Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

    Нарийн бичгийн дарга А.Болор,

    Улсын яллагч Г.Батбаяр,

Гэрч П.Нямдаваа, Э.Үүрийнцолмон, Б.Өлзийбаяр, Н.Батжаргал, Г.Чинбат,

          Шүүгдэгч Б.Баттүшиг, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж /1284/,

          Шүүгдэгч /хохирогч/ Б.Есүхэй, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар /0582/,

          Шүүгдэгч /хохирогч/ Б.Рэнцэнхорол, түүний өмгөөлөгч Н.Хувцагаан /0480/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Баттүшиг, Б.Есүхэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Рэнцэнхорол нарт холбогдох 2016 2501 2571 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Отгонтэнгэр их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 3, эцэг, эгчийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгын 12 дугаар гудамжны 493 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 20 дугаар байрны 58 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Ямаат харваач овогт Түмэнжаргалын Баттүшиг /РД:УК96012639/

          2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 18 дугаар байрны 64 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр байрны 88 тоотод түр оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Боржигон овогт Батбаатарын Есүхэй /РД:УУ92051312/

          3. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хууль сахиулах их сургуулийн 2 дугаар курст оюутан, ам бүл 3, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 21 дүгээр байрны 252 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Боржигон овогт Батчулууны Рэнцэнхорол /РД: УК95030836/

         

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга:

          Т.Баттүшиг, Б.Есүхэй нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 226 дугаар байрны орчим нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглаж иргэн Б.Рэнцэнхоролыг (Б.Баттүшиг нь нүүрэн тус газар цохиж, Б.Есүхэй өргөж газар унагаасан) зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

          Б.Рэнцэнхорол нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 226 дугаар байрны орчим иргэн Б.Есүхэйг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Рэнцэнхоролын өгсөн: “Бид нар сонгуулийн ажил хийж байсан юм. Манай намын 2 нэр дэвшигч сонгуульд ялж гарч ирсэн. Тэгээд бид нар баяраа тэмдэглэсэн. Намайг очиход Баттүшиг, Өлзийбаяр хоорондоо маргалдчихсан байсан. Салгаад байгаа юм уу эсхүл зодолдоод байгаа үгүй нь мэдэгдэхгүй бөөгнөрөлдөж байгаад ийм зүйл болсон. Миний 2 эрүү хугарсан. Намайг эмнэлгээс гарсны дараа Есүхэй, Баттүшиг хоёр байрны гадаа ирж 80.000 төгрөг өгсөн. Дараа нь 1.400.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Өнөөдөр 400.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн надад 150.000 төгрөгний уураг авч өгсөн. Хохиролд нийт 2.030.000 төгрөг авсан. Цаашид хагалгаанд орох болон эмчилгээ хийлгэх зардлаа шүүгдэгч нараас нэхэмжлэнэ. Гомдол саналгүй” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Есүхэйн өгсөн: “Өлзий бид хоёрыг юм яриад зогсож байхад Рэнцэнхорол хүрч ирээд болиоч гээд намайг нудраад байсан. Би Рэнцэнхоролд чи яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Рэнцэнхорол миний уруул руу цохисон. Дараа нь ах нартайгаа хамт хүрч ирээд миний төмсөг рүү өшиглөсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Нямдаваагийн өгсөн: “Шүүгдэгч нар согтууруулах ундаа бүгд хэрэглэсэн байсан. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Есүхэй нь Рэнцэнхоролоог өргөөд шидсэн. Есүхэй Өлзийбаяр нар нь юунаас болж маргалдсаныг нь би сайн мэдэхгүй. Рэнцэнхорол Баттүшиг хоёрыг маргалдахад нь боль гэж хэлсэн. Би нилээн согтуу байсан. Өөрийн санаж байгаагаа л хэлсэн. Би Рэнцэнхорол, Баттүшиг нартай багын найзууд, Есүхэйтэй сүүлд танилцсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Үүрийнцолмоны өгсөн: “Би 2 жилийн өмнөөс таньдаг болсон. Би шүүгдэгч Баттүшигийг 5-6 жилийн өмнөөс таньдаг болсон. Би шүүгдэгч Рэнцэнхоролоог багаасаа таньдаг. Бид нар нийт 3-4 шил архи уусан. Миний утсаар Рэнцэнхорол ах нар руугаа ярьсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Өлзийбаярын өгсөн: “Би өөрөө согтуу байсан. Намайг харахад Баттүшиг Рэнцэнхоролоогийн дээр гарчихсан байсан. Рэнцэнхоролоо муудалцаад цохиод байсан. Шүүгдэгч Баттүшиг Рэнцэнхоролоогийн хаана нь цохисныг би сайн санахгүй байна. Шүүгдэгч Баттүшиг, Рэнцэнхоролоог доороо дарчихсан байсан. Баттүшигийн доор Рэнцэнхорол нь дээшээ хараад хэвтчихсэн байсан. Шүүгдэгч Баттүшиг Рэнцэнхоролоогийн хаана нь цохисныг би сайн санахгүй байна. Шөнө болчихсон байсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Батжаргалын өгсөн: “Тухайн үед согтууруулах ундаа би бараг уугаагүй байсан. Хэн нь хэнийгээ хаана нь хэдэн удаа цохисныг би цаана нь байсан болохоор хараагүй. Есүхэй ах Рэнцэнхоролоог дээшээ барьж байгаад доошоогоо тавьсан. Рэнцэнхорол ах нарыгаа дагуулж ирэхэд би байсан. Гэхдээ цохиж байхыг нь хараагүй. Би шүүгдэгч Рэнцэнхоролоог бага байхаасаа таньдаг. Шүүгдэгч Баттүшигийг би 4-5 жилийн өмнөөс таньдаг болсон. Би шүүгдэгч Есүхэйг 2 жилийн өмнөөс таньдаг болсон. Маргаан юунаас эхэлснийг би цаана нь байсан болохоор мэдээгүй. Шүүгдэгч Баттүшиг Рэнцэнхорлоогийн зүүн шанаа руу нь цохисон” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Чинбатын өгсөн: “Рэнцэнхоролтой найз. Шүүгдэгч Баттүшиг, Есүхэй нарыг танина. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би хэн нь хэнийгээ хаана нь цохиж байхыг нь хараагүй. Рэнцэнхорол, Баттүшиг хоёр маргалдаж байсан. Баттүшиг Рэнцэнхоролоогийн хаана нь цохисныг холоос харж байсан” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Рэнцэнхоролын өгсөн: “... 2016 оны 06 сарын 29-ний өдөр сонгуулийн санал хураалт дуусаад Сэлбийн далангийн хажууд сууж байгаад архиа ууцгаасан. Тэгтэл цаад талаас Есүхэй та нар ер нь дуугай байхад яагаад давраад байгаа юм бэ гээд орилоод босоод ирсэн. Бид нар хорьж болиулах гээд байж байсан бөгөөд би Есүхэйн цээжийг тулаад зогсож байхад Баттүшиг намайг татаад та нар яагаад манай ах руу бөөндөө дайраад байгаа юм бэ, гэхээр нь би юу яриад байгаа юм бэ дайрсан юм байхгүй, салгаж л байна шүү дээ гэхэд чи миний ахыг цохидог хэн юм бэ гээд дайраад байхаар нь би цохиогүй гэдгээ дахиад хэлсэн. Тэгээд эргээд харахад Баттүшиг дээд талын хувцасаа тайлж шидээд миний толгойны баруун зүүн чихний дээд хэсгийн орчимд 2-4 удаа цохингуут Баттүшигийг нэг нь татаад авсан чинь Есүхэй араас нь хүрч ирж намайг бүсэлхий орчмоор барьж байгаад өргөөд шидсэн юм, унахдаа толгой, мөрний зүүн талаараа чулуун дээр унасан. Тухайн үед эрүү хугарсан гэдгээ мэдээгүй бөгөөд дараа нь цагдаа дээр очиход мэдсэн юм. Би унаж босоод Үүрийнцолмон гэдэг найзынхаа утсаар цагдаа руу биш ах руугаа би хүнд зодуулчихлаа гэж залгаж хэлэхэд миний зүүн доод талын хамгийн ард талын араа шүд хөдлөөд дээшээ гараад ирсэн байсан... Баттүшиг нь Ренчинжүгдэр ахыг маань хаана нь мэдэхгүй байна шууд нэг цохиод унагаасан. Есүхэй нь Пүрэв-очир ахыг заамдаад авсан чинь Пүрэв-очир ах цагдаад дууд гээд өөрөө Есүхэйгээс салсан...” гэх мэдүүлэг /хх.17/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Есүхэйн өгсөн: “... би 2016 оны 06 сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгаас сонгуулиа өгчихөөд хотод Баттүшигийг дуудахаар нь очсон... гэнэт Рэнцэнхорол хүрч ирээд цамцнаас зуураад хөөе болиоч гээд намайг тохойгоороо нудраад байхаар нь чи тэнэг юм уу болиоч яагаад байгаа юм гэж би Рэнцэнхоролд хандаж хэлсэн чинь Рэнцэнхорол чи тэгээд яасан юм бэ би угаасаа ийм хэгжүүн тэгээд чи яах юм гээд намайг цамцнаас зуураад барьсан юм. Тэгээд Чинбаа, Давхараа хоёр ирж намайг шууд бариад авсан юм. Тэр хооронд Рэнцэнхорол миний уруул руу цохисон юм. Тэгэнгүүт Рэнцэнхоролыг Баттүшиг ирж барьж аваад тэр хоёр зууралдаад байсан. Баттүшиг Рэнцэнхоролд чи зодолдож чаддаггүй дараа нь гонжирдог гэсэн биздээ гэж хэлэхэд нь ам руу нь салаавч өгөөд чамд бол хэзээ ч үгүй гэж хэлсэн. Тэгэхэд нь Баттүшигийг хүмүүс татаад салгасан. Тэгэхээр нь би наанаас нь очиж Рэнцэнхоролыг татаж унагаасан юм. Тэгсэн чинь би ах нарыгаа дуудна та нарыг ална тална гэж хэлээд гүйгээд явсан. Бид нар бүгд баруун тийш 51-дүгээр байрны тийшээ явцгаая гэж байхад араас Рэнцэнхорол одоо Есүйхэй гөлөг минь яасан гээд гүйгээд ах нартайгаа ирсэн бөгөөд олон хүн байх шиг харагдсан. Тухайн үед би миний цүнх хаана байна гээд эргэж хараад юм яриад явж байхад... Рэнцэнхорол гүйж ирээд миний төмсөг рүү өшиглөсөн. Хариу үйлдэл үзүүлэх боломж байгаагүй... миний төмсөг рүү Рэнцэнхорол өшиглөхийг Чинбаа, Нямка, Үүрээ нар харсан, Рэнцэнхоролыг татаж унагаад эрүүг нь хугалсан нь миний буруу...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч П.Нямдаваагийн өгсөн: “... би найзууд Баттүшиг, Цогоо, Рэнцэнхорол, Үүрийнцолмон, Давхарбаяр, Өлзийбаяр, Чинбат нартай Сэлбэ голын эрэг дээр 2 шил архи авч уусан бөгөөд нэг шил архийг нь ууж дуусгаад байж байхад Баттүшигийн ах Есүхэй Дарханаас орж ирж байна гээд ярихаар нь бид нар дуудаад үлдсэн нэг шил архийг ууж дуусгасан. Нийт 4 шил 0.75-ын хар чингис архи уусан. Нэг мэдсэн Есүхэй, Өлзийбаяр хоёр маргалдаад байх шиг байсан. Би Рэнцэнхорол, Баттүшиг хоёрыг маргалдаад байхаар нь боль гээд салгасан юм. Тэгээд би бие засах гээд явчихаад ирсэн чинь Есүхэй Рэнцэнхоролыг өргөөд шидэж байсан. Тэгээд бөөндөө очиж салгаад явахаар болоод 51-р байрны үүдэнд очиход Рэнцэнхорол 3 ахыгаа дагуулаад одоо яасан бэ гээд зодолдох гээд хамаг хурдаараа гүйгээд орилоод ороод ирсэн. Есүхэйн уруул нь зүгээр байсан чинь Рэнцэнхоролтой муудалцсаны дараа уруул нь хавдсан, төмсөгөө бариад байсан...” гэх мэдүүлэг /хх.22/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Э.Үүрийнцолмонгийн өгсөн: “... Өлзийбаяр л Баттүшигтэй юм яриад байх шиг байсан. Цаг гаран маргалдас хийгээд яриад байсан. Тэгээд Түшигээ за миний буруу уучлаарай агаа гэж хэлсэн. Өлзийбаяр салахдаа занасан байдалтай нэг үг Түшигээд хэлэхэд Есүхэй чи чинь ямар сонин юм бэ чамайг зөндөө харлаа шүү дээ одоо болилдоо гэж хэлсэн... зодоон эхлээгүй байж байсан чинь Рэнцэнхорол салгах гэж байснаа Есүхэйг нүүр хэсэг рүү нь амны орчимд нэг удаа цохисон юм. Тэгтэл Есүхэй наад бацаан чинь намайг цохичихлоо гээд уурлахаар нь би, Нямдаваа, Давхарбаяр, Чинбат нар бүгд барьсан... би наанаас харж байхад Есүхэй Рэнцэнхоролыг татаад унагааж байсан. Рэнцэнхорол уначихаад ах дүү хоёр намайг польдож зодлоо гээд намайг утсаа өгч байдаа гээд миний утсыг аваад ах руугаа та 3 гялс гараад ир би зодуулчихлаа гэж байсан... ямар зодоон болсоныг би хараагүй. Харин очиход Есүхэй яая төмсөг гээд орилоод төмсөгөө барьж байсныг харсан...” гэх мэдүүлэг /хх.25/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Өлзийбаярын өгсөн: “... би Рэнцэнхорол, Цогбаяр. Мөнхтулга, Төгөлдөр, Баттүшиг, Батжаргал, Давхарбаяр, Чинбат, Үүрийнцолмон, Нямдаваа, Есүхэй нартай хамт 0,75 ын 4-6 шил архи хувааж ууж байгаад би Баттүшигт өөрөөсөө ах хүнийг та гэж хэлж бай, нүүрэн дээр нь битгий ингэж хэлж бай гэх мэтчилэн жаахан лекц уншиж ам мурийгаад больчихоод байж байхад Есүхэй хажуунаас одоо болио ямар их юм ярьдаг юм бэ гэж хэлээд бид 2 юм яриад алхаж байсан. Тэгээд эргээд харахад Рэнцэнхоролыг Баттүшиг доороо оруулаад 2-3 удаа цохих шиг болсон. Би хол байсан учраас сайн харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх.26/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Э.Цогбаярын өгсөн: “... би гэрийнхээ ойролцоо Рэнцэнхорол, Өлзийбаяр, Мөнхтулга, Төгөлдөр, Баттүшиг, Батжаргал, Давхарбаяр, Чинбат, Үүрийнцолмон, Нямдаваа бид архи хувааж уугаад байж байхад эхлээд Өлзийбаяр, Баттүшиг, Төгөлдөр 3 юм ярьж байгаад санал зөрөлдөөд байсан... дараа нь Өлзийбаяр Баттүшиг дээр очоод ахынх нь буруу байсан байна уучлаарай гэж хэлэхэд Есүхэй цаанаас би та нарын яриаг бүтэн цаг сонслоо шүү дээ гэж орилж босч ирээд Өлзий рүү орилж дайрч ирэхэд Өлзий миний буруу байсан ёстой уучлаарай гээд өнгөрсөн... тэрний дараа Есүхэй баригдаж байгаа барилгын хашааны урд талд Рэнцэнхоролыг ах нь чамайг цохивол чамаас юу үлдэх юм бэ гээд хагас үүрсэн байдалтайгаар өргөөд унагаасан. Рэнцэнхорол яг хаагуураа яаж унасаныг би хараагүй. Тэгээд бид нар бөөндөө очиж салгахад Рэнцэнхорол явсан байсан. Тэгээд Рэнцэнхорол явсан учраас бид нар тайвшраад гэр гэрлүүгээ харих гээд явж байхад Рэнцэнхорол 3 ахтайгаа хамт орилоод бид нарын ардаас гүйж ирж байсан... хэн нь хаана хэнийгээ яаж цохиж зодсоныг би хараагүй” гэх мэдүүлэг /хх.29/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Н.Батжаргалын өгсөн: “... нэг мэдсэн чинь намайг цаана байж байхад Рэнцэнхорол, Түшигээ хоёр муудалцаад байж байсан. Рэнцэнхорол Түшигээгийн ам руу салаавч тулгаад гаргасан чинь Түшигээ уурлаад хувцасаа тайлаад Рэнцэнхоролын толгой хэсэг рүү нь нэг удаа цохиход Рэнцэнхорол зөрүүлж Түшигээгийн нүүр лүү нь цохисон чинь тэр хоёр харилцан зодолдож эхэлсэн. Тэгээд Есүхэй цаанаас ирээд дүү яагаад байгаа юм бэ гээд Рэнцэнхоролыг хоёр гараагаа өргөөд доош унагаасан юм. Тэгээд Рэнцэнхорол босоод нэгнийх нь утсыг аваад цааш явсан юм... Есүхэйгийн уруул зүгээр байж байгаад шалбарсан байсан, хэн цохисоныг нь хараагүй намайг цаашаа яваад ирэхэд тийм болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.30/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Чинбатын өгсөн: “... тэгээд жаахан байж байгаад очтол Рэнцэнхорол, Баттүшиг хоёр зодолдож байсан юм. Тэнд байсан найзууд тэр хоёрыг салгаад цаашаа явсан... намайг харахад Баттүшиг Рэнцэнхоролыг доороо оруулчихсан толгой хэсэгт нь гараараа цохиж байсан юм” гэх мэдүүлэг /хх.32/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Давхарбаярын өгсөн: “... архи уугаагүй хүн байхгүй бүгд уусан... тэгээд бид хоёр юу болсон юм бол гээд холоос хараад очиход Рэнцэнхорол, Баттүшиг хоёр харилцан цохилцож зодолдож байгаад Рэнцэнхорол доод талд нь ороод Түшигээ дээд талд нь цамцаа тайлаад харилцан заамдалцчихсан байхад нь би Баттүшигийг тэврээд өргөж салгаад хувцасыг нь өмсүүлээд 51, 60-р байрны тийшээ явсан юм. Тэгээд 51-р байрны голд бид нар зогсож байхад Рэнцэнхорол цаанаас ах дүү хоёр нийлээд байсан, одоо би ах нарыгаа аваад ирлээ одоо та муу хоёрыг харъя гээд орилоод зодоон хийх гээд ирсэн... Тэгээд Баттүшиг Рэнцэнхоролын төрсөн ахыг өөдөөс нь гүйж очиход нэг цохиж унагаасан, харин Есүхэй жижгэвтэр биетэй ахыг нь нэг цохиод унагаасан чинь хамгийн өндөр ах нь бүүр цаанаас юу болсон бэ яасан гээд ирэхээр нь би Есүхэйг аваад цааш явсан тэр өндөр ах нь цагдаа дуудсан байх...” гэх мэдүүлэг /хх.34/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Түвшинбатын өгсөн: “... ах Пүрэв-Очир намайг сэрээгээд дүү Рэнцэнхоролыг гадаа хүмүүс зодож байна гээд утсаар бид 3-ыг дуудаж байна гэхээр нь бид гурав гарсан. Рэнцэнхорол түрүүлж гүйж очоод Есүхэй гээд орилохоор би ардаас нь очиход урдаас нь нэг нөхөр үгийн зөрөөгүй шууд өөдөөс нь ирээд Рэнчинжүгдэрийг цохичихоод намайг цохих гэхээр нь би өөдөөс нь цээж рүү нь түлхсэн юм. Тэр залууг Баттүшиг гэдэг юм байна лээ. Тэгээд Баттүшигийг нь би түлхээд арагш нэг алхахад миний араас Есүхэй гэдэг залуу нь футболканы захаас хойшоо чирч авч яваад миний цээж рүү нэг удаа өшиглөсөн чинь хэн гэдгийг нь мэдэхгүй нэг залуу ирээд Есүхэйг ардаас нь тэврээд хойшоо болгосон юм. Тэгээд байж байхад ардаас ах Пүрэв-Очир ирээд чи яагаад хүүхэд зодож байгаа юм гэж хэпэхэд Есүхэй нь 13-т чи намайг амжихгүй шүү гэж хэлээд ахыг шууд заамдаад авсан чинь хамт байсан хүмүүс нь салгасан. Тухайн үед Рэнцэнхорол хүрч ирээд миний шүд сонин болчихлоо гэхээр нь Есүхэйгийн хажууд алив харъя амаа ангай гэхэд Рэнцэнхорол доошоо тонгойгоод зогсчихсон шүлсээ хаяад амаа ангайлгаж, дээшээ ч болж болохгүй байна гэсэн. Бид нар дүү рүүгээ анхаарч байхад Есүхэй болон хамт байсан хүмүүс нь цаашаа явцгаасан...” гэх мэдүүлэг /хх.36/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Рэнчинжүгдэрийн өгсөн: “... Түвшинбат ах зодсон хүмүүс чинь хаашаа явсан бэ гэхэд тийшээ гээд 51-р байрны зүг заагаад гүйгээд явахаар нь араас нь бид 3 бас гүйгээд очих үед би тавчикандаа бүдрээд доошоо тонгойход миний толгойны ард талд нэг удаа гараараа цохисон. Баттүшиг намайг цохичихоод цаашаа яваад өгөхөд Есүхэй нь ойр орчимд өөрийг нь болиулах гэж байсан хүүхдүүдээ цохиод байсан. Тэгээд би болохгүй болохоор нь цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх.38/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9188 дугаартай:

“Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үзлэгт: Тархи доргилт, эрүү ясны далд хугарал гэжээ.

1. Б. Рэнцэнхоролын биед эрүү ясны далд хугарал, доод зүүн их араа шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.42/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9258 дугаартай: “1.Есүхэйн биед уруулд дотор талд цус хуралт, өнгөц шарх, баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд |нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.46/,

 

     Б.Рэнцэнхоролыг яллагдагчаар татах тогтоол /хх.76/

     Б.Есүхэйгийн ял шийтгэгдсэн эсэх шалгах хуудас /хх.80/

     Б.Есүхэйгийн бакалаврын дипломны хуулбар /хх.132-133/

     Б.Есүхэйгийн гаргасан хохирлын баримтууд /хх.134-140/

     Т.Баттүшигийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.79/

     Т.Баттүшигийн ял шийтгэгдсэн эсэх шалгах хуудас /хх.81/

     Б. Рэнцэнхоролын хохирол хүлээн авсан баримт /хх.103, 104/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Т.Баттүшиг, Б.Есүхэй нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 226 дугаар байрны орчим нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, олон нийтийн газар гудамж талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглаж иргэн Б.Рэнцэнхоролыг (Б.Баттүшиг нь нүүрэн тус газар цохиж, Б.Есүхэй өргөж газар унагаасан) зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

Б.Рэнцэнхорол нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 226 дугаар байрны орчим иргэн Б.Есүхэйг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Т.Баттүшиг, Б.Есүхэй нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Рэнцэнхоролыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  шүүгдэгч Т.Баттүшиг, Б.Есүхэй нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах заалтуудад заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Рэнцэнхоролд холбогдох хөнгөн төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага татаж болох 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Т.Баттүшиг, Б.Есүхэй нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцлүүд, хохирогч Б.Рэнцэнхорол нь гомдолгүй гэсэн, гэмт этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж тэдгээрийг нийгмээс тусгаарлан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Баттүшиг, Б.Есүхэй нар нь хохирлын 2.180.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Б.Рэнцэнхорол нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Т.Баттүшиг, Б.Есүхэй, Б.Рэнцэнхорол нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх заалт, 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ямаат харваач овогт Түмэнжаргалын Баттүшиг, Боржигон овогт Батбаатарын Есүхэй нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Батчулууны Рэнцэнхорол Рэнцэнхоролыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах заалтыг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Рэнцэнхоролд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтыг үндэслэн шүүгдэгч Б.Рэнцэнхоролыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баттүшиг, Б.Есүхэй нарт 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Баттүшиг, Б.Есүхэй нарт оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Баттүшиг, Б.Есүхэй нар нь хохирлын 2.180.000 төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгч Б.Есүхэй, Т.Баттүшиг, Б.Рэнцэнхорол нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Баттүшиг, Б.Есүхэй нарт тус бүр оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Т.Баттүшигийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хан-уул дүүргийн Цагдаагийн хэлтэст, Б.Есүхэйн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

7. Хохирогч Б.Рэнцэнхорол нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Есүхэй, Т.Баттүшиг нарт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах, шүүгдэгч Б.Рэнцэнхоролд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР