Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 18

 

П.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                                                                          Хэргийн индекс: 150/2017/00157/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                        Б.Батзориг

                             Шүүгчид                                   С.Энхжаргал

                                                                              Г.Давааренчин

                            Оролцогчид

                                Нэхэмжлэгч                                      П.Байгалмаа

                                Хариуцагч                                         Г.Бүдрагчаа

                               Хариуцагчийн өмгөөлөгч              Д.Даваахүү

                                         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум  дундын шүүхийн 2017 оны 12 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 03 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор П.Байгалмаагийн  нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвд холбогдох “Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдэл 5.733.177 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 02 дугаар  сарын 19-ний  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      Нэхэмжлэгч П.Байгалмаа анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ...Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээ үндэслэлтэй гэж үзэж байгаа. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ажлаас чөлөөлөх тушаал нь үндэслэлгүй учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн энэ тушаал дээр Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2-г бичээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 нь адистатчилал буюу комиссын дүгнэлт гаргана. Мөн хуулийн 40.5-д зааснаар 1 сарын өмнө мэдэгдэл өгөх ёстой. Эрүүл мэндийн сайдын 98 дугаар тушаалын 1.5 гэж байгаа. Би 1.5-г зөрчөөгүй гэдгийг нотлох баримт хэргийн материалд авагдсан гэрчилгээнүүд болон миний эмчлэх эрхийн 5 жилийн гэрчилгээ байгаа. Мөн 6.11-г дурдсан байгаа. Би 6.11-г зөрчөөгүй гэдэг нь хэргийн материалд авагдсан Эрүүл мэндийн сайдын тушаалаар нотлогдож байна.

 Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3.577.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Би Эрүүл мэндийн сайдын 90 дүгээр тогтоолоор 620.266 төгрөгийн цалин авдаг. Үр дүнгийн урамшуулалд 256.351 төгрөг, илүү цагийн мөнгө 900.000 төгрөг авдаг. Би үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн учраас энэ шүүхэд 15 удаа ирсэн замын зардал 195.000 төгрөг,  буудлын төлбөр 75.000 төгрөг, нотлох баримт авахаар Улаанбаатар хот явсны 109.600 төгрөг нийт 5.733.177 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар  нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч  Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Бүдрагчаа анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

...П.Байгалмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эмч эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх харилцааг Эрүүл мэндийн тухай хууль болон бусад эрх зүйн актаар нарийвчлан зохицуулсан байдаг. Дээр дурдсан хууль тогтоомжийн дагуу түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцласан тул 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байна. Эмч эмнэлгийн ажилтан нар багц цагийн сургалтанд сууж, эсвэл шалгалт өгч тусгай зөвшөөрлөө авдаг. П.Байгалмаагийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дууссан.

Түүнийг багц цагийнхаа сургалтанд сууж эсвэл шалгалт өгч тусгай зөвшөөрлөө авахыг удаа дараалан шаардаж байсан боловч тэрээр миний шаардлагыг биелүүлж байгаагүй. Тусгай зөвшөөрлөө авчраагүй тул хуулийн дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан байгаа. Их эмчийн эмчлэх эрхийн тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгодог. Энэ зөвшөөрлийг авахын тулд кредит цагийн багц сургалтанд сууж эсвэл шалгалт өгч тэнцсэн тохиолдолд мэргэжлийн хувьд тэнцсэн гэсэн дүгнэлтийн дагуу тусгай зөвшөөрөл олгогддог. Энэ тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэж үзнэ. Тусгай зөвшөөрөлгүй тохиолдолд Эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиараа хориглосон байдаг. Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдож байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж үйлчилгээ үзүүлнэ гэж зааж өгсөн байдаг. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.2-т Үндсэн мэргэжлийн сургалтыг дүүргэсэн мэргэшсэн эмчид үйл ажиллагааны зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгоно гэж заасан байгаа. Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 98 тоот тушаалын нэгдүгээр хавсралт нь эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам гэж байгаа. Энэ журмын 1.5-д Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасны дагуу 2 ба 5 жилийн хугацаагаар олгоно. Зөвшөөрөл олгосон нотлох баримт нь зөвшөөрлийн гэрчилгээ байна гэж заасан байгаа. 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дууссан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь нотлох баримт болно гэсэн заалт байгаа юм. 98 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 6.11-т багц цагаа биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрлийн шалгалт өгнө. Зөвшөөрлийн шалгалтанд тэнцээгүй буюу зөвшөөрөл нь хүчингүй болсон эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхгүй гэсэн заалт байгаа. Ийм учраас 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эмчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь дууссан тул Эрүүл мэндийн дарга миний гаргасан тушаал хууль зөрчөөгүй хуулийн үндэслэлтэй тушаал гэж үзэж байна. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  хянан хэлэлцээд 03 дугаартай шийдвэрээр:

-Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Байгалмааг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн  эмчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 3.577.500 төгрөг, үр дүнгийн урамшуулал 256.351 төгрөг, илүү цаг 900.000 төгрөг, шүүхэд ирсэн гэх замын зардал 195.000 төгрөг, Улаанбаатар хот руу багц цагийн сургалттай холбоотой нотлох баримт цуглуулахаар явсан зардал 109.600 төгрөг, Сайхан сумын буудалд хоносон буудлын зардал 75.000 төгрөг нийт 5.113.451 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:  

Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжлийн хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн боловч хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаараа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэсэн журмыг зөрчиж П.Байгалмааг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна гэж дүгнээд түүнийг ажилд эргүүлэн тогтоохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 П.Байгалмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалсан нь хууль ёсны бөгөөд, үндэслэлтэй юм. Түүнийг дан ганц хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн ажлаас халаагүй бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.3.2, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 98 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 1.5, 6.11, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2 дах, заалтуудыг тус тус үндэслэн ажлаас халсан. Эмч, эмнэлгийн ажилтны мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэх харилцааг Эрүүл мэндийн хууль болон бусад эрх зүйн актаар нарийвчлан зохицуулсан байдаг. Дээр дурьдсан хууль тогтоомжийн дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай тушаал үндэслэлтэй.

П.Байгалмаагийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дууссан. Би түүнийг багц цагийнхаа сургалтанд сууж эсхүл шалгалтаа өгч тусгай зөвшөөрлөө авчрахыг удаа дараа шаардаж байсан хэдий ч тэрээр миний шаардлагыг биелүүлээгүй, тусгай зөвшөөрлөө авчраагүй тул хуулийн дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалсан.

 Хамгийн гол тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тусгай зөвшөөрөлгүй тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхгүй гэдэг утгаар нь мэргэжилдээ тэнцэхгүй гэж үзэж хөдөлмөрийн хуулийн 40.1.2 дэх заалтыг төсөөтэй хэрэглэж тушаалаа гаргасан юм.

Иймд П.Байгалмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч П.Байгалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Харин анхан шатны шүүх намайг ажилд эргүүлэн тогтоосон нь үндэслэлтэй боловч ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл цалин илүү цагийн хөлс,  шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зориулсан бусад зардал зэргийг хариуцагчаас гаргуулаагүйд гомдолтой байна. 2017 оны 06 сарын 21-ний өдөр эрхээ сунгуулахаар холбогдох материалаа өгсний дагуу эрх сунгагдсан. Энэ талаар холбогдох бүх материал хэрэгт авагдсан байгаа. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна  гэв.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч П.Байгалмаа нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажиллаж  байгаад тус Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 07 сарын 26-ны өдрийн 34 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн  санаачилгаар цуцласан бөгөөд тухайн тушаал нь  үндэслэлгүй гарсан гэж үзэн ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан шүүхэд гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэн нэхэмжлэгч П.Байгалмааг ажилд эргүүлэн томилсон байна.

Хэргийн хариуцагч тухайн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан тухай тушаалынхаа үндэслэлээ Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлнэ”, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 98 тоот тушаалын нэгдүгээр хавсралт нь “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох  журмын” 1.5-д Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасны дагуу 2 ба 5 жилийн хугацаагаар олгоно. Зөвшөөрөл олгосон нотлох баримт нь зөвшөөрлийн гэрчилгээ байна, журмын 6.11-т “багц цагаа биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрлийн шалгалт өгнө. Зөвшөөрлийн шалгалтанд тэнцээгүй буюу зөвшөөрөл нь хүчингүй болсон эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхгүй” гэсэн заалтын дагуу  П.Байгалмаагийн эмчлэх эрхийн тусгай зөвшөөрөл 2017 оны 07 сарын 24-ний өдөр дууссан тул  ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл:  Эрүүл мэндийн сайдын 2012 оны 07 сарын 24-ний өдрийн 264 дугаартай тушаалаар  нэхэмжлэгч П.Байгалмаад “Эмчлэх” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2012 оны 07 сарын 24-ний өдрөөс 5 жилийн хугацаатай олгож  энэхүү хугацаа нь 2017 оны 07 сарын 24-ний өдөр дууссан байх ба нэхэмжлэгч П.Байгалмаа нь Эрүүл мэндийн тухай хууль болон Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам” –ын дагуу  зохих сургалтанд хамрагдан сургалтын багц цаг биелүүлж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулахаар  2017 оны 07 сарын 21-ний өдөр холбогдох материалаа Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлснийг хүлээн авч улмаар Эрүүл мэндийн сайдын 2017 оны 07 сарын 28-ны өдрийн А/299 дугаартай тушаалаар түүний “Эмчлэх” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар сунгасан болох нь  Монгол улсын Эрүүл мэндийн яаммны  2017 оны 11 сарын 14-ний өдрийн 1б/4120 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 07  сарын 28-ны өдрийн А/299 дугаартай тушаал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 0020575 дугаартай гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 98 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам” батлагдсан  бөгөөд энэхүү журмын 6.9 “...багц цаг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийг тухайн оны эцэст хүчингүйд тооцон, Эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулна”, 6.11 “...зөвшөөрлийн шалгалтанд тэнцээгүй буюу  зөвшөөрөл  нь хүчингүй болсон эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхгүй.”,  6.13 “Багц цагаа тасралтгүй биелүүлж ажилласан, 5 жилийн хугацаатайгаар зөвшөөрөл авсан эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн хугацаа дуусахад Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын  гишүүний шийдвэрээр  Эрүүл мэндийн тухай хуульд заасан  хугацаагаар зөвшөөрөл олгоно.” гэж тус тус  заажээ.

Дээрхи журмын 6.9, 6.11-т заасан тохиолдолд  Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай эрх бүхий албан тушаалтны буюу Эрүүл мэндийн сайдын тушаал гарч хүчингүй болгох тухай зохицуулалтыг тусгасан  ба  нэхэмжлэгч П.Байгалмаагийн  “Эмчлэх” үйл ажиллагаа эрхлэх хугацаа 2017 оны 07 сарын 24-ний өдөр дууссан  боловч   түүний  үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болгосон тухай ямар нэгэн эрх зүйн акт гараагүй байна.

 Иймд П.Байгалмаагийн   эмчлэх эрхийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаар  түүний тусгай зөвшөөрөлийг хүчингүй болсон гэсэн хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ажил олгогчоос П.Байгалмааг мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэж   Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан  үндэслэлээр их эмч П.Байгалмааг  ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь буруу  болжээ.

Анхан шатны шүүхээс ажил олгогч нь Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг шаардлагыг хангасан нь хууль зөрчөөгүй байна.

 Нэхэмжлэгч П.Байгалмаа нь ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн нэмэгдэл, илүү цагийн хөлс,  шүүхэд нотлох баримт гаргуулах гарсан зардал нийт 5.733.177 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд  шүүх  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагыг нэхэмжлэгч сүүлийн 3 сар бүтэн ажлаагүй тул нэхэмжлэгчид цалин тооцон гаргуулах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд харин түүний нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн нэмэгдэл болон илүү цагийн хөлс, шүүхэд нэхэмжлэл гаргах болон нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой зардал  зэрэг шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар  шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсний дагуу  хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн цалингийн карт зэрэг нотлох баримтыг үндэслэн түүний сарын цалинг 558.559 төгрөг  гэж  тооцон ажлаас халагдсан 2017 оны 07 сарын 26-ны өдрөөс  шүүхийн шийдвэр гарах хүртэл  буюу 2017 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар  тооцон /558.559 х 5 = 2.792.795/ хариуцагчаас  нөхөн олговорт 2.792.795 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгохоор  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах  нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  дахь  сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн

1 дэх заалтыг  “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч П.Байгалмааг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд эргүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт хариуцагч байгууллагаас 2.792.795 төгрөг гаргуулан П.Байгалмаад олгож нэхэмжлэлийн шаардлагаас 2.940.382 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар  хариуцагч Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвөөс 59.635 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулж, нэхэмжлэгч П.Байгалмаа нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                       С.ЭНХЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН