Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар    2023/ШЦТ/420

 

 

 

 

 

 

 

 

 

  2023         3           28                                      2023/ШЦТ/420

 

                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Т.Эрдэнэтөр,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т овогт *******-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 00000 0964 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот ...........................тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан Т овогт ******* /РД:.................... / 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелийн уулзварын хойно иргэн У.Ө тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохих, өшиглөх, хоолойг боох зэргээр эрүүл мэндэд нь биед хоёр талын хөмсөгний дээд хэсэг, цох, дагзны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод зүүн нэгдүгээр шүдний паалан эмтрэл, хүзүүний баруун хэсэг, хоёр талын далны хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                           /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/,

     Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Ө-ын өгсөн: "Тэгэхээр нь би Мөөгийд “та арай тэгж болохгүй дээ” гэсэн чинь Хишигт ах намайг эхнэрийг нь гичий гэж хэллээ гэж буруу ойлгоод Хишигт ах миний нүүр хэсэгт гараараа 1 цохиод, суудлын бүсээр миний хоолойг боогоод миний сууж байсан суудлыг хойш хэвтүүлээд миний дээр гараад тохойгоор гараараа миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохисон... гэх мэдүүлэг /хх- ийн 12-13 дахь тал/,

     Гэрч О.Гомбын өгсөн: "...Хишигт Өлзийбатын нүүр толгой, цээж рүү 2 гараараа ээлжлээд цохиод байсан. Тэгснээ Хишигт Өлзийбатыг хана руу түлхээд хүзүүнээс нь барьж байгаад газар унагаагаад толгой, хүзүүгүй гар хөлөөрөө цохиод байсан. Тэгээд хоолойг нь боогоод байхаар нь би салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 16 дахь тал/.

     Гэрч О.Мөнхжаргалын өгсөн: “нөгөө бүдүүн залуу манай нөхөр хоёр машин дотор зодолдоод эхэлсэн. Тэгээд 10 минут орчим болсны дараа бууж ирээд дахиад тэр хоёр зодолдоод байхаар нь би бас нөгөө жижигхэн залуу бид хоёр салгах гэж оролдоод салгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20 дахь тал/.

      Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2987 дугаартай "

      1.У.Ө-ын биед хоёр талын хөмсөгний дээд хэсэг, цох, дагзны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод зүүн 1 дүгээр шүдний паалан эмтрэл, хүзүүний баруун хэсэг, хоёр далны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

      2 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ.

      3.Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.             4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      5.Учрах үедээ амь насанд аюулгүй.

      6.7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 дахь тал/,

      Яллагдагч *******-ийн Прокурорын тогтоолтой холбоотой санал хусэлт байхгүй. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелийн уулзварын хойно иргэн У.Ө-тай тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохих, өшиглөх, хоолойг боох зэргээр эрүүл мэндэд нь биед хоёр талын хөмсөгний дээд хэсэг, цох, дагзны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод зүүн нэгдүгээр шүдний паалан эмтрэл, хүзүүний баруун хэсэг, хоёр талын далны хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 02 дугаар сарын 26- ны өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелийн уулзварын хойно иргэн У.Өтай тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохих, өшиглах, хоолойг боох зэргээр эрүүл мэндэд нь биед хоёр талын хөмсөгний дээд хэсэг, цох, дагзны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод зүүн нэгдүгээр шүдний паалан эмтрэл, хүзүүний баруун хэсэг, хоёр талын далны хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/, хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 12-13 дахь тал/, гэрчийн мэдүүлэг /хх-ийн 16, 20 дахь тал/, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2987 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 дахь тал/, хохирогчид Эрүүл мэндин даатгалын сангаас 161.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн баримт /хх-ийн 39-40 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч *******ээс 161,000 төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгохоор шийдвэрлэлээ. Хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

             Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 161.000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд 161.000 төгрөгийг олгуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв

             Шүүх шүүгдэгч *******-эд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй талаар гаргасан тайлбар /хх-ийн 90 дэх тал/ зэргийг тус тус харгалзан, улсын яллагчийн санал, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар шүүгдэгчийн гаргасан санал /хх-ийн 91 дэх тал/-ын хүрээнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт *******-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-эд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******эд оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч *******-ээс 161,000 төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тус тус олгосугай,

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА