Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

          Улсын яллагч Н.Булганчимэг,

          Шүүгдэгч Д.Баасандорж, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

          Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Баасандоржид холбогдох 2016 2400 0968 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                         

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангид холбоочин ахлагчийн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 7 дугаар гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 9 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Буба гэж дууддаг, Цалинч овогт Даваасүрэнгийн Баасандорж /Регистрийн дугаар РД:ТЕ91031554/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Д.Баасандорж нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг Цайз захын уулзвар замд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шөнийн 23 цаг 30 минутын орчим Тоёота приус маркийн 99-57 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодох”, “8.4. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Яаралтай тусламжийн төвийн Хьюндай старекс маркийн 05-48 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Яаралтай тусламжийн төвд 1.350.000 төгрөгийн шууд, 1.612.700 төгрөгийн нийт хохирол учруулж, мөн дүрмийн “2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баасандоржийн өгсөн: “Ажлаасаа машинаа аваад харих замдаа буюу Цайзын уулзварт түргэний машин мөргөсөн. Эмнэлэгийн машин байсан тул айсандаа зугтаагаад машинаа орхиод явсан. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Би ийм том хэрэг болно гэж бодоогүй. Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,

 

          Хэргийн газрын үзлэгийн: “... Зам тээврийн ослын газарт очиход Тоёота приус-30 маркийн 99-57 УБГ дугаарын автомашин зам тээврийн осол гаргаад хэргийн газраас зугтаж явсан байв...” гэх тэмдэглэл, мөн хэмжилтийн бүдүүвч зураг /хх.3-5/,

 

          Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжэгчийн төлөөлөгч Н.Мөнгөнчимэгийн өгсөн: “... Хьюндай старекс маркийн 05-48 УНС улсын дугаартай автомашины үнэлгээтэй танилцаад санал хүсэлт байхгүй. Байгууллагын зүгээс автомашины үнэлгээгээр гарсан хохирлыг бүрэн барагдуулаад өгвөл гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх.16/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Ш.Очирсүхийн өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 25-ны 16 цагаас 26-ны өглөөний 8 цаг хүртэл Нийслэлийн түргэн тусламжийн Баянзүрх салбарт 103 автомашины жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан, оройны 23 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн нутаг Цайз захын урд талд ухаангүй согтуу хүн гэсэн дуудлагын дагуу Март эмчийн хамт дуудлаганд явж байсан. Цайз захын урд талын уулзвар дээр чигээрээ нэвтрэх гэрэл хүлээгээд урдаасаа хойшоо чиглэлд уулзварын урд талд зогсож байхад уулзварын баруун гар талаас эргэж байсан суудлын 99-57 УБГ дугаартай автомашин урсгал сөрөөд миний машины урдаас урд талаараа мөргөөд тэр машин ухраад өөрийнхөө эгнээнд ороод тэр чигтээ яваад өгсөн... би тэр машины хойноос улсын дугаарыг харж аваад л хоцорсон...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Х.Мартын өгсөн: “... Цайз захын урд талын уулзвар дээр гэрлэн дохио дээр зогсож байхад ертөнцийн зүгээр баруун талаас урагшаа эргэж байсан суудлын машин манай машины урд талаас мөргөөд мөргөсөн дараа жоохон ухарч манай машинаас холдонгуутаа зогсолгүй тэр чигтээ зугтаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.24/,

          Мөрдөн байцаалтанд гэрч Т.Уранчимэгийн өгсөн: “... 22 цагийн үед би нөхрийгөө Баянзүрх дүүргийн нутаг Сансарт байх караокегоос авч гараад бид 2 гэр уруугаа харихаар гарсан, тухайн үед манай нөхөр эрүүл шахуу, жоохон л согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Бид 2 караокений үүднээс такси бариад ЗХ-ийн 124-р ангийн гадаа зогсоолоос өөрсдийн Тоёота приус-30 маркийн 99-57 УБГ дугаартай машинаа аваад манай нөхөр машинаа бариад би хажууд суугаад Налайх дүүрэг дэх гэр рүүгээ явсан, цайз захын замаар явж байгаад зогсож байсан эмнэлэгийн машины урдаас мөргөсөн манай нөхөр эмнэлэгийн машин мөргөсөндөө маш их айж мөргөсөн дараа тэр машины жолоочтой бууж уулзалгүй шууд зугтаад Чулуун овооны пост өнгөрөөд машинаа гудамжинд эзэнгүй орхиод гэр рүүгээ Офицерын буудал дээрээс замын унаанд суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

 

          “Вендо” ХХК-ны автомашины эвдрэл хохирлын үнэлгээний: “... Хьюндай старекс маркийн 05-48 УНС улсын дугаартай автомашинд 1.350.000 төгрөгний шууд, 1.612.700 төгрөгний нийт хохирол учирсан...” гэх тайлан /хх.30-31/,

 

          Техникийн шинжээчийн 677 дугаартай: “ ... 1. Тоёота приус-30 маркийн 99-57 УБГ дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Д.Баасандорж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, “2.7 .Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн үед  тээврийн хэрэгсэл жолоодох”, “8.4. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

          2. Хьюндай старекс маркийн 05-48 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Ш.Очирсүх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /хх.35-36/,

 

          Мөрдөн байцаалтанд Д.Баасандоржийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.48-49/,

 

          Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.12/,

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Дөлгөөний өгсөн мэдүүлэг /хх.22/,

          Мөрдөн байцаалтанд гэрч Д.Ган-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх.23/,

          Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн захирагчийн тодорхойлолт /хх.53/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.57/,

          Баасандоржийн Хос-Эрдэнэ, Хосбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх.67-68/,

          Хохирогч Ш.Очирсүхийн гаргасан өргөдөл /хх.72/,

          Д.Баасандорж, Т.Уранчимэг нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Д.Баасандорж нь согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг Цайз захын уулзвар замд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шөнийн 23 цаг 30 минутын орчим Тоёота приус маркийн 99-57 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодох”, “8.4. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Яаралтай тусламжийн төвийн Хьюндай старекс маркийн 05-48 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Яаралтай тусламжийн төвд 1.350.000 төгрөгийн шууд, 1.612.700 төгрөгийн нийт хохирол учруулж, мөн дүрмийн “2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх.3-5/, мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжэгчийн төлөөлөгч Н.Мөнгөнчимэг /хх.16/, гэрч Ш.Очирсүх /хх.20-21/, Х.Март /хх.24/, Т.Уранчимэг /хх.26-27/ нарын өгсөн мэдүүлэг, “Вендо” ХХК-ны автомашины эвдрэл хохирлын үнэлгээний тайлан /хх.30-31/, Техникийн шинжээчийн 677 дугаартай дүгнэлт /хх.35-36/, мөрдөн байцаалтанд /хх.48-49/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баасандоржийн өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Иймд  шүүгдэгч  Д.Баасандоржийг  зам  тээврийн осол гаргасан жолооч үүргээ

биелүүлэхгүй байх, ослын газрыг орхиж санаатай зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Баасандоржийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохирлыг сайн дураар нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнийг нийгмээс тусгаарлаж хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Баасандорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.612.700 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Цалинч овогт Даваасүрэнгийн Баасандоржийг зам тээврийн осол гаргасан жолооч үүргээ биелүүлэхгүй байх, ослын газрыг орхиж санаатай зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баасандоржид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Баасандоржид оногдуулсан 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Баасандорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.612.700 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Баасандоржид оногдуулсан 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

          6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баасандоржид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР