Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/244

 

                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн Жамъянжамцад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2202007630054 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны ******* сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны ******* сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, дүү, үеэл ах, эгч нарын хамт Баянгол дүүргийн ******* хорооны ******* хороолол, ******* байрны ******* тоотод оршин суух хаягтай, урьд нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 798 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, /РД:УП91021531/, ******* овогт *******ийн Жамъянжамц.   

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн ******* хороо ******* байрны гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан цэвэр жин нь 0,1070 грамм хэмжээтэй метамфетамин (Methamphetamine)-ын агууламжтай “мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.0855 грамм хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,0310 грамм хэмжээтэй “шавар” гэх нэршилтэй дельта 9 тетрагидроканнабинол (Delta-9-Tetrahydrocannabinol)-ын агууламжтай бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2202007630054 дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 08  дахь тал)

2. Нэгжлэг хийсэн “...*******ын зааснаар Баянгол дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* байрны 3 давхарт 48 тоотод очиход 2 өрөөний зохион байгуулалттай байр байв. 48 тоот байрны үүдээр ороход баруун талын хананд ариун цэврийн өрөөтэй, коридорын төгсгөлд баруун талд гал тогооны өрөө, урд талд унтлагын өрөө байрлаж байх ба унтлагын өрөөний зүүн талд жижиг өрөө байв. Үзлэгийг коридор хэсэгт явуулан цааш тус байрны жижиг өрөө, том өрөө, гал тогоо хэсэгт гараар тэмтрэх, хайрцаг сав, баглаа боодолтой зүйлийг онгойлгож харах зэргээр явуулахад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй. Үзлэгийг цааш ариун цэврийн өрөө байрлах хэсэгт явуулахад байрлуулж явсан толины харалдаа байх тавиур дээр улаан өнгийн тагтай шил байх ба дотроо цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл хийсэн байсныг *******аас асуухад тус зүйлийг гаа гэж хариулав. Мөс мэт зүйлийг албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 172,1 грамм байх бөгөөд хэрэгт ач холбогдолтой гэж үзэж шинжээч томилохоор тогтоож хураан авав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 09-13 дахь тал)

3. Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай “Тестээр ашиглах ажиллагааг эхлэн *******ыг Хар тамхитай тэмцэх газрын 4 давхарт байрлах 00-н өрөөнд оруулж 10 төрлийн /ОРI-МЕТ-ТМL-LSD-АМР-МОР-КЕТ-СОС-МDМА-ТНС/ мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглах талаар хэлж тестийн битүүмжлэлийг өөрт нь харуулан задалж *******ад тест ашиглаж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэснээр ЭХХШТХ-ийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв. 3 минутын дараа тестийн үр дүнг харахад МЕТ хэсгийн С түвшинд 1 улаан зураас сөрөг/илэрсэн/, АМР хэсгийн С түвшинд 1 улаан зураас сөрөг /илэрсэн/, МDМА хэсгийн С түвшинд 1 улаан зураас сөрөг/илэрсэн/, МЕТ, АМР, МDМА хэсэгт 1 улаан зураас тодорч эерэг буюу тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг зааж байгаа болохыг тэмдэглэлд тусган шээсийг хаяглан, битүүмжилж шинжилгээнд хүргүүлэхээр тогтов.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-19 дэх тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Д.Золзаяагийн өгсөн: “Би тухайн бодисыг хүлээн аваад 2 газраас дээж авсан бөгөөд стандарт зааврын дагуу шинжилгээ хийхэд мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Жижиг хэмжээс нь  метамфетамин (Methamphetamine)-ын агууламжтай бодис илэрсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал) 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1******* сарын 12-ны өдрийн 6000 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Жамц /УП91021531/ 2022.11.29” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 90-92 дахь тал)

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1******* сарын 15-ны өдрийн 5998 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын ******* жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 95-97 дахь тал)

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1******* сарын 13-ны өдрийн 5997 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн хаягтай цагаан өнгийн нунтаг зүйлээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол (Delta-9-Tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын ******* жагсаалтад багтдаг болно.“4” гэсэн хаягтай хар өнгийн жингээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 100-103 дахь тал)

8. Шүүх сэтгэц эмгэг судлалын 45 дугаартай “******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ******* нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх,Шинж тэмдэг илрээгүй байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 111-112 дахь тал)

9. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 23 дахь тал)

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 6 дугаар сард Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд цонхны ажил хийж явж байхдаа шоронгоос гараад удаагүй байгаа гэж өөрийгөө танилцуулсан хүнтэй танилцсан. Тус хүний нэрийг одоо санахгүй байна. Тэр хүнтэй танилцаад бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Ингээд танилцсан өдрийнхөө орой нь бид хоёр салцгаасан бөгөөд бид хоёрын сууж байсан газарт тус хүн өөрийн үүргэвчээ үлдээгээд яваад өгсөн байсан. Үүний дараа би орхиод явсан үүргэвчийг харахад дотор нь хэд хэдэн зиплок түгжээтэй зүйл зөөврийн гар жижиг жингийн хамт байсан. Зиплок түгжээтэй зүйлийг харахад намайг Орос улсад оюутан байхдаа хэрэглэж үзэж байсан мөс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис байх шиг байсан. Нөгөө хоёр ногоон зүйлийг юу байсныг нь бол мэдээгүй тэр хоёр зүйл нь маш бага хэмжээтэй байсан. Тухайн үед би зиплок түгжээтэй мөсийг хар зөөврийн жин дээр жинлэж үзэхэд 5 грамм орчим байсан. Ингээд 4 хоногийн дараа ажлаа дуусаад Улаанбаатар хот руу явахдаа тус үүргэвчийг аваад явсан. Улаанбаатар хотод очоод би тус мөснөөс хэд хэдэн удаа гэрийнхээ орцонд хэрэглэсэн. 2022 оны 11 сард цонхны ажил хамт хийдэг ажлын газрынхан маань намайг Турк улс руу аялалд явуулахаар шийдэж намайг Турк улс руу аялалд явуулсан. Турк улсад очоод аялж байх үедээ усанд орохдоо ваананд хийдэг шилтэй гаа худалдаж авсан. Шилтэй гаа худалдаж авсан учир нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй мөсийг усанд орохдоо хийдэг гаатай холиод хэрэглэх юм бол үйлчилгээ нь улам хүчтэй болдог гэж сонссон юм. Ингээд би Турк улсаас Монгол руу шилтэй гаа авчраад өөрт байсан мөсөө тус шилтэй гаанд хольж хийсэн. Гаанд хольж хийсний дараа мөсөө гаатай хамт хэрэглэж үзэх гэхэд ердөөсөө болохгүй байсан. Ингээд би шилтэй гаа дотроос мөсөө ялгаж авсан бөгөөд жоохон хэсгийг ялгаж авсан, үлдсэн хэсгийг нь шилтэй гаа дотроос ялгаж авч чадаагүй. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн танил найз дээрээ очиж мөс хэрэглэж мөн ногоон өнгийн зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн 2 зүйлийг юу болохыг нь асуух гээд гэрээсээ гарч явах үедээ цагдаа нарт баригдаж тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсэж яллагдагчаар татагдах болсон. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. Гэм буруу дээрээ маргахгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 116-118 дахь тал)

11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дахь тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дэх тал) зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн ******* хороо ******* байрны гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан цэвэр жин нь 0,1070 грамм хэмжээтэй метамфетамин (Methamphetamine)-ын агууламжтай “мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.0855 грамм хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,0310 грамм хэмжээтэй “шавар” гэх нэршилтэй дельта 9 тетрагидроканнабинол (Delta-9-Tetrahydrocannabinol)-ын агууламжтай бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 08  дахь тал), Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 09-13 дахь тал), Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-19 дэх тал), шинжээч Д.Золзаяагийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1******* сарын 12-ны өдрийн 6000 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 90-92 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1******* сарын 15-ны өдрийн 5998 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 95-97 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1******* сарын 13-ны өдрийн 5997 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 100-103 дахь тал), Шүүх сэтгэц эмгэг судлалын 45 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 111-112 дахь тал), Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 23 дахь тал), *******ын яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. Гэм буруу дээрээ маргахгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 116-118 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Хяналтын прокуророос *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч *******ыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар  маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэж байна. 

Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ад Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн 2 төрлийн ялаас гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг сонгож, шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /01/ нэг жил /03/ гурван сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...зорчих эрхийг хязгаарлах ял оноож өгнө үү” санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

Шүүгдэгч *******ад шүүхээс оногдуулсан хорих ялыг үйлдсэн гэмт хэргийнхээ талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Тав: Бусад асуудлын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 02 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны ******* сарын 29-ний өдрөөс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэв.

Хяналтын прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн талстлаг 52 грамм цэвэр жинтэй мөс мэт талстлаг зүйл хийсэн шилэн сав, *******ын биед нэгжлэг хийж 1 дугаараар тэмдэглэн хураан авсан зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн 0,1070 грамм цэвэр жинтэй мөс мэт талстлаг зүйл, *******аар тэмдэглэн хураан авсан зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн 0,0855 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, *******аар тэмдэглэн хураан авсан зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн 0,2806 грамм цэвэр жинтэй шавар мэт зүйл, 4 дугаараар тэмдэглэн хураан авсан хар өнгийн гар жин  зэргийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдсан байна.

Эдгээр эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн Жамъянжамцыг “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар /01/ нэг жил /03/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. *******ын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 02 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны ******* сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *******ын цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн талстлаг 52 грамм цэвэр жинтэй мөс мэт талстлаг зүйл хийсэн шилэн сав, *******ын биед нэгжлэг хийж 1 дугаараар тэмдэглэн хураан авсан зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн 0,1070 грамм цэвэр жинтэй мөс мэт талстлаг зүйл, *******аар тэмдэглэн хураан авсан зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн 0,0855 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, *******аар тэмдэглэн хураан авсан зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн 0,2806 грамм цэвэр жинтэй шавар мэт зүйл, 4 дугаараар тэмдэглэн хураан авсан хар өнгийн гар жин зэргийг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

8. Хэрэгт *******ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.  

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ