Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/03

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Номин,

Улсын яллагч: П.***,

Хохирогч Г.*** /цахим сүлжээгээр/,

Шүүгдэгч Ч.***,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.***,

Гэрч Г.***, Д.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.***д холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймаг *** суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “***” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт *** хот *** дүүрэг ***-р хороо *** хотхон **-** тоотод оршин суух, урьд

1. Нийслэлийн *** дүүргийн шүүхийн 1996 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

2. Нийслэлийн *** дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдсэн, *** овогт ***ийн *** /РД:***/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.*** нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг *** гэх газарт иргэн Г.***тай өвс боогч машин өгсөнгүй гэх шалтгаантаар маргалдаж, түүнийг  зодож баруун хацарт зулгаралт, цээжинд, зүүн бугалгад цус хуралт, 2 талын шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Муу л бол баруун хойд талын хар овоохой гэдэг шиг өмнө нь асуудалд орж байсан юм байна гэж байна. Харин ч өмнө нь асуудалд орж байсан юм байна хууль цааз гэж байдаг хүчтэй гэдгийг ойлгосон, хүнийг зодох, асуудалд орохыг өөрийн биеэр ойлгосон учир аль болох хуулийн дагуу амьдарч, олон нойтон охин хүүхэдтэй тул аль болох хуулийн дагуу амьдарна гэж боддог. 2021 оны 08 сарын 20-ны өдөр иргэн ***тай өмнөх жил нь 100 га газрыг боолгоно гэж тохирсон. Тус газраас бага юм авлаа бид нарын бодсоноос цөөхөн боож өглөө бид нар 5,000,000 төгрөгөө больё 2,500,000 төгрөгөө буцааж авна гээд миний техникийг өгөхгүй байсан. Техникийг өгөхгүй байхаар нь би одоо надад боломж 2,000,000 төгрөг байна. Энийг шилжүүлчхээд ачааны машин хөлслөөд намрын ажил хэцүүдэх гээд байна гэхэд за гэж хэлээд ачааны том машинтай *** хотоос *** аймгийн *** *** баг руу ирсэн. Ирэхэд огт танихгүй *** гэж хүн урдаас шууд пизда, өнөөдөр *** пизда намайг шал дэмий 300 км газар явуулж хүнтэй маргалдууллаа гээд мэндийн зөрүүгүй ийм зүйл ярьсан. *** надаас өмнө нь 5,000,000 төгрөг зээлээд одоо хүртэл өгөөгүй байгаа. Энэ бол миний мөнгө гэсэн. Бид 2 нэгэнт хэлцэл хийсэн зүйл байхгүй би тантай яриагүй 500,000 төгрөгийг би ***той тохироод ирсэн гэхэд ***той мессенжерээр холбогдуулъя гээд ***той ярихад ах ууртай байна өнөөдөр 300 км явуулаад хүнтэй маргалдуулчихлаа, чи ахтай учраа олчих гэсэн. Би 500,000 төгрөг одоо байхгүй гэхэд чи их зэвүүн залуу байна гэсэн. Би таныг яасан юм бэ гэхэд чи их пээдэлзээд байна гэсэн. Анхны маргаан ингэж болсон. Би та нар шиг хүүхдүүдийн сүвээг нь нэвт хутгалаад хаядаг гэж хамгийн анх ингэж хэлсэн. Би энд ирдэггүй хүн тул анх удаа *** харсан. Ирж байгаагүй байгаагүй тул хаана сүлжээтэй, хаана аль уул сүлжээтэй байна гэдгийг би мэдэхгүй. *** өөрийн машинтай би сүлжээтэй газар аваад явна гээд аваад явсан. Энэ нь аягүй санаа зорилготой байсан гэж ойлгож байгаа. Баруун хүрдтэй машины зүүн талд би суугаад *** машинаа барьсан. *** мэдүүлэгтээ хэлэхдээ гэнэт энэ залуу уурлаад баруун хүрдтэй машин бариад явж байхад баруун талаас 3 удаа цонхны цаанаа мөргөсөн гэсэн. Энэ бол Данзан худлаа ярьж байгааг хэлж байна. Дараа нь 10-20 удаа миний дагз руу цохисон гэж байгаа. Томографын зурагт *** гуайн толгойд цохиулсан гэмтэл байхгүй. *** гуай машинаасаа гараад би аймар хурдан 500м газар гүйгээд явсан. Намайг эргээд 50 метр газар чирсэн тэгээд машины хажууд байсан гэж байгаа. Энэ нь 500 м газар яваагүй гэж хэлж байгаа юм. Ямар ч чирэх үндэслэл байхгүй. Машины хажууд өндөр өвсөн дунд орж суугаад би даралт өндөртэй хүн гэсэн. Би эм нь хаана байгааг мэдэхгүй. *** гуай чи миний машиныг унаад доошоо хурдан яваад хамгийн баруун талын өрөөнд ороол цэнхэр кошлонк аваад надад авч ирээд өгөөч гэсэн. Ингэхдээ би Мандах гэж хүнийг хамт авч ирсэн. *** мэдүүлэхдээ *** харснаа энэ хүн хөдөлж байна үхээгүй байна гэж хэлсэн гэж байгаа. Ингээд *** гуай дахиад худлаа хэлж байна. Яагаад *** гэж хүнд гэмтлийн зэрэг тогтоосонд аягүй гайхаж байна. Би даралттай хүн гээд эмийг нь авч ирж өгөөд хөл гарыг нь бариад байж байхад дор бригадын төв очоод энэ намайг зодсон, энэ намайг нохой шиг зодлоо гэж хэлсэн. Та юу яриад байна цагдаа сэргийлэх болъё гэхэд *** намайг орхиод хажуудаа хүн суулгаад давхиад явсан. Тэгэхэд нь би цагдаа руу залгасан утсыг нь авч үлдсэн. Тэгэхдээ *** гуай цагдаа гээд хүүтэйгээ мессенжерээр холбогддог. Одоо энийг яах вэ гэж байсан. Би 2 цагдаа хүүтэй. Чамайг 500,000 төгрөг биш 5,000,000 төгрөг аваад чи миний өмнө нохой мэт сөгдөөд 5,000,000 төгрөгөө гуйгаад өгнө гэж хэлсэн. *** гуайг 300км газар яваад хаана, хэнтэй ямар маргаан үүссэн бэ, тэнд *** гуайнд биед ямар нэг асуудал үүссэн үү. 514-р дүгнэлт гарсан байна. Тэр дүгнэлтэд томографаар ямар ч толгойнд нь үүссэн, толгойдоо 10, 20 удаа цохиулсан зүйл үүсмээр юм. Нэг ч зүсэлт хийсэн зүйл зураг дээр гардаггүй. Харин *** эмч эгмийн тэнд улайсан гээгүй байхад 2х3, 6х2, 2х2, 7х3 гээд тэр улаан зүйлийг олон юм шиг хуваагаад тавьсан. Энэ дээр асуудалтай байна. *** эмч нь заавал хүнийг зодсон болгох гээд байна. Энэ дээр тэр цагдаагийн 2 хүүхэд нь нөлөө оруулсан байна. Эсхүл ямар нэг байдлаар гээд Авлигатай тэмцэх газар *** эмчийг өгсөн. Яагаад 1 улайсан зүйлийг эгэм нь тэр аяараа улайсан юм шиг бичсэн байна. Энийг улаан байна уу гэдгийг мэдмээр байна. Зурагжуулсан фото зураг байгаа бол тэртэй тулгамаар байна. *** гуай худлаа яриад байгааг нь нотолж байгаа тул хэргийг цагаатгаж өгөөч гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...8 сарын 20-ны орой ирсэн. Манай *** гэж дүүгээс 5,000,000 төгрөг авсан байсан. *** надаас 5,000,00 төгрөг аваад наад хүний чинь прэсслэгчийг түрээсэлж авсан юм байна лээ. Мөнгөө өгөлгүй бүтэн жил өвөлжөөд үлдэгдэл хэдэн төгрөгөө авахгүй би мөнгийг нь өгч чадахгүй юм байна гэсэн. Чи үлдэгдэл хэдэн төгрөг байгаа юм бэ тэрийгээ өгөөд ав гэж би хэлсэн. Наад хүн чинь согтуу ирсэн. Архи уусан байсан. Би мэдэж байна ачаад явна гэсэн би ачиж явуулахгүй гэсэн. Энэ хавийн хүмүүсийг бүгдийг нь мэднэ би ачна гэсэн. Сүртэй маргаан болоогүй би ачуулахгүй гээд өрөө рүү орсон. Араас орж ирээд ална гэсэн. Тэгээд за больё ахаа би мөнгийг чинь шилжүүлье энд сүлжээ байхгүй тул би дээшээ гараад шилжүүлье гэсэн өө тэгье гээд машин бариад явсан. Хажуудаа суугаад өгсөж байхад миний хажуу талаас зодсон би машинаа унтраагаад араанд нь хийсэн. Миний хажуу талаас мөргөсөн, хүчтэй цохисон. Чамайг ингэж зоддог юм. Би шоронд хүн ингэж зодож байсан. Чамд мэдэгдэхгүй зодно гээд тархины ар дагзан дээрээс гараа атгаж байгаад нүдээд байсан. Чи яаж ч цагдаад мэдүүлэг өгөөд би 450,000 төгрөгөөр торгуулна. Чи мөнгөө авсан гэж бич гарын үсэг зур гэсэн. Би алуулахгүйн тулд би шууд машинаа араанд хийж буугаад зугтсан. Зугтаад наадах чинь миний араас хөөсөн. Зэрлэг дотор хөөгөөд барьж авсан. Бариад зэрлэг дотор чирсэн. Гарч ирээд миний толгой руу цохиод байсан. Би мөнгө төгрөг авсан гэж хэлье одоо даралтын эм уухгүй бол яг үхлээ чи явж ирээч гэж гуйсан. Миний цээж юмыг тайлаад сэгсрээд байсан. Би бачимдаа хэвтэж байсан. Намайг машинд зөндөө зодсон. Би 6 хүүхэдтэй юу гэнээ орилоод нүдээд байсан. Шоронд олон явж байсан юм байна лээ. Би 450,000 төгрөгөөр торгуулаад гарна гэж намайг нүдээд байсан. Миний машин гэрэл нь асаалттай байсан барьж яваад би ухаан алдаад үхэх гээд зэрлэгийн хажуу талд хэвтэж байсан. Ирэхдээ гэрч гээд байгаа ***тай хамт ирсэн. Мандах гээд бууж ирээд үхээгүй байна шүү дээ чи үхсэн гээд байсан гэж хэлсэн. *** миний тогой руу цохиод байсан *** нь чи одоо болио болсон байна яах юм гээд гэсэн. Наадах чинь миний тархи руу үргэлжлүүлээд цохиод байсан. ***тай хамт *** миний машиныг унаад намайг хаяад явсан. Бригад дээр байсан манай бригадын *** гээд залуу портер уначихсан миний машиныг зогсоох гэхэд зогсохгүй байсан. Намайг ирээд авсан тэгээд би бригад дээр очоод намайг зодлоо ингэлээ гэж хэлсэн. Гэрч гээд байгаа *** гэж хүн хажууд нь байсан. Тэр хүн бууж ирэхдээ наадах чинь үхээгүй байна шүү дээ гэж байсан. Намайг үхчихлээ гэж хэлсэн юм шиг байгаа юм. Мандах гэж хүн нь өмнө нь бие биеийгээ таньдаг юм шиг байна лээ. Одоо болно гэж боль битгий хүний толгой руу цохиод бай гэж Мандах хэлсэн. Тэгээд би орой нь 10 цагийн үед ***лийн цагдаад очсон эмнэлэгт үзүүлсэн. Нөгөөдөр нь би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Болсон зүйл нь ийм зүйл болсон. Наадах чинь хууль мэддэг хүн байна лээ. 450,000 төгрөгөөр торгуулна, ямар ч шүүх байсан надад тийм ял өгнө гээд миний толгой руу гараа атгаад цохиод байсан. Намайг шарилж дунд 100 гаран метр газар чирсэн. Тэгээд миний гутал тайлагдаад унасан. Би дараа нь цагдаагийн хүмүүстэй очоод болсон зүйлээ зааж өгсөн. Наад хүний чинь хүүхэд нь цагдаад байдаг гэсэн. Би шүүгдэгчээс мөнгө нэхэмжлэх бол өчнөөн сая төгрөг нэхэмжлэх боломж надад байсан. Би өчнөөн ажлаа алдаж эмнэлгээр явсан. Би өөрийн бензин тос, эрүүл мэндэд гаргасан мөнгөө зохих ёсоор нь баримттай шүүхэд, цагдаад өгсөн. Наад хүнээс чинь илүү дутуу мөнгө авах гэж шантааж хийж янз бүрийн зүйл болсон юмгүй. Гарсан зардал нь энэ би баримтаа өгсөн. Надад өөр хэлэх зүйл алга. Шийдвэл шийдэх хэрэг 2 жил болсон. Яг юунд нь болохгүй байгааг би ойлгохгүй байна...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:   

1. Иргэн Г.***ийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдол мэдээлэл /хх-ийн 2-р хуудас/,

2. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эрх бүхий албан тушаалтнаас хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4, 5-6-р хуудас/,

3. Хохирогч Г.***ийн “...Ч.*** нь эхлээд миний машин дотор намайг машин бариад явж байхад миний хажуу талд урд талын суудал дээр сууж байгаад ямар ч үгийн зөрөөгүй шууд миний толгойн баруун хэсэг рүү өөрийнхөө толгойгоор 2-3 удаа мөргөсөн. Тэгэхлээр нь би яаж байна аа чи гэсэн чинь шууд миний хоолойг 1 гараараа боогоод нөгөө гараараа миний толгойн орой, дагз хэсэг рүү 10-20 орчим удаа цохисон харин би машинаа арай хийж зогсоогоод машинаасаа буугаад шууд зугтаасан. Тэгээд машинаас 500 орчим метр хол газар зугтаад явж байтал миний толгой эргээд ухаан алдаад уначихсан. Тэгээд сэрсэн чинь Ч.*** миний цамыг дээш нь сөхөөд цээжин дээр дарж байсан. Тэгсэн Ч.*** намайг ухаан алдаж унасан газраас чирээд машины хажууд зам дээр хэвтүүлчихсэн байсан. Тэгээд би сэрээд ахыгаа битгий зодоорой гэж гуйгаад ах нь эм уудаг юм чи бригад дээрээс миний уудаг эмийг аваад ирээч гэж гуйсан чинь миний машинтай яваад буцаж ирэхдээ нэг танихгүй хүнтэй ирсэн. Тэгээд Ч.*** машинаас бууж байхдаа нь хамт явсан хүн нь наад хүн чинь үхээгүй л байна ш дээ хөдөлж байна гэж хэлэхийг нь би сонссон. Тэгсэн чинь Ч.*** чи ингэж баашилж хүнээс мөнгө салгадаг гуйлгачин уу гэж хэлээд тэр хүний хажууд миний толгойн дагз руу 4- 5 удаа цохисон. Тэгсэн нөгөө хүн нь Ч.***ийг боль чи болохгүй шүү гэж хэлж байсан. Тэрнээс хойш намайг цохиж зодоогүй. 2021 оны 08 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчимд байсан байх цаг сайн анзаараагүй гадаа харанхуй болчихсон би машины гэрлээ асаагаад явж байсан. Би 5-6 орчим минут ухаангүй байсан байх гэж бодож байна. Намайг бараг 50 орчим метр газар чирж зөөсөн байсан. Намайг гараар цохиж бас толгойгоороо мөргөөд байсан. Би шууд *** сумын эмнэлэгт ирж эмчээр анхан шатны үзлэг хийлгэсэн. Ч.*** нь миний зүүн талын шанаа руу ойр ойрхон мөргөөд байсан тэгэхэд миний баруун хацар хавдсан. Тэгээд ухаан алдаад сэрсэн чинь миний баруун хацар шалбарсан, баруун гарын бугалга хөхөрсөн, толгой эрүү маш их өвдөж байсан. Би хэрэлдэж маргалдсан асуудал огт байхгүй. Би Ч.***ээс 2.500.000 төгрөг авах ёстой гэтэл 2.000.000 төгрөгийг маань өгчхөөд үлдсэн 500.000 төгрөгийг маань шилжүүлээгүй болохоор нь ахдаа мөнгийг маань гүйцээгээд өгчих тэгээд чи өөрийнхөө өвс боогчийг авч яв гэж хэлсэн. Тэгсэн надад тэр мөнгийг чинь өгөхгүй энэ хавийн хүмүүсийг би бүгдийг нь танина чамайг яаж л бол яаж рекэтлээд авч чадна гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд орой нь дахиж ирээд одоо өвс боогчоо ачаад аваад явмаар байна гээд хоёр хүн дагуулж ирсэн. Тэгэхлээр нь би мөнгөө шилжүүлчхээд авч яв гэж хэлсэн чинь за за тэгвэл хоёулаа хамт сүлжээтэй газар очоод мөнгийг чинь шилжүүлье гэж худал хэлж намайг дагуулж яваад хүмүүсээс холдсоны дараа гэрчгүй газар намайг дарамталж миний өвс боогчийг өгч явуул чи дүүдээ намайг 500.000 төгрөгийг маань өгчихсөн гэж хэл гээд цохиод байсан юм. тэгээд би айсандаа ах нь мөнгөө авсан гэж хэлье ахыгаа битгий зод ах нь бие муутай гэж зөндөө гуйсан боловч намайг баашилж байна гээд цохиод байсан. Миний хажууд хэн нэгэн байгаагүй байх сайн мэдэхгүй байна. Намайг дуудаж уулзсан болохоор байхгүй байсан байх. Харин Ч.*** нь машиндаа нэг хүнтэй хамт явж байсан тэр хүн нь машинаас буугаагүй болохоор сонссон эсэхийг нь би мэдэхгүй байна. Шорон орон ярьж хүн айлгаж дарамталж явдаг хүн шиг санагдсан. Би Ч.***тэй гэрээ хийгээгүй. Харин манай дүү Хонгорзаяа нь 2020 онд надаас 5.000.000 зээлж аваад Ч.***д өгөөд өвс боогчийг нь түрээсэлж авсан юм байна лээ. Тэгээд манай дүү Ч.*** өвс боогчоо авмаар байна гэнээ надад 2 сая төгрөгийг маань шилжүүлсэн. Одоо 500.000 дутуу байгаа танаас өвс боогчоо авахаар очих юм бол та мөнгөө авч байж өгөөрэй гэсэн болохоор нь би үлдэгдэл мөнгөө өг гэж Ч.***ээс нэхсэн тэрнээс өөр зүйл огт яриагүй. Би эмчид үзүүлсэн төлбөр эм тариа, шатахууны зардал гээд холбогдох баримтыг нь бүрдүүлсэн байгаа тэр мөнгөө нэхэмжилнэ. Бас Ч.*** нь би зүгээр 450.000 төгрөгөөр торгуулаад л гарчихна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

4. Гэрч Т.***ийн “...2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бараг 20-21 цагийн хооронд *** аймгийн *** сум орчхоод буцаад бригад дээр ирэхэд Г.*** нь Ч.*** гэдэг залуутай сүлжээтэй газар гарч мөнгө шилжүүлнэ гээд явсан гээд байж байсан. Тэгэхээр нь би тэдний явсан газар луу машинтайгаа явж байтал *** ахын Ланд урдаас ирж байхаар нь би өөдөөс нь гэрлээрээ дохиод сигналдахад зогсоогүй. Тэгэхээр нь буцаж дагаж явсаар буцаад уул руугаа эргээд торон хашаанд дотор ороход *** ах замын голд хэвтэж байсан. Намайг машинаас буугаад очиход *** ах "намайг *** зодоод талбайн захын шарилж дотор чирээд гаргасан" гэж хэлсэн. Тэр талбайн захаар чирсэн мөр нь маш тод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

5. Гэрч Г.***ын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр *** сумын “... *** бригадад цаг хэд болж байсныг мэдэхгүй байна ямар ч байсан харанхуй болсон байхад зүс таних залуу пресс ачаад өгөөч гэхээр нь би цуг Ч.*** гэх залуу хамт явж байсан танихгүй залуутай нь хамт Г.*** гэдэг хүний бригад дээр очсон. Тэгээд Г.*** Ч.*** хоёр уул руу явж утсаар ярина гэж яваад 20 орчим минутын дараа эргээд Ч.*** Г.***ны машиныг бариад ганцаараа ирсэн. Тэгэхлээр нь би Ч.***тэй хамт Г.***ны машинаар 4-5 километр орчим яваад очиход талбайн хажууд Г.*** "намайг Ч.*** зодчихлоо" гээд гутал нь сугарчихсан сууж байсан. Тэгээд би Ч.***ээр Г.***г ууланд үлдээгээд би өөрийгөө бригад дээрээ хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14- 16-р хуудас/,

6. Гэрч Д.***ийн “...2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 18-19 цагийн хооронд Ч.*** 2,500,000 төгрөг өгөх ёстой байж байгаад 2,000,000 төгрөгийг өгөөд хоорондоо 500,000 төгрөгийн маргаантай байгаад байгаа юм шиг байсан. Би бол байнга машин дотроосоо буухгүйгээр хараад зогсож байсан. Тэгж тэнд хүн зодоод цохиод байсан зүйл бол болоогүй. Харин тэр танихгүй 40-50 настай болов уу гэмээр хүн Ч.***ийг уурлаад загнаад чи намайг шаагаад ав цагдаад өгнө шүү гээд уурлаад загнаад байсан. Тэгэхээр нь би ч *** хүн битгий цохиорой наадах чинь чамаар цохиулж байгаад мөнгө салгаж авах гээд байх шиг байна гэж хэлсэн Тэгээд би машин дотроо сууж байсан энэ хоёр хүн өөрсдөө учраа олог гэж бодсон. Надад тэрнээс өөр мэдэх зүйл бол байхгүй. Миний хажууд бол ямар нэгэн зодож цохисон зүйл бол болоогүй. Харин хоорондоо чанга чанга яриад маргалдаад байсан надаас холдоод хоорондоо юу болсныг мэдээгүй. Би машин дотроосоо гараагүй. Машин нь хашааны гадаа байсан. Би Ч.*** гэдэг хүнийг бол огт танихгүй. Манай *** аймагт байдаг таньдаг хүн намайг туслаад цуг явчих гэхээр нь би хамт явсан. Хамт явж байхад их дажгүй залуу шиг санагдсан Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан хэлсэн бүгд үнэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/,

7. *** Эрүүл мэндийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Г.***д үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас “...Хэсэг газрын үзлэгт: Баруун хацар хэсэгт зулгарсан шархтай, зүүн хацар хавдсан, эрүүний баруун хэсэгт хавдсан, зүүн хажуу хэсгээр хавдсан эмзэглэл ихтэй, эрүүний доод хэсгээр бага зэрэг улайсан, зүүн эгэм орчим улайсан, бага зэрэг зулгарсан, зүүн мөр орчим хуучин хөхөрсөн шархтай, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. (хх-ийн 22-р хуудас),

8. *** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 514 дугаартай шинжээчийн дүгнэлтийн: “...Г.***н биед баруун хацарт зулгаралт цээжинд, зүүн бугалгад цус хуралт, 2 талын шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. шинжээч эмч С.***... гэх дүгнэлт хэсэг /хх-ийн 26-27-р хуудас/,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 763 дугаартай шинжээчийн дүгнэлтийн:

1. Г.*** баруун хацарт зулгаралт, цээжинд, зүүн бугалаганд цус хуралтууд, баруун дээд зовхи, хоёр шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр, хэрэг болсон хугацаанд үүссэн байна.

3. Баруун хацарт зулгаралт, цээжинд, зүүн бугалаганд цус хуралтууд, баруун дээд зовхи, хоёр шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэлд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно.

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №514 үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт хэсэг /хх-ийн 221-223/,

10. Шинжээч эмч С.***ийн “...Г.***ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үрэх үйлчлэлээр үүсэх боломжтой, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Г.***ы толгойн томографын шинжилгээний хариу толгой хэсэгт цохиулаагүй гэдгийг нотлохгүй харин цохиулсан гэдгийг нотолно. Зөөлөн эдийн няцрал гэдэг нь томографын зурагт хаван гэж харагддаг тул ижил ойлголт юм. Баруун хацрын зулгаралт бүхий гэмтэл нь чирч явах үед үүсэх боломжтой бусад гэмтлүүд нь үүсэх боломжгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 235-236/,

11. Яллагдагч Ч.***ийн “...2021 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 18 цагийн үед *** сумын ***ын бригад дээр жолоочийнхоо хамт би ирсэн. Тэгээд би *** хотод байгаа *** гэдэг ноднин жил өвс пресслэгч түрээслээд танилцсан хүнтэй утсаар яриад би үлдэгдэл 2,500,000 төгрөгөө өгөөд пресслэгчээ авах гэсэн юм. Одоо надад 2,000,000 төгрөг байна би чиний данс руу хийе гэж хэлээд би шилжүүлсэн. Би 500,000 төгрөгийг нь би одоо нэг ажил хийгээд нэхүүлэхгүй егье гэж хэлээд тохиролцоод *** бригад дээр ирсэн. Ах Г.*** гэдэг хүн нь Би *** мөнгө зээлдүүлсэн надад мөнгөө өгөөгүй байгаа учраас би прессийг чинь өгөхгүй гэж хэлсэн. Тэрнээс болоод Г.** гэдэг хүнтэй маргаан үүссэн. Тэгэхээр нь би тэр хүнд энэ пресс боогч бол миний өөрийн өмч байгаа юмаа. Би ***той яриад тохирсон учраас танд бол хамаагүй асуудал гэж хэлсэн Тэгэхэд тэр хүн намайг байсан цагт мөнгөө гүйцэд өгөөгүй бол энэ пресс боогчийг чи авч явна гэж байхгүй гэж хэлэхээр нь би **** руу дахиад ярихад. *** чи ахтай учраа олоод 500,000 төгрөгөө өгчхөөд дараа нь пресс боогчоо авч яв гэж хэлсэн. Би тэгэхээр нь би хаа байсан *** хотоос чамтай тохиролцоод ирсэн гэж хэлэхэд ахтай учраа олоод л преслэгчээ ав гэж хэлсэн. Тэгээд би Г.*** гэдэг хүнд 500,000 төгрөгөө би олоод өгье яг одоо бол байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд тэр Г.Данзан гэдэг хүн энэ *** намайг дандаа шатааж байдаг өнөөдөр бас 300 км газар шал дэмий явуулж шатаасан гэж уурлаад бухимдаад байсан. Би тэгэхээр нь та энэ уурлаж бухимдаад байгаа асуудлаа Хонгорзултайгаа учраа ол надад хамаа байхгүй би юмаа аваад явмаар байна гэж хэлэхэд та нар шиг банди нарыг ах нь сүвээг чинь нэвт хутгална шүү. Би дутуу гоомой юм хийхгүй шүү гэж хэлсэн Тэгэхээр нь та яагаад ингээд байгаа юм бэ гэж асуухад чи өөрөө томроод байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгээд миний хажууд байсан жолоочийн хажууд чи намайг цохичих цохичих гээд байгаа биз дээ гэж хэлээд байсан. Би Г.*** гэдэг хүнд 500,000 төгрөгийг чинь өгье. Би утсаар яримаар байна гэж хэлэхэд өөрөө машинаа бариад надтай хамт уул руу явсан. Тэгээд уул руу өгсөж яваад гэнэт зогсоод гартаа нэг юм харанхуйд гялалзуулсан. Тэгэхээр нь би айгаад хутга байна гэж бодоод өөрийг нь хоолойноос нь цамцнаас нь бариад авсан юм. Тэгэхэд тэр хүн намайг боолоо гэж хэлээд аймар өвстэй газрын голд очиж хэвтээд надад агаар оруулаад өг миний даралт хөдлөөд байна гэж хэлээд намайг айлгаад байсан. Өвсөн дотор агаар бүгчимдээд байна гэхээр нь би хөлнөөс нь чирээд зам дээр гаргаж ирсэн. Тэгээд хөлийг нь бариад гарыг нь базлаад барьж өгсөн. Тэгэхэд намайг доошоо яваад хөх савтай эм аваад ир гэхээр нь би машиныг нь бариад явж эмийг нь авчирч өгсөн. Тэгээд тэр хүн эмээ уучхаад чи намайг нэвширтэл зодлоо, намайг чирлээ, чи миний хүүг цагдаа гэдгийг мэдэх үү ясыг чинь цайлгана гэх мэтээр ярьж эхэлсэн. Тэгээд бид нар доошоо буугаад Г.***ы ажлын өрөөнд орсон. Тэгэхэд би ахаа 500,000 төгрөгийг чинь өгчхөөд юмаа аваад явъя уучлаарай ахаа гэж хэлэхэд одоо юун 500,000 төгрөг авах би чамаас 5,000,000 төгрөг авч байж сална гэж хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа чи миний өмнө өвдөг сөгдөөд гуйна. Ясыг чинь цайлгана гэж хэлсэн Тэгээд би цагдаа хууль хяналтын байгууллагаар явах гэж байгаа бол би хамт явж тайлбар мэдүүлэг өгмөөр байна гэж Г.*** гэдэг хүнд хэлэхэд чам шиг лалрын пизда авч явахгүй чи өөрийнхөө машинаар яв гэж хэлээд намайг хаяад явсан Тэгээд Г.Данзан гэдэг хүнтэй цагдаа ярихаар нь би тэр дугаарыг нь тэмдэглэж аваад утсаар яриад цагдаа дээр очиж чадахгүй байна. Би өөрөө эрт гэгээ орохоор очъё гэж хэлсэн. Тэгээд би өглөө эрт *** суманд цагдаа дээр ирсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би Г.*** гэдэг хүнийг огт танихгүй. Би энэ Г.*** гэдэг хүнтэй уулзах бараг шаардлага байхгүй өөрийнхөө өмчийн өвс преслэгчээ ***д ноднин жил хэрэглүүлээд 5,000,000 төгрөг аваад 2,500,000 төгрөг буцааж өгөхөөр болсон юм. Тэгээд *** хотоос ***тай ярьж тохироод өвс преслэгчээ авах болсон чинь Г.*** гэдэг ах нь ***аас авлагатай болж таараад тэрийгээ надаас нэхсэн Би байгаа мөнгөө бүгдийг нь ***д 2,000,000 төгрөг шилжүүлээд өгсөн. Хэрвээ *** хотоос мөнгө чинь дутуу байна мөнгө дутуу бол өвс пресслэгчийг нь өгөхгүй гэж Хонгорзул хэлсэн бол би *** хотоос *** аймаг *** сумын *** бригадад ирэхгүй байх байсан. Одоо энэ Г.*** гэдэг хүн нь намайг зодсон гэж мөнгө салгаж авах санаатай байна гэж би дотроо бодож байна. Би Г.*** гэдэг хүнийг зодож цохисон зүйл байхгүй. Харин даралт нь ихэдлээ гэхэд нь эмэнд нь явж авчирч өгсөн. Би хөл гар нь бадайраад байна гэхээр нь би барьж өгсөн. Би тэр хүнийг яах гэж цохиж зодох юм бэ? Надад тэр хүнийг зодож цохих ямар ч шаардлага байхгүй. Би бол их нийтэч хүнтэй эвтэй байхыг хүсдэг. Би одоо 6 хүүхэдтэй амьжиргаа залгах гэж явдаг хүн байгаа юм. Би *** хотоос том машинтай 300,000-400,000 төгрөгийн түлш хийгээд ирсэн. Би аль болох л хүнтэй эвтэй зүйтэй байхыг хүсдэг. Би бол Г.*** гэдэг хүнийг ер нь их муу хүн байна гэж бодож байна. Ямар ч танихгүй хүнийг сүвээг чинь нэвт хутгална гээд байхаар ямар олигтой хүн гэхэв дээ. Бас өөрийгөө цагдаад танил ихтэй ясыг чинь хатаана гээд байсан. Ер нь бол би цагдаад Г.*** гэдэг хүнээс болоод мэдүүлэг өгөөд ачаагаа ачих газраас ирж очихын дахиад 50-60 км явж байж цагдаа дээр ирж байна. Намайг хэл амаар лалрын бандиа чи намайг шаагаад ав, би чамайг ясыг чинь цайлгаад өгье, чи 7 хоногийн дараа миний өмнө өвдөг сөгдөх болно. Монголын цагдаад надад үйлчлэх өчнөөн хүн байна гэж хэлсэн. Намайг бол зодож цохисон зүйл бол байхгүй. Би өвс пресслэгчийн үлдэгдэл 500,000 төгрөгөө одоо өгөөд өвс преслэгчээ аваад явмаар байна. Надад цаг хугацаа маш их үнэ цэнтэй байна. Одоо хүнийг хаа байсан *** хотоос тохироод хүн ирж преслэгчээ авах гээд ирж байхад ирэнгүүт хаа хамаагүй Г.*** гэдэг хүн гарч ирээд хэрүүл маргаан өдөөд намайг зодсон гэж худлаа яриад байхаар надад хэцүү байна. Ер нь одоо бол маш их гомдолтой байна. Хууль хяналтын байгууллага нь үнэн зөвийг тогтоож өгнө гэж итгэж байна. Би хуулийн байгууллагын дуудсан цагт хамаагүй ирнэ. Би урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Надад нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн... гэх мэдүүлэг. /хх-ийн 104-105-р хуудас/ зэрэг болно.  

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүгдэгч Ч.*** нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр *** аймгийн *** сумын *** 2 дугаар багийн нутаг *** гэх газарт иргэн Г.***тай өвс боогч машин өгсөнгүй гэх шалтгаантаар маргалдаж, түүнийг  зодож баруун хацарт зулгаралт, цээжинд, зүүн бугалгад цус хуралт, 2 талын шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Г.***ийн мэдүүлэг, гэрч Т.*** “...Намайг машинаас буугаад очиход *** ах "намайг *** зодоод талбайн захын шарилж дотор чирээд гаргасан” гэж хэлсэн...” гэх  мэдүүлэг, гэрч Г.Мандахын “...Тэгэхээр нь би Ч.***тэй хамт Г.***ы машинаар 4-5 километр орчим яваад очиход талбайн хажууд Г.*** "намайг Ч.*** зодчихлоо" гээд гутал нь сугарчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Г.***ийн биед анх үзлэг хийсэн эмчийн яаралтай тусламжийн хуудас, *** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 514 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 763 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч С.***ийн “...Г.***ы биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлчлэлээр үүсэх боломжтой, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Г.***ны толгойн томографын шинжилгээний хариу толгой хэсэгт цохиулаагүй гэдгийг нотлохгүй, харин цохиулсан гэдгийг нотолно. Зөөлөн эдийн няцрал гэдэг нь томографын зурагт хаван гэж харагддаг тул ижил ойлголт юм. Баруун хацрын зулгаралт бүхий гэмтэл нь чирч явах үед үүсэх боломжтой бусад гэмтлүүд нь үүсэх боломжгүй..." гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.*** нь “...хохирогч Г.****г зодож, цохиогүй, харин хөлнөөс нь чирч агаарт гаргаж тусламж үзүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тохиолдолд нотлох баримтаар тооцогдох хуулийн зохицуулалттай ба шүүгдэгчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.***ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон. Түүнчлэн хохирогчид учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон байна.

Хоёр. Нотлох баримтын үнэлгээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Талуудын гаргасан санал хүсэлтийн тухайд:

*** Эрүүл мэндийн төвийн эмч 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр  хохирогч Г.***ийн биед анх үзлэг хийсэн байх ба үзлэгээр: Баруун хацар хэсэгт зулгарсан шархтай, зүүн хацар хавдсан, эрүүний баруун хэсэгт хавдсан, зүүн хажуу хэсгээр хавдсан эмзэглэл ихтэй, эрүүний доод хэсгээр бага зэрэг улайсан, зүүн эгэм орчим улайсан, бага зэрэг зулгарсан, зүүн мөр орчим хуучин хөхөрсөн шархтай, зөөлөн эдийн гэмтэл илэрснийг дурджээ. 

2 удаагийн шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн биед баруун хацарт зулгаралт цээжинд, зүүн бугалгад цус хуралт, 2 талын шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлт гаргахдаа хохирогчийн биед анх үзлэг хийсэн эмчийн тэмдэглэлийг үндэслэж дүгнэлтээ гаргаагүй гэж маргана. 

*** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 514 дугаартай дүгнэлтийг гаргахдаа хохирогчийн биед үзлэг хийж, *** ЭМТ-н яаралтай тусламжийн хуудас, дүрс оношилгооны шинжилгээний хариу зэргийг үндэслэн дүгнэлтийг гаргасан байх тул шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Хохирогчийн цээжинд, зүүн бугалгад цус хуралт үүссэнийг зүүн эгэм орчим улайсан, бага зэрэг зулгарсан, зүүн мөр орчим хуучин хөхөрсөн шархтай гэж  шинжээчийн дүгнэлт болон *** ЭМТ-н яаралтай тусламжийн хуудсанд адил тэмдэглэсэн байна гэж шүүх дүгнэв.

Яллагдагчид бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй, шинжээчид нэмэлт асуулт тавих боломжоор хангаагүй гэх саналын тухайд:

*** аймгийн *** сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаартай “дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг хуульд заасан журмын дагуу яллагдагч Ч.***д танилцуулахаар зохих ажиллагаа хийсэн болох нь мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-ийн 219/

Мөн хэрэгт дүгнэлт гаргасан шинжээчээс хэрэгт ач холбогдол бүхий байдлуудыг тодруулан асууж, нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх дүгнэв. /хх-227/

Түүнчлэн хохирогч Г.***ийн биед анх үзлэг хийсэн *** ЭМТ-н эмч Ц.*** 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингис хаан агаарын боомтоор *** Сөүлийн чиглэлийн онгоцоор хил гарсан, хэзээ буцаж ирэх нь тодорхойгүй нөхцөл байдал тогтоогдсон тул түүнээс мэдүүлэг авах  ажиллагаа хийх боломжгүй гэж үзсэн мөрдөгчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзлээ.

Гурав: Эрх зүйн дүгнэлт:

            Шүүгдэгч Ч.*** нь хохирогчтой өвс боогч машин өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан, түүнийг зодож шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн гэмтэл учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч хохирогчийг зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Ч.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Дөрөв. Хохирол, хор уршиг:

Шүүгдэгч хохирогч Г.***ийн биед гэмтэл учруулаагүй гэж гэм буруугийн талаар маргасан ба учруулсан хохирлыг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан хохирогчийн хохирлын баримтуудаас гэмт хэргийн хохиролд хамаарах нотлох баримтын шаардлага хангасан хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.

Хохирогч Г.*** нь “***” эмнэлэгт 165,000 төгрөгөөр үзлэг хийлгэсэн, замын зардлын 579,211 төгрөг, нийт 744,211 төгрөг нэхэмжилсэн.

Хохирогч нь *** хотод оршин суудаг байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор 3 удаа мэдүүлэг өгсөн байна.

Хохирогч *** аймгийн *** сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлэг өгсөн, тухайн өдрөө 172,000 төгрөгийн шатахуун худалдан авсан нь цаг хугацааны хувьд тохирч байна. /хх-ийн 9/

Иймд 165,000 төгрөгөөр эмнэлгийн үзлэг хийлгэсэн, 172,000 төгрөгөөр шатахуун худалдаж авсан нийт 337,000 төгрөгийн зардал нь нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс 337,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин үлдэх 407,211 төгрөгийн шатахууны зардлын баримтад бичигдсэн огноо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон цаг хугацаатай зөрүүтэй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч нь хөдөө орон нутаг руу явж ажил хөдөлмөр хийх тул торгох ял оногдуулах санал тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгч Ч.***нийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч  Ч.*** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу удаа дараа гэмт хэрэг үйлдэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хохирогчийн хохирол төлбөрийг төлөөгүй зэргийг харгалзан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.***д оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суух газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

Тодруулбал: Шүүгдэгч Ч.*** нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 3 сарын хугацаанд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс оршин суух газраа өөрчлөх бол, хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах, хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг төлөөгүй тул түүнд торгох ял оногдуулах үндэслэлгүй юм.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн хамт ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаартай захирамжаар шүүгдэгч Ч.***д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдаан хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.  

Дээрх захирамжийн дагуу Цагдаагийн байгууллага шүүгдэгч Ч.***нийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр албадан ирүүлж, цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн байх боловч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай захирамжаар “хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ.  

Иймд шүүгдэгчийг энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй гэж шүүх дүгнэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.*** овогт ***ийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.***ийг 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.**д оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Нийслэлийн *** дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ч.***ээс 337,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.***д олгож, 407,211 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА