Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/206

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр /томилолтоор/

шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  ******* овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305000000196 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ресторанд зөөгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын ******* баг, ******* гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ******* хорооны *******а байрны *******  тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:/, ******* овогт *******ийн *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Модны хоёрын автобусны буудлын орчимд өөрийн жолоодож явсан улсын дугаартай Prius 30 маркийн тээврийн хэрэгсэлд үлдээсэн хохирогч ын эзэмшлийн 1.400.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy А-73” загварын гар утсыг, хохирогч н 170.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy G-7” загварын гар утас, 10.000 төгрөгийн үнэлгээ бүхий хаан банкны виза карт, 63.000 төгрөгийн үнэлгээ бүхий иргэний үнэмлэх зэргийг завшиж бусдад нийт 1.643.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Ч.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Гурав: Хавтаст хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын хохирогчоор өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр өөрийн найз н гэр болох Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 2 гудамж 104а тоотод байж байхад н найз Төөгий /Бүтэн нэрийг нь мэдэхгүй/ Намсрай руу залгаад Намсрайг гараад ирээч гэхээр нь би хамтдаа дагаад гарсан юм. Тэгсэн хамтдаа нэг газар руу яваад ирье гээд Төөгий гэх найзынх нь сууж ирсэн цагаан өнгөтэй улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад явсан. Тэгээд хорооллын эцэст байрлах нэг буудлын үүдэнд очоод дараа нь шууд Модны хоёрын автобусны буудал дээр ирээд , Намсрайн найз гэх Төөгийн бид 3 машинаасаа буугаад Модны хоёрын автобусны буудлын чанх ард талд байдаг нэг буудал руу орох гэхэд бид нарын сууж ирсэн гэх цагаан өнгөтэй улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх эмэгтэй бид нарыг хувцсаа үлдээгээд буугаач гэхээр нь би өөрийн өмсөж явсан куртик, халаасанд нь байсан миний эзэмшлийн Samsung Galaxy G-7 загварын гар утас, бэлэн 100.000 төгрөгөө үлдээгээд буудал руу ороод 2 минут орчмын дараа эргээд гараад ирэхэд тухайн машин хөдлөөд явчихсан байсан. Тэр машинд нь миний найз бас өөрийнхөө Samsung Galaxy А-73 загварын гар утсаа цэнэглээд үлдээсэн байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал)

2.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад н насанд хүрээгүй хохирогчоор өгсөн: “Намайг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны орой гэртээ найз Батбаатартай хамт байж байхад миний танил Төөгий манай гудамжны буланд байдаг дэлгүүрийн  гадаа ирчихлээ гээд над руу залгасан юм. Тэгээд би Батбаатартай хамт гэрээс гараад Төөгийтэй уулзаад байж байтал нэг газар руу хамт яваад ирье гэхээр нь Батбаатар бид 2 зөвшөөрөөд Төөгийгийн сууж ирсэн гэх цагаан өнгөтэй улсын дугаартай Приүс 30 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад явсан. Тэгээд Хорооллын эцэст байрлах нэг буудлын гадна очоод дараа нь шууд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2-н автобусны буудлын чанх ард талд байдаг нэг буудлын гадна очсон юм. Тэгээд машинаас нь буух гэхэд машиныг нь жолоодож байсан гэх үл таних эмэгтэй бид нарт хандаж юм аа үлдээгээд буугаач гэхээр нь би машины голд нь цэнэглэж байсан утсаа, харин Батбаатар өмсөж явсан куртикээ үлдээж буугаад буудал руу Төөгий, Батбаатар бид 3 ороод удалгүй эргээд гараад ирэхэд тухайн машин хөдлөөд явчихсан байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

3. “Ашид Билгүүн” ХХК-ийн “Samsung Galaxy А-73 загварын гар утас 1 ширхгийг 1.400.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

4. “Ашид Билгүүн” ХХК-ийн Samsung Galaxy G-7 загварын гар утас 1 ширхгийг 170.000 төгрөг, Хаан банкны виза карт 1 ширхгийг 10.000 төгрөг, иргэний үнэмлэх 1 ширхгийг 63.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 31-33 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.*******гийн яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед байрны түрээс нэхэгдээд, цалин буухгүй байсан үе болохоор тэрхэн үедээ болчимгүй үйлдэл хийсэн. Өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлнө.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 дахь тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал) ял шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Хэргийн шүүгдэгч Ч.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч , насанд хүрээгүй хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд, шүүгдэгч Ч.*******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Ч.*******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Модны хоёрын автобусны буудлын орчимд өөрийн жолоодож явсан улсын дугаартай Prius 30 маркийн тээврийн хэрэгсэлд үлдээсэн хохирогч ын эзэмшлийн 1.400.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy А-73” загварын гар утсыг, хохирогч н 170.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy G-7” загварын гар утас, 10.000 төгрөгийн үнэлгээ бүхий хаан банкны виза карт, 63.000 төгрөгийн үнэлгээ бүхий иргэний үнэмлэх зэргийг завшиж бусдад нийт 1.643.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

ын хохирогчоор өгсөн: “...цагаан өнгөтэй улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх эмэгтэй бид нарыг хувцсаа үлдээгээд буугаач гэхээр нь би өөрийн өмсөж явсан куртик, халаасанд нь байсан миний эзэмшлийн Samsung Galaxy G-7 загварын гар утас, бэлэн 100.000 төгрөгөө үлдээгээд буудал руу ороод 2 минут орчмын дараа эргээд гараад ирэхэд тухайн машин хөдлөөд явчихсан байсан. Тэр машинд нь миний найз бас өөрийнхөө Samsung Galaxy А-73 загварын гар утсаа цэнэглээд үлдээсэн байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал), н насанд хүрээгүй хохирогчоор өгсөн: “...машинаас нь буух гэхэд машиныг нь жолоодож байсан гэх үл таних эмэгтэй бид нарт хандаж юм аа үлдээгээд буугаач гэхээр нь би машины голд нь цэнэглэж байсан утсаа, харин Батбаатар өмсөж явсан куртикээ үлдээж буугаад буудал руу Төөгий, Батбаатар бид 3 ороод удалгүй эргээд гараад ирэхэд тухайн машин хөдлөөд явчихсан байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал), “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25-26 дахь тал), “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 31-33 дахь тал), Ч.*******гийн яллагдагчаар өгсөн: “...Өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлнө.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 дахь тал)  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Хэргийн хохирогч ын эд хөрөнгөд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан 1.400.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy А-73” загварын гар утсыг, хохирогч н 170.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy G-7” загварын гар утас, 10.000 төгрөгийн үнэлгээ бүхий хаан банкны виза карт, 63.000 төгрөгийн үнэлгээ бүхий иргэний үнэмлэх зэргийг үнэлсэн эд хөрөнгийн хохирол нь шүүгдэгч Ч.******* нь улсын дугаартай Prius 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа буудал руу орохдоо эд зүйлээ үлдээсэн хохирогч нарын эд хөрөнгийг өөртөө авч, өөрийн өмч адил захиран зарцуулж нийт 1.643.000 төгрөгийн хохирол учруулсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.*******гийн дээрх гэмт үйлдэл нь Баянгол дүүргийн прокуророос “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, тэдгээрийн гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

Хэргийн шүүгдэгч Ч.******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ч.*******г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хавтаст хэргийн 55 дахь талд шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хохирогч т 1.400.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч д нийт 243.000 төгрөгийн хохирлыг дансаар шилжүүлсэн байх тул шүүгдэгч Ч.*******г энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Ч.*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч талаас “гомдол саналгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Энэ хэрэгт Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт Ч.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ