| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2023/0175/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/195 |
| Огноо | 2023-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяа,
шүүгдэгч С.Амарсанаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Түүхчид овогт Сүхдоржийн Амарсанаад холбогдох эрүүгийн 2310002520210 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологийн инженер мэргэжилтэй, хувиараа автомашин худалдан борлуулдаг ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол 55а байрны 53 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Түүхчид овогт Сүхдоржийн Амарсанаа, /регистрийн дугаар ............../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч С.Амарсанаа нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “VIBE” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Г.Батдэлгэртэй үл ялих шалтгаанаас маргалдан биед халдан цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч С.Амарсанаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хоёр. Эрүүгийн 2310002520210 дугаартай хэргээс:
Цагдаагийн 102 дугаарт дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл / хавтаст хэргийн 10 дахь тал/,
Хохирогч Г.Батдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-24 дэх тал/,
Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Гэрч М.Бумдарийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-32 дахь тал/,
Гэрч З.Шижирийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,
Гэрч Б.Золхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 708 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 83 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 84 дэх тал/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 85 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 86 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 87 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 88 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 89 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Амарсанаагийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч С.Амарсанаа нь 2022 оны 12 дугаар сарын 25- 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “VIBE” нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа М.Бумдарийг бусдаас өмөөрөн хохирогч Г.Батдэлгэртэй маргалдсаны улмаас түүнийг цохиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Цагдаагийн 102 дугаарт дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Хохирогч Г.Батдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: 2023 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2-р хороо, Мишээлийн гудамжны “VIBE” баарны урд шөнийн 2 цагийн үед Батдэлгэр миний бие үл таних залуучуудтай муудалцсаны улмаас тухайн үед байсан Амарсанаа гэх залууд өөрийн хамрыг цохиулж хугалуулсан. Амарсанаа нь эмчилгээний зардалд 3.500.000 төгрөгийг төлсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй одоо миний хамар зүгээр болсон...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-24 дэх тал/,
Гэрч М.Бумдарийн мөрдөн байцаалтад өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 19-р хороо, Мишээлийн гудамжны нэрийг нь мэдэхгүй бааранд ажлын газрын Чулуунцэцэг, Одцацрал, Наранчимэг, Уранчимэг, Гантулга, Амарсанаа, Дүүрэнжаргал, Батбилэг, Ариунбаяр, Жигжидсүрэн нарын хамт ороод нэг давхрын баруун гар талд бөөнөөрөө уусан. Бүгд архи, пиво болон хоол унд идээд тухалцгаасан. Тухайн үед байгууллагын шинэ жил болж байсан тул бүгд согтууруулах ундааны зүйл тодорхой хэмжээгээр хэрэглэсэн. Би тухайн баарны бүжгийн талбай дээр гарч бүжиглэх үед нэг залуу миний биед хүрэхээр нь эргээд харахад танихгүй хүн зогсож байхаар нь тэр хүнээс холдоод үргэлжлүүлэн бүжиглэсэн. Хэсэг хугацааны дараа үйл ажиллагаа дуусаагүй байх үед би гэр рүүгээ явахаар гарах үед миний биед хүрсэн залуу ардаас дагаж харагдсан. Манай ажлын газрын Дүүрэнжаргал, Амарсанаа, Гантулга, Батбилэг, Жигжидсүрэн тэр залуучууд баарны гадаа тамхи татаад сандал дээр сууж байсан. Би айсандаа ажлынхаа газрын залуучууд дээр очоод “энэ залуу намайг дагаад байна” гэж хэлсэн. Манай ажлын газрын Батбилэг босож ирээд тэр залуу дээр очоод “яагаад эмэгтэй хүн айлгаж, ичээгээд байгаа юм бэ, уусан идсэнээ шингээгээч” гэж хэлсэн. Тухайн үед Амарсанаа Батбилэгийг “болио, наад залуугаа хая” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуугийн хоёр найз нь гараад ирсэн. Тэр гурав бид хэд дээр ирээд маргалдан, хоорондоо зууралдан зодоон эхэлсэн. Хоёр, гурван хамгаалагч зодоон дууссаны дараа ирж бид хэдийг “тарцгаа” гээд явуулсан. Миний биед хүрсэн залуу зодоон дууссаны дараа хамраас нь цус гараад зогсож байсан. Хэнд цохиулсныг нь мэдэхгүй байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-32 дахь тал/,
Гэрч З.Шижирийн мөрдөн байцаалтад өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 19:00 цагийн үед ХУД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэр Мишээлийн гудамжинд байрлах “VIВЕ” нэртэй бааранд Оюунбат найзын төрсөн өдөрт Батдэлгэр, Золхүү гэх найзуудын хамт ирээд тус баарны нэг давхарт сууж пиво ууцгаасан. Нэг хүн 4-5 ширхэг 0.5литртэй пиво уусан. Оюунбат “маргааш ажилтай” гээд явсан. Харин Батдэлгэр, Золхүү бид гурав тухайн баарнаас шөнийн 01:50 цагийн үед гарсан. Батдэлгэр бид хоёрыг гарах үед Золхүү бааранд байсан. Тэгээд би баарны эсрэг талын баарны тамхины цэг дээр тамхи татахаар явсан. Тэр хооронд Батдэлгэр “VIВЕ” гэх баарны үүдэнд зогсож байсан. Намайг гараад ирэх үед Батдэлгэр, Золхүү хоёр 5-6 залуутай маргалдаад зогсож байхаар нь очоод юу болсон талаар асуухад “тэр хүмүүс ална шүү” гэх утгатай зүйл хэлээд шууд зодоон болсон. Би 175 см өндөртэй спорт халимаг үстэй залуутай маргалдаад зууралдаад зогсож байхад 2 хамгаалагч ирээд бид хэдийг салгасан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,
Гэрч Б.Золхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 25-нд шилжих шөнө 19:00 цагийн үед ХУД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэр Мишээлийн гудамжинд байрлах “VIВЕ” нэртэй бааранд найз Оюунбатын төрсөн өдөрт Шижир, Батдэлгэр гэх найзуудын хамт ирээд нэг давхарт нь сууж пиво ууцгаасан. Нэг хүн 4-5 ширхэг 0,5 литртэй пиво ууцгаасан. Удалгүй Оюунбат маргааш ажилтай гээд шөнийн 23:00 цагийн үед явсан. Харин Шижир, Батдэлгэр бид гурав тухайн баарнаас шөнийн 01:50 цагийн үед гарсан. Намайг тооцоо хийх үед манай хоёр найз түрүүлээд баарнаас гарсан. Тэгээд би тооцоогоо хийчхээд араас нь гарахад манай хоёр найзыг 5-6 залуучууд зодож байсан. Би очоод салгах гэж оролдсон. Бүгд хоорондоо зодолдсон ба зодооны үед найз Батдэлгэрийн хамраас нь цус гарсан. ... Нэг хар цамцтай залуу манай найз Батдэлгэрийг өшиглөж байхыг л харсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 708 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Батдэлгэрийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
Шүүгдэгч С.Амарсанаагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Мишээлийн гудамжны хамгийн цаад булангийн бааранд орсон. Нэрийг нь мэдэхгүй байна. Тухайн үед би эхнэр Наранчимэгийг авахаар очсон юм. Батбилэг, Жигжидсүрэн, Дүүрэнжаргал, Гантулга нар тус баарнаас тамхилахаар гарсан. Би агаар амьсгалахаар гадаа сууж байтал Бумдарь ирээд бид нарт хандан “нэг залуу дагаад, бөгс илээд байна” гэж хэлсэн. Гэтэл Батбилэг “цаашаа яв яах гээд байгаа юм бэ” гэхэд явахгүй Батбилэгтэй зууралдаад салцгаасан. Би очиж салгасан боловч дахин тэр залуучууд гурвуулаа ирээд Батбилэг миний эрүүнд цохиж унагаахад бүгд зууралдаад зодоон эхэлсэн. Зарим нь салгасан. Зодоон болох явцад би нэг хүнд цохиулаад шалан дээр унасан. Ухаан балартаад босож ирээд над руу дайрч байсан хүнийг би гурван удаа цохисон. Бас хоёр удаа өшиглөсөн. Би Батдэлгэр гэдэг залууг цохисноо хүлээн зөвшөөрч байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч С.Амарсанаа нь 2022 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “VIBE” нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа М.Бумдарийг бусдаас өмөөрөн хохирогч Г.Батдэлгэртэй маргалдсаны улмаас түүнийг цохиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч С.Амарсанааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Амарсанаа нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Амарсанаа нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Амарсанаад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад С.Амарсанаа нь зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч С.Амарсанаа нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч С.Амарсанаад ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Амарсанаад мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол төлбөрийн талаар
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Батдэлгэрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь эмчилгээний зардал 3.500.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 25 дахь тал/-ийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгч С.Амарсанааг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч С.Амарсанаа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Түүхчид овогт Сүхдоржийн Амарсанааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Амарсанаад мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.Амарсанаа нь хохирогч Г.Батдэлгэрт эмчилгээний зардалд 3.500.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч С.Амарсанаа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Амарсанаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР