гараашуудыг буулгуулж, газар чөлөөлүүлэх тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.З, өмгөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагч Д.Н, шинжээч Д.Түмэндэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.З нь 1992 онд ДОЗ ХЭАА-г байгуулж нэгдсэн 3 дугаар эмнэлгийн ард бетон зуурмагын үйлдвэр барьж тоног төхөөрөмж худалдан авч ажиллуулж ирсэн. Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/224 тоот захирамжаар 4275 метр квадрат газрыг иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах гэрээний дагуу төлбөрийг 2002 он хүртэл төлж ирсэн ба 2002 оноос эхлэн Баянгол дүүргийн болон Нийслэлийн газрын албанаас миний эзэмшиж байсан 4275 метр квадрат газарт АОС-ны зориулалтаар ДОЗ ХЭАА-гаас 123 метр квадрат газар Д.Зын нэр дээр шилжсэн.Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн А-1813 тоот захирамжаар Д.З руу 123 метр квадрат АОС-ны зориулалтаар 5 жилийн хугацаатай олгож газар эзэмших, ашиглах гэрээ байгуулсан.Гэтэл Д.Зын эзэмшлийн 123 метр квадрат газрын баруун хэсэгт Д.Н төмөр хашаа, 2 ширхэг гарааш барьсан.Д.З нь Д.Нд миний эзэмшлийн газарт хууль бусаар хашаа болон гарааш битгий барь гэж удаа дараа шаардлага тавьж байсан боловч хашаа, гараашийг барьсан тул Баянгол дүүргийн газрын алба болон Нийслэлийн газрын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт газар чөлөөлүүлэх гомдол гаргасан боловч өөрчлөлт гараагүй бөгөөд өнөөдрийг хүртэл амины орон сууц барьж чадахгүй байна.Иймд Д.Зын эзэмшлийн газарт хууль бусаар барьсан Д.Нгийн хашаа, 2 ширхэг гараашийг буулгаж, эзэмшил газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр нэгдсэн 3 дугаар эмнэлгийн ард байрлах 123 метр квадрат газрыг би эзэмшдэг.Энэ газрын ертөнцийн зүгээр зүүн хойд хэсэгт Д.Н 2 гарааш барьчихсан байсан, нэгийг нь буулгасан байгаа, одоо үлдсэн нэгийг нь буулгуулах хүсэлтэй байна, хашаа болон нэг гараашийг буулгах шаардлагаасаа татгалзсан байгаа гэв.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Би Р.Тамирын хамт 2003 оны 9 дүгээр сарын дундуур ДОЗ ХЭАА-н эзэн Д.Зоос 2 айлын амины орон сууц барих газрын 15 000 000 төгрөгөөр худалдаж авсан ба бидний худалдаж авсан газарт Д.Зын ажиллахгүй зуурмагын узелийн суурь газарт босоо байрлалтай цутгаж байршуулсан 3-4 ширхэг 30-60 тонны багтаамжтай ёмкос, ажилчдын байр вагончиг зэргийг зайлуулж өгнө гэсэн боловч холдуулж өгөөгүйн улмаас бид худалдаж авсан 2 айлын газрынхаа нэг дээр байшингаа нийлүүлэн барьж үлдсэн газар дээрээ инженерийн шугам худаг татахаар төлөвлөж 2003 оны 10 дугаар сарын 2-нд барилгын суурь тавьж ажлаа эхэлсэн боловч зуурмагын ёмкос зэргийг зайлуулах бэрхшээлтэй тулгарч байсан учир завсарлан 2004 оны хавар 4 дүгээр сарын дундуур барилгын ажлаа үргэлжлүүлсэн.Энэ хугацаанд Д.Зод эд зүйлсээ авахыг удаа дараа сануулсан боловч зайлуулж өгөөгүй тул бид өөрсдийн хөрөнгөөр зөөж 10 гаруй том машин хог зайлуулж барилгаа барьж дуусгасан.Р.Тамир өөрийн барьсан барилгаа Б.Ням-Эрдэнэд худалдсан.Ингээд 2006 онд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны газрын албаны байцаагч нь Д.З, Б.Ням-Эрдэнэ, Д.Н нарын хооронд гурвалсан гэрээ хийлгэж, нэрийг хүн бүрт шилжүүлэн өгсөн.Манай Д.Зын газар хашаа татаагүй, хашааг Пүрэвдорж татсан, өөрийн газарт инженерийн шугам татаж нэг машины блокон гарааш барьсан гэжээ.

 

                Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Баянгол дүүргийн 6 дугаар хороо Дилав хутагт Жамсранжавын гудамж, 46 дугаар гудамжны 52-А тоотод байрлалтай 102 м.кв талбайтай газрыг эзэмшдэг.Энэ хүн Тамир болон манай эхнэр хоёрт санал тавиад 2 газраа зарсан.Зарсан газар нь хуучин бетон зуурмагийн цех байсан 60, 30 тоннын ёмкосууд байсныг зайлуулаад өг гэхэд за гэж хэлчихээд алга болчихсон тул бид өөрсдөө холдуулж байгаад сууриа ухсан байгаа.Урд талын хэсэг залуучуудтай нийлүүлж бариад шугамаа татна гэж тохирсон боловч татаж чадахгүй байж байгаад хамгийн сүүлийн хэрэглэгч дээрээс манайх огтолгоо авсан.Тэр үед зайлуулаад өгчихсөн бол би тэр гараашийг барих шаардлагагүй байсан.Миний барьсан гарааш эдний газрын 4/1 хэсэгт орсон бол орсон байх.Буулгаад өөр газар барих боломжгүй.Би гараашаа буулгалаа гэж бодоход дараа нь энэ хүн барилга барих гэвэл манай дулааны шугам тэр газраар явж байгаа.Энэ хүн тэр үедээ тэр ёмкосыг зайлуулаад өгчихсөн бол би тэр гараашийг барихгүй байсан.Одоо чөлөөлж өгөх боломжгүй.Миний гараашийг буулгана гэвэл шинээр дулааны шугам татах 120 000 000 төгрөг авч байж холдуулна гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбар зэргийг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.З хариуцагч Д.Нд холбогдуулан Баянгол дүүргийн 6 дугаар хороо нэгдсэн 3 дугаар эмнэлгийн ард байрлах өөрийн эзэмшлийн газар дээр барьсан хашаа болон 2 гараашийг буулгаж, газар чөлөөлүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хашаа болон нэг гараашийг буулгах тухай шаардлагаасаа татгалзаж, уг хаягт байрлах газраас зөвхөн нэг гараашийг буулгаж, газар чөлөөлүүлэх шаардлагаа дэмжиж байна.

 

            Нэхэмжлэгч Д.З нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо нэгдсэн 3 дугаар эмнэлгийн хойно 46/1 тоотод байршилтай, амины орон сууцны зориулалттай, 123 метр квадрат талбайтай газар эзэмшдэг болох нь Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/813 тоот шийдвэрээр 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр олгосон 000601070 дугаартай гэрчилгээ болон 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, нэгж талбарын 18638310822799 дугаартай кадастрын зургаар нотлогдож байна.

 

            Хариуцагч Д.Н нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо нэгдсэн 3 дугаар эмнэлгийн хойно 52/А тоотод байршилтай, амины орон сууцны зориулалттай, 102 метр квадрат талбайтай газар эзэмшдэг болох нь Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/48 тоот шийдвэрээр 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр олгосон 000601072 дугаартай гэрчилгээ, 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээ болон нэгж талбарын 186383108243813 дугаартай кадастрын зургаар нотлогдож байна.

 

            Хариуцагч Д.Нгийн эзэмшил бүхий газрын хэмжээ нь тухайн газар дээр баригдсан байгаа байшингийн суурь болох 102 метр квадрат талбайтай байгаа болох нь зохигчдын болон шинжээчийн тайлбараар нотлогдож байна.

 

            Шинжээчээс шүүхэд ирүүлсэн Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2019 оны 6 дугаар сарын зурган мэдээлэл болон энэхүү зурган мэдээллийг шинжээчдийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулсан зураг, хэмжилт хийсэн тэмдэглэл зэргээс харахад Д.Н нь өөрийнхөө эзэмшлийн газар дээр авто машины гарааш бариагүй болох нь тогтоогдож байна.

 

            Хариуцагч Д.Н шүүх хуралдаан дээр ч өөрийн эзэмшлийн авто машины гараашийг бусдын эзэмшил газар луу оруулж барьсан тухайгаа тайлбарлаж байх тул Д.З нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасны дагуу тухайн газрыг Д.Нгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхтэй байна.

 

            Иймд Д.Зын эзэмшлийн газар дээр барьсан Д.Нгийн эзэмшлийн авто машины гараашийг буулгаж, түүний эзэмшил газрыг чөлөөлж өгөх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар Д.З-ын эзэмшлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо нэгдсэн 3 дугаар эмнэлгийн хойно 46/1 тоотод байршилтай, амины орон сууцны зориулалттай, 123 м2 талбай бүхий газар дээрх авто машины гараашийг буулгаж, тухайн газрыг чөлөөлж өгөхийг Д.Н-д даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нгээс улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, шинжээчийн зардлын 850 850 /найман зуун тавин мянга найман зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Зод олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ          З.ДОРЖНАМЖИН