| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2019/01139/и |
| Дугаар | 02470 |
| Огноо | 2019-09-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 02470
| 2019 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2019/02470 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:М.К ББСБ, ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Д.Б
Хариуцагч: Х.Ц ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 304 985 169 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргиийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, хариуцагч Д.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай, өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, Х.Ц ХХК-ийн төлөөлөгч Ч.Батбаяр, өмгөөлөгч А.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.К ББСБ, ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Б нь Манго капитал ББСБ-аас 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 160 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, жилийн 48 хувийн хүүтэй зээлж авсан ба зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 болон гэрээний хавсралтад зааснаар зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 21-ний өдөр төлөх хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэхгүй байна.Манго капитал ББСБ нь зээлдэгчтэй удаа дараа уулзалт хийсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 3, 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрүүдэд мэдэгдэл гардуулсан.Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 141 594 378 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 138 942 014 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24 448 776 төгрөг нийт 304 985 169 төгрөгийг Д.Б оос гаргуулж, энэ зээлийн үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 13221 Дүнжингаравын гудамж 10/15-7 тоотод байршилтай, 196 метр квадрат талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Д.Б нь Манго капитал ББСБ ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулаад 160 000 000 төгрөгийг Хаан банкны дансаар хүлээж авсан.Д.Б тодорхой хөрөнгө оруулалт хийж ашиг олох, хамтын ажиллагаагаа дэмжих үүднээс энэхүү зээлийг авсан.Энэ байгууллага зээл олгохдоо зориулалтыг анхаарсан уу, үгүй юу гэдгийг анхаарах хэрэгтэй.Зээл авсанаас хойш нийт 30 605 500 төгрөгийг төлсөн байгаа, үүнийг банк бус санхүүгийн байгууллагаас өгсөн хүүний тооцоололтой тулгаж харахаар үндсэн зээл болон хүүнээс ялгамжтай байдлаар хассан тооцоолол хэрэгт байгаа. Д.Б дээрх тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.Дээрх төлбөр бол үндсэн зээлээс хасагдах боломжтой, төлбөрүүд бол шилжүүлсэн баримтыг төлбөрийн зориулалт дээр хүү, төлбөр гэдэг нь тодорхой харагддаггүй.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд төлбөр төлөх дарааллыг тогтоогоогүй тул үндсэн төлбөрөөс хасч тооцох боломжтой.Ингэснээр хүү болон нэмэгдүүлсэн хүүнд өөрчлөлт орно, хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Х.Ц ХХКомпанийн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манго капитал ББСБ ХХК нь Д.Б ын зээлсэн 160 000 000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү гээд 304 000 000 төгрөгийг Х.Ц ХХК-ийн өмчийн хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй.Д.Б нь Ч.Батбаярын багын найз бөгөөд Д.Б ирээд манайх хаус хотхон барьж байгаа, санхүүжилт өгөхгүй миний барилга зогсчихлоо, үл хөдлөхөө барьцаалаад өг гэсэн байдаг.Түүний найз болон өөрөө санхүүгийн хувьд хүнд байсан тул эргээд туслах байх гэсэн үүднээс итгэмжлэл хийж өгсөн байдаг бөгөөд энэхүү итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлага хангахгүй байна.Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т нягтлан бодогч нь гарын үсэг зурсан байна гэж заасан байгаа.Энэ аж ахуйн нэгж нь нягтлан бодогчтой байгаа Ч.Батбаяр нь компанийнхаа эзэмшлийн хөрөнгийг нягтландаа мэдэгдэлгүй итгэмжлэл өгсөн. Д.Б 1 сарын дараа зээлийг төлөөд барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө гэсэн амлалт өгсөн боловч 6 дугаар сарын 21-ний өдөр зээл авсан хэрнээ өнөөдрийг хүртэл хөрөнгийг чөлөөлөөгүй тул хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Д.Б ын Могул Скай ХХК нь их өртэй гэж хэлсэн байгаа.Гэтэл олон хотхон барьсан, ашиглалтад орсон, санхүүгийн чадамжтай гэж ойлгуулсан байдаг. Итгэмжлэл нь өөрөө эхнээсээ хуулийн шаардлага хангаагүй тул барьцааны гэрээ ч бас хүчин төгөлдөр бус.Аж ахуйн нэгж нягтлантай л байж таараа.Х.Ц ХХК-с Д.Б од өгсөн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болгоод барьцааны гэрээг бас хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.К ББСБ, ХХКомпани нь хариуцагч Д.Б болон Х.Ц ХХК-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 141 594 378 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 138 942 014 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24 448 776 төгрөг нийт 304 985 169 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 13221 Дүнжингаравын гудамж 10/15-7 тоотод байршилтай, 196 метр квадрат талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр М.К ББСБ, ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Д.Б нь М.К ББСБ, ХХКомпаниас 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 160 000 000 төгрөгийг, жилийн 48 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчдын хооронд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн ЗГ17/0015 тоот зээлийн гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Д.Б оос нэхэмжлэгч байгууллагад 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд 30 605 500 төгрөгийг төлсөн үйл баримтад талууд маргахгүй байх бөгөөд талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дууссан боловч хариуцагч Д.Б зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор бүрэн хэмжээгээр биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-т зээлдэгч нь зээл, зээлийн хүүг гэрээний хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу төлнө, 2.7-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн өр, хүүгийн болон бусад төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн төлбөр, хүүг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь зээл, түүний хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж талууд тохирсон байна.
Мөн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8-д Зээлдэгч төлбөрийн хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлнө гэж заасан байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан байна.
Мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байхад талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.9-т ...нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүгийн 21 хувь байна гэж заасан байх боловч нэхэмжлэгч байгууллагын зээлийн хүү тооцооллын хүснэгтээс үзэхэд нэхэмжлэгч байгууллагын шаардаж байгаа нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь хуульд зааснаар зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрээгүй байна.
Иймд хариуцагч Д.Б оос үндсэн зээлийн үлдэгдэл 141 594 378 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 138 942 014 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24 448 776 төгрөг нийт 304 985 169 төгрөгийг гаргуулан М.К ББСБ, ХХКомпанид олгож шийдвэрлэв.
Харин хариуцагч Д.Б ын зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөс хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
М.К ББСБ, ХХКомпани нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгч Д.Б той үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Д.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 13221 Дүнжингаравын гудамж 10/15-7 тоотод байршилтай, 196 метр квадрат талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна.
Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь Х.Ц ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000454212 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.
Х.Ц ХХК-ийн захирал Ч.Батбаяр нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Д.Б од итгэмжлэл өгсөн байх бөгөөд уг итгэмжлэлээр Х.Ц ХХК-ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэрэг эрхийг Д.Б од олгосон байна.
Гэвч энэхүү итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т заасан хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурна гэсэн шаардлагыг хангаагүй байна гэх хариуцагчийн тайлбар үндэстэй байна.
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байх тул нэхэмжлэгч байгууллагын зээлдэгч Д.Б той байгуулсан зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөс хангуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Болдоос 304 985 169 /гурван зуун дөрвөн сая есөн зуун наян таван мянга нэг зуун жаран есөн/ төгрөгийг гаргуулан М.К ББСБ, ХХКомпанид олгож, барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 13221 Дүнжингаравын гудамж 10/15-7 тоотод байршилтай, 196 метр квадрат талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай М.К ББСБ, ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 911 025 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б оос 1 682 875 /нэг сая зургаан зуун наян хоёр мянга найман зуун далан таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.К ББСБ, ХХКомпанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН