Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 02527

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2019/02527

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б. ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: А ХХКомпанид холбогдох

 

11 782 500 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б. ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манайх А ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж бетон хольц нийлүүлсэн бөгөөд А ХХК нь манай нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр 21 150 000 төгрөгөөс гэрээ байгуулсан өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2 000 000 төгрөг, үлдэгдэл 16 150 000 төгрөгийг 2016 оны 6 сарын 29-ний дотор тус тус бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн.Гэтэл А ХХКомпани нь гэрээнд зааснаар бараа бүтээгдэхүүн худалдан авсан төлбөрөө төлж дуусгахгүй байна.Талуудын хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 4.1-т бүтээгдэхүүний төлбөрийн урьдчилгаанд 3 000 000 төгрөгийг захиалга авахаас өмнө төлөх бөгөөд үлдэгдэл төлбөр болох 18 150 000 төгрөгийг гэрээний 4.4-т зааснаар тухайн захиалга нийлүүлсэнээс хойш 15 хоногийн дотор төлнө.Төлбөр хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох бөгөөд тооцсон алданги болон төлөгдөөгүй төлбөрийг худалдан авагч тал үл маргах журмаар төлнө, мөн гэрээний 7.1-т талууд гэрээний үүргээ цаг хугацаанд биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг төлнө гэж тус тус заасан.А ХХКомпани нь 2016 оны 6 дугаар сарын 29-нд төлбөрөө бүрэн төлж дуусгах ёстой байсан боловч төлбөрөө төлж дуусгаагүй бөгөөд үндсэн төлбөрөөс 7 855 000 төгрөгийн үлдэгдэлтэй алдангид 3 927 500 төгрөг нийт 11 782 500 төгрөгийн өр төлбөртэй байна.Иймд А ХХКомпаниас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11 782 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай компани А ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж бетон хольц нийлүүлсэн бөгөөд А ХХК нь манай нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр 21 150 000 төгрөгөөс

3 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 10 000 000 төгрөгийг тус тус манайд төлсөн байгаа, худалдах, худалдан авах гэрээнд бүтээгдэхүүний төлбөрийн дүнг 21 150 000 төгрөг бичигдсэн боловч манайх А ХХК-д 155 м3 буюу 21 855 000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлсэн байгаа.Иймд А ХХК-иас үлдэгдэл төлбөр 7 855 000 төгрөгийг алдангид 3 927 500 төгрөгийн хамт нийт 11 782 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа:Манай компани нь Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах 95 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын дээврийн хучилтыг 2016 оны 6 дугаар сард Б. ХХКомпанитай бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж бетон зуурмаг худалдан авсан.Б. ХХКомпанитай анх гэрээ байгуулахдаа үндсэн төлбөрийг л төлөхөөр тохиролцон хэсэгчлэн төлж байгаад хамгийн сүүлд 2017 оны 1 сард 10 сая төгрөгийг Б. ХХКомпанийн захирал Ч.Тунгалагт шилжүүлэн төлөхөд үлдэгдэл болох 7 сая төгрөг үлдсэнийг бидэнд хэлж мэдэгдсэн болно.Ч.Тунгалаг нь А ХХКомпанийн захирал Т.Сэргэлэнбаатар би төлбөрийн асуудлаар байнга холбогдож төлбөрийн үлдэгдэл болох 7 000 000 төгрөгөө төлөхийг шаардаж ирсэн боловч 11 782 500 төгрөгийн дүнтэй нэхэмжлэл гаргаж байгааг миний бие болон компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б. ХХКомпани нь А ХХКомпанид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 7 855 000 төгрөг, алданги 3 927 500 төгрөг нийт 11 782 500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч А ХХКомпани нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б. ХХКомпанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулан 21 150 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагыг худалдан авахаар тохиролцсон байна.

 

Дээрх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т бүтээгдэхүүн нийлүүлэх явцад захиалгын хэмжээнд өөрчлөлт орж болох бөгөөд гүйцэтгэлээрээ бүтээгдэхүүний хэмжээг тогтооно гэж заасан байна.

 

Б. ХХКомпани нь худалдан авагч талд 155 м3 буюу 21 855 000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн болох нь бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт болон талуудын тайлбараар ноглогдож байна.

 

Мөн талуудын хооронд хийгдсэн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1-т гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор талууд тохирсон байх тул нэхэмжлэгч тал алданги шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нэхэмжлэгч байгууллага нь алдангид 3 927 500 төгрөгийг нэхэмжилсэн байгаа нь хуулийн үндэстэй байна.

 

Иймд хариуцагч байгууллагаас гэрээний үлдэгдэл төлбөр 7 855 000 төгрөг, алданги 3 927 500 төгрөг нийт 11 782 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б. ХХКомпанид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан А ХХКомпаниас 11 782 500 /арван нэгэн сая долоон зуун наян хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан Б. ХХКомпанид олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, А ХХКомпаниас 203 470 /хоёр зуун гурван мянга дөрвөн зуун далан/ төгрөгийг гаргуулан Б. ХХКомпанид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     З.ДОРЖНАМЖИН