Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0596

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Гомдол гаргагч: “Ц” ХК

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Э.

Гомдлын шаардлага: “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Э 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Н.Э-гийн шалгасан зөрчлийн 2102000061 дугаартай хэрэгт, 00******* дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг холбогдогч “Ц” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч бид 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргаж байна. Зөрчлийн тухай хуулийн 5.11-р зүйлийн 1 дэх хэсэгт Химийн хорт буюу аюултай бодисыг экспортлох, импортлох, ашиглах үндсэн шаардлага журам, аюулгүй ажиллагааны журам, технологийн горим зөрчсөн бол зөрчлийн хэргийн бүрэлдэхүүнтэй байхаар хуульчилжээ .

Гэтэл уг хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлт , гэрч нарын мэдүүлгээр тус компанийн БНХАУ-с гэрээний дагуу худалдан авсан JC 210-17 маркийн даавуу нь импортлох, ашиглахдаа БОАЖЯ-аас тусгай зөвшөөрөл авах химийн хорт аюултай бодис гэж үзэх үндэслэлгүй гэдэг нь нотлон тогтоогдсоор атал зөрчлийн хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж шийтгэл оногдуулсныг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үүнд:

1.Зөрчлийн хэргийг удирдах албан тушаалтан нь Монгол улс хризотол асбест болон бодисын жагсаалтад оруулаагүй байгаа хэдий ч 2021 оны байдлаар дэлхийн 67 улс бүх түүнийг агуулсан бүтээгдэхүүнийг ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай төрлийн асбест болон тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүнийг ашиглахыг хориглосон гэдэг нь Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооноос ирүүлсэн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай албан тоотод дурдсан байна гэж дурдаж нотлох баримтыг үнэлэхдээ ноцтой алдаа гаргасан учир хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Тодруулбал:

А. Төрийн бус байгууллагын албан тоотоор ирүүлсэн мэдээллийг нь Засгийн газрын тогтоолоос дээгүүр үнэлсэн,

Б. БОАЖЯ-ны 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 06/1604 дугаартай мэдээлэл, “Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо” ТББ-ын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/04 дугаартай тодруулгын хувьд тухайн хэргийн материалтай, түүний дотор БАК-ын шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, тухайн материалын орц найрлагатай танилцаагүй учраас ерөнхийд нь асбест, асбестын найрлага бүхий материал нь химийн хорт аюултай бодисын жагсаалтад ордог гэсэн утгаар гаргасан мэдээлэл, тодруулга төдий байхад хууль сануулж авсан шинжээч, гэрч нарын мэдүүлэг, материалаас дээж авч шинжилсэн дүгнэлтээс илүү хүчинтэй нотлох баримт гэж үнэлсэн,

В. Уr JC 210-77 маркийн даавууг 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Монгол улсын хилээр оруулж ирсэн нь нотлогдож байхад 2021 оны байдлаар дэлхийн 67 улс бүх төрлийн асбест болон түүнийг агуулсан бүтээгдэхүүнийг ашиглахыг хориглосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 2. БАК-ын шинжээч нь JC 210-77 маркийн асбест бага хэмжээгээр агуулсан даавууг химийн хорт аюултай бодис гэж үзэхгүй гэсэн дүгнэлт хийж үүнийгээ тайлбарласан байх ба энэ дүгнэлт нь БОАЖЯ-ний шинжээчийн мэдүүлгээр давхар нотлон тогтоогдож байхад зөрчлийн хэрэг удирдах албан тушаалтан нь тогтоолын 3,4 дахь заалтад химийн хорт бодис гэж үзэж, тусгай зөвшөөрөл заавал авсан байх шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтад тулгуурлаагүй ерөнхий ойлголтоор хандсан гэж үзэж байна.

3. Зөрчлийн хэрэг бүртгэгч, удирдах албан тушаалтан нар нь 210-77 маркийн даавууны химийн шинж чанар болон химийн хорт аюултай бодис гэж үзэх эсэх талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нотлох баримтыг буруу үнэлсэн гомдлын талаар:

Эрүүгийн *******3 дугаартай хэрэг нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Дорноговь аймаг дахь давж заалдах шатны шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэрэгт тусгагдсанаар шүүхийн магадлалын дагуу мөрдөн байцаалтад буцсантай холбоотойгоор хийгдсэн дулаан тусгаарлах зориулалт бүхий JC 210-77 маркийн даавуу нь цэвэр асбест биш, асбестын төрлийн эрдэс болох хризотилыг маш бага хэмжээтэй агуулсан техникийн химийн хорт аюултай бодис гэж үзэх үндэслэлгүй байх тул уг үйлдлийг зөрчлийн хэргийн материал болох нь дор дурдсан нотлох баримтаар нотлон тогтоогдож байгаа бөгөөд бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна. Гэтэл зөрчлийн хэрэг бүртгэх удирдах албан тушаалтан үндэслэн хризотол асбест агуулсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь илүү нарийвчлалтай нь БАК-ийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн КБХЭ 077/09 дугаартай шинжилгээг хийсэн дүгнэлтийг нь үнэлээгүй байна.

Үүнд:

1. Барилга архитектур корпорацын итгэмжлэгдсэн лабораторид хийсэн шинжилгээгээр уг JC 210-77 маркийн дулаан тусгаарлагч зориулалтын даавуунд хризотил маш бага хэмжээтэй байгаа нь эрдэс зүйн шинжилгээгээр илэрсэн байна.

2. Шинжээч *******ийн шинжилгээнд ирүүлсэн дээж болон даавуунд хризотил маш бага хэмжээгээр агуулагдаж байна, хризотил магни силикат бөгөөд байгаль дээр байдаг асбестын төрлийн эрдэс юм, үүнийг хориглосон жагсаалтад хамааруулаагүй, шинжилгээнд ирүүлсэн дээж даавуу нь цэвэр асбест биш асбестын төрлийн эрдэс болох хризотил агуулсан техникийн материал болно гэсэн мэдүүлэг,

3. Гэрч БОАЖЯ-ны шинжээч Ц.Б-н Хризотилын төрлийн асбестыг хориглоогүй бүх төрлийн асбест гэж нэмэлт өөрчлөлтөөр оруулсан боловч үүнд хризотилыг оруулаагүй иймд хризотил агуулсан материал нь импортлох, ашиглахыг хориглосон, хязгаарласан бодисын жагсаалтад хамаарахгүй юм гэсэн мэдүүлэг,

4. Гэрч О.Л нь тушаалд Засгийн газрын тогтоолд гэсэн ойлголт/ ямар ч хольцгүй цэвэр асбест орсон байгаа гэтэл асбестын төрлийн эрдсийг хүний эрүүл мэндэд аюулгүй болгох зорилгоор кальцийн карбонатаар баяжуулдаг, хризотил төрлийн асбестыг дулаан тусгаарлах зориулалтаар ашиглахад хүний биед сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй гэсэн мэдүүлэг,

5. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 16 ны өдрийн 06/1697 дугаартай албан тоотод утаслаг хризотол асбестыг Роттердамын конвенцын хязгаарлах бодисын жагсаалтад хараахан оруулаагүй гэж тусгагджээ. Ийм учраас химийн хорт аюултай бодисын тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийг үндэслэн Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад утаслаг хризотол асбестыг оруулаагүй харин асбестын амфибол, антофиллит, амозит, крокидолит, тремолитийн 6 төрлийг л оруулсан байна .

Манай улсын хувьд олон улсын конвенцод нэгдэн орсон учраас олон улсад мөрдөж буй Роттердамын конвенцийн хязгаарлах бодисын жагсаалт болон Монгол улсын Засгийн гэр конвенц нь Монгол улсын хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэтэл оруулаагүй байгаа, утаслаг хризотолыг Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт газрын 2011 оны 176 дугаар тогтоолоор баталсан жагсаалтад утаслаг хризотол асбестыг болон аюултай бодис гэж үзэхгүй гэсэн шинжээчдийн мэдүүлэг, дулаан тусгаарлах зориулалт бүхий JC 210-77 маркийн асбестан даавуунд хризотол асбест нь маш бага хэмжээгээр орсон байгаа зэрэгт дүгнэлт хийгээд уг үйлдлийг зөрчлийн хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна . Харин олон улсад 2021 оны байдлаар дэлхийн 67 улс бүх төрлийн асбест болон тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүнийг ашиглахыг хориглосон гэдэг нь Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооноос ирүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай албан тоотод дурдсан байгаа хэдий ч манай улс нэгдэн орсон эсэх нь тодорхойгүй нэгдсэн ч гэсэн цаг хугацааны хувьд 2 жилийн дараах суудал тавигдаж байгаа тул үүнийг үндэслэл болгосон зөрчлийн хэрэг удирдах албан тушаалтны тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн үндсэн зарчимд нийцээгүй байна.

 Түүнчлэн уг хэрэгт 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зөрчлийн хэрэг үүсгэж зөрчил шалгах ажиллагаа явуулсан байдаг бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад нийслэлийн Прокурорын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор ЭХХШТ хуулийн 32.5-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /зөрчлийн шинжтэй байж болзошгүй л гэж тусгасан /

 Ийм учраас хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хугацаагаар бус анх зөрчлийн хэрэг нээж шалгаж эхэлсэн 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тооцох нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол улсын үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн актаас бүрдэнэ гэж заасан байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан заасан яллагдагчид /зөрчилд холбогдогчид/ ашигтайгаар шийдвэрлэх зарчим үйлчлэх тул хөөн хэлэлцэх хугацаа тоолох асуудлыг холбогдогчид ашигтайгаар шийдвэрлэж 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийг үндэслэн 00******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгууль, 2 боодол JC 210-77 маркийн даавууг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлд хүлээлгэн өгөх албадлагын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******,*******, үйл ажиллагаа явуулдаг “Ц” ХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргасан 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлийн дагуу бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1а-д “Төрийн бус байгууллагын албан тоотоор ирүүлсэн мэдээллийг нь Засгийн газрын тогтоолоос дээгүүр үнэлсэн", 2-т “БОАЖЯ-ны шинжээчийн мэдүүлгээр давхар нотлон тогтоогдож байхад ...”,  3.2-т “шинжээч *******ийн “... үүнийг хориглосон жагсаалтад хамруулаагүй .. ", 3.3-т “Гэрч БОАЖЯ-ны шинжээч Ц.Б-н ашиглахыг хориглосон, хязгаарласан бодисын жагсаалтад хамаарахгүй юм гэсэн мэдүүлэг", 3.5-д “Байгаль орчин аялал, жуулчлалын яамнаас ирүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06/1697 дугаартай албан тоотод утаслаг хризотил асбестыг Роттердамын конвенцийн хязгаарлах бодисын жагсаалтад хараахан оруулаагүй гэж тусгагджээ. Ийм учраас химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсад ашиглахыг хязгаарласан утаслаг хризотил асбестыг оруулаагүй харин асбестын амфибол, антофиллит, амозит, крокидолит, тремолитийн 6 төрлийг л оруулсан байна. Манай улсын хувьд олон улсын конвенцид нэгдэн орсон учраас олон улсад мөрдөж буй гэрээ, конвенци нь Монгол Улсын хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Роттердамын конвенцийн хязгаарлах бодисын жагсаалт болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 176 дугаар тогтоолоор баталсан жагсаалтад утаслаг хризотил асбестыг оруулаагүй байгаа , утаслаг хризотилийг Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис гэж үзэхгүй гэсэн шинжээчдийн мэдүүлэг” гэсэн үндэслэл болон нотлох баримтуудыг тус тус дурдсан байна.

 ТАЙЛБАР 1: Нэхэмжлэгчийн дээр дурдсан шаардлагуудыг нэгтгэн дүгнэж үзэхэд нэхэмжлэгч нь хризотил асбест болон түүнийг агуулсан бүтээгдэхүүн нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан бодисын жагсаалтад ороогүй байхад олон улсад хориглосон гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэсэн , тус жагсаалтад ороогүй гэдэг нь шинжээчдийн мэдүүлгээр давхар нотлогдсон гэж үзсэн байна.

Тухайн аж ахуйн нэгжийн гаргасан зөрчил нь Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 9 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1.2-т заасан импортлох шаардлагыг зөрчсөн асуудал бөгөөд дээр дурдсан Засгийн газрын тогтоолоор батлагдсан Монгол Улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалтад орсон эсэхтэй огт хамааралгүй юм.

Монгол Улсын Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "химийн хорт бодис“, “химийн аюултай бодис”, “хориглосон химийн бодис", "хязгаарласан химийн бодис” гэсэн нэр томьёо болон эдгээр нэр томьёог хэрхэн ойлгох талаар тусгасан байдаг. Үүнд:

 “химийн хорт бодис” гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг

“химийн аюултай бодис” гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг;

“хориглосон химийн бодис” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэглэхийг хориглосон химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн нэгдлийг,

“хязгаарласан химийн бодис” гэж зөвхөн зөвшөөрсөн газарт, заасан зориулалт, технологийн дагуу тодорхой хяналтын дор хэрэглэхийг зөвшөөрсөн химийн хорт ба аюултай бодис тэдгээрийн нэгдлийг,

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны "Жагсаалт батлах тухай” 95 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт / нийт 126 нэр төрөл/, хоёрдугаар хавсралтаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт /нийт 31 нэр төрөл/-ийг тус тус баталсан.

Хориглосон болон хязгаарласнаас бусад “химийн хорт бодис" болон "химийн аюултай бодис”-ын хувьд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар жагсаалт /одоогийн байдлаар нийт 3155 нэр төрөл / -ыг баталсан ба уг жагсаалтын 336 дугаарт бүх төрлийн асбестууд бүртгэгдсэн

 

Олон улсын нэршил

Монголын нэршил

Олон Улсын бүртгэлийн дугаар /CAS №/

Ангилал

 

Шошго

 

Аюулын ангилал ба зэрэглэл

Аюулын тэмдэглэгээний код

Анхааруулах тэмдэг, дохио үг

Аюулын тэмдэглэгээний код

3136

Asbestos

Асбест

12001-28-4

132207-32-0

12172-73-5

77536-66-4

77536-68-6

77536-67-5

12001-29-5

 

Хавдар үүсгэгч 1А

Олон удаагийн нөлөөллөөр тодорхой эрхтэн системийг хордуулдаг бодис 1

Н350

Н372

GHS08

Аюултай

Н350

Н372

 

Уг жагсаалтад CAS 12001-29-5, CAS 132207-32-0 олон улсын бүртгэлийн дугаар бүхий хризотол асбест, асбест агуулсан бүтээгдэхүүн нь хавдар үүсгэгч бодисын ангиллын 1А, олон удаагийн нөлөөллөөр тодорхой эрхтэн системийг хордуулдаг бодисын ангиллын 1 зэрэглэлд ангилалд хамаарахаар бүртгэгдсэн.

“Хориглосон химийн бодис”-ын хувьд Монгол улсын нутаг дэвсгэрт хэрэглэх, импортоор оруулахыг хориглодог.

“Хязгаарласан химийн бодис”-ын хувьд Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж тодорхой нөхцөлд ашиглаж болно гэсэн зөвлөлийн дүгнэлт гарсан тохиолдолд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу БОАЖЯ-наас химийн хорт болон аюултай бодис импортлох , ашиглах тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулдаг.

Хориглосон, хязгаарласан жагсаалтад орсноос бусад “химийн хорт бодис“ болон “химийн аюултай бодис”-ын хувьд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу БОАЖЯ-наас химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулдаг. “Ц” ХК-ийн импортолсон материал энэ жагсаалтад хамаарч байгаа ба химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах тусгай зөвшөөрөл авч холбогдох үйл ажиллагааг явуулах юм.

Иймд тухайн компанийн импортолсон хризотил асбест агуулсан бүтээгдэхүүн нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар системийг хордуулдаг бодисын ангиллын 1 зэрэглэлд тус тус бүртгэгдсэн тул хавдар үүсгэгч бодисын ангиллын 1А , олон удаагийн нөлөөллөөр тодорхой эрхтэн нэхэмжлэлийн шаардлагын 1а, 2, 3.2, 3.3, 3.5 дугаар хэсэг дурдсан асуудал үндэслэлгүй болох нь тогтоогдож байна

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2-т “Барилга архитектур корпорацийн асбест бага хэмжээгээр агуулсан даавууг химийн хорт болон аюултай бодис гэж үзэхгүй гэсэн дүгнэлт хийж ....”, 3.1-д "Барилга архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лабораторид хийсэн шинжилгээгээр уг JC 210-77 маркийн дулаан тусгаарлагч зориулалтын даавуунд хризотил маш бага хэмжээтэй байгаа нь эрдэс зүйн шинжилгээгээр илэрсэн байна" 3.2-т “Шинжээч *******ийн шинжилгээнд ирүүлсэн дээж болон даавуунд хризотил маш бага хэмжээгээр агуулагдаж байна, хризотил магни силикат бөгөөд байгаль дээр байдаг төрлийн эрдэс юм. Үүнийг хориглосон жагсаалтад хамруулаагүй, шинжилгээнд ирүүлсэн дээж даавуу нь цэвэр асбест биш, асбестын төрлийн эрдэс болох хризотил  агуулсан техникийн материал болно гэсэн мэдүүлэг” 3.4-т “Гэрч ******* нь тушаалд ямар ч хольцгүй цэвэр асбест орсон байгаа гэтэл асбестын төрлийн эрдсийг хүний эрүүл мэндэд аюулгүй болгох зорилгоор кальцийн сарбонатаар баяжуулдаг, хризитол төрлийн асбестыг дулаан тусгаарлах зориулалтаар ашиглахад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн мэдүүлэг", 3.5-д “...дулаан тусгаарлах зориулалт бүхий ЈС 210-77 маркийн асбестан даавуунд хризотил асбест нь маш бага хэмжээгээр орсон байгаа” гэсэн үндэслэл, нотлох баримтуудыг тус тус дурдсан байна.

ТАЙЛБАР 2: Асбест (Англи: Asbestos, Шөрмөсөн чулуу) нь байгаль дээр тархсан гидросиликат магни, төмөр, кальци, натригаас тогтсон нарийхан утсархаг бүтэцтэй, бутрамтгай чулуулаг эрдсүүд юм. Асбестын бүлгийн эрдсүүдийг химийн бүтэц найрлагаас нь хамаарч хризотил, амозит, крикодолит, тремолит, актинолит, антофиллит гэсэн 6 төрөлд хуваадаг. Мөн харагдах байдлаас нь хамааран цагаан (хризотил), хөх (крикодолит), бор (амозит) асбест гэж ангилдаг.

Асбестын бүлгийн эрдэс нь бат бэх, дулаан, цахилгааныг бага дамжуулдаг, гадаад орчин, халуун, хүйтэн, галд болон химийн бодисын үйлчлэлд тэсвэртэй, удаан эдэлгээтэй зэрэг онцлог шинж чанаруудтай тул анх нээсэн үед нь "Гайхамшигт эрдэс" хэмээн нэрлэж барилга байгууламж, цахилгаан бараа автомашин, гэр ахуйн бараа зэрэгт өргөн хэрэглэж байсан. Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгдэж байсан нь хризотил асбест юм.

Тухайн материалыг хадгалах, тээвэрлэх, ачиж буулгах, дулаан тусгаарлах зориулалтаар ашиглахаар харьцан ажиллах, асбест ашигласан байгууламжид засвар хийх, нураах буулгах, хог хаягдлыг хаях, зайлуулахад асбестын тоосонцор нь ажилчид болон тухайн орчмын оршин суугчдын амьсгалын замаар нэвтрэн орсноор 20-оос 40 жилийн дараа уушиг, мөгөөрсөн хоолой, өндгөвчний хорт хавдар, мезотелиома (гялтангийн болон хэвлийн хөндийн хорт хавдар) болон асбестоз (уушигны фиброз) гэх мэт хорт хавдрыг үүсгэдэг болохыг олон улсын түвшинд хийгдсэн судалгаа, шинжилгээгээр тогтоож, 2006 оноос эхлэн "Энх цагийн бөмбөг" зэргээр нэрлэх болсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын веб сайтаас хризотил асбестын талаар хийсэн судалгааны тайлан болон асбесттай холбоотой өвчлөлийн талаар https://www.who.int/publications/i/item/WHO-FWC-PHE-EPE-

14.0, https://www.who.int/publications/i/item/97892415648168 мэдээллийг үзнэ үү.

Мөн Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын холбооны тэргүүн, судлаач, анагаах ухааны доктор ******* нь тодруулга хүргүүлэх тухай 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/04 дүгээр албан бичигтээ “Бүх төрлийн асбестын төрлийн эрдэс нь хүний үсний диаметрээс 2000 гаруй дахин нарийхан, нүдэнд үзэгдэхгүй, утаслаг ширхэглэгт задардаг шинж чанартай ба асбестын тоос нь хүний биед амьсгалын замаар нэвтэрч уушгины хавдар, мезотелиома болон бусад төрлийн хорт хавдар үүсгэдэг тул аюулгүй, хүлцэх хэмжээ гэж байхгүйг олон улсын судалгаанууд нотолсон, аливаа материалын хуурай жингийн 0,1 хувиас дээш хувийг асбест эзэлж байвал асбест агуулсан материал гэж тооцдог” гэдгийг мэдээллийн эх сурвалжийг тодорхой тусган ирүүлсэн.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын веб сайтад 2018 оны 02 дугаар сарын 15-нд тавигдсан "Асбестууд: асбесттай холбоотой өвчнийг устгах " нэртэй нийтлэлд хризотил асбестыг оролцуулаад бүх төрлийн асбест нь хорт хавдар үүсгэдэг болохыг онцолсон байна. https: //who.int/news-room/fact-sheets/detail/asbestos-elimination-of-asbestos-related-diseases

Асбест агуулсан бүтээгдэхүүний талаарх хууль эрх зүйн зохицуулалт улс орнуудын хувьд өөр өөр байдаг. Жишээлбэл Европын холбооны улсуудын хувьд асбестын агууламжаас үл хамааран найрлагад нь асбестыг санаатайгаар нэмсэн аливаа бүртээгдэхүүнийг асбест агуулсан гэж үздэг. Япон улсын хувьд асбестыг санаатай болон агууламжаас үл хамааран найрлаганд нь асбестыг санаатайгаар нэмсэн аливаа нэмсэн эсэхээс үл хамааран 0.1 % ( 1975 онд жингийн 5 %, 1995 онд жингийн 1%-иас илүү бол асбест агуулсан бүтээгдэхүүн гэж үздэг байсан байна)-иас илүү агуулсан бүтээгдэхүүн бол асбест агуулсан бүтээгдэхүүн гэж үздэг. https://www.env.go.jp/en.go.jp/en/air/asbestos/summary

 АНУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн "1910.1001-Asbestos” дугаар стандартад “Asbestos” гэж “хризотил, амозит, крокидолит, тремолит асбест, антофиллит асбест, актинолит асбест болон химийн аргаар боловсруулж / эсвэл өөрчилсөн эдгээр эрдсүүд орно", "Асбест агуулсан материал (АСМ) гэж 1 %-иас дээш асбест агуулсан аливаа материалыг хэлнэ” гэж тус тус тодорхойлсон.

https://www.osha.gov/laws-regs/regulations/standardnumber/1910/1910.1001

Иймд олон улсад асбестын агууламж 0,1-1 хувь байх тохиолдолд импортлох, ашиглахыг хориглох зэргээр тусгай зохицуулалттай байдаг төдийгүй хүний биед аюулгүй хүлцэх хэмжээ байхгүй, хорт хавдар үүсгэдэг гэдгийг олон улсад хийгдсэн судалгаа, шинжилгээгээр тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагын 2, 3.1, 3.2, 3.4, 3.5-д тусгасан асуудлууд үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

 3. Нэхэмжлэлийн шаардлагын 1 б-д “БОАЖЯ-ны 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 06/1604 дугаартай мэдээлэл, Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо ТББ-ын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/04 дугаартай тодруулгын хувьд тухайн хэргийн материалтай, түүний дотор БАК-ын дүгнэлт, мэдүүлэг, тухайн материалын орц найрлагатай танилцаагүй учраас ерөнхийд нь асбест, асбестын найрлага бүхий материал нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад ордог гэсэн утгаар гаргасан мэдээлэл, тодруулга төдий байхад хууль сануулж авсан шинжээч, гэрч нарын мэдүүлэг, материалаас дээж авч шинжилсэн дүгнэлтээс илүү хүчинтэй нотлох баримт гэж үнэлсэн гэсэн байна"

ТАЙЛБАР 3: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад БОАЖЯ-нд хүргүүлсэн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 10/757 дугаар албан бичигт зөрчлийн хэрэг үүсгэсэн үндэслэл, Барилга, архитектур корпорацийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн КБХЭ 077/19 дугаар лабораторийн шинжилгээний дүнгээр уг асбестан даавуу нь хризотил асбест агуулсан болох нь тодорхойлогдсон, уг хризотил асбест болон түүнийг агуулсан бүтээгдэхүүнийг импортлох, ашиглах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх эсэх талаар мэдээлэл ирүүлэх талаар тусгасан төдийгүй Химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах тусгай зөвшөөрлийг олгодог эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагад албан бичиг хүргүүлэн хариуг албан бичгээр авч баримтжуулсан тул нотлох баримтын шаардлага хангана .

Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоонд хүргүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10/758 дугаар албан бичигт ч мөн зөрчлийн хэрэг үүсгэсэн үндэслэл лабораторийн шинжилгээний дүнгийн талаар тодорхой тусгасан болно.

Нэхэмжлэгчийн дурдсан “хууль сануулж авсан шинжээч, гэрч нарын мэдүүлэг” гэдэг нь *******3 дугаартай эрүүгийн хэрэгт өмнө нь авагдсан гэрч *******, *******, ******* нарын хориглосон, хязгаарласан жагсаалтад ороогүй гэсэн утга бүхий мэдүүлэг бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1.2-т заасан импортлох шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлээр үүсгэсэн зөрчлийн хэрэгт хамааралгүй юм.

Мөн дээр дурдсан олон улсад хийгдсэн судалгаа, шинжилгээний дүн болон асбестын хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн асуудлаар нарийвчилсан судалгаа, шинжилгээний ажил хийж докторын зэрэг хамгаалсан судлаач, Монголын эрүүл ахуйчдын үндэсний холбооны тэргүүн, анагаах ухааны доктор *******ээс ирүүлсэн тодруулга нь *******3 дугаартай эрүүгийн хэрэгт гэрч *******, шинжээч ******* нараас авсан асбестын агууламж бага тул хүний эрүүл мэндэд хор, аюулгүй гэсэн мэдүүлгээс илүү үндэслэлтэй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын 1 б-д тусгасан нотлох баримтыг буруу үнэлсэн гэдэг асуудал үндэслэлгүй юм.

4. Нэхэмжлэлийн шаардлагын 1в-д “Уг JC 210-77маркийн даавууг 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын хилээр оруулж ирсэн нь нотлогдож байхад 2021 оны байдлаар дэлхийн 67 улс бүх төрлийн асбест болон түүнийг агуулсан бүтээгдэхүүнийг ашиглахыг хориглосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна", 3.5-д “...манай улс нэгдэн орсон нь тодорхойгүй /Роттердамын конвенц/, нэгдсэн гэсэн ч цаг хугацааны хувьд 2 жилийн дараах асуудал тавигдаж байгаа тул үүнийг үндэслэл болгосон зөрчлийн хэрэг удирдах албан тушаалтны тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн үндсэн зарчимд нийцэхгүй байна”

ТАЙЛБАР 4. Монголын эрүүл ахуйчдын үндэсний холбооноос ирүүлсэн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/04 дугаар албан бичиг, Зөрчлийн хэргийг удирдах албан тушаалтны 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 10-1545/019 дугаар хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоолд тухайн бүтээгдэхүүний орц, найрлагад агуулагдаж буй асбест нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг /хорт хавдар үүсгэдэг/ тул одоогийн байдлаар дэлхийн 67 улс хориглоод байна гэж дүгнэсэн нь зөрчил үйлдэгдсэн хугацаатай огт хамааралгүй болно. Зөрчил үйлдэгдсэн цаг хугацааг зөрчлийн хэрэгт болон нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бусад хугацаатай харьцуулан авч үзвэл Монгол Улс нь Аюултай зарим химийн бодис болон пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын конвенцид 2000 онд, Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцийг 1996 онд тус тус соёрхон баталсан, бүх төрлийн асбестууд нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан жагсаалтын 3136 дугаарт хавдар үүсгэгч бодисын ангиллын 1А, олон удаагийн нөлөөллөөр тодорхой эрхтэн системийг хордуулдаг бодисын ангиллын 1 зэрэглэлд ангилалд хамаарахаар бүртгэгдэж одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, мөн бүх төрлийн асбест агуулсан бүтээгдэхүүнийг 2019 оны 7 дугаар сарын 11-ний байдлаар дэлхийн 67 улс хориглоод байсан байна.

 http://ibasecretariat.org/alpha_ban_list.php

Иймд нэхэмжлэлийн шаардлагын 1в-д тусгасан зөрчлийн хэрэг удирдах албан тушаалтны тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн үндсэн зарчимд нийцэхгүй байна гэсэн асуудал үндэслэлгүй байна.

5. Хөөн хэлэлцэх хугацаа тоолох асуудлыг холбогдогчдод ашигтайгаар шийдвэрлэж өгөх

ТАЙЛБАР 5. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно” гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлгүй байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “Ц” ХК-иас тус шүүхэд хандан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Э-ы 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагын хүрээнд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс мөн хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. “Ц” ХК нь 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын хил Замын-Үүд  сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор “асбест” хэмээх нэршилтэй химийн бодис агуулсан 100 кг даавуун материалыг зохих зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн асуудалтай холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 192000230 дугаар  прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Улмаар Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар прокурорын тогтоолоор “Ц” ХК нь асбестын бүтээгдэхүүнийг зохих зөвшөөрөлгүйгээр импортолсон үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлд заасан “Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих” зөрчлийн шинжтэй” гэх үндэслэлээр “Ц” ХК-ны үйлдлийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох материалыг Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Экологийн цагдаагийн албанаас 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 16-6/748 дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газарт “...”Ц” ХК ... үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар” шилжүүлсэн.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Э “Ц” ХК-ийн асбестын бүтээгдэхүүнийг зохих зөвшөөрөлгүйгээр импортолсон үйлдэл”-тэй холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 24-ны өдөр 10-1545/019 дугаар зөрчлийн хэрэг нээж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 00******* дүгээр шийтгэлийн хуудсаар “Ц” ХК-нд Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгон, 2 боодол 100 кг жинтэй асбестан даавууг хураах албадлагын арга хэмжээг авсан.

2. Гомдол гаргагч “Ц” ХК дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан гомдлын хууль зүйн үндэслэлээ “Монгол Улс хризотол асбест болон түүнийг агуулсан бүтээгдэхүүнийг ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад оруулаагүй”, цэвэр асбест биш харин асбестыг бага хэмжээгээр агуулсан даавууг химийн хорт аюултай бодис гэж үзэхгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн”,”хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үеэс тооцсон нь хууль буруу тайлбарласан” зэрэг үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

3. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9-д “Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно” хэмээн,

5.11 дүгээр зүйлийн 1-т “Химийн хорт, аюултай бодис: ...1.2.импортлох ... үндсэн шаардлага, журам, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж, зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн,

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Химийн бодисыг шинж чанар болон хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь:

4.1.1.хортой;

4.1.2. аюултай гэж тус тус ангилна”, 4.2-т “Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална”,

5 дугаар зүйлийн 5.1-д “...химийн хорт болон аюултай бодис импортлох... зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу олгоно” хэмээн,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан 2009 оны 334/104 дүгээр тушаалаар батлагдсан  “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.1-т “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аж ахуйн нэгж, байгууллагын албан ёсны хүсэлт, иргэний  өргөдлийг үндэслэн  дараахь  зөвшөөрлийг олгоно:

2.1.1.1. химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх” хэмээн,

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан  2015 оны А/356/396 дугаар тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”[1]-ын 3136-д asbestos буюу асбест /Олон улсын бүртгэлийн 12001-28-4, 132207-32-0, 12172-73-5, 77536-66-4, 77536-68-6, 77536-67-5, 12001-29-5/ Аюулын ангилалын /Хавдар үүсгэгч 1A, Oлон удаагийн нөлөөллөөр тодорхой эрхтэн системийг хордуулдаг бодис 1/, Аюулын тэмдэглэгээний код /H35O, H372/ Анхааруулга тэмдэг, дохио үг /GHS08 Аюултай/” хэмээн тус тус заасан.

4. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд,

“Ц” ХК эргэх зуухны жийргэвч зориулалтаар хризотил асбест агуулсан 100 кг жинтэй 2 боодол JC 210-77 маркийн даавуун бүтээгдэхүүнийг  БНХАУ-аас импортлон тус улсад оруулж ирсэн. Ингэхдээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй бөгөөд авах үүрэгтэй байсан болох нь:

“Ц” ХК-ийн  гүйцэтгэх захирал А.Шоовдрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “...манай компани химийн хорт болон аюултай бодис импортлох зөвшөөрөл байхгүй” гэх мэдүүлэг, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Үржинхандын  2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “асбест, асбест агуулсан материалд тусгай зөвшөөрөл байхгүй” гэх мэдүүлэг,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад бүх төрлийн асбест импортлох, ашиглах, худалдах зөвшөөрлийг олгодоггүй бөгөөд зөвхөн хризотил асбестийн тусгай зөвшөөрлийг дулааны цахилгаан станцуудын гадна дулаалга, завсар үйлчилгээнд зориулж, тэдгээр станцуудын тендерт шалгарсан аж ахуйн нэгж байгууллагуудад гэрээнд заасан тоо хэмжээгээр олгодог. Хризотил асбест болон түүнийг агуулсан бүтээгдэхүүнийг импортлох, ашиглахад химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болно” гэх 06/1604 дүгээр албан бичиг болон холбогдох бусад баримтаар,

“Ц” ХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр тус улсын хилээр нэвтрүүлсэн JC 210-77 маркийн 100 кг жинтэй 2 боодол даавуун бүтээгдэхүүн нь “хрозитол ба антифиллит эрдсүүдийг агуулсан” буюу асбестын төрлийн материалд хамаарах бүтээгдэхүүн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Барилга архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лабораторийн  2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн КБХЭ 077/19 дугаар  болон 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БХЭ005/21 дүгээр шинжилгээний  дүн, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 25-04-05а/04 дүгээр дүгнэлт,  Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02-4/217 дугаар шинжилгээний хариу хүргүүлэх тухай албан бичиг болон шинжээч *******ийн “...дээжид ирүүлсэн даавуун материалын найрлагад асбестын төрлийн эрдсүүд илэрснийг тогтоосон. Гэхдээ ...хризотил маш бага хэмжээгээр агуулагдсан байна” гэх мэдүүлэг” болон  холбогдох бусад баримтаар,

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Э-аас  2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 00******* дүгээр шийтгэлийн хуудсаар “Ц” ХК-нд гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан явдал нь Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан

Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурорын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 05 дугаар тогтоол, Экологийн цагдаагийн албаны 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 16-6/748 дугаар албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн  2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Ц” ХК-нд холбогдуулан 10-1545/019 дугаар зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан шүүх, хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Ц” ХК төрийн эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүйгээр 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хризотил асбест агуулсан 100 кг жинтэй 2 боодол JC 210-77 маркийн даавуун бүтээгдэхүүнийг БНХАУ-аас импортлон тус улсад оруулж ирсэн нь Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийн зөрчсөн. Уг зөрчлийг шалгаж, холбогдогчид Зөрчлийн тухай хуульд заасан холбогдох хариуцлагыг хүлээлгэсэн хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байх тул гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1.2-т заасныг үндэслэн “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Э-ы 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Ц” ХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.М

 

 

 

 

 

 

 

 

[1] https://www.legalinfo.mn/annex/?lawid=11509