Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 16

 

Ч.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00971/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 62 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.А-д холбогдох

          “16.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.А-аас:

Би өөрийн хүсэлтээр Г.А-д 10 хувийн хүүтэй ХААН банкны 5108038721 тоот дансанд 11.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Уг зээлсэн мөнгийг 2015 оны 04 дүгээр сарын 20-нд төлж барагдуулах байсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд Г.А-ээс 11.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, нийт 16.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагаас:

           Хариуцагчийн өмгөөлөгч ХААН банкнаас 3 баримт авсан байсан, түүнээс 3.860.000 төгрөгийг хасаад үлдэх хэсэг дээр эвлэрэн хэлэлцэх боломжтой гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа нэхэмжлэлийн шаардлагадаа оруулсан өөрчлөлтдөө:

            2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Г.А-д зээлдүүлсэн 11.050.000 төгрөгийн төлөөгүй үлдэгдэл 5.603.340 төгрөг дээр 2014 оны 8  дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлдүүлсэн 11.400.000 төгрөгийн төлөөгүй үлдэгдэл 6.400.000 төгрөг, нийт 12.003.340 төгрөгийг Г.А-ээс нэхэмжилж байна. Мөн Г.А-ээс алданги 5.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд зохигчдын хооронд бичгийн хэлбэрээр гэрээ хийгдээгүй байгаа тул алдангид нэхэмжилсэн 5.500.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Г.А-ээс:

Би Ч.А-ын мөнгийг хүмүүст зээлүүлж өгч, буцааж тэр хүмүүсээс аваад данс руу нь өөрийн утасны мобайл болон банкны гүйлгээгээр буцааж өгдөг байсан. Мөнгө шилжүүлсэн дансны хуулгаа хэрэгт хавсаргасан боловч надаас буцааж авсан мөнгөө тооцож хасаагүй байна. Би Ч.А-ын мөнгийг өөрийнх нь дансаар буцааж шилжүүлж өгч дууссан. Нэг удаа өөрийн дүү Ч-гийн Э-гийн данс өгч 100.000 төгрөг хийлгэсэн. Бусад мөнгийг нь өөрийнх нь данс руу хийгээд дууссан учир нэхэмжлэлийн шаардлагыг нь зөвшөөрөхгүй, гэрээ хэлцэл хийж, хүү алданги төлөхөөр тохироогүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувдаас:

          Нэхэмжлэгч өгсөн мөнгөө 2 хэсэгт хуваасан бөгөөд Г.А-ийн хувьд эхний нэхэмжилсэн 11.050.000 төгрөгөөс 8.766.000 төгрөгийг өгсөн. Сүүлд өгсөн Ч.А-ын дансны хуулга дээр 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 3.200.000 төгрөг, 1.000.000 төгрөг гэж нэг өдөр хоёр удаа мөнгө хийсэн. Ч.А- түүнийг дансны хуулга дээрээ тодруулагчаар тэмдэглэсэн боловч нэхэмжлэлдээ оруулаагүй тул 8.433.340 төгрөгөөс хасуулах саналтай байна. Мөн өмнө нь гарсан 2 сая гаран төгрөгийн асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хасуулна. 11.400.000 төгрөгөөс хасалт хийсээр байхад 2.700.000 төгрөг үлдэж байна. 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бэлэг гээд 300.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Бэлэг гэж өгсөн учраас буцааж өгөх боломжгүй тул үүнийг хасуулна. Нэхэмжлэгчийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ч.А-ын данснаас орсон боловч Энхээгээс гэж оруулсан 100.000 төгрөгийг хасуулна. Үлдэх мөнгөнөөс 2 сая төгрөгийн зөрүү, 83.000 төгрөгийн асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул ярих боломжгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 62 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Г.А-ээс  5.233.340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.А-д олгож, 3.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч  Ч.А-ын  2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банк төрийн сангийн орлогод тушаасан тэмдэгтийн хураамж 240.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А-ээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тооцогдох тэмдэгийн хураамж 98.683 төгрөгийг гаргуулан, төрийн сангийн орлогоос 90.567 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.А-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдсан гомдолдоо:

            Нэхэмжлэгч буцаан авсан мөнгөө зөв тодорхойлоогүй, дансаар авсан мөнгөө тооцож нэхэмжилснээс теллерийн үйлчилгээгээр авсан мөнгөө зөв тооцож нэхэмжилж буй мөнгөндөө оруулан тооцоогүй байсныг хариуцагч зарим нэг нотлох баримтаар нотолж баримтыг шүүхэд гарган өгч нэхэмжлэлийн шаардлагаас хасуулахыг хүссэн. Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлоогүй зээлийн гэрээ гэж шүүх шийдвэрлэсэн, гэтэл зээлийн гэрээ гэдгээ нэхэмжлэгч тал нотлоогүй байна. Мөн хүнд мөнгө зээлчихээд нэмж бэлэг гэж 300.000 төгрөгийг Г.А-д өгч байхад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна. Бусдын даалгавраар ажил үүрэг гүйцэтгэж мөнгийг нь өсгөж өгч байсны хувьд мөнгө зээлсэн гэсэн гүтгэлэгт орж 5.233.340 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй болно. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлоогүй, зээлийн гэрээ гэж үзсэн, зээлийн гэрээ гэдэг нь нотлогдоогүй байхад зээлийн гэрээ гэж үзсэн нь тодорхойгүй, нотлох баримтаар татгалзлаа нотлоод байхад нотлох баримтыг хууль зүйн үүднээс зөв үнэлж дүгнээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.А- хариуцагч Г.А-д холбогдуулж,  үндсэн зээл 11.000.000 төгрөг, алданги 5.500.000 төгрөг, нийт 16.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа  12.003.340 төгрөг болгож багасгажээ.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 8.433.340 төгрөг болгож өөрчилсөн байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч нийт өөрийн дансаар авсан болон буцааж шилжүүлсэн мөнгийг хасч тооцвол 2.833.340 төгрөг төлөх ёстой гэж маргасан байна.

Анхан шатны шүүх  зохигчдын  хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнээд 8.433.340 төгрөгөөс 3.200.000 төгрөгийг хасч тооцон хариуцагч Г.А-ээс 5.233.340 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.А-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзвэл талууд маргаж буй үндэслэлээ нотлохоор мөнгө шилжүүлсэн баримт болох ХААН банкны дипозит дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлжээ.

Хэргийн 4-7, 18-36, 72-79 дүгээр талд авагдсан эдгээр баримтаас үзвэл ХААН банкинд нэхэмжлэгч Ч.А- 5015250709 тоот дугаартай данс, хариуцагч Г.А- 5108038721 тоот дугаартай данс тус тус эзэмшдэг болно.

Талуудын 2014 оны 02 дугаар сарын 14-нөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хийгдсэн орлого, зарлагын гүйлгээг нэг бүрчлэн тооцож үзвэл нэхэмжлэгч Ч.А-ын эзэмшлийн данснаас 34.550.000 төгрөгийн зарлага гарч, хариуцагч Г.А-ийн эзэмшлийн дансруу 34.550.000 төгрөг орлого болж орсон, хариуцагч Г.А-ийн эзэмшлийн данснаас 35.286.660 төгрөгийн зарлага гарч, нэхэмжлэгч Ч.А-ын дансруу 35.286.660 төгрөг орлого болж орсон байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 8.433.340 төгрөгийн шаардлагаа ямар баримтаар хэрхэн нотолж байгаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ямар баримтаар хэрхэн нотлож байгаа нь тус тус тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар маргалдагч талууд өөрсдийн шаардлага ба татгалзлаа хэрэгт авагдсан ямар баримтаар хэрхэн нотлож байгаа нь тодорхойгүй, энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргаж чадаагүй байна гэж үзнэ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасныг зөрчсөн байх тул Давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 62 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90.560 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар  гаргуулж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ЭНХЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                              С.ОЮУНЦЭЦЭГ                                           

                                                                                                         Л.АМАРСАНАА