Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар     2023/ШЦТ/139

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         01         26                                  2023/ШЦТ/139

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Зовогт *******-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2303 00030 0032 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 43 настай, эрэгтэй. дээд боловсролтой, улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, Эко Элетроникс ХХД-д ахлах инженер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхон 8-76 тоотод оршин суух урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай, З овогт ******* /РД:.................... /           

            Холбогдсон хэргийн талаар:

            Яллагдагч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 09 цаг 58 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сандэй төвийн баруун замд Тоёота Приус маркийн 35-42 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарж байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч унадаг дугуйтай зам хөндлөн гарч байсан Б.Б-ы эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн /нэр/ үзүүлэлтүүд /хх-ийн 3-9 дэх тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-ы өгсөн: "Тухайн үед буюу 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 09 цаг 58 минутын үед ажилруугаа орох гээд Sunday плазагийн ертөнцийн зүгээр баруун талын замын явган хүний гарцаар зам хөндлөн гарч явхад приус маркийн машин миний баруун талаас мөргөсөн тэгээд би газарт унаад босч ирсэн унахдаа би замын хашлага мөргөөд унасан тэгээд баруун гарны дээд хэсгээр өвдөж байсан. Тэгэхэд жолооч нь бууж ирээд эмнэлэг явъяа гээд байж байхад 103 болон цагдаа нар ирээд түргэний эмч намайг үзээд гэмтэл явж үзүүл гэсэн тэгээд цагдаа нар хэмжилт хийсний дараагаар би хүүгээ дуудаад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун гарын дээд хэсгээр хугарсан байна гэж хэлж байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дахь тал/.

            Иргэний хариуцагч *******-ийн өгсөн: “Би 2021 оны 10 сард Неткапитал ББСБ-с 23.000.000 төгрөгийн зээлээр худалдан авч байсан. ...жолооч талын урд их гэрлийн шил нь хагарч цуурсан. Бусдад учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Би хохирогчид 3.000.000 төгрөг өгсөн байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 18 дахь тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 325 дугаартай шинжээчийн дүгнэлт дэх "Б.Б-ы биед баруун атгаал ясны далд хугарал, зүүн өвдөгний зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            ******* нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 09 цаг 58 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сандэй төвийн баруун замд Тоёота Приус маркийн 35-42 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Орбитын замд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 09 цаг 58 минутын үед "Тоёота Harrier" маркийн 9359 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарж байгаа болон гархаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч унадаг дугуйтай зам хөндлөн гарч байсан Б.Б-ы эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, *******-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 325 тоот дүгнэлт, Автотээвэрийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2022 оны 12 угаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 50717 дугаар дүгнэлт, хохирол төлсөн баримт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд  нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэг, шүүгдэгч түргэн тусламж дуудаж эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна. хохирогчид гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирч баримтаар эмчилгээний зардал нэхэмжлээгүй байна.

 

Шүүгдэгч *******-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч нь хохирогч Б.Б-ы эмчилгээний зардалд 3,000,000 /хх-ийн 48, 53 дахь тал/ төлөгдсөн байх бөгөөд хохирол гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын дүгнэлт: “ *******-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөө торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв.

Шүүх шүүгдэгч *******-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохироол нөхөн төлсөн хохирогч гомдол саналгүй /хх-ийн 53 дахь тал/, шүүгдэгчийн гаргасан хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 75 дахь тал/ зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд 500 нэгжэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт *******-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА