| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2023/0014/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/21 |
| Огноо | 2023-03-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Д |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Улсын яллагч: П.Даваасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,
Шүүгдэгч ***,
Нарийн бичгийн дарга: Б.Хэрлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ***д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** аймгийн *** сум, *** 1-р багт түр оршин суух, *** овогт ***ийн *** (РД:***)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр *** аймгийн *** сумын *** *** дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ***ийн эзэмшлийн "Даюун" загварын мотоциклыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,200,000 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч П.*** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Би гэм буруугаа ойлгож байгаа. Бүгд миний буруу...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн *** тоот хавтаст хэргээс
1.2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр С.*** Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,
2.2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хяналтын камерын бичлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас/,
3. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Капитал зууч" ХХК-ийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
4. Хохирогч С.***ийн "...Би 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ***-*** аймгаас хөдөө малчин айлаас 200 орчим төлөг худалдаж аваад *** аймгийн **** сум руу өөрийн гэр рүүгээ авч явах болсон. Тэгээд машин тэрэгтэй явж байсан болохоор ганцаараа тууж явах боломжгүй болчхоод хамт явах хүн хайгаад *** аймгийн бирж худалдааны төв дээр хүмүүстэй уулзаж нэг шар царайтай Увсын залуу байсан өөрийгөө *** гэж танилцуулсан. Надад хэлэхдээ өөрийгөө *** аймгийн *** суманд амьдардаг ардаа татлаа байхгүй би жилээр мал малласан ч болно. Өмнө Хушаат суманд айлын мал маллаж байсан гэж хэлсэн. Тэгээд 500.000 төгрөгийн хөлсөөр *** аймгаас *** сум руу хонь туухаар болсон. Тэгээд нөгөө залуу захын гутлын лангуун дээрээс хувцсаа авна гэсэн тухайн үед зах нээгээгүй байсан тул би өөрийнхөө машинаар түрүүлээд явсан. Нөгөө залуу маань манай дүү *** /***/-тай хамт үлдээд хувцсаа аваад миний араас манай дүү авчирч өгсөн. Тэгээд манай дүү цаашаа *** аймаг руу буцаад би нөгөө мал туух *** гэдэг залуутай хоёулаа малаа туугаад явсан. Би өөрөө машинтайгаа нөлөө залуу маань мотоцикл уначихсан малаа туугаад явж байсан. Тэгээд бид хоёр явж байгаад *** аймгийн *** сумын *** 3 дугаар багийн цаана байдаг нэг эзэнгүй өвөлжөөн дээр манаач ах *** хуц ухна манадаг хүн байсан тэгээд нөгөө хүнээс асууж зөвшөөрөл аваад тэнд хонохоор болсон. Тэгээд орой 22 цаг болж байхад малаа хашаад *** бид хоёр малчин ***ын гэрт орж хоносон. Тэгсэн өглөө 05 цагийн үед *** намайг сэрээгээд машин дээрээс хувцсаа авах гэсэн юм гээд гарсан. Би гэрт унтаад үлдсэн. Тэгээд 06 цаг болгоод би сэрсэн тэгсэн *** байхгүй байсан. Би гайхаад малчин ***оос манай хүн хаачив гэж асуутал шороон замаар засмал орсон *** аймаг тал руу эргэх шиг боллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би машин дээрээ очоод нөгөө залуугийн хувцас байгаа эсэхийг харахад алга болчихсон байсан. Тэгсэн *** явахдаа машин дотроос хувцсаа аваад миний мотоциклыг унаад яваад өгсөн байсан тул Цагдаагийн байгууллагад хандах болсон....гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 35-36, 38,39 дүгээр хуудас/,
5.Гэрч Ч.***ын"... 2022 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр санагдаж байна. Манай ах *** надтай утсаар яриад ***аас мал туулгаж явуулах байсан хүн маань байхгүй болчихлоо хоёулаа хамт биржээр яваад мал маллах хүн хайгаад ирье гээд хамт бирж орсон. Тэгээд тэндээс өөрийгөө *** гэж танилцуулсан нэг хүнтэй уулзаад явахаар тохирсон. Тэгээд манай ах машинаа авч ирье гээд явсан би нөгөө *** гэх залуутай бирж рүү ороод нэг шар өнгийн контейнер орж ***ийн хувцсыг авахаар очсон боловч нөгөө контейнер нь хаалттай байсан. Би *** тэнд нь орхиод ах дээр очоод байж байсан чинь өөрөө залгаад хүрээд ирсэн. Тэгээд замаараа *** орж дэлгүүрээс ундаа ус аваад Ширээ нуруу оруулж өгсөн. Тэндээсээ *** манай ахын мотоциклыг унаад цаашаа явсан. Тэгсэн дараахан нь манай ах нөгөө хүн чинь мотоцикл хулгай хийгээд явчихсан гэж хэлсэн. Намхан нуруутай, бор царайтай, ойролцоогоор 40 гаран насны хүн байсан. Цэнхэр өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн куртиктэй хром гуталтай байсан. Өөрийгөө *** аймгийн *** сумынх эхнэр хүүхэд нь хөдөө байдаг гэж хэлж байсан тэгээд би "та тэгээд эхнэр хүүхдэдээ хэлсэн юм уу" гэсэн чинь зүгээрээ ах нь сурчихсан юм гэж байсан..." гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,
6.Гэрч Ч.***ийн мэдүүлэг"...Нэрийг бол *** гэж мэддэггүй байсан өөрийгөө танилцуулахдаа *** гэж танилцуулсан. *** гэж танилцуулсан тухайн хүнийг таньдаг болоод 3 жил болж байна. Анх зах дээр захын үүдэнд таараад хонох айл байдаггүй гэхээр нь манайд очиж хонохгүй юу ах нь ганцаараа байдаг гэснээс хойш манайд жилд 1-2 удаа ирж хонодог болсон. Би хамгийн сүүлд Улсын баярын өмнө 6 дугаар сард зах дээр ирж уулзаад явсан. Хөдөөнөөс орж ирэхээрээ энэ хавиар ирээд уулзаад явдаг"....гэх мэдүүлэг /хх-ий 48 дугаар хуудас/,
7. Гэрч А.***ийн... Би нэрийг нь сайн мэдэхгүй зүс царайг нь бол сайн танина. Анх 3 жилийн өмнө танилцаж байсан. Хамгийн сүүлд 07 дугаар сарын 08-ны орчимд контейнероор ирээд гараад явсан. Тухайн үед ирэхэд нь би чамайг цагдаа нар эрэн сурвалжлаад яваад байсан чи хэрэг төвөг хийсэн юм биш үү? гэж асуухад би цагдаатай уулзсан учраа олчихсон. Би хэрэг төвөг хийгээгүй гэхээр нь тэгээд одоо чи хаана, юу хийж байна гэсэн чинь би одоо *** аймгийн *** суманд мал маллаж байгаа гэсэн тэгээд яваад өгсөн. Дахиж ирээгүй. Мөнгөн манай контейнероор ирэхдээ цэнхэр жинстэй, цэнхэр цагаан малгайтай ганцаараа явж байсан..." гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч П.*** нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр *** аймгийн *** сумын *** 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн С.***ийн эзэмшлийн "Даюун" загварын мотоциклыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,200,000 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би гэм буруугаа ойлгож байгаа. Бүгд миний буруу...” гэх шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч С.Б***, гэрч Ч.***, Ч.***, А.*** нарын мэдүүлэг, Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “***” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хохирол төлсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууцаар өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч П.***ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.*** нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж прокурортой 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тохиролцсон байна.
Шүүгдэгч П.*** нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, учруулсан хохирлоо, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч П.***ий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.*** нь *** аймгийн *** сумын 3-р багт оршин суух бүртгэлтэй боловч *** аймгийн *** сумын 1-р багт төрсөн эгч П.***нд түр оршин сууж байгаа болох нь *** аймгийн *** сумын 1-р багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19 тоот тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүний зорчих эрх хязгаарлах ялыг Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрээр тогтоосон болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.***т 3,200,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 4,500,000 төгрөг төлөгдсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 97/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч П.***ий цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.*** нь бусдад төлөх төлбөргүй, хохирол бүрэн төлөгдсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйл 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч *** овогт ***ийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.***д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч П.***ий цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.***ий зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээр тогтоож, *** аймгийн *** сумаас гадагш явахыг хориглосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч П.***д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялыг 1 хоногоор сольж хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, прокурор дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА