Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/149

 

 

   2023          02         28                                   2023/ШЦТ/149

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Б.Одонтуяа,

Шүүгдэгч С.Ү, түүний өмгөөлөгч Р.Бадмаа,

Хохирогч Т.Г, А.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Болортуяа,

Хохирогч: У.Х,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч: Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт СҮд холбогдох эрүүгийн 2203 00361 0381 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт СҮ, регистрийн дугаар ......................................................

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, маникюрчин мэргэжилтэй, “Смарт” салонд маникюрч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар  Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо Хангайн 65 дугаар гудамж 7 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 16-330 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Боржигон овогт СҮ нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг, “Зүрх” уулын замд “Toyota Alpard” маркийн 83-61 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “, 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн  ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; “, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ургаа мод мөргөж зорчигч Ц.Сүнжидмаа, А.Б, Т.Г, О.Алтанцэцэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Т.Ганхуяг, У.Х нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Ү нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Смарт салонд ороод 7 хонож байсан. Анх намайг ажилд ороход Сүнжидмаа гэдэг охин ажлынхан бөөнөөрөө агаарт гарах гэж байгаа талаар ярьж байсан. Сүнжидмаа хэлэхдээ 7 дугаар сарын 01-ний өдөр явах гэж байгаа учраас бөөнөөрөө агаарт гаръя гээд байсан учраас нэг хамт олон болж байгаа учраас агаар, салхинд гарсан. Хохирогч нарын яриагаар бол намайг л буруутгаад байна. Би үнэндээ шинэ ажилд орчихоод ажилчдыг авч яваад гэмтээе гэж бодоогүй шүү. Манай Смарт салоны хоёр дарга надаас их хэмжээний мөнгө нэхэж байгаад харамсаж байна. Би эдгээр хүмүүсийг албаар авч явж гэмтээгээгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаагүй. Би хохирогч нараас уучлалт гуйж байна. Надаас их хэмжээний мөнгө нэхэж байгаад гомдолтой байна. Хохирогч нарын нэхэмжилж байгаа хохирлоос тодорхой хэмжээний хохирлыг төлж барагдуулсан, үлдсэн хохирлыг төлж барагдуулах болно. Би хохирогч Сүнжидмаагийн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Хохирогч Ганхуягт 370.000 төгрөг төлсөн. Хохирогч У.Хгийн хувьд нэхэмжилсэн зүйл байхгүй байсан учраас би 100.000 төгрөгийг У.Хгийн ээжийнх нь данс руу шилжүүлсэн. Хохирогч Т.Г ахын данс руу 1.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Харин хохирогч А.Б эгчийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Хохирогч Алтанцэцэгийн тухайд эмнэлэгт хэвтэж байгаад эмнэлгээс гараад эмчилгээтэй холбоотой зардал мөнгийг төлсөн бөгөөд тухайн үед хэдэн төгрөг төлсөн талаарх баримтаа гаргаж өгсөн байгаа” гэв.

Тэрээр, шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:

“Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би хэрвээ хоригдох юм бол аавыгаа болон хоёр хүүхдээ асарч чадахгүй. Миний аав өвчтэй, хэзээ мөдгүй бурхан болох гэж байна. Би хоригдохгүй бол хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах болно. Шүүхээс шүүхийн шийтгэл тогтоол гарсны дараагаар хохирогч нарын үлдсэн хохирлыг төлж барагдуулах болно. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Т.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би С.Үгаас 34.760.000 төгрөг нэхэмжилж байна. Миний нэхэмжилж байгаа үнийн дүнд эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө болон эмчилгээний зардлууд бинт, боолт гээд бүх зардлууд бүгд багтсан байгаа. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр болох 421.200 төгрөг болсон. “Хаппи брайтэйс” гэх эмнэлэгт өвчүүний зураг авхуулсан зургийн үнэ болох 162.000 төгрөг, эмийн сангаас эм, боолт, бинтний мөнгө нийтдээ 1.661.675 төгрөг болсон. Миний төрсөн дүү болох Ганхөлөг нь 12 хоногийн хугацаанд ажлаа алдаж намайг сахисан. Манай дүүгийн ажлаа хийхгүй байсан хугацааны цалин болох 720.000 төгрөг. Манай байгууллагын сар бүрийн түрээс болох 13.662.000 төгрөг, такси үйлчилгээний болох 494.640 төгрөг, миний олох ёстой орлого болох 7.371.709 төгрөг болсон. Би ослын үед ухаан алдаж унасны улмаас 950.000 төгрөгөөр авсан гар утсаа хэргийн газраас алдсан учраас шинээр 850.000 төгрөгөөр утас авсан учраас гар утас худалдаж авсан мөнгө болох 850.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би сая хагалгаанд орсон. Жилийн дараа хагалгааны төмрөө авахуулахтай холбогдуулан гарах зардал болох 1.000.000 төгрөг. Би энэ ослын улмаас ажлаа хийж чадахгүй, орлогогүй болсон учраас түрээсийн мөнгө болон хоол хүнсний мөнгөө хүнс болон наад захын хэрэглээний мөнгө болох 7.700.000 төгрөгийг Болд гэдэг хүнээс зээлсэн” гэв.

Хохирогч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би аваарт орсноосоо хойш байнгын толгой өвдөж байна. Уржигдар гэхэд яаралтай түргэн тусламж болох 103 дуудаж үзүүлсэн. Би байнгын толгойны эм ууж байна. Би цүнхээрээ дүүрэн эм авч явдаг болсон. Би удахгүй хамрын хагалгаанд орох гэж байгаа. Би эмнэлэгтээ оочир дугаараа аваад шинжилгээгээ өгсөн байгаа. Шинжилгээ өгсөнтэй холбогдуулан гарсан зардлын талаарх баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байна. Би маш их гомдолтой байна. Би нийтдээ С.Үгаас 8.515.799.төгрөг нэхэмжилж байна. Үүнээс гэмтлийн эмнэлгээс гараад хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэнтэй холбогдуулан гарсан зардал болох 1.423.782 төгрөг болсон. Эм тарианы мөнгөнд 2.177.615 төгрөг. Хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа тул 3.000.000 төгрөг шаардлагатай байгаа. Эмчийн хэлснээр хагалгааны зардал гэж 3.000.000-4.000.000 төгрөг болно гэж хэлсэн. Бүтэн норкозонд орсны дараагаар хагалгаанд орно гэж хэлсэн. Миний хамрын яс цөмөрсөн байдалтай, тухайн үед хавирга хугарсан, шүд хугарсан. Мөн сүүлд мөрдөгчид хохирлын баримтууд гаргаж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгчтэй хохирлын баримтуудын талаар тооцоогоо нийлүүлсэн. 8.515.799 төгрөг нэхэмжилж байгаагаас 1.000.000 төгрөг авсан. Одоо 7.515.799 төгрөг нэхэмжилж байна. Нэг гэр бүлийн хоёр хүн хохироод байхад биднийг тоохгүй байж байгаад хэзээ хойно буюу саяхан 1.000.000 төгрөг надад өгсөн” гэв.

Хохирогч У.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Смарт салонд ажилласан хоногийнхоо цалинг аваагүй. Би цалингаа Т.Г ахаас авах ёстой байсан хэдий ч адилхан осолд орсон учраас нэхэж чадаагүй. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надад гомдол санал байхгүй. Би машинаа 3.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Тухайн мөнгөө төлж барагдуулсан. Би тухайн аваар осол болсон цаг хугацаанаас хойш хохирогч нартай холбоо бариад туслах боломжийнхоо хирээр тусалж байсан. Харин Т.Г, А.Б хоёрын тухайд бол бидний ярьж байгаа зүйлийг огт авч хэлэлцээгүй. Биднийг хэлэх, хэлэхгүй үгээр хэлээд байсан. Манай эхнэр рүү чи л буруутай, чамаас болсон гээд үг хэлүүлэхгүй загнаад, бидний үгийг сонсоогүй байж өнөөдрийн шүүх хуралдаан дээр Т.Г болон А.Б нар нь бидэнд анхаарал тавиагүй аятай юм  ярьж байгаад гайхаж байна. Манай эхнэрийн хувьд ч гэсэн тухайн үед орсон шокноосоо гараагүй байсан. Би улирлын чанартай ажил болох бригадад ажилладаг болохоор 10 сар гээд амарчихдаг. Манай ажил амарснаас хойш уурхайд ажиллаж байна. Өөрийнхөө цалин, мөнгөнөөсөө хохирогч нарт боломжоороо хохирлын мөнгө өгөөд явж байгаа. Би өчигдөр шөнө ажлаасаа ирсэн” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч О.Алтанцэцэгийн “Би 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Смарт” салонд хамт ажилладаг хүмүүстэй салхинд гарахаар болоод Нарантуул-2 худалдааны төв дээрээс мах шөл, ууж идэх юмаа аваад Үүрийнтуяагийн 83-61 УБЕ улсын дугаартай Тоёота Алфарт маркийн тээврийн хэрэгсэлтэй Ханхүүгээр машиныг жолоодуулаад хөдөлсөн. Тэгээд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх уулын тэр хавьд модон дунд очиж зогсоод саадан дунд саравчинд сууж хорхог хийж  идээд архи ууж сууж байгаад бид нар бөөндөө уулын орой дээр алхаж гараад тэндээ сууж байгаад доошоо буухаар болоод байж байсан чинь Ханхүү Үүрийнтуяагийн машиныг жолоодоод Хуягаа бид 3 хамт дэлгүүр орж тамхи авчихаад уулан дээр гараад ирсэн чинь Үүрийнтуяа “яах гэж машин гаргаж ирсэн юм” гээд уурлаад уулнаас буухаар болоод бүгд машинд суугаад хөдлөх гэж байсан чинь Үүрийнтуяа өөрөө машинаа жолоодох гээд түлхүүрээ эрүүл жолоочоос нэхсээр байгаад авсан юм. Тэгээд өөрөө машинаа жолоодоод уулнаас буух үед бороо ороод зам гулгаатай байсан тул шарваад эхлээд хажуу талаараа мод мөргөөд урдаа байсан жижиг модыг мөргөөд зогсох үед бид нар “машинаас бууцгаая” гэх үед Үүрийнтуяа машинаа ухраагаад дахин урагшлах үед уулын уруу шарваад чигээрээ явсаар байгаад мод мөргөж зогссон...” гэх мэдүүлэг /1хх 37 дугаар тал/,

Хохирогч Т.Гантулгын “...Би 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Смарт” салонд хамт ажилладаг хүмүүсийн хамт салхинд гарахаар болсон юм. Тухайн үед манай салонд ажилладаг Үүрийнтуяагийн машинаар явахаар болсон бөгөөд хотоос холгүй ойрхон явъя гээд Чингэлтэй хайрханы хойно байдаг Зүрх уулын бэлд гоё модтой саад байдаг юм гээд тийшээ явсан. Тэнд очоод бид нар хоол унд хийж идээд авч очсон архиа хувааж уугаад байж байсан чинь хамт явсан хүмүүс уулын орой дээр гарч архи уухаар болоод дээшээ явган алхаж гараад байж байсан чинь Үүрийнтуяагийн машиныг Ханхүү жолоодоод уулын орой дээр гараад ирсэн чинь Үүрийнтуяа уурлаад миний машиныг яах гэж уулан дээр гаргаж ирсэн юм гээд бид нар явахаар болсон. Тэгээд уулнаас буух гээд бид нар машинд орж ирээд суучихсан байхад Үүрийнтуяа машинаа өөрөө жолоодоно гээд эрүүл байсан Ханхүүгээс түлхүүрээ булааж аваад машинаа асаагаад шууд хөдөлсөн, бид нар болиоч согтуу байж гэж хэлсэн боловч удалгүй мод мөргөж осол гаргасан...” гэх мэдүүлэг /1 хх 33 дугаар тал/,

Хохирогч Т.Гантулгын дахин өгсөн “ ... Нэмэлт шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд нэмэлт дүгнэлтэнд миний өвчүү, шүд орсон боловч эгэмний хугарал ороогүй. Эмчийн тайлбарласнаас уушигны рентген зургаар эгмэнд өөрчлөлтгүй гэж хэлсэн. Уг нь бол эгэм хугараад бороолж эдгэсэн байгаа. Шинжээчийн зүгээс дахин зураг авхуулж авчирсан тохиолдолд эгэмний хугарлын талаар дүгнэлт гаргах боломжтой гэж хэлсэн. Миний зүгээс одоо эмнэлгээр явахаас үнэхээр залхаж байна. Тэгж явах зав чөлөө байхгүй учраас зураг авахуулаагүй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Ослын улмаас хугарсан 2 гар орой болохоор янгинаж өвддөг, ахуйн ойр зуурын хүнд юм өргөх, хоол хүнс цуглуулах, машин дугуй солих ажлаа ч хийж чадахгүй болсон. 4 настай хүүхдээ хөтөлж яваад унахад нь өргөөд босгож чадахгүй байна. Манай бага охин надад ааваа та гараа хурдан эдгээгээч айлын аавууд хүүхдээ тэврээд цэцэрлэгт нь өгч байна гэж ярихыг нь сонсоход ч хэцүү байдаг. Үүрийнтуяад маш их гомддог. Түүнээс болж эхнэр бид 2 маш их хохирч байна. Мөн шөнө нойр хүрэхээ больсон. 2 гар сойлттой удаан явснаас болж хүлүү ар хэсгээрээ, мөрөөр хөшиж байнгын зовиуртай байгаа ... Миний хувьд 2022.06.30-ны өдөр осолд орж, ГССҮТ-д 12 хоног хэвтэн эмчлүүлж байгаад наадмын өдөр эмнэлгээс гарсан. Намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд шүүх эмнэлгээс ирж, шинжээч эмч үзээд явсан. Наадмын үеийн олон хоногийн амралт дууссаны маргаашийн ажлын өдөр болох 07 сарын 18-ны нэгдэх өдөр цагдаагаас дуудсаны дагуу Тээврийн цагдаагийн албан дээр эхнэрийн хамт очиж мэдүүлэг өгсөн. Ингэж очихдоо мэдүүлэг өгч, гарын үсгээ зурж баталгаажуулсан. Тухайн үед өгсөн миний мэдүүлэг хавтаст хэргийн 30-с 33 дахь хуудсанд байна. Хохирогчоор тогтоосон тогтоол, эрх үүрэг тайлбарласан баталгаа, мэдүүлэгт зурсан гарын үсгүүд нь миний гарын үсэг мөн байна. Тухайн үед ослын улмаас миний 2 гар хугарч гипсдүүлж, сойлт хийлгэсэн байсан учраас гарын үсэг зурахад маш их хүндрэлтэй байсан. Үүнээс хойш 2022 оны 7 сарын сүүлээр шиг санагдаж байна хэргээс харахад 7 сарын 30-ны өдөр гэж тэмдэглэгдсэн байна. Мандах цагдаа мөн эхнэр бид хоёрыг дуудаж шинжээчийн дүгнэлттэй танилцуулж гарын үсэг зуруулсан. Дүгнэлттэй танилцаад би өвчүү, эгэм, шүдний хугарлын талаар тусгагдаагүй байна. Дахин дүгнэлт гаргуулъя гэж хэлэхэд дахин дүгнэлт гаргуулаад нэмэргүй адилхан л хүндэвтэр гарна ажлын садаа тэгэх шаардлагагүй гэж хэлсэн. Хууль мэдэхгүй учраас тэгдэг л байх гэж ойлгоод явсан. Мөн тухайн үед гар эдгээгүй гарын үсэг зурахад хүндрэлтэй балаа ч барьж чадахааргүй байсан. Хавтаст хэргийн 91, 95 дэх хуудсанд зурагдсан гарын үсгийг би тэр үед очихдоо зурсан. Миний гарын үсэг мөн байна. Үүнээс хойш мөрдөгч, огт дуудахгүй байж байгаад 20-д хоногийн дараа дуудахаар нь явж очиход хэргийг прокурорт шилжүүлж байгаа гарын үсгээ зур гэснийх нь дагуу гарын үсэг зурж байсан. Тэр зурсан гарын үсэг нь 205 дахь хуудсанд зурагдсан байна. Тухайн үед бол мөрдөгч нь өөрөө маш их яаруу сандруу хэргийг прокурорт шилжүүлэх шаардлагатай байгаа гэсний дагуу хальт гүйлгэж уншсан болоод л гарын үсэг зурсан. Миний хувьд хавтастай хэрэг ч даахааргүй эргүүлж уншиж ч чадахааргүй байсан. Одоо ч бараг наад хавтастай хэргийг чинь даахааргүй байна. Тэгээд шинжээчийн дүгнэлтэндээ өвчүү, эгэм, шүдний гэмтлээ тусгуулмаар санагдаад эхнэртэйгээ ярилцаж өмгөөлөгч авахаар шийдээд өмгөөлөгч Болортуяаг энэ хэрэгт өмгөөлөгчөөр авсан. Өмгөөлөгч хэргийн материалыг бүгдийг нь хуулбарлаж аваад компьютер дээрээс бид 2-т үзүүлсэн. Тэгэхэд гарын үсэгнүүд нь арай өөр харагдаад байхаар нь өмгөөлөгчдөө энэ талаараа хэлж байсан. Харин сая хэрэг дээр үзүүлж байгаа гарын үсэгнүүдийг яг цаасаар нь тулгаж харахад гарын үсэгнүүд нь минийх мөн байна. Тухайн үед гар хугархай байсан учраас гарын үсгээ муу зурж байсан. Ямар ч байсан хэрэгт байгаа гарын үсэгнүүд нь минийх мөн байна... Мөрдөн байцаалтын шатанд миний эрх ашиг зөрчигдсөн зүйл байхгүй. Нэмэлт шинжээч томилуулах хүсэлтэй байсан. Тэрийгээ томилуулаад дүгнэлтээ гаргуулсан. Одоо дүгнэлттэй болон гарын үсэгтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй болно” гэх мэдүүлэг /3 хх 8-9 дүгээр тал/,

Хохирогч Ц.Сүнжидмаагийн “...Үүрийнтуяаг тээврийн хэрэгсэл жолоодохыг шахаж шаардсан, айлган сүрдүүлсэн, дарамталсан хэн нэгэн байхгүй,... осол гарах үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан Үүрийнтуяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба их согтолттой байсан. Би осол гарах үед хойд талын суудап дээр сууж явсан ба хамгаалах бүс хэрэглээгүй байсан...”, би гомдолтой байна. Тухайн зам тээврийн осолтой холбоотой гарсан эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг / 1хх 22 дугаар тал/,

Хохирогч А.Бын “...Бид нар Үүрийнтуяаг уулан дээрээс согтуу машин жолоодох гээд байхаар нь болиулаад түлхүүрийг нь Ханхүүд өгүүлчихээд машинд суусан чинь Үүрийнтуяа түлхүүрээ авчихсан машинаа жолоодоод эхэлсэн ..., Осол гарах үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан Үүрийнтуяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба дунд дунд согтолттой байсан. Тухайн зам тээврийн осолтой холбоотой гарсан эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилнэ...”гэх мэдүүлэг /1хх 29 дүгээр тал/,

Хохирогч А.Бын дахин өгсөн “ ... Миний хувьд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр осолд орж, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад 7 хоноод гарсан. Гэртээ эмчилгээ хийлгэхэд толгой өвдөж, маш их зовиуртай байсан тул хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан. Энэ хугацаанд хэрэгт мэдүүлэг тайлбар өгч чадаагүй байж байгаад нөхрийгөө мөн эмнэлгээс гарсны дараа мөрдөгчийн дуудсаны дагуу 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Тээврийн  цагдаагийн албан дээр очиж Мандах гэх цагдаад мэдүүлэг өгсөн. Мөн манай нөхөр  ч гэсэн өгсөн. Ингэж очихдоо мэдүүлэг өгч, гарын үсгээ зурж баталгаажуулсан байх ёстой. Тухайн үед өгсөн миний мэдүүлэг хавтаст хэргийн 27-29 дэх хуудсанд байна. Хохирогчоор тогтоосон тогтоол, эрх үүрэг тайлбарласан баталгаа, мэдүүлэгт зурсан гарын үсгүүд нь миний гарын үсэг мөн байна. Үүний дараа 2022 оны 7 сарын сүүлээр шиг санагдаж байна. Мандах гэдэг цагдаа мөн нөхөр бид 2-г дуудаж шинжээчийн дүгнэлттэй танилц гэсний дагуу очиж шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцахад миний биед хүндэвтэр гэсэн дүгнэлт гарсан байсан. Дүгнэлтэнд миний шүдний талаар дурьдагдаагүй, мөн манай нөхрийн дүгнэлтэнд өвчүү, эгэм, шүдний хугарал нь тусгагдаагүй байгаа тул дахин шинжээч томилж өгч болох уу? гэж асуухад мөрдөгч, хугарал адилхан хүндэвтэр гарна ялгаа байхгүй, гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй гэж хэлээд явуулсан. Тухайн үед бид өмгөөлөгчгүй байсан, хууль мэдэхгүй учраас нэмэлт шинжээч томилж болдог талаар мэдээгүй ... Хавтаст хэргийн 58, 89 дэх хуудсанд зурагдсан гарын үсгийг би тэр үед очихдоо зурсан. Миний гарын үсэг мөн байна. Үүнээс хойш мөрдөгч, огт дуудахгүй байж байгаад нэг удаа дуудахаар нь явж очиход хэргийг прокурорт шилжүүлж байгаа гарын үсгээ зур гэснийх нь дагуу яаруу сандруу гарын үсэг зурж байсан. Тэр зурсан гарын үсэг нь 204 дэх хуудсанд зурагдсан байна. Тухайн үед бол мөрдөгч нь өөрөө маш их яаруу сандруу хэргийг прокурорт шилжүүлэх шаардлагатай байгаа гэсний дагуу хальт гүйлгэж уншсан болоод л гарын үсэг зурсан. Нөхөр ч мөн адил, ингээд бодохоор мөрдөн байцаалтанд 3 удаа очиж мөрдөгчтэй уулзсан байна. Эхнийх нь мэдүүлэг, өгөх, 2 дахь нь шинжээчийн дүгнэлттэй танилцах 3 дахь хэргийн материалтай танилцахаар очиж уулзаж байсан. Хамгийн сүүлд уулзахад мөрдөгчийн харилцаа огтоос таалагдаагүй бөгөөд нөхөр бид 2 ер нь хоорондоо ярилцаад өмгөөлөгч авах нь зүйтэй юм байна гээд өмгөөлөгч Болортуяаг авсан. Өмгөөлөгч хэргийн материалыг бүгдийг нь хуулбарлаж аваад компьютер дээрээс бид 2-т үзүүлсэн. Тэгэхэд гарын үсэгнүүд нь арай өөр харагдаад байхаар нь өмгөөлөгчдөө энэ талаараа хэлж байсан. Харин сая хэрэг дээр үзүүлж байгаа гарын үсэгнүүдийг яг цаасаар нь тулгаж харахад гарын үсэгнүүд нь минийх мөн байна. Би ослоос хойш байнгын толгой өвддөг юмыг амархан мартаж санаад байдаг болчихоод байгаа юм. Мөрдөгчийг дуудаж байх үед осолд ороод удаагүй бие тэнхрээгүй байсан учраас болж байсан үйл явдлуудаг сайн санахгүй байсан. Ямар ч байсан хэрэгт байгаа гарын үсэгнүүд нь минийх мөн байна ... Миний хувьд цагдаа дээр шалгагдаж байхад шинжээчийн дүгнэлттэй танилцаж хүндэвтэр гэмтэл тогтоогдлоо гэсний дагуу шүдний талаар тусгагдаагүй байгааг мөрдөгчдөө хэлэхэд огт тоохгүй байсан. Хэргийн материалтай танилц гээд зузаан хавтастай зүйл өгсөн. Тэр үед эрүүл мэндийн байдал маш муу байсан учраас тэрийг уншаад суугаад байх боломж байгаагүй. Дээрээс нь хууль мэдэхгүй учраас түүнийг уншаад уншаад би яах ёстойгоо ч мэдэхгүй шүү дээ. Тийм учраас хальт эргүүлж уншсан болж байгаад гарын үсгээ зурсан ... С.Үд маш гомдолтой байна. Баримтаар тогтоогдсон 5,515,799 төгрөг цаашид хамрын хагалгаанд орох 3 сая төгрөг нийт 8,515,799 төгрөгийг нэхэмжилнэ. Үүрийнтуяа энэ мөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүй байгаа” гэх мэдүүлэг /3хх 5-6 дугаар тал/,

Насанд хүрээгүй хохирогч У.Хгийн “...Үүрийнтуяа эгчийн 83-61 УБЕ улсын дугаартай Тоёота Алфарт маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдлөх гэж байсан чинь хамт явсан хүмүүс бүгд архи уугаад машинаа надаар бариулахаар болоод би машиныг жолоодоод хөдөлсөн. Тэгээд Тулгаа ах зам заагаад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын тэр хавьд модон дунд очиж зогсоод саадан дунд сууж хорхог хийж идээд, архи ууж байгаад бүгд нилээн согтоод байж байсан чинь Хуягаа Алтанцэцэг эгчийн хамт Үүрийнтуяа эгчийн машиныг би жолоодоод дэлгүүр орж тамхи ундаа авчихаад буцаад уулын орой дээр машинтайгаа гараад ирсэн чинь үлдсэн хүмүүс хоорондоо маргалдаад байсан. Тэгээд Үүрийнтуяа явъя гэж уурлаад тэнд байсан хүмүүсийг машиндаа суулгаад машины түлхүүр Тулгаа ахад байхад Хуягаа ах бид хоёроос машины түлхүүрээ нэхээд намайг чимхээд байсан. Тэгээд өөрөө машинаа жолоодоод уулнаас буух үед бороо ороод зам гулгаатай байсан тул шарваад эхлээд хажуу талаараа мод мөргөөд зогсох үед дотор нь сууж явсан хүмүүс орилоод, болиоч машинаас бууцгаая гэх үед Үүрийнтуяаг эгч машинаа ухраагаад дахин урагшлах үед уулын уруу шарваад чигээрээ явсаар байгаад мод мөргөсөн...” гэх мэдүүлэг /1хх 18 дугаар тал/,

Хохирогч Т.Ганхуягийн “Би 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Смарт салонд хамт ажилладаг Ханхүү, Тулгаа, Болороо, Алтанцэцэг, Сүнжидмаа, Үүрийнтуяа нарын хамт салхинд гарахаар болоод Нарантуул-2 худалдааны төв дээрээс мах шөл, ууж идэх юмаа аваад хоёр машинтай хөдлөх гэж байсан чинь Болороо, Сүнжидмаа, Үүрийнтуяа нар “хоёр машинтай яваад яах юм бэ, нэг машинтайгаа явъя” гээд Үүрийнтуяа эгчийн 83-61 УБЕ улсын дугаартай Тоёота Алфарт маркийн тээврийн хэрэгсэлтэй Ханхүүгээр машин жолоодуулаад хөдөлсөн. Тэгээд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо “Зүрх” уулын тэр хавьд модон дунд очиж зогсоод саадан дунд сууж хорхог хийж идээд архи ууж сууж байгаад уулын орой алхаж гараад сууж байгаад доошоо буухаар болоод Ханхүү машинаа авч бүгд машинд суугаад хөдлөх гэж байсан чинь Үүрийнтуяа “өөрөө машинаа жолоодоно” гээд түлхүүрээ нэхсээр байгаад авсан юм. Тэгээд өөрөө машинаа жолоодоод уулнаас буух үед бороо ороод зам гулгаатай байсан тул шарваад эхлээд хажуу талаараа мод мөргөөд зогсох үед дотор нь сууж явсан хүмүүс “машинаас бууцгаая” гэх үед Үүрийнтуяа машинаа ухраагаад дахин урагшлах үед уулын уруу шарваад чигээрээ явсаар байгаад мод мөргөж зогссон...” гэх мэдүүлэг /1 хх 14 дүгээр тал/,

Иргэний хариуцагч Ж.Оын “...Toyota Alphard маркийн 83-61 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Тайгын булаг” ХХК-ны эзэмшилд байдаг юм. Би 2021 оны 12 дугаар сард тухайн байгууллагад машинаа барьцаалж 3.000.000 төгрөгийн зээл авч байсан юм. Би осол гарсан өдөр Toyota Alphard маркийн 83-61 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн эхнэр Үүрийнтуяад жолоодуулах зөвшөөрөл өгсөн. Би бусдад учирсан гэм хорыг төлж барагдуулна ...” гэх мэдүүлэг /1хх 45 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Н.Уранбайгалийн “...Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын замд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 18 цаг 00 минутын орчимд Toyota Alphard маркийн 83-61 УБЕ тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явахдаа мод мөргөж осол гаргасан хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Сүнжидмаа, Т.Г, У.Х, Т.Ганхуяг, А.Б, С.Ү, О.Алтанцэцэг нар нь 2022 оны 07 дугаар сард Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 4.634.000 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 20 өдрийн 04/3616, 04/3621, 04/3615, 04/3620, 04/3619, 04/3617, 04/3622 дугаартай албан бичиг, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч С.Үгаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /1хх 54 дүгээр тал/,

2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Мөрдөгчийн 779 дугаар магадалгаанд: “Жолооч С.Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, мөн дүрмийн Арван хоёр 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэжээ /1хх 181-182 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9564 тоот дүгнэлтэнд: “У.Хгийн биед тархи доргилт, баруун шуу, сарвуу, тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /1хх 67-68 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9524 тоот дүгнэлтэнд: “Ц.Сүнжидмаагийн биед баруун шуу ясны далд хугарал, 2 гуяны цус хуралт, баруун өвдөгний нөсөө гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /1хх 73-74 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9500 тоот дүгнэлтэнд: “А.Бын биед зүүн 6,7-р хавирганы хугарал, хамар ясны хугарал, хамрын нуруу, баруун нүдний дээд зовхи, баруун шилбэнд шарх, хоёр нүдний зовхи, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /1хх 86-87 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9504 тоот дүгнэлтэнд: “Т.Гантулгын биед зүүн атгаал, баруун богтос ясны зөрөөтэй шүдэлсэн далд хугарал, /зүүн атгаал, баруун богтос ясыг хадах мэс заслын дараах байдал 2022.07.04/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр авто ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /1хх 92-93 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9519 тоот дүгнэлтэнд: “Т.Ганхуягийн биед зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун мөрөнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэжээ / 1хх 98-99 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10123 тоот дүгнэлтэнд: “О.Алтанцэцэгийн биед ууцны 2-р нугалмын зүүн латерал дээд ирмэг, 3-р нугалмын зүүн латерал доод ирмэгийн сэлтэрсэн хугарал, бүсэлхийн 4-5 нугалмын жийргэвчийн цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэжээ /1хх 104-105 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №19 тоот дүгнэлтэнд: “Т.Гантулгын биед зүүн атгаал, баруун богтос ясны зөрөөтэй, шүдэлсэн далд хугарал, /зүүн атгаал, баруун богтос ясыг хадах мэс заслын дараах байдал 2022.07.04/ гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд зүүн атгаал, баруун богтос ясны зөрөөтэй, шүдэлсэн далд хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр авто ослын үед үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /3хх 16-18 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №20 тоот дүгнэлтэнд: “А.Бын биед зүүн 6,7-р хавирганы хугарал, хамар яс, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамрын нуруу, баруун нүдний дээд зовхи, баруун шилбэнд шарх, хоёр нүдний зовхи, баруун зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цээжний зүүн 6,7-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамар яс, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамрын нуруу, баруун нүдний дээд зовхи, баруун шилбэнд шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /3хх 23-25 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №100 тоот дүгнэлтэнд: “А.Бын биед зүүн 6,7-р хавирганы хугарал, хамар яс, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамрын нуруу, баруун нүдний дээд зовхи, баруун шилбэнд шарх, баруун, зүүн дээд 1-р /11,21/ шүдний эмтрэл, баруун дээд 4-р /14/ шүдний талласан хугарал, хоёр нүдний зовхи, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цээжний зүүн 6,7-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамар яс, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамрын нуруу, баруун нүдний дээд зовхи, баруун шилбэнд шарх, баруун, зүүн дээд 1-р /11,21/ шүдний эмтрэл, баруун дээд 4-р /14/ шүдний талласан хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр нүдний зовхи, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй” гэжээ /3хх 34-37 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №101 тоот дүгнэлтэнд: “Т.Гантулгын биед зүүн атгаал, баруун богтос ясны зөрөөтэй, шүдэлсэн далд хугарал, /зүүн атгаал, баруун богтос ясыг хадах мэс заслын дараах байдал 2022.07.04/, өвчүү ясны их биеийн зөрүүгүй хугарал, зүүн доод 5-р /35/ шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх зүүн атгаал, баруун богтос ясны зөрөөтэй, шүдэлсэн далд, өвчүү ясны их биеийн хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн доод 5-р /35/ шүдний хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр авто ослын үед үүсэх боломжтой” гэжээ /3хх 42-45 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-10 дугаар тал/,

Шүүгдэгч С.Үгийн гэрчээр өгсөн “...би 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би Смарт салонд хамт ажилладаг 6 хүний хамт нөхөр Оюунбаатарын эзэмшлийн 83-61 УБЕ улсын дугаартай Тоёота Алфарт маркийн тээврийн хэрэгсэлтэй салхинд гарахаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх ууланд очиж мах шарж идээд архи уусан юм. Тэгээд бид нар машинаа уулын энгэрт орхичихоод уулын орой руу надтай хамт 3 хүн явган алхаж гарсан чинь манай салоны үсчин Ханхүү манай машиныг жолоодоод дэлгүүр орж архи тамхи авчихаад уулын орой руу машин жолоодоод гараад ирсэн байсан. Тэр үед бид нараас ганцхан эрүүл архи уугаагүй хүн нь Ханхүү байсан юм. Тэгээд би яах гэж машин бариад яваад байгаа юм бэ гээд Ханхүүд уурлаад бид нар миний машинд сууж уулнаас буухаар болоод би тээврийн хэрэгслийг жолоодоод уруудаж байсан чинь өвсөн дээр машин шарваад дотор нь сууж явсан хүмүүс орилоод хажууд сууж явсан Ханхүү миний жолооны хүрдийг булаацалдаад хажуу талаараа мод гуядаад урд байсан том модыг машины урд хэсгээр мөргөж осол гаргасан. Осол гарах үед бид нар нийт 3 шил архи уусан байсан бөгөөд би дунд зэргийн согтолттой байсан ...”  гэх мэдүүлэг /1 хх 56 дугаар тал/,

Хохирогч нараас гаргасан хохирлын баримтууд /2хх 5-21, 22-45, 122-156, 191-207 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 62/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх 61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 64/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт судлагдаагүй, шүүгдэгч, түүний өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтын талаар хүсэлт, гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Боржигон овогт Сэргэлэнбатын Үүрийнтуяа нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг, “Зүрх” уулын замд “Toyota Alpard” маркийн 83-61 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “, 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн  ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; “, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ургаа мод мөргөж зорчигч Ц.Сүнжидмаа, А.Б, Т.Г, О.Алтанцэцэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Т.Ганхуяг, У.Х нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч О.Алтанцэцэгийн мэдүүлэг /1хх 37/, хохирогч Т.Гантулгын мэдүүлэг /1хх 33 дугаар тал/, хохирогч Т.Гантулгын дахин өгсөн /3хх 8-9 дүгээр тал/, хохирогч Ц.Сүнжидмаагийн мэдүүлэг /1хх 22 дугаар тал/, хохирогч А.Бын мэдүүлэг /1хх 29 дүгээр тал/, хохирогч А.Бын дахин өгсөн мэдүүлэг /3хх 5-6 дугаар тал/, насанд хүрээгүй хохирогч У.Хгийн мэдүүлэг /1хх 18 дугаар тал/, хохирогч Т.Ганхуягийн мэдүүлэг /1 хх 14 дүгээр тал/, иргэний хариуцагч Ж.Оын мэдүүлэг /1хх 45 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Н.Уранбайгалийн мэдүүлэг /1хх 54 дүгээр тал/, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Мөрдөгчийн 779 дугаар магадалгаа /1хх 181-182 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9564 тоот дүгнэлт /1хх 67-68 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9524 тоот дүгнэлт /1хх 73-74 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9500 тоот дүгнэлт /1хх 86-87 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9504 тоот дүгнэлт /1хх 92-93 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9519 тоот дүгнэлт / 1хх 98-99 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10123 тоот дүгнэлт /1хх 104-105 дугаар тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №19 тоот дүгнэлт /3хх 16-18 дугаар тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №20 тоот дүгнэлт /3хх 23-25 дугаар тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №100 тоот дүгнэлт /3хх 34-37 дугаар тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №101 тоот дүгнэлт /3хх 42-45 дугаар тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-10 дугаар тал/, Шүүгдэгч С.Үгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх 56 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.     

Энэ нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч Т.Ганхуяг, У.Х нарын биед хөнгөн хохирол, хохирогч Ц.Сүнжидмаа, А.Б, Т.Г, О.Алтанцэцэг нарын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч С.Ү нь  замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ автомашин жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Тодруулбал, энэхүү гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байгаа нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж, харин энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн нь хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон байна. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл:

 Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, саналдаа: “... шүүгдэгч С.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогч Ц.Сүнжидмаагийн хувьд хохирлын талаар баримт ирүүлээгүй учраас шүүгдэгч С.Үгийн зүгээс 500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн байх тул хохирогч Ц.Сүнжидмаад төлөх хохирол төлбөр байхгүй байна. Харин хохирогч Т.Ганхуягийн зүгээс 371.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 360.000 төгрөгийг хохирол төлсөн байх тул шүүгдэгч нь хохирогч Ганхуягт төлөх хохирол төлбөр байхгүй байна. У.Х иргэний нэхэмжлэгчийн хувьд хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гомдол, саналгүй гэдгээ шүүх хуралдаан дээр илэрхийлсэн учраас шүүгдэгч С.Үгийн зүгээс төлөх төлбөргүй байна. Хохирогч А.Бын хувьд 8.515.799 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн байна. Хохирогч А.Бт 1.000.000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн байна. Хохирогч А.Бын гаргаж өгсөн баримтууд дотроос 3.000.000 төгрөгийн баримт нь хамрын хагалгааны зардал гэх боловч энэ талаарх баримт байхгүй байгаа учраас гаргуулах үнийн дүнгээс хасуулж, шүүгдэгч С.Үгаас 4.515.799 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Бт олгуулах саналтай байна. Хохирогч Т.Гантулгын хувьд 34.760.000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилдэг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч С.Үгаас төлсөн гэх 1.800.000 төгрөгийн хохирол төлбөрийг хасаад 32.960.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж байгаа боловч эмчилгээний зардлууд болох эмийн сангаас авсан эмнүүд, хайппи гэх эмнэлэг болон такси үйлчилгээний зардал болон сахиурын хөлс гэх зардлуудыг тооцоод 4.307.315 төгрөгийг шүүгдэгч С.Үгаас гаргуулах саналтай байна. Цаашид хагалгаанд орох шаардлагатай байгаа гээд нэхэмжилж байгаа мөнгө болох 1.000.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Мөн түрээсийн мөнгө болох бусдаас зээлсэн мөнгө болох олох ёстой орлого зэргийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй байгаа учраас гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна ...” гэсэн болно.

Хохирогч Т.Г, А.Б нарын өмгөөлөгч Б.Болортуяагаас: “Гэм буруугийн хувьд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас гэм буруугийн асуудал дээр тусгайлан хэлэх зүйлгүй. 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр энэ асуудал болоогүй байсан бол хохирогч нар иймэрхүү байдлаар хохирох байсан уу? гэдэг асуудал яригдана. Улсын яллагчийн хохирлын талаарх саналыг дэмжихгүй байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар бусдад учруулсан гэм хорыг арилгах талаар заасан байдаг. Гэм хор гэдэгт хохирогчийн дутуу авсан цалин хөлс болон асарч сувилсан зардлыг хохирогчид зайлшгүй төлөх үүрэгтэй талаар заасан байдаг. Яагаад энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг гаргаж өгсөн бэ? гэхээр гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн болон хайпи бритайл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримт болон сахиурын мөнгө зэргийг улсын яллагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Харин миний үйлчлүүлэгч нарын ажлын газрын түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прадокст байрлах үсчин гоо сайхны газрыг сар бүр 3.415.000 төгрөгөөр түрээсэлж байхаар түрээсийн гэрээг байгуулсан учраас түрээсээ цаг тухайд нь төлөөд явж байсан. Манай үйлчлүүлэгч нарын түрээсийн гэрээний дагуу түрээсээ төлөөд явж байсан баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн байгаа. Хэрвээ тэр цаг хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй байсан бол тухайн объектоо алдах байсан. Хэрвээ түрээсийн төлбөрөө төлж чадахгүйн улмаас, ажлын байраа алдсан бол хаана амьдарч, хаана ажиллаж, мэргэжлийнхээ ур чадварыг гаргах байсан бэ?. Миний үйлчлүүлэгч болох Т.Г, А.Б нар нь мастер үсчингүүд бөгөөд олон улсын тэмцээнд оролцож байсан хүмүүс юм. Хэдийгээр эмчилгээ хийлгээд, хэвтэрт байсан цаг хугацаандаа түрээсийн төлбөрөө төлөх ёстой ном журмын дагуу төлсөөр ирсэн билээ. Түрээсийн төлбөр болох 13.662.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “Хаан банк”-ны дипозит дансны хуулга гэдэг бол Т.Гантулгын данс нь дотор 18.000.000 төгрөг байсан болох нь нотлогддог. Т.Г болон А.Б нарын хувьд олох ёстой орлого нь багассан учраас тухайн мөнгийг өөрсдийнхөө хэрэгцээнд зарцуулсан. Мөн ажиллаж байсан 4 сарын хугацаанд олсон орлогыг дансны хуулгаараа баталгаажуулаад олох ёстой байсан орлогоо нэхэмжилсэн байдаг. Үүнийг бас шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байх гэж үзэж байна. Энэ хэрэг гарах үед Т.Г нь өөрийн барьж байсан гар утсаа алга болгосон учраас түүнийг олох боломжгүй байх тул шинэ гар утас 850.000 төгрөгөөр авсан тул түүнийхээ баримтыг гаргаж өгсөн тул тухайн гар утасны мөнгийг гаргуулах нь зүйтэй байна. Ер нь бол овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ?. Ослын үйлдлийн хувьд хоёр удаа хийгдсэн. Тоормосны мөр 44 мерт гарсан байдаг. Хөл дээрээ зогсож чадахгүй байж машин барьж үйлдэл гаргасан. С.Үгийн хувьд хохирогч нар минь амьд байгаад баярлаж байна гээд залбирах ёстой байхад өнөөдрийн шүүх хуралдаан дээр хохирогч нар надаас их мөнгө нэхлээ гэж ярьж байгаад гайхаж байна. 1 жилийн дараа хагалгаанд орохтой холбогдуулан гарах зардал болох 1.000.000 төгрөгийн тухайд түүнийг заавал гаргуулах шаардлага байхгүй байна. Миний үйлчлүүлэгч нарын тухайд эрүүл мэндээ хэвийн байдалд орох хүртэл баримтаа бүрдүүлээд Иргэний журмаар жич нэхэмжлэхийг нээлттэй үлдээж өгнө үү. Хохирогч нарын нэхэмжилж байгаа хохирогч Т.Гантулгын зүгээс нэхэмжилж байгаа 31.860.840 төгрөгийг гаргуулж өгнө үү. Харин хохирогч А.Бт 7.515.099 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч С.Үгийн өмгөөлөгч Р.Бадмаагаас: “...Шүүгдэгч С.Үгийн хувьд өөрийнхөө үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нараас уучлалт гуйсан байдаг. С.Үгийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учруулсан нь түүний буруу юм. Хохирогч нарын гаргаж өгсөн нотлох баримтын дагуу хохирлыг төлж барагдуулах болно. Энэ хэрэг гарах болсон шалтгааны талаар яръя. Гэхдээ С.Үг өмгөөлж, хамгаалаагүй юм шүү. Тухайн үед явж байсан хүмүүс бүгдээрээ архи уусан байдаг. Зөвхөн С.Ү ганцаараа архи уугаагүй байдаг. Яагаад архи уусан эмэгтэй хүнээр жолоо бариулаад байгаа юм бэ?. С.Үг ямар нэгэн байдлаар хорьж цагдаад машин жолоодуулах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Т.Гантулгын тухайд албан байгууллагыг ахалж яваа хүн. Байгууллага хамт олноороо ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахад байгууллагын дарга гэдэг бол байгууллагынхаа ажилчдыг хариуцдаг, хамгийн их хариуцлагатай байж аюулгүй байдлаа хангах ёстой байдаг. Тухайн үед бүгдээрээ ууж, идсэн байж миний үйлчлүүлэгч ганцаараа ууж, идсэн юм шиг ингэж хандаж болохгүй. Байгууллагын даргын тухайд дээрх нөхцөл байдлыг анхаарч явсан бол зохистой байсан юм. Хохирлын асуудал дээр учиргүй маргахгүй байгаа хэдий ч нэхэмжилж байгаа 43 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад хохирогч нарын нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан байгаа. Одоо хохирогч Т.Г болон А.Б хоёрын хохирлыг төлж барагдуулаагүй байна. Хохирогч Т.Г болон А.Бын хувьд хохирлыг өндөр нэхэж байна уу гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч хохирлын тооцооны акт гаргасан байдаг. Хавтаст хэрэгт баримтаар нотлогдон, тогтоогдож байгаа баримтуудыг нэг гаргаад, нотлох баримтгүй баримтуудыг нэг тусад нь гаргаж өгнө үү гэж хэлсэн. Мөрдөгчийн гаргасан тооцооллоос харахад эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримтууд болон эмчилгээтэй холбоотой баримтууд байна. Мөн түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад үзэхэд нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байна. Тухайн үед алга болгосон гар утсаа нэхэмжлээд байгаад гайхаж байна. Т.Гантулгын гар утсыг С.Ү авсан гэдгийг хэн нотлох юм бэ?. Мөн түүнчлэн олох ёстой байсан орлогоо нэхэмжилж байна. Хэрвээ олох ёстой байсан орлогоо нэхэмжилж байгаа бол албан ёсны тооцоо гаргадаг байгууллагаар гаргуулах ёстой байсан. Тамга тэмдэг байхгүй байдлаар баримт гаргасан байна. Хэрвээ олсон орлогынхоо татвар төлсөн байдлаар нотлогдох ёстой хэдий ч татвар төлсөн баримтыг гаргаж өгөөгүй байна. Мөн шүдний талаар баримт гаргаж өгч байна. Тамга тэмдэг байхгүй, он сар байхгүй баримт гаргаж өгсөн байна. Мөн үйл ажиллагаа явуулж байгаа байраа түрээсэлж байгаа талаар түрээсийн гэрээг гаргаж өгч байна. Бидний зүгээс хохирлыг төлөхгүй гэж хэлээгүй. Хохирлын хувьд хохирогч Т.Г болон А.Б нарын зүгээс нэхэмжилж байгаа хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирлын асуудал дээр улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч болох С.Үгийн зүгээс хохирогч Т.Гд өгсөн 1.800.000 төгрөг болон хохирогч А.Бт өгсөн 1.000.000 хасаж тооцож өгнө үү ...” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч С.Ү нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, хохирлын зарим хэсгийг төлсөн ба хохирол төлөхөө илэрхийлсэн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогч Ц.Сүнжидмаад шүүгдэгч С.Үгийн зүгээс 500.000 төгрөгийн хохирлыг, хохирогч Т.Ганхуягт 360.000 төгрөгийг хохирлыг тус тус төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Үг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Ү нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгаж, шүүгдэгч С.Ү нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, “Улаанбаатар хот”-оос гарахгүй байх хязгаарлалт тогтоосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Ү нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих, мөн шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг санууллаа.

Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч С.Үгийн №1343054 дугаартай жолооны үнэмлэх ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

Гурав:Бусад асуудлын талаар: Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт

Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж тус тус заасан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно...,

Хуулийн 3 дахь хэсэгт ...хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно... гэж,

мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй... гэж зааснаар шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, түүний нотлогдсон байдлыг харгалзан хэсэгчлэн хангах, зарим нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.

Шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг хохирогч нарт шүүх хуралдаан дээр тайлбарласан болно.  

Шүүгдэгч нь хохирогч Ц.Сүнжидмаад 500.000 төгрөгийн хохирлыг, хохирогч Т.Ганхуягт 360.000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн.

Хохирогч У.Х нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй, тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн болно.

Хохирогч А.Б нь хавтас хэрэгт нийт баримтаар 8 515 799 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүх хамрын хагалгаанд орох зардал 3 000 000 төгрөгийг гэмт хэргийн улмаас шууд гарсан бодит хохиролд тооцох боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхих, шүүгдэгч С.Үгын хохирогчид шилжүүлсэн 1 000 000 төгрөгийг хохирол төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс 4.515.799 төгрөгийг шүүгдэгч С.Үгаас гаргуулж хохирогч А.Бт олгуулах,

мөн хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогч Т.Г нь 34.760.000 төгрөгийг шүүгдэгч С.Үгаас нэхэмжилсэн бөгөөд шүүхээс эм тариа, сахиур, такси үйлчилгээ зэрэг 4 307 315 төгрөгийн хохирол, хор уршгийг гэм буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн  шүүгдэгч С.Ү нь 1.800.000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны үед төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээс хасч тооцох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 652 685 төгрөгийг хохирол, хор уршгаас  шүүх олох байсан орлого 7 371 709 төгрөг,  түрээсийн гэрээ 13 662 000 төгрөг хохирол, Empire эмнэлгийн эмчилгээний зардал 90 000+150 000+240 000=480 000 төгрөг, нэг жилийн дараа хагалгаанд орох зардал 1 000 000 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас шинээр авсан гэх самсунг S-10 гар утасны зардал 850 000 төгрөг, мөн ажлаа хийж чадахгүй болсноос 2022.09.20-ны өдөр зээлийн гэрээгээр Д.Болд гэх хүнээс 7 000 000 төгрөг 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн зэрэг хохирол, хор уршиг нэхэмжилснийг шүүх энэ хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхгүй юм.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Сүнжидмаа, Т.Г, У.Х, Т.Ганхуяг, А.Б, С.Ү, О.Алтанцэцэг нар нь 2022 оны 07 дугаар сард Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 4.634.000 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 20 өдрийн 04/3616, 04/3621, 04/3615, 04/3620, 04/3619, 04/3617, 04/3622 дугаартай албан бичгүүдээр тус тус нотлогдож байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль:

12 дугаар зүйл.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх

12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:

12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлэхээр хуулчилсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардал болох 4.635.800 төгрөгийг шүүгдэгч С.Үгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт СҮг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Үг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Ү нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай.

6. Шүүгдэгч С.Ү нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, “Улаанбаатар хот”-оос гарахгүй байх хязгаарлалт тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Ү нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих, мөн шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

8. Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч С.Үгийн №1343054 дугаартай жолооны үнэмлэх ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Үгаас хохирлын 4.515.799 төгрөгийг гаргуулан хохирогч А.Бт, 2 507 315 төгрөг хохиролыг гаргуулж хохирогч Т.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 850 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

10. Хохирогч Т.Г, А.Б нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4.635.800 төгрөгийг шүүгдэгч С.Үгаас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.

12. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

14. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Үд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ