| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2019/02637/И |
| Дугаар | 001/ХТ2021/01442 |
| Огноо | 2021-11-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2021/01442
2021 11 25 001/ХТ2021/01442
“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00051 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 683 дугаар магадлалтай,
“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй
............, ............нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 12,661,052 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч ............гийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул, Б.Наранбаатар, хариуцагч В.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............, ............нар нь манай банктай 2018.06.11-ний өдөр 1580013490 тоот зээлийн гэрээ байгуулан 14,200,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, цалингийн буюу өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Байгууллагаас 14,200,000 төгрөгийг хариуцагч ............гийн дансанд шилжүүлсэн. Мөн зээлийн барьцаанд хариуцагч ............ нь өөрийн өмчлөлийн 35-32 УНА улсын дугаар бүхий, 5,900,000 төгрөгийн үнэлгээтэй Тоёота аллион маркийн автомашин, 22,400,000 төгрөгийн үнэлгээ бүхий тогтмол цалин орлогыг фидуцийн гэрээг барьцаалж, машины бичиг баримтыг банкны нэр дээр, харин машиныг өөрөө эзэмшиж, ашиглаж байхаар тохиролцсон. Гэрээний хугацаанд зээлдэгч нар нь үндсэн зээлд 2,521,748 төгрөг, хүүд 2,189,995 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,820 төгрөгийг төлсөн байна. Харин зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаа хэтрүүлж, 2019.06 сараас хойш огт төлөлт хийхгүй болсон. Гэрээний үүргээ биелүүлэхийг ............гаас шаардаж байсан боловч биелүүлээгүй, ирж уулзахгүй байсан. Иймд банк гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, 2019.11.04-ний өдрийн байдлаар зээл, хүүний тооцооллыг хийсэн. Хариуцагч нарын төлөөгүй зээлийн үлдэгдэл нь 2019.11.04-ний өдрийн байдлаар 11,678,251 төгрөг, 2019.05.27-ны өдрөөс 2019.11.04-ний өдрийн байдлаар 161 хоногийн хүү, жилийн 18 хувь, сарын 1.5 хувиар тооцоход 971,093 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2019.05.27-ны өдрөөс 2019.11.04-ний өдрийг хүртэл 11,707 төгрөг, нийт 12,661,052 төгрөг болж байна. Хариуцагч В.Алтайгийн хувьд хамтран үүрэг хүлээсэн тул хариуцагч нараас 12,661,052 төгрөгийг гаргуулж өгнө үү. Фидуцийн гэрээнд зааснаар бид барьцааны машинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой боловч хариуцагч ............ өөрөө ашиглаж байгаа бусдын өмчид шууд халдах боломжгүй учир шүүхийн журмаар барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсэж байна. Харин цалингийн хувьд ............ нь ажилгүй болсон, цалин, орлогогүй болсон байх тул зөвхөн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсэж байна гэжээ.
Хариуцагч ............ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие цалингийн зээлийн хүү болон алданги төлөхийг зөвшөөрөхгүй байна. Зээл авснаас хойш уг зээлийн хүүг төлж байсан боловч хасагдаагүй байна. Гэхдээ зээлийг эргэн төлөхөд хугацаа хэрэгтэй байгаа учир хугацаа олгож өгнө үү. Би хөгжлийн бэрхшээлтэй болж, ажил хийх боломжгүй, эрхэлсэн ажилгүй байгаа тул зээлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч ............шүүхэд гаргасан тайлбартаа: Би ............гийн зээлийн гэрээнд батлан даагчаар орсон бөгөөд ............ нь авсан зээлээ өөрөө хариуцна. Тийм учраас би төлөхгүй. Миний бие өөрөө цалингийн зээлтэй, эхнэр жирэмсэн, гэртээ байдаг учир төлөхгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00051 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хариуцагч ............, ............нараас 12 478 239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “............” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 182 813 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар нэхэмжлэгч ............ ХХК-ийн барьцаанд байгаа хариуцагч ............гийн өмчлөлийн 5 900 000 төгрөгийн үнэлгээ бүхий 35-32 УНА улсын дугаартай Тоёота аллион маркийн, усан цэнхэр өнгийн автомашиныг түүнээс бодитоор гаргуулан авч, худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч “............” ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 287 727 /217 527+70 200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ............, ............нараас 284 802 /214 602+70 200/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ............ ХХК-нд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 683 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00051 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 12 478 239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “............” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 182 813 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг 12 661 052 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “............” ХХК-д олгосугай гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 284 802 /214 602+70 200/ төгрөг гэснийг 287 727 /217 527+70 200/ төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 6 135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч ............ хяналтын гомдолдоо: Миний бие ............ анх 2018.06.11-нд анх ............наас цалингийн зээл авсан. Би ЧД-ийн 57-р сургуульд 11 жил үйлчлэгч хийсэн. Тухайн зээлийг авахдаа би 1 болзолын дагуу авч байсан. 1. Өөрийн 3 хүүхэд хүндээр өвдөж хэвтэрт орсон. 2.Эмчилгээний зардал 5,000,000 төгрөг хэрэгтэй байсан. Тухайн үед манай сургууль Голомт банкнаас цалингаа авдаг байсан. 3. ............тай уулзахад танай байгууллага манай банкыг сонго. 4. Тэгвэл хүссэн мөнгийг өгнө гэж хамт олноороо орж байж авсан. 5. Хөлсний гэрт хөлсний хашаанд нийт 7 хүүхэдтэй амьдардаг байсан болохоор цалингийн зээл авч хүүхдээ эмчлүүлсэн. 6. Одоо 2 хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй, мөн нөхөр, би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй. 7. Тухайн үед ажиллаж байхдаа алдагдалгүй төлж, байсан. 8. Гэтэл миний төлсөн төлөлт зарим нь ороогүй мөн амралтын мөнгийг авсан. 9. Зээлнээс нийт би 4,711,743 төгрөг төлсөн. Гэтэл одоо ............ надаас нийт 12,000,000 төгрөг нэхэмжилсэн. 10. Үүнээс хүү төлөх боломжгүй тул 7,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Одоо би шүүх дээр /ял эдэлж/ байгаа, мөн хийсэн ажилгүй байгаа тул уг саналыг минь хүлээн авч амьдрал ахуйг маань харж үзэн цагаатгаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагч ............гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв. Хариуцагч нь зөвхөн үндсэн зээлийг төлөх боломжтой тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн агуулгатай гомдол гаргасан ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан аль ч үндэслэлд хамаараагүй байна.
Нэхэмжлэгч “............” ХХК нь хариуцагч ............, ............нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 12,661,052 төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч ............ үндсэн зээлийг төлнө гэж, хариуцагч ............зээлийг аваагүй тул хариуцахгүй гэж татгалзжээ.
Анхан шатны шүүх хариуцагч нараас 12,478,239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 12,661,052 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд зээлийн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн гаргасан тооцооны алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулсан байх тул магадлалыг хэвээр үлдээнэ.
Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2018.06.11-ний өдрийн банкнаас зээл олгох гэрээний дагуу “............” ХХК нь 14,200,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар шилжүүлсэн, зээлдэгч ............, ............нар гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийг буцаан төлөх үүрэг хүлээсэн ба хариуцагч үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээг цуцлах хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс гадна үндсэн зээлийг нэхэмжилжээ.
Гэрээний төрөл, хүчин төгөлдөр байдал, гэрээг цуцалсан үндэслэл, хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээ, хариуцагч нар хамтран үүрэг хүлээх эрх зүйн үндэслэлийн талаар шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.2 дах хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Зээлийн үүргийг хангуулах зорилгоор талууд фидуцийн гэрээ байгуулж зээлдэгч нар өөрийн өмчлөлийн 35-32 улсын дугаартай Тоёота аллион маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн боловч нэхэмжлэгч нь барьцааны зүйлээс үүргийг хангуулах аргаар үүргийг хангуулах нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн, энэ талаар зохигч гомдол гаргаагүй байна.
Гэрээ байгуулж, үүрэг хүлээсэн бол гэрээний талууд аль аль нь үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй тул хариуцагч ............ нь ажилгүй болж, хөгжлийн бэрхшээлтэй болсон үндэслэлээр зээлийн хүү, алдангийг чөлөөлж өгөхийг хүссэн гомдлыг хангах боломжгүй юм. Түүнчлэн хариуцагч нь 4,714,545 төгрөгийг төлсөн ба зээл төлөх хуваарийн дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд тус тус тооцсон тул уг төлөлтийг хасаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 683 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД