| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2023/0047/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/128 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/128
2023 02 13 2023/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
Улсын яллагч В.Батдэлгэр,
Шүүгдэгч Б.О /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,
Иргэний нэхэмжлэгч Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балбар овогт БОд холбогдох эрүүгийн 2203 00599 0579 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Балбар овогт БО, регистрийн дугаар ...................................,
Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Тянлуминг ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 3 дугаар байр 19 тоотод оршин суух,
Урьд: - Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулан, оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаанд хянан харгалзсан,
- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаанд хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;
Шүүгдэгч Балбар овгийн Буянтогтохын Орхон нь “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө “Улсын их дэлгүүр”-ийн зүүн замд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн үед 50-40 УВР улсын дугаартай “Тоёота маркийн “Приус 41” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хавсралт 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 2 дугаар хавсралт 1.4 “1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно “ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, 70-06 УРА улсын дугаартай “Шэйнрэй” загварын мотоциклийн жолооч Б.Отгонбилэгийн биед “хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Тэрээр шүүх хуралдаанд эцсийн болгож хэлсэн үгэндээ:
“Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирлоо л барагдуулж авмаар байна. Шүүгдэгч нь надтай холбоо барьдаггүй байсан. Би Отгонбилэгтэй холбогдож Б.Оы дугаарыг аваад өөрөө ярьж байсан” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Отгонбилэгийн “...би 2022 оны 09 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед би танил ах Чинзоригийн гэр болох Натур худалдааны төвийн ойролцоо байрлах байрных нь гадаа очоод Чинзориг ахтай уулзаад тэдний эзэмшлийн 70-06 УРА улсын дугаартай мотоциклыг аваад 10 дугаар хороололд байрлах гэр рүүгээ явсан. Ингээд би явж байгаад Улсын их дэлгүүрийн зүүн урд талд Тоёота приус маркийн автомашинтай мөргөлдсөн. Тухайн үед би замын зүүнээс баруун тийш чиглэлтэй урсгалаар зүүнээс баруун тийш чиглэлтэй, замын 1 дүгээр эгнээгээр явж байсан. Харин тэр машины хувьд замын баруунаас зүүн тийш чиглэх урсгалаар явж байгаад давхар шугам давж зүүн гар тийшээ эргэх үйлдэл хийсэн, миний хувьд чигээрээ явж байсан учраас тэр машиныг гэнэт эргээд ороод ирнэ гэж тооцоолоогүй. Тэр үед зам чөлөөтэй, ямар нэгэн машины ачаалал байхгүй байсан тэр машины хувьд гэнэт зүүн гар тийшээ эргээд урдуур орж ирээд замын голд зогсчихсон бөгөөд би машины баруун хойд хэсэг рүү нь мөргөөд унасан. Тэгээд би босоод мотоциклоо өргөх гэсэн чинь зүүн гар маань хөндүүрлэсэн бөгөөд тэр хавьд байсан хүмүүс мотоциклыг маань замаас гаргасан. Тэгээд тэр осол гаргасан машинд суугаад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн гар шуу хэсгээрээ хугарсан байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Чийн “...2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр миний эзэмшлийн 70-06 УРА улсын дугаартай мотоциклийг надад хэлэлгүйгээр нууцаар авч яваад осолд холбогдсон байсан ...Отгонбилэгтэй уулзахад мотоцикль их дэлгүүрийн гадна зогсоол дээр байгаа гэж хэлсэн бөгөөд ослын талаар асуухад эсрэг эгнээнд явж байсан машин 2 зураас давж эргээд орж ирээд мөргөсөн. Миний гар хугарсан гэж хэлсэн бөгөөд гарандаа гипс зүүсэн байсан. Тэгэхээр нь хохирол төлбөр яах талаар асуусан чинь нөгөө хүнтэйгээ тохиролцоод салчихсан гэхээр нь юу яриад байгаа юм мотоциклийг хэн төлөх юм гэсэн чинь би нөгөө хүнтэйгээ яриадахъя гэж хэлээд алга болсон ...ямар ч байсан хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15284 тоот дүгнэлтэнд:
1.3. Б.Отгонбилэгийн биед зүүн шуу, богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна.
2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,
Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 642 дугаартай “Toyota prius-41” маркийн 50-40 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэлд хийсэн үнэлгээгээр 780.000 төгрөгийн хохирол учирсан гэх тайлан /хавтаст хэргийн 51 дүгээр тал/,
Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 998 дугаартай “Shineray” маркийн 70-06 УРА улсын дугаартай мотоциклийн эвдрэл гэмтэлд хийсэн үнэлгээгээр 2.680.000 төгрөгний хохирол учирсан гэх тайлан /хавтаст хэргийн 20 дугаар тал/,
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №1279 дугаартай магадлагаанд: “Toyota prius-41” маркийн 50-40 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.4 1.1-1.3, 1.15.а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно ... 10.9 Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. “Shineray” маркийн 70-06 УРА улсын дугаартай мотоциклийн жолооч Б.Отгонбилэг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэжээ /хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Оы “Би 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 20:00 цаг өнгөрч байхад баруун 4-н замын тэндээс урт цагаан орохоор өөрийн эзэмшлийн Тоёота приус 41 маркийн 40-40 УВР улсын дугаартай автомашиныг жолоодон Улсын их дэлгүүрийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд нэг талдаа 3 эгнээтэй замын 3 дугаар эгнээгээр явж байгаад Улсын их дэлгүүр дөнгөж өнгөрөөд зүүн гар тийш эргээд орох үед зүүнээс баруун тийш чиглэлд замын 1-р эгнээнд явсан мотоцикльтой мөргөлдөж жолооч нь гэмтсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн гарын шууны яс хугарсан байна гэсэн ...миний буруутай үйлдлээс болж үргэлжилсэн цагаан шугам давж зүүн зүүн гар тийш эргэх үйлдэл хийснээс зам тээврийн осол үйлдэгдсэн гэдгийг ойлгож ухамсарлаж байгаа. Би бусдад учирсан хохирлыг даатгалын байгууллагад хандаж хохирлыг төлж барагдуулахаар болсон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103 дугаар тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 75 дугаар тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан эдгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Балбар овгийн Буянтогтохын Орхон нь “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө “Улсын их дэлгүүр”-ийн зүүн замд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн үед 50-40 УВР улсын дугаартай “Тоёота маркийн “Приус 41” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хавсралт 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 2 дугаар хавсралт 1.4 “1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно “ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, 70-06 УРА улсын дугаартай “Шэйнрэй” загварын мотоциклийн жолооч Б.Отгонбилэгийн биед “хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Отгонбилэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Г.Чийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15284 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/, Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 642 дугаартай “Toyota prius-41” маркийн 50-40 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэлд хийсэн үнэлгээгээр 780.000 төгрөгийн хохирол учирсан гэх тайлан /хавтаст хэргийн 51 дүгээр тал/, Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 998 дугаартай “Shineray” маркийн 70-06 УРА улсын дугаартай мотоциклийн эвдрэл гэмтэлд хийсэн үнэлгээгээр 2.680.000 төгрөгний хохирол учирсан гэх тайлан /хавтаст хэргийн 20 дугаар тал/, Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №1279 дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 56-57 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Иймд Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “... шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Гурав:Бусад асуудлын талаар: Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Б.Отгонбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, би эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжлэхгүй ...” гэсэн.
Мөн шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаас дүгнээд уг хэргийг 14 хоногийн хугацаагаар хойшлуулж холбогдох ажиллагааг “... 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Г.Чийг тогтоож, түүнд эрх , үүргийг нь тайлбарлан, хууль сануулан баталгаа авсан байна.Мөн хавтаст хэрэгт тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-21 хуудас/ авагдсан бөгөөд уг лавлагаанд 70-06 УРА улсын дугаартай мотоцикл нь Хуншагай овогтой Содмандахын нэр дээр бүртгэлтэй байх тул мөрдөгчийн тогтоолоор Г.Чийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоосон нь ойлгомжгүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шүүх хэргийн хамт хянан шийдвэрлэх боломжгүй...” гэж дүгнэн уг ажиллагааг хийлгэхийг прокурорт даалгаж шийдвэрлсэн боловч уг хугацаанд холбогдох ажиллагаа хийгдэх боломжгүй талаар албан бичиг, бусад баримтууд шүүхэд ирүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг шийдвэртээ заах нь зүйтэй байна.
Иймд иргэний нэхэмжлэгч Г.Чоос нэхэмжилсэн мотоциклийн төлбөр 2.680.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй байх тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Балбар овогт БОыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Иргэний нэхэмжлэгч Г.Ч нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой холбогдох нотлох баримтаа /бичиг баримт/ бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ