Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар  2022/ШЦТ/122

 

 

 

 

 

 

 

 

 

  2023        01         24                                      2022/ШЦТ/122

             

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Г.Чанцалдулам,

шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т овогт *******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 05289 3784 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар шинэчилт ХХК-д хог ачигч ажилтай /одоогоор түр чөлөөлөгдсөн байгаа/, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ................................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт ******* /РД:......................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богд ууланд самар түүж яваад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ө.Нтэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед халдан зүүн гарын 4 дүгээр хурууны шөрмөс гэмтээсэн ил шарх, дагзанд няцарсан шарх бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                    /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Н-гийн өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр танил дүү Дашцэрэн, Дашцэрэнгийн таньдаг залуу болох Ө гэж дууддаг залуугийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Богд уул руу самарт явсан. Бид гурав 18 цагийн орчим майхнаа бариад талх элэгний нухаш идээд 2 шил хараа нэртэй архи хувааж уусан. Би архи уухгаад унтах гээд хэвтсэн. Тэгтэл орой 21 цагийн орчим Ө гэх залуу архиндаа согтоод “та 2-ыг шаана, ална” гээд орилоод байсан. Тэгтэл Дашцэрэн гараад юу болоод байна гээд Өтэй юм ярьж байгаад шээхээр мод руу орсон би Өд хандаж “чи одоо унт” гэж хэлтэл миний толгой руу чулуугаар цохисон. Миний толгойноос их хэмжээний цус гарч гараад гараараа толгойгоо барьж байтал миний зүүн гар луу ахиж чулуугаар цохин миний толгой, гарт гэмтэл учруулсан. Тэгээд би ухаан алдаж унасан байсан. Би Өгийн биед халдаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 6 дахь тал/,

 Гэрч Г.Дашцэрэнгийн өгсөн:  "... бид 3 орой 19 цагийн орчим ууланд майхан саваа бариад хоол цай хийж идээд 2 шил архи хувааж уусан. Тухайн үед Ө, Н бид 3 архиа уучхаад унтах гээд хэвтэж байтал Ө унтахгүй архи нэхээд байхаар нь Н ах “чи унт л даа” гээд хэлтэл Ө “та 2 мууг майхантай чинь шатаана” гээд орилоод байсан. Би мод руу ороод бие засчихаад гараад иртэл Ө майхны цаашаа гүйгээд явж байсан. Би майхан дээр иртэл Н ахын зүүн гар, толгойн ар хэсгээс цус гарчихсан байсан. Би юу болсон талаар асуутал “Ө чулуугаар цохичихлоо” гэж надад хэлсэн. Н ах Өыг “унт” гээд хэлтэл Ө уурлаад яваад байсан. Түүнээс болж маргалдсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дахь тал/.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14137 дугаартай. Ө.Н-н биед зүүн гарын 4 дүгээр хурууны шөрмөс гэмтээсэн ил шарх дагзанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 25 дахь тал/.

 Иргэний нэхэмжлэгч А.Маралын өгсөн: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан “Даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад" нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Хохирогч Ө.Нн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмийн эмчилгээний зардалд 947,200 төгрөг эрүүл мэндийн Даатгалын сангаас санхүүжүүлсэн байдаг. Иймд нийт 947,200 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 38-43 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх Дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богд ууланд самар түүж яваад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ө.Нтэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед халдан зүүн гарын 4 дүгээр хурууны шөрмөс гэмтээсэн ил шарх, дагзанд няцарсан шарх бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Нн өгсөн: “...би Өд хандаж “чи одоо унт” гэж хэлтэл миний толгой руу чулуугаар цохисон. Миний толгойноос их хэмжээний цус гарч гараад гараараа толгойгоо барьж байтал миний зүүн гар луу ахиж чулуугаар цохин миний толгой гаранд гэмтэл учруулсан. Тэгээд би ухаан алдаж унасан байсан. Би Өгийн биед халдаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 6 дахь тал/,

 Гэрч Г.Дашцэрэнгийн өгсөн:  "... Би майхан дээр иртэл Н ахын зүүн гар, толгойн ар хэсгээс цус гарчихсан байсан. Би юу болсон талаар асуутал “Ө чулуугаар цохичихлоо” гэж надад хэлсэн. Н ах Өыг унт гээд хэлтэл Ө уурлаад яваад байсан. Түүнээс болж маргалдсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дахь тал/.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14137 дугаартай.

Ө.Нн биед зүүн гарын 4 дүгээр хурууны шөрмөс гэмтээсэн ил шарх дагзанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 25 дахь тал/.

 Иргэний нэхэмжлэгч А.Маралын өгсөн: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан “Даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад" нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Хохирогч Ө.Нн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмийн эмчилгээний зардалд 947,200 төгрөг эрүүл мэндийн Даатгалын сангаас санхүүжүүлсэн байдаг. Иймд нийт 947,200 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 38-43 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богд ууланд самар түүж яваад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ө.Нтэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед халдан зүүн гарын 4 дүгээр хурууны шөрмөс гэмтээсэн ил шарх, дагзанд няцарсан шарх бүхий гэмтэл хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.        

   Шүүгдэгч *******д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

   Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нь нөлөөлсөн шалтгаан нөхцөл болсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөхгүй.  

Хохирогч Ө.Нд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт баримтаар нэхэмжилсэн 201,180 төгрөгийг шүүгдэгч төлсөн. Иргэний нэхэмжлэгч А.Маралын нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээний нийт зардал 947,200 төгрөгийг төлөөгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлт: “Шүүхээс шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх саналтай байна. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад 201.180 төгрөгийн баримтаар гаргаж өгсөн төлбөрийг нөхөн төлснөө илэрхийлж байгаа тул шүүгдэгч нь  хохирогчид төлөх төлбөргүй. Харин  хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай. Иргэний нэхэмжлэгч Маралын зүгээс 947,200 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.” гэв.

Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000  төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Т овогт *******-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээнийн буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар үйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар *******-аас 947,200 /есөн зуун дөчин долоон мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тус тус олгосугай

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА