| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 110/2024/0070/З |
| Дугаар | 221/МА2025/0249 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2025/0249
Ж.Д-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Д
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ж.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2025/0014 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э
Хэргийн индекс: 110/2024/0070/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Д нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ж.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2025/0014 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/*** дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Ж.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга Х.Б давж заалдах гомдолдоо:
“...Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас 2006 онд гаргасан зөвлөмжийн 5 дахь заалтын холбогдох хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй, харин гэрээ хийгдсэн өдрөөс хойш 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болоогүй байхыг ойлгохоор тайлбарласан. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй хэмээн тайлбарласан байна.
Хэрэв нэхэмжлэгч нь эзэмшиж байсан 6 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаж байсан бол байгальд ээлтэй ногоон төгөл бий болох байлаа гэдгийг Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигтай холбогдуулан тайлбарлах нь зүйтэй байна учир нь зарлигаас авч үзэхэд Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх хэмээн даалгасан бөгөөд нэхэмжлэгч нь ойжуулалтын зориулалт бүхий газарт 6 жилийн хугацаанд ганц мод таригдаагүй явдал нь тогтоогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн явдал нь харамсалтай байна.
2024 оны 5 дугаар сард ажлын хэсэг үзлэг хийх явцад тус газарт “нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц” ойжуулалт огт хийгдээгүй байдлын улмаас эзэмшлийг хүчингүй болгох үндэслэл болсон бөгөөд зориулалтын дагуу ашиглаагүй явдал нь сонсох ажиллагааны үед гаргаж өгсөн нэхэмжлэгч Ж.Д-ийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргаж өгсөн тайлбараар бүрэн нотлогдож байгаа болно.
Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь дүгнэж үнэлээгүй, зөвхөн нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа бөгөөд шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2025/0014 дугаар бүхий шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Д-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэжээ.
3. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар[1] 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн А-ын эзэмшил газрын баруун талаас батлагдсан схем зургийн дагуу 2400 м.кв газрыг БЭ********* регистртэй Ж овогт Х Д чацаргана тарьж ургуулах зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлж,
3.1 Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар[2] 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай ********** нэгж талбарын дугаартай 2400 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Х-ийн Д-ы чацаргана тарьж ургуулах зориулалттай газар эзэмших эрхийг БЮ********** регистртэй Б овогт -Жны Д-д 28 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
4. Улмаар Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15/04/***/** дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар “...газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэрчилгээнүүдийг хүчингүй болгох...” тухай албан шаардлагыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад хүргүүлжээ.
5. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/*** дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар[3] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн Өлгий сумын нутаг дэвсгэрээс эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй 32 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон захирамжийн холбогдох хэсгийг хавсралтаар хүчингүй болгож, хавсралтын 15-д нэхэмжлэгч Ж.Д-ийн газар багтжээ.
6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан ба газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.
7. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжид “... Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсгийн “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино. Хуулийн дээрх зүйл, хэсгийн “хүндэтгэн үзэх шалтгаан” гэсэн заалт нь газрыг зориулалтаар ашиглаагүй, 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм. Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Эзэмшигч энэ тухайгаа эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдсэн, зориулалтыг өөрчлүүлэх, хугацааг сунгуулах арга хэмжээ авсан эсэхийг шүүх заавал шалгаж тогтоосон байвал зохино ...” гэж заасан байна.
8. 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхээс хийсэн үзлэгээр[4] “...уг газрыг хашаалсан /цементээр цутгасан сууринд модон баганууд байрлуулсан, уг баганад төмөр торыг бэхэлсэн/... хашааны хойд, урд, зүүн талд нь нэг эгнээнд, баруун талд нь хоёр эгнээнд нүх ухаж, мод суулгасан байна. Үүнд хашааны хойд талд нэг эгнээнд 19 ширхэг мод, баруун талд хоёр эгнээнд 68 ширхэг мод, урд талд нэг эгнээнд 25 ширхэг мод, зүүн талд нэг эгнээнд 28 ширхэг мод суулгасан байна. Нийт 140 хүн байгаагаас 140 ширхэг мод суулгасан байна. Энэ хэсэг нь 620.2 м.кв талбайтай байна. Хашааны баруун хойд буланд худаг гаргасан байна” гэх тэмдэглэл, фото зураг,
8.1 Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Ц-1/*** дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолоор “...иргэн С.А-аас гаргасан тус аймгийн Өлгий сумын ** дугаар багт байрлах манай хашааны тор 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 29-ний өдрүүдийн хооронд хулгайлагдсан гэх бүртгэлийн *** дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, хохирогч С.А-ын өмчлөлийн 158 метр хашааны төмөр торыг хулгайлсан этгээдийг олж тогтоон, шийтгэл оногдуулж шийдвэрлэхийг даалгасан” зэрэг баримтуудаар тухайн газрыг ашиглаж байгаа болох нь тогтоогдож байна.
9. Хуулийн дээрх заалт, тайлбараас үзэхэд газар эзэмшигч нь гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгохоор зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Д нь газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх баримт тогтоогдохгүй байх тул газар эзэмших эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр хууль бус гэж дүгнэх үндэслэлтэй байна.
10. Түүнчлэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна.
11. Хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхдээ газрыг ашиглах талаарх ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан эсэх, “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх”-ийг нягтлан шалгаагүй шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай нийцээгүй байна.
12. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2025/0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА