| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2023/0194/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/216 |
| Огноо | 2023-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяа,
шүүгдэгч П.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Пүрэвсамбуугийн Энхбатад холбогдох эрүүгийн 2310001560261 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1968 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн, 16 дугаар хороо, 6 дугаар байр 16 тоотод амьдардаг,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 03 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Боржигон ургийн овогт Пүрэвсамбуугийн Энхбат /РД:ИЦ68030674/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч П.Энхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 6А байрны 16 тоотод эхнэр Ш.Ариунтуяатай маргалдаж биед халдан цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүд, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, нүдний дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч П.Энхбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хоёр. Эрүүгийн 2310001560261 дугаартай хэргээс:
102 дугаарт дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
Хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
“Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хавтаст хэргийн 23-24 дэх дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 581 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дэх тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/, тээврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 84-88 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Энхбатын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч П.Энхбат нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 22-ны орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 6А байрны 16 тоотод хохирогч Ш.Ариунтуяатай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүд, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, нүдний дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Цагдаагийн 102 дугаарт дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
Хохирогч Ш.Ариунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2022 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг 30 минутад ажил руугаа яваад ажлаа хийсэн. Гэрт нөхөр Энхбат ганцаараа үлдсэн ба урд орой нь архи уучихсан өдөр дахиад архи хэрэглэх байх гэдгийг мэдэж байсан. Тухайн өдөр Энхбат өдрийн цагаар утсаар ярихад “гэртээ байна” гэхээр нь “би жаахан орой очно, өнөөдөр жижүүр багшаар ажиллаж байна” гэж хэлсэн. Ингээд орой 19 цагийн үед гэртээ харих гээд хувцсаа өмсөөд байж байхад нөхөр Энхбат гаднаас орж ирээд “яагаад ирэхгүй удаад байгаа юм бэ” гэхээр нь “жижүүр багштай оройтчихлоо” гэж хэлсэн. Тухайн үед Энхбат архи уучихсан байсан тул би гэр рүүгээ түрүүлээд явсан. Удалгүй Энхбат гэртээ орж ирэнгүүтээ “Та нарыг 30 гаруй жил тэжээлээ” гэж хэрүүл хийж эхэлсэн. Энэ үед Энхбат нь 01 нас 8 сартай зээ хүү Төрбайхыг тэвэрчхээд арагшаа унах гээд байхаар нь “чи хүүхэд унагаалаа ш дээ” гэж хэлэхэд хүүхдийг газар буулгасан. Хүүхдийг явж байхад нь би тэврээд авсан чинь “аваад ир, би зээ хүүгээ авна” гээд байхаар нь “чи согтуу байж хүүхэд унагаачихна ш дээ” гэхэд тэрээр гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
“Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хавтаст хэргийн 23-24 дэх дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 581 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ш.Ариунтуяагийн биед хамар ясны хугарал, зүүн нүд, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүссэн байна. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
Шүүгдэгч П.Энхбатын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эхнэр Ариунтуяа ажилдаа явчихсан, би ганцаараа гэртээ үлдээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Эхнэр Ариунтуяа ажлаасаа ирэхгүй байхаар нь ажил дээр нь буюу Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний найзууд” гэх цэцэрлэг дээр очиход ажлаасаа гарах гээд хувцсаа өмсөөд зогсож байсан. Ариунтуяа “оройтчихлоо” гээд надаас түрүүлээд алхаад яваад өгсөн. Би хойноос нь дагаж яваад ар араасаа гэртээ очсон. Намайг гэрт ороход эхнэр Ариунтуяа нь 01 нас 8 сартай зээ хүү Төрбайхыг тэвэрчихсэн байхаар нь “алив, би авна” гээд хоорондоо ноцолдож байхдаа гараа савчихсан чинь нүүрэнд очоод цохичихсон...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч П.Энхбат нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 22-ны орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 6А байрны 16 тоотод хохирогч Ш.Ариунтуяатай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүд, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, нүдний дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч П.Энхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Энхбат нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч П.Энхбат нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Энхбатад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад П.Энхбат нь зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч П.Энхбат нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч П.Энхбатад ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Энхбатад мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол төлбөрийн талаар
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Ариунтуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 62 дахь тал/-ийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгч П.Энхбатыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч П.Энхбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Пүрэвсамбуугийн Энхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Энхбатад мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч П.Энхбат нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Энхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР