| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 126/2024/0146/3 |
| Дугаар | 221/МА2025/0268 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2025/0268
Б.О-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Т, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны дарга Р.М
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Б.О
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хороо
Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/**** дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 126/ШШ2025/0002 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны дарга Р.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б
Хэргийн индекс: 126/2024/0146/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О нь Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хороонд тус тус холбогдуулж “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/**** дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 126/ШШ2025/0002 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/**** дугаартай дүгнэлт болон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/** дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Ерөнхий архитекторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 7 сар 12 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговор болох 13.944.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.О-д олгох, уг нөхөх олговроос зохих шимтгэлийг суутган нөхөн төлүүлэхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Т, Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дарга Р.М нар давж заалдах гомдолдоо:
“...Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг тайлбарласан үндэслэл тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын зөрчилтэй шүүхийн шийдвэр гаргасан талаар: Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “...нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага...” гэж мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-т “...Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно...” гэж тус тус заасан. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “...Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан байхад нэхэмжлэгч Б.О нь аймгийн Засаг даргын (ажил олгогч) 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/** дугаар шийдвэрт Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн аван 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэж байгаа нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад буюу Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг илт зөрчиж процессын зөрчилтэй шүүхийн шийдвэр гаргасан.
Нэхэмжлэгч Б.О нь аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/** дугаар захирамжийг эс зөвшөөрвөл Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж хуульчилсан байхад 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтийг эс зөвшөөрвөл гомдол, мэдээлэл гаргасан этгээд түүнд мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор харьяалах дээд шатны байгууллагын Ёс зүйн дэд хороо, Ёс зүйн хороонд гомдол гаргаж болно” гэж заасан байтал аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/**** тоот дүгнэлтийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гардаж авсан боловч 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ёс зүйн хороонд, 7 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд тус тус гомдол гаргасан буюу Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан хугацаа (хөөн хэлэлцэх хугацаа) дууссан, хандах, гомдол гаргахгүй байгууллагад гомдол гаргасан байна. Дээрх байгууллагуудаас Б.О-д “Таны ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх эрх хэмжээгүй, боломжгүй тул шүүхэд хандахыг зөвлөсөн” хариу ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Б.О 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/**** тоот дүгнэлт, аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Б.О-ийг албан тушаалаас халах тухай” Б/** дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хуульд заасан хөөн хэлэлцэх дууссан нэхэмжлэлийг хүлээн авч, хууль зөрчиж Захиргааны хэрэг үүсгэсэн, хууль зөрчиж аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/**** тоот дүгнэлт, аймгийн Засаг даргын 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/** дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Б.О-ийг албан тушаалаас халах шийдвэр гаргах үндэслэл болсон Ёс зүйн хорооны дүгнэлтийн талаар: Б.О нь аймгийн Засаг даргын албан ажлын өрөөнд, Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бын ажлын өрөөнд өөрсдийнх нь зөвшөөрөлгүй нууцаар дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг тус тус хийсэн удаа дараагийн үйлдэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.8, 7.1.10 дахь заалт, мөн хуулийн 8.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3, 37.1.6, 37.1.7, 37.1.10, 37.1.13, дахь заалтыг тус тус зөрчсөн болох нь Б.О-ийн өөрийнх нь гаргасан тайлбар, аймгийн Засаг даргын тайлбар, гэрч Б.Б, гэрч Ц.Б нарын гаргасан тайлбар мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Тухайлбал аймгийн Засаг дарга нь Б.О-ийн гаргасан хууль бус үйлдэлд (албан өрөөнд бичлэг хийсэн) нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан ба уг гомдлын дагуу Ёс зүйн дэд хороо нь 3 удаа хуралдаж Б.О-ээс өөрөөс нь тайлбар авсан. Уг 2 удаагийн бичлэг хийсэн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдлыг шалгаж, дүгнэлт гаргахдаа Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Ц.Б нараас бичгээр тайлбар авч гомдол гаргагч аймгийн Засаг дарга П.Л, нэхэмжлэгч Б.О, бичлэг хийсэн талаар нотолсон Б.Б, Ц.Б нар тайлбар гаргасан. Шүүх нотлох баримтыг үндэслэхдээ нийт баримтуудад бүрэн дүгнэлт хийгээгүй буюу шүүхийн шийдвэртээ нэхэмжлэгч Б.О-ийг аймгийн Засаг даргын албан ажлын өрөөнд нууцаар дуу, дүрсний, дууны-дүрсний бичлэг хийснийг Хөвсгөл аймгийн Засаг даргын гомдол, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбарт үндэслэн өөр бусад нотлох баримтыг цуглуулалгүйгээр нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Б.О-ийн хууль бус үйлдэлд аймгийн Засаг дарга гомдол гаргасныг аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо хүлээн авч Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасны дагуу гомдлыг хүлээн авснаас хойш 3-5 хоногийн хугацаанд гомдолд холбогдогч Б.О-ээс бичгээр тайлбар авч, уг тайлбарын дагуу гомдол гаргагч аймгийн Засаг даргаас бичгээр нэмэлт тайлбар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Б нараас бичгээр тайлбар авахад нэхэмжлэгч Б.О-ийг аймгийн Засаг даргын албан ажлын өрөөнд болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б-ын ажлын өрөөнд нууцаар дуу, дүрсний, дууны-дүрсний бичлэг хийснийг бүх тайлбараар нотлогдсон. Иймд Ёс зүйн дэд хороо Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасны дагуу цугларсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, 15.1.5-д заасны дагуу Б.О-ийг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн байтал шүүхийн шийдвэрт “...аймгийн Засаг даргаас тайлбар аваагүй, Б.Б, Ц.Б нараас тайлбар авсан гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно” гэж дүгнэж байгаа нь нотлох баримт, тайлбарыг бүрэн гүйцэд үнэлээгүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь судалж бүрдүүлсэн нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлээгүй буюу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үндэслэсэн нь хэт нэг талыг (нэхэмжлэгч талыг) баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын зөрчилтэй үндэслэлгүй шийдвэр гаргасан. Б.Б нь өөрийн биеэр шүүх хуралдаан дээр бичлэг хийсэн талаар нь тайлбарласан, Ёс зүйн хороонд бичгээр гаргасан тайлбараа хавтаст хэрэгт баримтаар өгсөн. Аймгийн Засаг дарга Ёс зүйн дэд хороонд гаргасан тайлбарыг шүүхэд хүргүүлсэн. Түүнчлэн Шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий нотлох баримтыг тал бүрээс нь шалгаж үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх, шийдвэр нь ойлгомжтой байх ёстой байтал Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 126/ШШ2025/0002 дугаартай шийдвэр нь бүхэлдээ ойлгомжгүй хэт нэг талыг барьсан, үг үсгийн болон агуулгын алдаатай, огноо буруу бичигдсэн байна. Тус шүүхийн шийдвэрт үг үсгийн болон утга найруулгын алдаа маш их байгааг дурдах нь зүйтэй.
Б.О-ийн ажилгүй байсан хугацаа буюу 7 сар 12 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговор болох 13,944,000 (Арван гурван сая есөн зуун дөчин дөрвөн мянга) төгрөгийг нэхэмжлэгч Б.О-д олгох шийдвэрийг хүчингүй болгуулах тухай: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар “Журам батлах тухай” тушаалын хавсралтаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ийг баталсан. Тус журмын 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг олгохоор зохицуулсан. Төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлсийг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1- д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно”, 57.2.2-т “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс; бүрдэнэ” гэж заасан. Аймгийн Ерөнхий архитекторын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлийн ангиллын ТЗ-8 зэрэглэлд хамаарах бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу Б.О-ийн урьд эрхэлж байсан албан тушаалын сарын үндсэн цалин нь ТЗ-8 буюу 1,320,000 (Нэг сая гурван зуун хорин мянга) төгрөг байсан. Иймд аймгийн Ерөнхий архитектораар ажиллаж байсан Б.О-ийн урьд эрхэлж байсан албан тушаалын төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 0 хувь буюу 0 төгрөг, цолны нэмэгдэл 0 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 0 төгрөг, докторын зэргийн нэмэгдэл 0 төгрөг, нэмэгдэл хөлс 0 төгрөг, нийт 1 сарын цалин хөлс 1,320,000 төгрөг байна. Уг цалин хөлсний дунджийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар “Журам батлах тухай” тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ийн 1.4 дэх хэсэг “...Цалин хөлсний бүрэлдэхүүн тус бүрийг дор дурдсан утгаар ойлгоно...” 1.4.1 дэх хэсэгт “...үндсэн цалин” гэж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох хөлсийг хэлнэ. Үндсэн цалинд хийснээр болон цагаар тооцсон цалин, албан тушаалын цалин, хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин, тэдгээртэй адилтгах хэлбэрээр тогтоосон бусад хөлс...”, 1.6 дахь хэсэгт “...Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно...” гэж тус тус заасан. Ажилгүй байсан хугацааны цалин дээрх журмын дагуу үндсэн цалингаас бодох зохицуулалттай ба уг аргачлалын дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодоход 8,942,255.61 төгрөг болж байна. Анхан шатны шүүх энэ талаар шийдвэр гаргахдаа хуулийг хэрхэн яаж тайлбарлаж хэрэглэсэн нь тодорхойгүй байх ба шүүхийн буруу жишиг тогтоох нөхцөл байдлыг бүрдүүлж байна. Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 126/ШШ2025/0002 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж, нэхэмжлэгч Б.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Т, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны дарга Р.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/** дүгээр “Б.О-ийг албан тушаалд томилох тухай” захирамжаар[1] Албан тушаалын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч, Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс нэрийг нь дэвшүүлсэн Б.О-ийг аймгийн Ерөнхий архитекторын албан тушаалд 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилжээ.
3. Хариуцагч нараас “...Ёс зүйн дэд хороо Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасны дагуу цугларсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, 15.1.5-д заасны дагуу Б.О-ийг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн байтал шүүхийн шийдвэрт “...аймгийн Засаг даргаас тайлбар аваагүй, Б.Б, Ц.Б нараас тайлбар авсан гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно” гэж дүгнэж байгаа нь нотлох баримт, тайлбарыг бүрэн гүйцэд үнэлээгүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь судалж бүрдүүлсэн нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлээгүй... цалин хөлсний дунджийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар “Журам батлах тухай” тушаалын хавсралтын дагуу ажилгүй байсан хугацааны цалин дээрх журмын дагуу үндсэн цалингаас бодох зохицуулалттай ба уг аргачлалын дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодоход 8,942,255.61 төгрөг болж байна...” хэмээн маргасан.
4. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/**** дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
5. Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Л-аас 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хороонд “...Б.О-ийг ажил үүргийн хувиар дуудаж газрын асуудалтай холбоотой ажлын хүрээнд албаны чиг үүргийн хувьд шаардлага тавьж уулзахад миний өрөөнд орж ирэхдээ бичлэг хийж уг бичлэгээ... Ц.Б-т үзүүлсэн байсан... арга хэмжээ авч аймгийн ерөнхий архитектор Б.О-ийг албан тушаалаас чөлөөлөх шийдвэр, дүгнэлт гаргаж өгнө үү” хэмээн гомдол[2] гаргасан байна.
6. Улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/**** дүгээр “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр[3] “...гомдлыг хянан хэлэлцээд аймгийн Ерөнхий архитектор Б.О нь аймгийн Засаг дарга П.Л болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б-ын албан өрөөнд өөрийнх нь зөвшөөрөлгүй нууцаар гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн үйлдэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “Зан харилцаа, үг үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 7.1.8-д “Байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих”, 7.1.10-т “удирдах албан тушаалтны итгэлийг дааж ажиллах” гэсэн төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.7-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэх заалтыг тус тус зөрчсөн байна. Аймгийн Засаг даргын тамгын газрын Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар аймгийн Засаг дарга П.Л-аас аймгийн Ерөнхий архитектор Б.О-д холбогдуулан гаргасан гомдлыг хянан хэлэлцээд аймгийн Ерөнхий архитектор Б.О-ийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг зөрчиж “Ёс зүйн зөрчил” гаргасан гэж дүгнэж байна” гээд аймгийн Засаг даргад хүргүүлжээ.
7. Нэхэмжлэгчээс дээрх дүгнэлт болон захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01/**** дугаар “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[4] гомдолд дурдсан асуудлаар шүүхэд хандахыг зөвлөжээ.
8. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтийг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа, эсхүл биечлэн гардуулснаар дараах этгээдэд мэдэгдсэнд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.О-д маргаан бүхий дүгнэлтийг гардуулаагүй болох нь тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3/** дугаар “Нотлох баримт гаргуулах тухай” албан бичгээр “...дүгнэлт болон захирамжийг нэхэмжлэгч Б.О-д хэрхэн гардуулж мэдэгдсэнтэй холбоотой баримтуудыг” шаардсан, үүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй болох нь тогтоогдож байна.
9. Тиймээс Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу маргаан бүхий дүгнэлтийг гардуулаагүй байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй.
10. Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор батлагдсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын 5.1-д “Дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан шалгаж шийдвэрлэнэ”, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Ёс зүйн зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад тухайн асуудал нь гэмт хэргийн, зөрчлийн, сахилгын шинжтэй бол гомдол, мэдээллийг холбогдох материалын хамт зохих байгууллага, эрх бүхий албан тушаалтанд шилжүүлнэ” гэж заасан.
11. Анхан шатны шүүхийн “...Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь зөвхөн гомдол гаргагч Хөвсгөл аймгийн Засаг даргын гомдол, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбарт үндэслэн өөр бусад нотлох баримтыг цуглуулалгүйгээр нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.
12. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах шаардлагын тухайд:
13. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/** дугаар “Б.О-ийг албан тушаалаас халах тухай” захирамжаар[5] “Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “аймаг, нийслэлийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар томилох эрхтэй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан... сонгон шалгаруулалт явуулах захиалгыг төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэж заасан. Гэвч тус сул орон тоог аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын захиалгаар албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлуулсан нь хууль бус гэж үзэж байна. Мөн Б.О нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа аймгийн Засаг даргын болон Засаг даргын Тамгын газрын мэргэжилтний албан өрөөнд нууцаар дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо дүгнэсэн тул Б-ын О-ийг Ерөнхий архитекторын албан тушаалаас 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон халж” шийдвэрлэжээ.
14. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “Төрийн захиргааны албан тушаал”, 10.3-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ” гэж заасны дагуу Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Аймгийн Ерөнхий архитектор албан тушаал нь /ТЗ-5/ ангилалд хамаарч байна.
15. Маргаан бүхий Б/** дугаар захирамжаар Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримтлан Б.О-ийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
16. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах”, 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, 47.1.3-т “Монгол Улсын харьяатаас гарсан”, 47.1.4-т “энэ хуульд заасан бусад үндэслэл” гэж заасны дагуу Хөвсгөл аймгийн Засаг даргаас Б/** дугаар “Б.О-ийг албан тушаалаас халах тухай” захирамжид Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтыг баримтлах учиртай.
17. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасны дагуу Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/** дугаар “Б.О-ийг албан тушаалаас халах тухай” захирамжид төрийн албанаас халах болсон хууль зүйн үндэслэлийг тусгаагүй байх тул уг захирамж нь бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна.
18. Нэхэмжлэгч Б.О нь аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/** дугаар шийдвэрт Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн аван 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэж байгаа нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагч нарын давж заалдах гомдлын тухайд:
19. Нэхэмжлэгчээс маргаан бүхий Б/** дугаар захирамжийг эс зөвшөөрч Ёс зүйн хороонд гомдол гаргасныг Ёс зүйн хорооны 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 4/73 дугаар албан бичгээр[6] “...гомдлоо Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж хуульчилсан тул холбогдох төрийн байгууллага болон шүүхэд энэ асуудлаар хандана уу” хэмээн нэхэмжлэгчид мэдэгдэж, улмаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01/**** дугаар “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[7] гомдолд дурдсан асуудлаар шүүхэд хандахыг зөвлөжээ.
20. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-т “Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно”, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасан.
21. Дээрх зохицуулалтаас үзвэл Б.О нь тухайн захиргааны актыг гаргасан дээд шатны захиргааны байгууллага болох Ёс зүйн хороо, Төрийн албаны зөвлөлд тус тус гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй.
22. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар “Журам батлах тухай” тушаалын хавсралтын дагуу ажилгүй байсан хугацааны цалин дээрх журмын дагуу үндсэн цалингаас бодох зохицуулалттай ба уг аргачлалын дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодоход 8,942,255.61 төгрөг болж байна гэх давж заалдах гомдлын тухайд:
23. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар “Журам батлах тухай” тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.3-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно”, 1.5-д “Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй”, 1.6-д “Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно” гэж заасан.
24. Анхан шатны шүүхээс “...ажилгүй байсан хугацаа буюу 7 сар 12 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговор болох 13.944.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.О-д олгох, уг нөхөх олговроос зохих шимтгэлийг суутган нөхөн төлүүлэхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж” энэхүү журмын дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Т, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны дарга Р.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 126/ШШ2025/0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Т, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны дарга Р.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА