Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 138/ШШ2019/00485

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 138/ШШ2019/00485

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Т.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Баян-Уул сумын 2-р багт оршин суух, ЖГ62111471 регистрийн дугаартай, Ашигуд овогт Агваанжамцын Батын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дорнод аймгийн Баян-Уул сумын 5-р багт оршин суух, ЖВ64100204 регистрийн дугаартай, Бөөчүүл овогт Пүрэвийн Баасанжавт холбогдох

Эд хөрөнгөд учирсан хохирол 3 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг шүүгч Г.Жаргалтуяагаас 2018 оны 5 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од нэхэмжлэгч А.Бат  нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.Бат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Түвшинжаргалд Стана маркийн авто машинаа зараад 7х5-ын харьцаатай байшингийн шал, тааз, дээвэр, цонх зэрэг бүх банзтай нь хамт авахаар тохиролцсон. Түвшинжаргал нь 2017 оны 3 сарын сүүлчээр Загдсүрэнгийн гаднаас машиныг минь асаагаад унаад явсан. Тэгээд 2017 оны 6 сард ой нээхэд банз модоо өгнө гэсэн боловч өртөгөө өгөөгүй. Тэгээд би арга ядаад 9 сард машинаа авахаар Баярцогттой хамт очсон. Гэтэл машин маань асахгүй байсан тул чирээд аваад явсан. Гэтэл миний машиныг тоносон байсан. Хос троссыг нь аваад эвдэрхий тросс хийсэн байсан. Хос тросс байхгүй бол машин асахгүй. Тэгээд би Баярцогтод зарахаар болоход Баярцогт нь асахгүй байгаа машиныг үнэтэй авахгүй гэсэн. Тэгээд би 100 палкаар Баярцогтод машинаа зарсан. Түвшинжаргал нь надаас зөвшөөрөл авалгүй машиныг минь тоносон гэж үзэж байна. Түвшинжаргал өмнөх шүүх хурал дээр ээж Баасанжав хос троссыг нь Батжаргалд өгсөн байсан гэж хэлсэн. Тэгэхээр Түвшинжаргал, Баасанжав нарын энэ үйлдэл нь бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан явдал юм. Энэ бүхнээс болж би машинаа Баярцогтод хямд зарсан. Миний машин 7 500 000 төгөрөгийн үнэ хүрэх машин. Би 5 500 000 төгрөгт Баярцогтод зарах байсан. Гэтэл 100 палкаар зарсан. 12х10 хэмжээтэй нэг ширхэг палк 20 000-25 000 төгрөгийн хооронд үнэтэй байгаа. 25 000 төгрөгөөр үнэлэхээр машинаа 2 500 000 төгрөгөөр зарсан гэсэн үг. Тэгэхээр зөрүү нь 3 000 000 төгрөг үлдэж байгаа тул би 3 000 000 төгрөгөөр хохирсон гэсэн үг. Батжаргалыг би өмнөх шүүх хуралдааныг хойшлуулж байж авчирч гэрчээр асуулгасан. Батжаргал өмнө нь надад хэлэхдээ Баасанжав намайг хос троссыг нь ав гэхээр нь би авсан. Тэгэхэд Түвшинжаргал өөрөө байсан гэж хэлээд байсан мөртлөө шүүх дээр ирээд мэдүүлэхдээ худлаа мэдүүлэг өгсөн байна. Иймд Батжаргалын мэдүүлгийг үнэлэхгүй байж өгнө үү. Ер нь худлаа мэдүүлэг өгсөн хүмүүсийг яаж хариуцлага тооцдогийг би хармаар байна. Иймд миний авч чадаагүй хохирсон 3 000 000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч П.Баасанжав шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Батын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Батаас мөнгө аваагүй, би Батын машиныг худалдаж аваагүй, тоноогүй, бусдад худалдаагүй. Бат нь анх 2017 оны 3 сард манай хашаанд машинаа чирж авчирсан. Тэгэхдээ манай хүү А.Түвшинжаргалд худалдана гэж ярьсан. Хүү маань үзээд муу машин байна, авахгүй гэсэн. Гэтэл манай хашаанд орхиод явсан. Нилээн хэдэн сар болоход нь би машинаа аваачээ гэж Батад олон удаа хэлсэн. Бүр загнаж ч үзсэн. Тэгэхэд машинаа ирж авахгүй байсаар 3 сар гаруй болж нэг өдөр нэг хүн дагуулж ирээд аваад явсан. Машин нь анхнаасаа эвдэрхий л байсан. Харин Бат нь манай хүү Түвшинжаргалаас машиныг минь тоносон гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 3 шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл надтай ярьж тохироогүй, миний эзэмшил, өмчлөлд шилжүүлээгүй машины мөнгийг надаас нэхэж байгаа нь үндэслэлгүй учраас татгалзаж байна. Түүний машиныг би тоноогүй, тэгээд ч таван сая гаруй төгрөгөөр тэр машиныг зарна хэн нотолсон юм, ер нь Батын машин эвдэрхий муу машин байсан гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Бат нь хариуцагч П.Баасанжавт холбогдуулан автомашиныг өөрийнх нь зөвшөөрөлгүй тонож, ашигласнаас болж өөрт учирсан хохирол 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч А.Бат нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...миний А.Түвшинжаргалд зарсан машиныг түүний ээж П.Баасанжав болон А.Түвшинжаргал нар тонож ашиглан шамшигдуулсан. Ээж П.Баасанжав нь миний машины хос троссыг нь тонож Батжаргал гэдэг хүнд өгсөн гэдгийг А.Түвшинжаргал нь өөрөө шүүх хуралдаанд хэлсэн. Ер нь ганц хос тросс гэлтгүй моторыг нь эвдэж, ажиллагаагүй болгож миний машиныг тонож ашиглан шамшигдуулсны улмаас 5 500 000 төгрөгөөр зарах байсан машины үнэ буурч 2 500 000 төгрөгөөр М.Баярцогтод зарсан тул 3 000 000 төгрөгөөр би хохирсон. Иймд надад учирсан хохирол буюу машины үнийн зөрүү 3 000 000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарладаг.

 

Хариуцагч П.Баасанжав нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Би А.Батаас машин худалдаж аваагүй, түүнээс мөнгө аваагүй. Түүний машиныг би тоноогүй байхад надаас мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргадаг. 

Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар нэхэмжлэгч А.Бат нь 2017 оны 3 сард хариуцагч П.Баасанжавын хүү А.Түвшинжаргалд Стана маркийн автомашиныг 7х5 хэмжээтэй палкан байшингийн торх мод болон байшингийн бусад банзны үнээр арилжсан боловч талууд гэрээнээс татгалзсаны улмаас нэхэмжлэгч А.Бат нь А.Түвшинжаргалаас өөрийн авто машиныг буцаан авсан, мөн А.Бат нь уг автоамшиныг М.Баярцогтод 100 ширхэг палк модоор арилжсан үйл баримтууд тус тус тогтоогдож байх ба талууд энэ талаар маргадаггүй.

Нэхэмжлэгч нь өөрийн автомашиныг хариуцагч П.Баасанжав нь тонож ашигласан, энэ нь бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас автомашины үнэ буурч бусдад бага үнээр худалдсан тул эд хөрөнгийн буурсан үнийн зөрүүг өөрийн эд хөрөнгөд учруулсан хохирол гэж үзэн нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргадаг.

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмн байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх талаар тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл бусдын эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан бол уг гэм буруу болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаарддаг.

Гэтэл хэрэгт цугларсан бичгийн баримтаар хариуцагч П.Баасанжав нь нэхэмжлэгч А.Батын автомашины эд ангийг тонож ашиглан шамшигдуулсан гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ уг үйлдлээс болж нэхэмжлэгчийн автомашины үнэ буурч хохирол учирсан гэх нөхцөл байдал буюу дээрх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч А.Батын шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу шүүх Ю.Загдсүрэн, М.Баярцогт, Г.Батжаргал нарыг тус тус гэрчээр дуудаж мэдүүлэг авсан байх ба гэрч Ю.Загдсүрэн, М.Баярцогт нар нь нэхэмжлэгч А.Батын автомашин нь бусдад зарах үед гэмтэлгүй байсан, асаж байсан, асахгүй болсон, уг автомашины хос троссыг нь сольсон байсан гэх мэтээр эд хөрөнгийн чанар байдлын талаар, гэрч Г.Батжаргал нь П.Баасанжав хос троссыг А.Батын машинаас аваагүй талаар тус тус мэдүүлснээс үзвэл гэрчүүдийн мэдүүлгүүдээр хариуцагч П.Баасанжав нь нэхэмжлэгчийн автомашиныг тонож ашигласан болох нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа А.Түвшинжаргал нь өмнөх шүүх хуралдаанд ээж намайг байхгүй байх үед хос троссыг нь аваад Батжаргалд өгсөн байсан гэж мэдүүлсэн учраас П.Баасанжав уг хохирлыг хариуцна гэж тайлбарлаж байх бөгөөд хэрэгт авагдсан Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 15-ны өдрийн №545 дугаартай шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч А.Түвшинжаргал шүүх хуралдаанд ...намайг байхгүй байхад ээж хос троссыг нь Батжаргалд өгчихсөн байсан гэсэн тайлбар гаргасаныг тусгасан байна.

Гэвч А.Түвшинжаргалын уг шүүх хуралдаанд гаргасан дээрх тайлбараар түүний ээж П.Баасанжавыг нэхэмжлэгч А.Батын автомашиныг тонож ашигласан гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч А.Бат нь өөрийн автомашины үнэ нь 5 500 000 төгрөгийн үнэтэй болохыг, хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болж автомашины үнэ буурч 3 000 000 төгрөгөөр хохирсон болохоо тус тус шүүхэд нотолж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч, харуцагч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх хариуцагч П.Баасанжавт холбогдох эд хөрөнгөд учирсан хохиролд 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Батын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны товыг иргэдийн төлөөлөгч Р.Уранбилэг, хариуцагчийн төлөөлөгч Д.Урансувд нарт тус тус мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, хариуцагчийн төлөөлөгч нь Улаанбаатар хотод сургалтанд оролцож байгаа гэх үндэслэлээр тус тус хүрэлцэн ирээгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Урансувд нь Улаанбаатар хотод сургалтанд оролцож байгаа тул шүүх хуралдаанаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгч нь иргэдийн төлөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч нарын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг зөвшөөрч байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.8-д тус тус заасан журмаар иргэдийн төлөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч нарын эзгүйд хэргийг энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч П.Баасанжавт холбогдох бусдын эд хөрөнгөд учирсан хохирол 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Батын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн  хураамжийн  тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Батын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62 950 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болмогц 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН

 

ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ

 

Т.БАЙГАЛМАА