Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 128/шш2021/0814

 

 

 

 

 

  2021              12               02                                            128/ШШ2021/0814      Улаанбаатар хот

  Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: Нийслэлийн Мал эмнэлгийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Б.Аг мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилох тухай” Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны 10 183 968 төгрөгийн цалин хөлсийг гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Снар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б\104 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Хяналтын шатны шүүх хүртэл уг асуудлаар хандаж 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 329 дугаар бүхий тогтоолоор шийдвэрлүүлсэн. Эмнэлгийн газрын Б/69 дугаар тушаалаар Б.А намайг мал эмнэлгийн хорио Нийслэлийн мал цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилсон. 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Б.Аг мал эмнэлгийн хорио тушаалтай холбоотойгоор Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилох тухай " Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, цалин хөлсийг гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах талаар 2021оны 03 дугаар сарын 22-нд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 102 2021/01274 дугаартай шүүхийн шийдвэрээр Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Б.Аг мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын мэргэжилтнээр томилох тухай Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгох хэсгийг хянаж үзэхгүй, захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэвэл зохино гэх шийдвэр гарсан тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хяналтын шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 329 дүгээр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг өөр бусад ажил албан тушаалд томилолгүйгээр тухайлбал түүний өмнө нь эрхэлж байсан чиг үүрэгтэй хамааралтай архив, бичиг хэргийн ажилтан, эрх зүй, хүний нөөцийн мэргэжилтэн эсхүл өөрийн мэргэжлийн дагуу анх эрхэлж байсан мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн бусад албан хаагчдын адил төрийн захиргааны албан тушаалд шалгалт өгч, төрийн жинхэнэ албан хаагч болох боломжийг олголгүйгээр төрийн албанаас бүр чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоосон. Шүүхийн шийдвэрийг биелүүлэн ажилд орох хүсэлтээ 2020 оны 10 сард илэрхийлсэн боловч орон тоо байхгүй, хүлээж бай гэсэн хариуг өгсөн. 11 дүгээр сард өргөдөл өгсөн боловч мөн л орон тоо байхгүй, шийдвэрлэж байна гэж хойшлуулсаар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дуудаж, 14-нд тушаалыг танилцуулсан. НМЭГ-ийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн  69 дүгээр тушаалаар мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилсон байсан. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөн НМЭГ-т хандан ажлын байрны тодорхойлолттой албан ёсоор танилцуулж, ажлын байраар хангана уу гэсэн өргөдлийг өгсөн. Өргөдлийн хариуг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр шуудангаар хүлээн аваад, очиж хүний нөөцтэй очиж уулзахад албан тушаалын тодорхойлолт байхгүй, одоогоор боловсруулж байгаа, тодорхойлолтын шаардлагагүйгээр ажлаа хүлээж аваад ажилла гэсэн хууль бус ажлын байрны шаардлага тавьж байсан ба түр хүлээж бай гэж хойшлуулсаар байсан. Ажилд томилсон тушаал гарсны дараа өдөр тутамдаа яг ямар ажил үүрэг эрхлэх талаар мэдээлэл авч, ажлын байрны тодорхойлолттой танилцах, хөдөлмөрийн гэрээ байгуулах хүсэлтийг маш олон удаа гаргасан боловч албан тушаалын тодорхойлолт одоогоор байхгүй гэсэн хариуг өгсөөр байсан. Үүний дараа НМЭГ-ийн газраас 2021 оны 03 сарын 10-ны 55 тоот албан бичгээр бичиг хэрэг, архивын ажилтны сул орон тоо гарсан байранд томилох болсныг үүгээр мэдэгдсэн. Yүний дагуу тус ажлын байранд томилогдож ажиллахаар очсон боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж авбал энэ албан тушаал дээр томилно. Шүүхийн маргаантай байгаа тул ажилд томилох боломжгүй  гэсэн хариуг биечлэн утсаар, өргөдөл өгөх гэх мэт олон удаа очиж хүсэлт гаргасаар өдийг хүрч хууль бус шаардлага тавьсан . Энэхүү ажлын байранд ажиллах хүсэлтээ амаар байна. Хяналтын шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 329 дугаар бүхий шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт харагдахаар тус байгууллага хангахгүй байгаад гомдолтой байна. Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлсон журамд зааснаар тооцож үзэхэд нэг сарын дундаж цалин нь 1.131,552 төгрөг болж байгаа юм. Иймд 2021 оны 12 дугаар сарын 14 - ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нь 10,183,968 төгрөг болж байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй гэж заасны дагуу Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б.Аг мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилох тухай Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны 10,183,968  төгрөгийн цалин хөлсийг гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж , дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг нэхэмжилж байгаа юм.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн мал эмнэлгийн газар ажилладаггүй байж энэ хүнийг ирээгүй гэсэн тайлбарыг удаа дараа гаргаад байна. emongolia-аар ажилдаа очъё гэж хүсэлтээ илгээж байсан нь харагддаг. Ажлын байраар хангаад байхад ажиллахгүй гэж хэлээгүй. Мөн нэхэмжлэлээ буцааж ав, авахгүй бол ажилд авахгүй гэж албан бусаар удаа дараа  хүсэлт тавьж байсан. Үүнийг Баянголын шүүх дээр мөн хэлсэн. Энэ үндэслэлийг шүүх хүлээж аваад шийдвэр нь манай талд гарч байсан. 2018 оны 174 тоот бүтэц орон тоо, 2021 оны А/13 бүтэц орон тоогоор хорио цээрийн цэгийн мэргэжилтний орон тоо байхгүй гэснээ Дээд шүүхийн тогтоолыг биелүүлсэн дүр үзүүлж захиргааны акт гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар хууль зүйн нэр томьёог гуйвуулж хэрэглэсэн нь тухайн байгууллагын эрхийн асуудал гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд мэргэжилтэн гэж гаргасан тушаал дээрээ Улсын байцаагчаар ажиллахыг шаарддаг. Түүн дээр нь малын эмч хүн ажилдаг. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 329 тоот Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн тогтоох хэсгийн хэрэгжих нөхцөл байдлыг бүрдүүлэх зорилгоор Б/69 тушаалыг хүчингүй болгож Б.Агийн анх эрхэлж байсан хүний нөөц, архив бичиг хэргийн ажилтан албан тушаал дээр томилогдох эрх зүйн үндэслэл байна.   Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч 3 жил орчим хохирсон нэхэмжлэгчийн эрхийг хамгаалж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Хариуцагч Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу  тайлбартаа: “...Нийслэлийн мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилох тухай Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгох тухай шаардлагын хүрээнд мал эмнэлгийн газар "ТБАГУТҮГ-ын дарга 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр" Нийслэлийн Б.Аг Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын мэргэжилтнээр томилохдоо өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд, үндэслэл бүхий шийдвэр гаргасан болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 “Монгол улсын засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоол, 2019 оны 472 дугаар тогтоол зэрэг хууль тогтоомж хэм хэмжээний актуудаар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Аг ажилд томилох тухай шийдвэр гаргасан. "Нийслэлийн мал эмнэлгийн газар" ТБАГУТҮГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 болон 48 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт байх ёстой. Б.Аг ажилд томилсон шийдвэр нь бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхол, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх эсхүл тус актыг гаргуулахдаа хууль бус аргыг хэрэглэсэн үйлдэл үгүй, нийтээр зөвшөөрсөн зан суртахуунд харшлах, хууль тогтоомжоор хүчингүй болгуулахаар заасан захиргааны актад үл хамаарах учир шүүхээс хүчингүй болгох хууль зүйн үндэслэл үгүй болно. Б.А нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/69 тоот ажилд томилсон тушаалыг мэдсэнээс хойш гомдол гаргах хуульд заасан 30 хоногийн дотор урьдчилан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. 48.2.3-т “Захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй” гэж заасны дагуу тус тайлбарлаж буй Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн шүүхээс тус актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй тул хүчингүй болгох боломжгүй шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд, тус хэм хэмжээний зохицуулалт нь захиргааны акт батлан гаргасан байгууллагын эрх хэмжээний хүрээнд хамаарах асуудал юм.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах талаарх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б.Аг Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилох тухай шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргаж, танилцуулсан боловч тэрээр тушаалын дагуу ажилдаа оролгүй өнөөг хүрсэн. Манай байгууллагаас ажилдаа орохыг удаа дараа мэдэгдсэн боловч нэхэмжлэгч ажил үүргээ биелүүлэхээр ажлын байраа хүлээн авахгүй байсаар байна. Иргэн Б.А нь өөрөө ажиллах огт хүсэл сонирхолгүй, хуулийн хүрээнд хөдөлмөрийн харилцааг үүсгэж оролцохгүй хэрэн шүүхэд хандах замаар төрийн албанаас цалин хөлс гаргуулан авах гэж удаа дараа захиргаа болон иргэний шүүхүүдэд нэхэмжлэл гаргаад буй нь үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хууль болоод Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтан нь ажил олгогч байгууллагатай хөдөлмөрийн харилцаа үүсгэх хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд ажлын байранд ажиллуулж цалин олгох зүйтэй бөгөөд нэхэмжлэгч Б.А нь манай байгууллагад ажиллах хүсэлгүй, ажилд томилох тушаал гарснаас хойш огт ажил үүргээ биелүүлээгүй байхад цалин хөлс олгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч Б.Агийн "Нийслэлийн мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилох тухай Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны 10 183 968 төгрөгийн цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах" тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдөөд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 2017 онд Төрийн албаны хууль хэрэгжиж батлагдаад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотой албан тушаалуудыг сайдын тушаал гараад ТҮ-ээр ажиллаж байсан тушаалуудыг ТЗ болгохыг шаардаад тушаал гарсан. Б.А нь ерөнхий шалгалтаа өгөөд тусгай шалгалтаа өгөөгүй байсан. Дээд шүүхээс Б.А гэдэг хүнийг ажлын байраар хангаад захиргааны акт гаргахгүй бол түдгэлзүүлээд хүчин төгөлдөр болно гэсэн. Тэгээд Б/69 захиргааны акт гарсан. Захиргааны байгууллага бол нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулах захиргааны акт, гэрээ, захирамжилсан хэм хэмжээний акт гаргахаар иргэн хуулийн этгээдийг тодорхойлж байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр захиргааны зөвлөлийн хурлаар оруулсан байдаг. Нэхэмжлэгч талын хэлээд байгаа ажлын байран дээр томилох гэхээр орон тоо байдаггүй. Түр хорио цээрийн орон тоон дээр ажиллаж бай гэхээр ажлаа голсон юм шиг санагддаг. Б.Аг ажлаа хийнэ үү гэхээр ирдэггүй байсан. Иргэний хэргийн шүүхэд өгөхөд мөн энэ асуудал сунжирсан. Дараа нь Давж заалдах шатны шүүхийн магадлалаар Б.Ад 13,000,000 төгрөг өгөх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1.2 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр гэж байхгүй байна гэж хэлсэн. Иргэн хуулийн этгээдийн эрх,хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байхыг шаардаж байгаа. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол яаж хөндөгдсөн бэ, гэдэг үндэслэл харагдахгүй байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийг Захиргааны хэргийн шүүх дээр зүйрлээд явж болох учраас Иргэний процессын хуулийн 4.1.4 дэх хэсэг нотлогдсон байгаа юм.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн тогтоолын 11 дэх хэсэгт зааснаар ажлын байраар хангана уу,хөдөлмөрийн харилцаатай хүн байна гэдэг Дээд шүүхийн тогтоол гарсан байгаа юм. Эс үйлдэхүй гаргаад байна гэж үзэж байвал, түүнийгээ тогтоогоод даалгуулаад нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж болох байсан. Улсын байцаагч, мэргэжилтэн гэсэн хоёр нэр томьёо дээр зууралдаад байна. Үнэн гэвэл ажлаа голж байгаа юм байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Б.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Б.А тус шүүхэд хандаж Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Б.Аг мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилох тухай” Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны 10 183 968 төгрөгийн цалин хөлсийг гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...Хяналтын шатны шүүхийн тогтоолд...төрийн албанаас бүр чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоосон, уг тогтоолыг биелүүлж хариуцагчаас Б/69 дүгээр тушаалыг гаргасан ба Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч...Захиргааны хэргийн шүүхэд хандвал зохино гэж шийдвэрлэсэн..., Б/69 дүгээр тушаал нь Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт харагдахаар тус байгууллагын бүтэц, орон тоон дээр байхгүй албан тушаал дээр томилсон, ажиллах боломжоор хангаагүй...” гэж тодорхойлсныг хариуцагчаас “...хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд гаргасан акт, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.3-д заасны дагуу хүчингүй болгуулахыг шаардсан нь үндэслэлгүй...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тушаал гаргаж танилцуулсан боловч өнөөдрийг хүртэл ажлын байраа хүлээж авахгүй байгаа...тул цалин хөлс олгох боломжгүй...” гэж тайлбарлан маргаж байна.

Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Б.Аг мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилох тухай” Б/69 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 329 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “Мал эмнэлгийн үйл ажиллагаа болон мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын үйл ажиллагаанд мал эмнэлгийн нэгдсэн систем болох “Цахим систем” нэвтэрч байгаа болон мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн ажлын ачаалал, мэргэжлийн байдлыг харгалзан үзэж, Б*******ийн А*******г 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилсугай” гэж шийдвэрлэжээ.

Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн...Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.А нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “...2018 онд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын болон тус газрын даргын тушаалаар байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орж...албан тушаалын ангилал нь ТҮ-ээс ТЗ болж өөрчлөгдөн...2018 оны Б/143 дугаар тушаалаар Захиргаа санхүүгийн хэлтсийн Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж байсан,...П.Д******* хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаад ажилдаа орох хүсэлт гаргасан тул...намайг ажлаас чөлөөлсөн, уг тушаалтай маргаснаар Улсын Дээд шүүхийн 329 дүгээр шийдвэрээр...өөр бусад боломж олголгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн болохыг тогтоосон" боловч...ажил олгогчийн буруугаас болж өнөөдрийг хүртэл ажлаа хийж цалин хөлс авч чадахгүй байгаа тул 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинд 22 474 583 төгрөгийг гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/1274 дугаар шийдвэрээр...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд 13 157 520 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Ад олгож...нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид үүрэг болгож”  шийдвэрлэсэн,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1279 дүгээр магадлалаар “Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/01274 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул...нэхэмжлэгч Б.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2021/00683 дугаар тогтоолоор хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0239 дүгээр шийдвэрээр Б.Агаас гаргасан “Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 371 дүгээр магадлалаар хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 329 дүгээр тогтоолд “...нэхэмжлэгч Б.А нь анхнаасаа гуравдагч этгээд П.Д*******ын оронд түр орлон томилогдон ажиллаж байсан...тул нэхэмжлэгчийн хувьд заавал “Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллах ёстой” гэж шаардах хууль зүйн үндэслэлгүй..., Б.А нь төрийн “үйлчилгээний” албан хаагчийн хувьдаа өөр бусад ажил, албан тушаалаар хангуулах эрхтэй..., нэхэмжлэгч нь 2015 оноос хойш Нийслэлийн Мал эмнэлгийн газар ажиллаж байгаа, төрийн албанд бүтэн 4 жил “түр ажиллах” хууль зүйн ойлголт байхгүй, хэдийгээр “төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа”-г эдлэхгүй ч, Хөдөлмөрийн хуульд заасан эрхийг эдлэх учиртай...нэхэмжлэгчийг өөр бусад ажил албан тушаалд томилолгүйгээр...бусад албан хаагчдын адил төрийн захиргааны албан тушаалд шалгалт өгч, төрийн жинхэнэ албан хаагч болох боломжийг олголгүйгээр төрийн албанаас бүр чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хууль бус” гэж дүгнэн, улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 371 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0239 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан “Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалыг дахин шинээр акт гаргах хүртэл 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж” өөрчилж, 2-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага шүүхээс тогтоосон 3 сар хүртэлх хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актыг хүчингүй болгохыг дурдсугай” гэсэн заалт нэмсэн, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Түүнчлэн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-174 дүгээр “Бүтэц орон тоо батлах тухай” тушаалаар Нийслэлийн мал эмнэлгийн газрын орон тоог 39 байхаар, мөн Сайдын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А-13 дугаар “Бүтэц орон тоо батлах тухай” тушаалаар тус газрын бүтэц, орон тоонд дахин өөрчлөлт оруулж 28 орон тоотой байхаар тус тус өөрчилсөн, тухайн тушаалаар Хорио цээрийн хяналтын цэгт улсын байцаагч ажиллуулахаар орон тоог тогтоосон байна.

Нэхэмжлэгч уг тушаалыг үндэслэн “Хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтэн” гэдэг орон тоонд улсын байцаагч ажиллах боломжтой, миний хувьд улсын байцаагч биш тул ажиллах боломжгүй, Хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтэн гэх орон тоо нь тус байгууллагын бүтэц, орон тоонд байхгүй албан тушаал” гэж маргасан ба харин хариуцагчаас “Улсын Дээд шүүхийн тогтоолд Б.Аг шууд ажилд авахыг даалгаагүй, байгууллага өөрийн боломжид тулгуурлан ажлаар хангасан” гэж маргав.

Дээр дурдсан, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 329 дүгээр тогтоолд хэдийгээр нэхэмжлэгчийг “...өөр бусад ажил, албан тушаалд томилолгүйгээр...,төрийн захиргааны албан тушаалд шалгалт өгч, төрийн жинхэнэ албан хаагч болох боломжийг олголгүйгээр төрийн албанаас бүр чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хууль бус...” гэж дүгнэн маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол тухайн захиргааны акт хүчингүй болохыг дурдсан боловч тухайн тогтоол нэхэмжлэгчийг ямар нэгэн албан тушаалд томилохыг хариуцагчид шууд үүрэг болгосон агуулгаар гараагүй болох нь тогтоогдов.

Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас, Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын үйл ажиллагаанд “Цахим систем” нэвтэрч байгаа, хяналтын цэгийн ажлын ачаалал, мэргэжлийн байдлыг харгалзан...Б.Аг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс Хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилсон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-д заасан шинжийг агуулаагүй, хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн, хуульд нийцүүлэн гаргасан захиргааны акт гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гэж, мөн хуулийн 48.2.3-т “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч уг заалтыг үндэслэн, “Улсын дээд шүүхийн тогтоолоор эрх олгоод байхад  хариуцагч хэрэгжүүлээгүй” гэж маргасан боловч Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол нь хариуцагчид эрх олгосон захиргааны акт биш, уг тогтоолоор хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт болох Б/104 дүгээр тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгоогүй, нэхэмжлэгчийг ямар нэгэн ажлын байраар хангахыг хариуцагчид шууд, тодорхой зааж үүрэг болгоогүй тул хариуцагч нь өөрийн байгууллагын бүтэц, орон тооны хязгаар, боломжид нийцүүлэн тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй.

 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг Хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилсон хариуцагч захиргааны байгууллагын Б/69 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж заасантай нийцсэн, энэ утгаараа хариуцагчийг “актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй” гэж үзэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “."нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:”, 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж заасан.

Хуулийн дээрхи заалтаас үзвэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдсон нөхцөлд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох учиртай бөгөөд тухайн тохиолдолд Б/69 дүгээр тушаал хууль бус болох нь тогтоогдоогүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.   

Түүнчлэн Нийслэлийн мал эмнэлгийн газрын захиргааны зөвлөлийн тухайн өдрийн хуралдаанд Б.А биечлэн оролцсоноор Б/69 дүгээр тушаал гарсныг мэдсэн байх ба Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Нгаас 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар албан бичгээр бичиг хэрэг, архивын ажилтны ажлын байранд томилох болсныг мэдэгдсэн, мөн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 252 дугаар албан бичгээр...мэдээ, тайлан нэгтгэх, цахим систем ашиглалтыг сайжруулах, хүч нэмэгдүүлэн ажиллуулах шаардлага гарч байгаа тул хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтний ажлын байрандаа ирж ажиллахыг мэдэгдсэн, шүүхээс https://erp.ulaanbaatar.mn/, E-mongolia.mn сайтуудад үзлэг хийсэн тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчийн, 2020-2021 онуудад гаргасан 3 удаагийн хүсэлтийг хариуцагчаас “татгалзсан” байдлаар хаасан үйл баримтууд тус тус тогтоогдов.

Үүнээс үзвэл хариуцагч нь Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлж Б.Аг ажлын байраар хангах талаар боломжит арга хэмжээг авсан гэж үзэхээр байх ба түүнийг ажилд томилсон Б/69 дүгээр тушаалын талаар мэдэгдсээр байхад тэрээр ажил үүргээ гүйцэтгээгүй, энэ тохиолдолд ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговрыг хариуцагчаас шаардах эрхгүй гэж шүүх дүгнэв.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Агийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэгэнт Б.Аг ажилд томилсон Б/69 дүгээр тушаалыг шүүх хүчингүй болгоогүй, уг тушаал хүчин төгөлдөр хэвээр байгаа тул тушаалын дагуу ажилдаа орох нэхэмжлэгчийн эрхэд энэ шийдвэр нөлөөлөхгүй болохыг дурдаж байна.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг Удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг тус тус баримлан нэхэмжлэгч Б.А гаргасан “Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Б.А*******г мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилох тухай” Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны 10 183 968 төгрөгийн цалин хөлсийг гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН