Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2025/0267

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б

Хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гуравдагч этгээд Г.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай” А/* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Д.Б-г олонхын санал авсан гэж үзэж Их-Уул сумын Засаг даргаар томилуулах тогтоол гаргахыг даалгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 118/ШШ2025/0005 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б

Хэргийн индекс: 118/2024/0055/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б нь Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулж “Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай” А/* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Д.Б-г олонхын санал авсан гэж үзэж Их-Уул сумын Засаг даргаар томилуулах тогтоол гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 118/ШШ2025/0005 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 46 дугаар зүйлийн 46.9, 48 дугаар зүйлийн 48.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.5.2, 56.5.3 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай” А/* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Д.Б-г олонхын санал авсанд тооцож, Их-Уул сумын Засаг даргаар томилуулах талаар тогтоол гаргахыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэгч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

“Миний бие Б.Б О.О-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Д.Б-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 118/ШШ2025/0005 дугаартай шийдвэрийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56.5.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

 Гэтэл уг заалтын агуулга нь 2 дахь санал хураалтаар хэн олон санал авсан нь Засаг даргад нэр дэвших эрхтэй гэж ойлгогдохоор байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 118/ШШ2025/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж, нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/* дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай” тогтоолоор[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад оролцсон нийт төлөөлөгчдийн олонхын буюу 56 хувийн саналаар дэмжигдсэн Г-ийн Б-ийг сумын Засаг даргад нэр дэвшүүлж шийдвэрлэжээ.

          3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56.5.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Гэтэл уг заалтын агуулга нь 2 дахь санал хураалтаар хэн олон санал авсан нь Засаг даргад нэр дэвших эрхтэй” хэмээн маргасан.  

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Завхан аймгийн Их-Уул сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ** дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааны тов зарлах тухай” тогтоолоор[2] Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зарлан хуралдуулсан байна.

5. Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/** дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлж санал хураалт явуулах тухай” тогтоолоор[3] “Санал хураалтад 25 төлөөлөгч оролцож санал өгснөөс нэр дэвшигч Д.Б-12 санал, И.Э-12 санал, С.Д-1 санал авсан тул нэр дэвшигчдийн аль нь ч олонхын санал аваагүй гэж үзэж нэр дэвшигчдийн хамгийн олон санал авсан хоёр дэвшигч дээр хоёр дахь санал хураалтыг явуулахаар” болжээ.

6. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Засаг даргыг сонгох дахин санал хураалтад төлөөлөгчдийн санал өгсөн явцын тэмдэглэл”-д[4] “...Төлөөлөгч И.Э санал хураалтад оролцохгүй гэсэн саналаа бичгээр өгсөн тул тухайн санал хураалтад оролцоогүй. Санал хураалтыг 03 цаг 08 минутад хаасан. Саналын хайрцгийг нээхэд нийт төлөөлөгчдийн санал өгсөн 24 хуудас гарснаас: нэр дэвшигч Д.Б-10 санал буюу 41.6 хувь, нэр дэвшигч И.Э 1 санал буюу 4.2 хувийн санал, тэмдэглээгүй буюу хүчингүй саналын хуудас 13 бусад нийт төлөөлөгчдийн саналын 54 хувийг эзэлж байна...” гэсэн байна.

7. Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/** дугаар “Сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлж санал хураалт явуулах тухай” тогтоолоор[5] Хоёр дахь санал хураалтад 24 төлөөлөгч санал өгснөөс нэр дэвшигч Д.Б-10 санал, И.Э-1 санал авч, саналын хуудсанд огт тэмдэглэгээ хийгээгүй 13 саналын хуудас гарсан тул нэр дэвшигчдийн аль нь ч олонхын санал аваагүй гэж үзэж нэр дэвшигчдийн аль нь ч олонхын санал аваагүй тул дахин нэр дэвшүүлж санал хураалт явуулсан байна.

8. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасан.

9. Дээрхээс дүгнэвэл, маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд нийт төлөөлөгч гэдэгт тухайн хуралдаанд оролцож саналын хуудаст санал өгсөн төлөөлөгчийг ойлгох бөгөөд тухайн саналын хуудаст хэнийг ч дэмжээгүй нь тухайн саналын хуудсыг нийт санал хураалтад оруулан тооцохгүй байх үндэслэл биш, хүчингүй 13 саналын хуудсыг нийт төлөөлөгчдийн тоонд оруулан тооцсоноор нэр дэвшигчийн хэн аль нь олонхын санал авч чадаагүй, дахин санал хураалт явуулах үр дагавар үүссэн байна.

10. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно”, 46.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно”, 46.9-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална” гэж тус тус заасан.

11. Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/** дугаар “Хуралдааны дэгийг батлах тухай” тогтоолоор[6] иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаанд дагаж мөрдөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг хавсралтаар баталжээ.

12. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 4 дүгээр зүйлд “Хуралдааны ирц, хэлэлцэх асуудал”, 4.1-т “Хуралдаанд бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн нийт төлөөлөгчийн олонх оролцсоноор ирцийг хүчин төгөлдөрт тооцно”, 4.3-т “Хурлын төлөөлөгч өвчтэй буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоодод томилолтоор явсан, байгалийн давагдашгүй хүчин зүйл, ар гэрийн гачигдал гарсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд бусад тохиолдолд хуралдааныг тасалсанд тооцно”, 4.4-т “Хурлын төлөөлөгч шалтгаангүйгээр хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”, 4.5-д “Хурлын төлөөлөгч шалтгаангүйгээр хуралдааныг орхиж гарсан бол эсрэг санал өгсөнд тооцно” гэжээ.

13. Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ** дүгээр “Анхдугаар хуралдаан”-ы тэмдэглэлд[7] “...Төлөөлөгч О.О, С.Д, Д.Б, Г.А, Л.П, З.Э, Г.А, Ч.А, С.Л, М.Э нар хуралдааныг 15 цаг 20 минутад орхиж гарсан... Шийдвэрлэсэн нь: Нэр дэвшигч Г-ийн Б-ийг сумын Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлахыг дэмжсэн-14, татгалзсан буюу эсрэг санал өгсөн 11 өгөв” гэж тэмдэглэсэн байна.

14. Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны дэгийн[8] 7.4-т “Нэр дэвшигчдийн аль нь ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхын санал аваагүй бол дахин нэр дэвшүүлнэ” гэж заасны дагуу Г.Б-ийг Засаг даргад нэр дэвшүүлж улмаар олонхын санал авч аймгийн Засаг даргад уламжилж, харин нэр бүхий 11 төлөөлөгч хуралдааны дэгийг зөрчиж орхиж гарсан тул эсрэг санал өгсөнд тооцсон нь үндэслэлтэй байна.

15. Анхан шатны шүүхийн “...маргаан бүхий А/* дугаар тогтоолыг хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхын саналаар хуульд нийцүүлэн баталж, Завхан аймгийн Засаг даргад хүргүүлсэн байх тул нэхэмжлэгч сумын Засаг даргаар томилуулах эрхийг зөрчсөн гэх тайлбарын дагуу тухайн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй” хэмээн үндэслэл бүхий дүгнэжээ.

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 118/ШШ2025/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                    Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                    О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 7 хуудас

[2] Хавтаст хэргийн 117 хуудас

[3] Хавтаст хэргийн 115 хуудас

[4] Хавтаст хэргийн 14 хуудас

[5] Хавтаст хэргийн 116 хуудас

[6] Хавтаст хэргийн 72-84 хуудас

[7] Хавтаст хэргийн 133 хуудас

[8] Хавтаст хэргийн 72-84 хуудас