Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 001/2020/00007/И |
Дугаар | 001/ХТ2021/01490 |
Огноо | 2021-12-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2021/01490
2021 12 07 001/ХТ2021/01490
“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 143/ШШ2020/00007 дугаар шийдвэр,
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 203/МА2020/00006 дугаар магадлалтай,
“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй
............д холбогдох
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,676,280 төгрөг 46 мөнгө, нотариатын зардалд 6,000 төгрөг, нийт 20,682,280 төгрөг 46 мөнгө гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэлийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч “............” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ............, ............ нар нь “............”-ны Өмнөговь салбарын Цогтцэций тооцооны төвөөс 2014.09.02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зээл авч, 2017.02.10-ны өдөр, 2017.07.27-ны өдөр, 2018.04.12-ны өдөр, 2018.06.29-ний өдөр тус тус өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл авсан бөгөөд мөн 2018.08.22-ны өдөр ЗГ/201843829293 дугаартай зээлийн гэрээ байгуулан 17,558,363.75 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 2,000,000 төгрөг нийт 19,558,363.75 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хашааны хаалга хийх зориулалтаар тус тус авсан. Зээлдэгч ............нь 2018.08 дугаар сард зуурдаар нас барсан. Зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг хөрөнгийг тус тус барьцаалуулсан. ...Зээлдэгч ............ нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2019.10.10-ны өдрийн байдлаар нийт 273 хоног хугацаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа, банкнаас зээл төлөх мэдэгдлийг 2019.04.23-ны өдөр хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд 1. 2018.08.22-ны өдөр ЗГ/2018/43829293 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах. 2. 2019.10.10-ны өдрийн байдлаар, 2018.08.22-ны өдөр ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 17,265,293.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,342,565.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 68,421.12 төгрөг нийт зээлийн төлбөрт 20,676,280.46 төгрөг гаргуулах, үүн дээр нотариатын төлбөр 6,000 төгрөг нийт зээлийн болон нотариатын төлбөрт 20,686,280.46 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. 3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д ...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч ............ас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байна. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэл анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. ............, ............ нар нь 2014.09.02-ны өдрөөс эхлээд 6 удаа нийт 27,500,000 төгрөгийн цалингийн зээлийг авч ашигласан байдаг. Уг зээлийн үлдэгдэл 2019.10.10-ны өдрийн байдлаар 17,265,293.36 төгрөг байгаад хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 3,332,565.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 68,424.12 төгрөг, зээл хүүгийн төлбөр нь нийт 20,676,280.46 төгрөгийн үлдэгдэл байгаа. 2018.08.27-ны өдрийн ЗГ201833829293 гэсэн тоот зээлийн гэрээний 2.1.3 дахь хэсэгт зээл олгох хэлбэр нь зээлдэгчийн “............” ХХК дахь дансаар шилжүүлснээр тухайн зээлийг олгосонд тооцно гээд хүлээн зөвшөөрөөд хариуцагч ............ нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учраас энэ зээлийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөн өнөөдөр өгсөн нэмэлт нотлох баримт дээр 2017.08.16-ны өдөр авсан 3,500,000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл, 2017.07.27-ны өдөр авсан 3,000,000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл, 2018.04.12-ны өдөр нэмэлтээр авсан 12,000,000 төгрөгийн цалингийн зээл, 2018.06.29-ний өдөр нэмэлтээр авсан 2,000,000 төгрөгийн цалингийн зээл, 2018.08.22-ны өдөр нэмэлтээр авсан 2,000,000 төгрөгийн цалингийн зээл ингээд нийт 5 зээлийн гэрээгээр хариуцагч ............ нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж тухайн зээлийг хамтарч аваад төлөх үүргийг хүлээж гарын үсэг зурсан байгаа. Үндсэн зээлдэгч ............2018.08 дугаар сард нас барснаас хойш хамтран үүрэг гүйцэтгэгч ............ нь нийтдээ 4 удаа зээл хүүгийн төлбөрт нийтдээ 1,752,619.42 төгрөг төлсөн. Энэ нь нэхэмжлэлтэй хамт өгсөн зээлийн бүртгэлийн карт болон зээлийн дансны хуулга дээрээс харагдаж байгаа. Хамтран үүрэг гүйцэтгэгч ............ нь уг зээлийн төлбөрийг төлж байсан. Иймд манай банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............нь “............” ХХК-ийн Өмнөговь аймаг салбараас зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгч буюу ............ нь тухайн зээлд хамтран үүрэг гүйцэтгэгч болохыг хүлээн зөвшөөрөөд уг зээлийг цаашид төлөгдөж дуусах хүртэлх хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцаж тухайн зээлийг төлж барагдуулахаар гэрээнд заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч гэрээ зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг хариуцах үүрэгтэй учраас чөлөөлөгдөх үндэслэл байхгүй. Үүрэг гүйцэтгэхээр оролцохгүй, гэрээнд гарын үсэг зурахгүй, зээлийг авахгүй гэсэн бол тухайн үед хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохгүй байх эрх нь нээлттэй байсан. Тухайн зээлийг авах хүсэл сонирхол байсан учраас хэн аль нь “............” ХХК-д хүсэлтээ гаргаад зээлийн гэрээ нь тухайн өдрөө байгуулагдаад явж байсан. Харин тухайн харилцаанд оролцогч нь хууль болон гэрээнд заасан үүргээ үнэн ч шударгаар биелүүлээгүй тохиолдолд хууль болон гэрээнд зааснаар үүргээ хүлээнэ гээд тухайн үед гэрээнд гарын үсгээ зурсан. Энэ гэрээг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг хариуцагч нар өөрсдөө хүлээх үүрэгтэй. ............, ............ нар цалингийн орлого барьцаалаад өрхийн хэрэглээний зориулалтаар тухайн зээлийг авсан нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл буцаан төлөх хуваарь, зээлийн гэрээний хүсэлтүүд, мөнгө шилжүүлсэн баримт, зээлийн дансны хуулга, талуудын тайлбар зэргээр нотлогдож байгаа. Зээлдэгч нас барснаар зээлийн гэрээ дуусгавар болох талаар гэрээн дээр ямар нэгэн харилцан тохиролцсон, зохицуулалт байхгүй. Хамтран хүлээх үүрэг нь гэрээ болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар зохицуулагдаад тухайн хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрх нь банканд байгаа учраас тухайн нэхэмжлэлийг ............д холбогдуулан гаргасан. Зээлдэгч ............, ............ нар нь гэр бүлийн хүмүүс. Тухайн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар тухай бүрд нь авсан байдаг. Анх зээл авахад ............ нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил бичиг баримтыг зээлийн гэрээний нөхцөлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд зээлийн гэрээний 3-т заасан хамтран үүрэг гүйцэтгэгч үндсэн үүрэг гүйцэтгэгчийн нэгэн адил эрх үүргийг ухамсарлаж ойлгосны үндсэн дээр зээлийн гэрээг байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч мөн юм. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч банк нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хариуцагч талаас зээл олгогдсон бол зээлдэгч ............, ............ нарын тус тусын дансанд зээл олгогдсон байх ёстой гэж байна л даа. Энэ бол тийм асуудал байхгүй. Тухайн зээл авах нөхцөл бололцоог хангасан бол тухай бүр зээлдэгч бүрийн нэр дээр тусгайлан данс нээх боломж байхгүй. Зээлдэгч тус болгоны дансан дээр зээл олгогдоно гэсэн зүйл байхгүй. 2014 оноос эхлээд ............нь байнгын ............ ХХК-тай цалингийн зээл авч харилцаж байсан. Цалингийн зээл авах болгонд хамтран үүрэг гүйцэтгэгчээр ............ нь оролцоод тухайн зээлийн үлдэгдэл, цаашид яаж төлөх талаар өөрөө хүлээн зөвшөөрөөд эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулна гэдэг байдлаар хүсэл зоригоо илэрхийлээд зээлийн гэрээнүүдийг тухай бүрд нь байгуулж байсан. Хамгийн гол тухайн зээлдэгч хувь хүний өөрийнх нь хэрэгцээний дагуу олгогдоогүй. Өрхийн хэрэглээний зориулалтаар, ахуйн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай байсан учраас, тухайн ............гэдэг өрх гэр тухайн зээлийг авч ашиглаж байсан учраас хамтран үүрэг гүйцэтгэгч ............ас хуульд заасан үндэслэлээр нэхэмжилж байгаа. Түүнээс ............д өөрт нь зээл олгож байна гэдэг байдлаар ............ын харилцах дансанд эсхүл ............д тусдаа данс нээгээд зээлийг олгосон зүйл байхгүй. Зөвхөн тухайн зээл олгогдсон бол банканд тусгай данс нээгээд тухайн дансаар зээлийг олгож байсан. “............” ХХК-ийн Өмнөговь салбар хамгийн сүүлд 2018.08.22-ны өдөр зээлдэгч ........................ нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж нийтдээ 19,558,363.78 төгрөгийг 38 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй цалингийн орлого барьцаалан өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлдэгч нараас гаргасан хавсралт 8 гэсэн маягт, зээлийн гэрээний нөхцөлүүд, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн данс нээх баримт, талуудын тайлбараар нотлогдож байна. Зээлдэгч ............нь өмнө нь тус банкнаас цалингийн зээл авч байсан. Өмнөх зээлийн үлдэгдэл 17,558,363.78 төгрөгийг нэмж хамгийн сүүлд 2018.08.22-ны өдөр 2,000,000 төгрөгийг зээлийг авахад хамтран үүрэг гүйцэтгэгч ............ нь өмнөх зээлийн үлдэгдэл болон нэмж авч байгаа 2,000,000 төгрөгийг хэрэгцээ шаардлага байна гэж үзээд тухайн зээлийн гэрээний бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр тухайн зээлийн гэрээ байгуулагдсан. Гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон. Мөн 2019.04.26-ны өдөр ............ны Өмнөговь салбарт зээлийн хүүг зогсоолгох хүсэлт гаргасан. Тухайн үед зээлийн үлдэгдэл нь 17,000,000 төгрөг байгаа. Түүнийгээ хүлээн зөвшөөрөөд зөвхөн миний амьдрал ахуй нөхцөл байдлыг харгалзан үзээд зээлээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байгаа. Ийм зээлдэгч ............, ............ нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нар мөн юм. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийнхөө үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хэвээр гэж зааснаар нэхэмжлэгч “............” ХХК-ийн Өмнөговь салбар хамтран үүрэг гүйцэтгэгч ............ас зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй юм. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 20,682,280.46 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Тухайн үед авагдсан зээлийн гэрээнүүд болгон дээр үлдэгдэл зээлийг нь өөрөө хүлээн зөвшөөрөөд нэмэлтээр ийм төгрөгийн зээл авъя, энэ зээл нь манай өрх гэрийн ийм хэрэглээнд шаардлагатай гээд дандаа хүсэл зоригоо илэрхийлээд тухайн гэрээний заалтыг бүрэн дүүрэн ойлгож ухамсарласны үндсэн дээр тухайн гэрээ байгуулагдаж байсан. Түүнээс банк иргэний эрх зүйн чадвар чадамжгүй этгээдтэй гэрээ байгуулаагүй. Зээлийн гэрээнд зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгч нар оролцсон болохоос биш тухайн зээлийн гэрээн дээр батлан даагч буюу батлан дааж энэ гэрээнд оролцож байна гэдэг байдлаар оролцоогүй юм. Тухайн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийн нэгэн адил эрх үүргийг хэрэгжүүлэх үүрэг хүлээх юм. Энэ зээлийг манай өрх гэрт ийм шаардлага бий болсон учраас энэ шаардлагаа хангахын тулд тухай бүр өөрсдөө хүсэлтээ гаргаад үлдэгдэл төлбөрөө хүлээн зөвшөөрөөд нэмэлт зээлүүдийг авч байсан. Нотлох баримтын хувьд зээлийн бүртгэлийн карт нь программаар программчлагдаад тухайн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг программ өөрөө тодорхойлоод гаргаж ирдэг учраас зүгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа шиг теллер ч юм уу, менежер ч юм уу хэн нэгэн банкны ажилтан өөрөө тодорхойлоод тэмдгийг дарж байгаа асуудал биш. “............” ХХК-ийн тамга тэмдэгтэй тухайн дансны хуулгыг аль ч шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээд, тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй гэдэг байдлаар шийдвэрлээд явж байгаа. Тийм учраас тухайн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зээлийн гэрээний 2.1.2 дахь хэсэгт банк нь цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүн буюу цалингийн зээлийг барьцаалаад тухайн зээлдэгчид өрхийн хэрэглээний зориулалтаар тухайн зээлийг олгосон гэдэг нь гэрээн дээрээс тодорхой харагдаж байгаа. ............тэй гэрээ байгуулж байсан асуудал байхгүй. Магадгүй ............тэй байгуулагдаж байсан бол тухайн харилцаа нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт заасны дагуу дуусгавар болох байсан байх. Гэтэл тухайн гэрээ нь үндсэн зээлдэгч хамтран зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгч гэж ............ас шаардаж байгаа учраас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэг заасны дагуу хүлээх үүрэг хэвээрээ байгаа. ............гээс зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа биш. Хамтран үүрэг гүйцэтгэгч ............ нь зээлдэгчийн нэгэн адил үүрэгтэй учраас тухайн гэрээний үлдэгдлийг төлж барагдуулах үүрэгтэй юм. Энэ үүрэг нь гэрээ болон хуулийн тусгай зохицуулалтаар зохицуулагдсан байгаа учраас ............ас нэхэмжлэлийн шаардлагыг шаардах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “............” ХХК нь 20,682,280.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг зээл хэзээ хэнд олгогдсон, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцож гаргасан нь нэхэмжлэлд тодорхой тусгагдаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Манай зүгээс 2018.08.22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Уг гэрээний дагуу шаардах эрх үүсэх юм бол эхлээд мөнгөн төлбөр буюу зээлийг зээлдэгчид хүлээлгэж өгсөн байх шаардлагатай. Хамтран зээлдэгч гэдэг утгаараа ............д энэ зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгөөгүй. Чухам талийгаач ............д шилжүүлж өгсөн эсэх нь тодорхойгүй. 2019.11.21-ний өдөр би шүүхэд гаргасан тайлбартаа энэ баримт чинь байгаа бол гаргаж өгөөч ээ, ийм баримт алга байна, энэ гэрээний үүргийг эхлээд банкны зүгээс биелүүлсэн эсэх нь тодорхойгүй байна гэсэн тайлбарыг гаргасан боловч өнөөдрийг хүртэл мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгсөн ямар нэгэн баримт байхгүй байна. Эхний ээлжинд банкны зүгээс зээл олгосон эсэхээ тодорхойлохгүй байхад манайх ямар нэгэн байдлаар төлөх үүрэг үүсэхгүй. Гагцхүү гэрээнд гарын үсэг зурснаар шаардах эрх үүсдэггүй. Дээрээс нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр тайлбарлаад байдаг. Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх юм бол, хэрвээ банкны зүгээс энэ мөнгийг олгосон баримтаа гаргаад ирчихсэн, олгосон байлаа гэж үзэхэд ............ бол зөвхөн энэ 2,000,000 төгрөг дээрээ хариуцлага хүлээх асуудал байгаа гэсэн үг. Бусдаар энэ 17,558,000 төгрөг хаанаас юу гарж ирээд байгаа, юун үлдэгдэл юм. Энэ үлдэгдлийг ............ыг төлөх ёстой гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Энд зөвхөн 2,000,000 төгрөг дээр л хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан байгаа. Тийм учраас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Журмаараа ............д олгох шаардлагагүй, ............д олгодог гэж тайлбар хэлж байна. Нотлох баримтаар ............д олгосон гэдэг баримт ч байхгүй байгаа. Гэрээ байгуулснаар шаардах эрх үүсэхгүй, гэрээнийхээ дагуу зээлийн олголтыг хийчхээд дараа нь шаардах эрх үүсэх асуудал яригдана гэсэн үг. Би дүгнэхдээ ............ нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, энэ зээлийн гэрээнд заасан мөнгийг олгоогүй юм байна гэж үзэж байна. 2019.04.16-ны өдөр ............ас гаргасан зээлийн хүүг зогсоож өгнө үү агуулгатай хүсэлт гаргасныг нотлох баримтаар шинжлэн судлууллаа. Гэтэл ............ нь 1, 2-р ангиасаа сургуулиас гарчихсан, аливаа зүйлийн учир ойлгохгүй, бичиг үсэг муутай хүнийг та нар л өөрсдөө ийм гэрээний төлбөр байгаа, чи тэдэн төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, түүнийг чи төлөх ёстой гэж хэлсээр байгаад ийм ойлголтод хүргэчихсэн болохоос яг албан ёсны байдлаар танай талийгаач энэ зээлийг тэдэн сарын тэдний өдөр ингэж хүлээж авсан байна гэсэн баримтыг ерөөсөө үзүүлэхгүй өнөөдрийг хүртэл явж байгаа. Тийм учраас тухайн хүсэлтийг үндэслэж зээлийн төлбөрийг төлнө гэж нотлохгүй. Дээрээс нь зээлийн дансны хуулгаар зээл авсан гэж нотлогдоно гэж тайлбарлаж байна. Зээлийн дансны хуулга хавтаст хэргийн хүрээнд авагдсан байдаг боловч тухайн зээлийн дансны хуулгуудын хувьд нэг талаас хэргийн оролцогч өөрийнхөө ажилтны тамга дарж баталгаажуулж гаргаж ирсэн баримтыг нотлох баримтаар үнэлж тухайн үйл баримтыг үнэхээр болсон юм гэх нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь “............” ХХК, өөрийнхөө ажилтны тамга дарчихсан гарын үсэгтэй баримтыг туйлын нотлох баримт юм гэж үзэх боломжгүй. Харин гэрээ шиг эх хувиас нь хуулбарлаад нотариатаар гэрчлүүлсэн зүйл байсан бол одоо нотлох баримтын хэмжээнд авч үзэж үнэлэх боломжтой. Хамтран үүрэг гүйцэтгэгч буюу ............ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан субъект юм гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс ач холбогдолгүй гэж үзэж гэрээнийхээ агуулгыг тайлбарлахаас татгалзсан байгаа. Ерөөсөө үндсэн зээлдэгч зээлийн үндсэн төлбөрийг ямар нэгэн маргаангүйгээр хуваарийн дагуу төлөөд явж байхад хамтран үүрэг гүйцэтгэгчээс ямар нэгэн шаардлага гаргадаггүй юм байна гэсэн агуулгатай заалт зохицуулалтууд байдаг. Иргэний хуулийн 459 дүгээр зүйлд батлан даалтын гэрээний хэлбэрийн тухай заасан байгаа. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28.1, 28.2 дахь хэсэгт зааснаар Иргэний хуулийн 459 дүгээр зүйлд заасны дагуу батлан даагчтай гэрээ байгуулна гэж заасан байгаа. Хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр байгуулна гэж Иргэний хуульд заасан байгаа. Тусгайлсан салбарын хуульд зайлшгүй бичгээр байгуулахыг заасан. Гэрээний агуулгыг харахаар ............ нь хамтран үүрэг гүйцэтгэгч биш батлан даагч баймаар ч юм шиг зүйл заалтууд яваад байдаг. Энэ талаар гэрээнд тусдаа гэрээ байгуулсан зүйл байхгүй учраас энэ агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зээл гэдэг бол мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчээс олгоно, зээлдэгч түүнийг хүлээж авна, ашигласан хугацаандаа тохирсон хүү төлөх үүрэг хүлээдэг харилцаа. Гэтэл аваагүй. Хуулийнхаа дагуу мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд батлан даалтын гэрээг нь бичгээр байгуулаад эрх үүргийг нь танилцуулаад явуулах ёстой байсан боловч бичгээр энэ гэрээг байгуулалгүйгээр хамтран үүрэг гүйцэтгэгч гээд тухайн хэлцлийнхээ талуудын тохиролцсоноос өөр байдлаар ойлгомжгүй нэр томьёо ашиглаад хамтран үүрэг гүйцэтгэгч гээд биччихсэн. Батлан даагч биш гэсэн байдлаар тайлбар хэлж байна. Миний өмнөх тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс дэмжиж байгаа юм байна. ............ нь буруу зөрүү ойлголттой байсан. Би энэ хүнтэй уулзаад зөвлөгөө өгөөд итгэмжлэлээр төлөөлөх үеэсээ тайлбарлаад өөрөө төлөөлөөд орж ирж байгаа. Тиймээс тухайн үед энэ хүний буруу ойлголттой байсан, авчихсан гэсэн ойлголттой байхдаа төлж байсан зээлийн үйл баримт дээр тулгуурлан энэ хүнийг бүх үүргийг хүлээн зөвшөөрч байна гэдэг байдлаар тайлбарлаж болохгүй. Хүний байр суурь тодорхой хугацааны дараа өөрчлөгдөх боломжтой. Тийм учраас ............ын 2019.04 дүгээр сард байсан байр суурийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэдэг байдлаар шүүх хуралдаанд тайлбарлаж болохгүй гэжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 143/ШШ2020/00007 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ............ ХХК-ий 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээг цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэг зааснаар нэхэмжлэгч ............ ХХК-ийн хариуцагч ............ас 20.682.280 төгрөг 46 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ............ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 361 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 203/МА2020/00006 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 143/ШШ2020/00007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, 2 дугаар заалтыг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1,2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар ............д холбогдох ............ ХХК-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 261361 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэл хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.3-д “...Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасан байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар өгсөн зээлдэгч нартай өмнө нь байгуулсан зээлийн гэрээ, ............эхнэр ............ын хамт цалингийн тодорхойлолтоо гаргаж судлуулсны үндсэн дээр орлогоо барьцаалж зээл авсан бөгөөд ............гийн цалин орлогыг дангаар нь тооцоход зээлдэгч өөрийн хүссэн хэмжээний мөнгийг авах боломжгүй учраас анх зээлийн гэрээ байгуулагдах үед хамтран үүрэг гүйцэтгэгч ............ оролцсон бөгөөд тэрээр хамтран зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч 2019.04.26-ны өдөр үндсэн зээлийн төлбөрийг төлж, зээлийн хүүнээс чөлөөлүүлэх хүсэлт гаргасан байхад нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. 1. ............гийн үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэх ............д хариуцуулах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна…” гэсэн дүгнэлтийн тухайд: Иргэний хуулийн 13.1, 40.1, 40.3-т тус тус хуульчилсан байна. Зээлдэгч ............г “............”-ны Өмнөговь салбараас 2014 оноос эхлэн удаа дараа зээл авахад ............ хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохыг хүлээн зөвшөөрч цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцна гэдгээ илэрхийлж, гэрээнд үүрэг хүлээж, гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон тул гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй. Зээлдэгч нар тус банкнаас өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан ба өмнөх зээлийн үлдэгдэл 17,558,363.75 төгрөг дээр нэмж 2018.08.22-ны өдрийн зээлийн гэрээгээр 2,000,000 төгрөг нэмж зээлэхэд мөн л хамтран үүрэг гүйцэтгэгч ............ гэрээнд заасан нөхцөл болон өмнөх зээлийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан ба тухайн зээлүүдийг гэр бүлийн, өрхийн хэрэглээний буюу сар шинийн хэрэгцээ, автомашин худалдан авах, автомашины сэлбэг авах, хашааны хаалга хийх зориулалтаар тус тус авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, Los программ дээр ажиллах журмын хавсралт-8 буюу Тооцооны төвд гаргасан хүсэлт, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн гэрээний нөхцөлүүд, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн данс нээх өргөдөл, талуудын тайлбараар нотлогддог. Иймд ............ нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч учраас гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг бие даан хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрвээ ............ зээл авах хүсэл зоригоо илэрхийлж банкинд хүсэлт гаргаж, цалин орлогоо судлуулаагүй байсан бол зээл олгогдохгүй байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл дүгнэлт нь иргэний хууль болон гэрээний тэгш шударга байдалд нийцээгүй, үүрэг гүйцэтгүүлэгчийг буюу зээлдүүлэгчийг буруутгасан, хэрэгт ямар ч хамааралгүй банк үйл ажиллагаандаа буюу ажилтанд зориулж гаргасан журмыг ач холбогдолтой, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн нь зээлдүүлэгчийн буруутай үйлдэл бус, харин ч гэрээний дагуу шаардах эрхтэй байхад хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж, тухайн эрх зүйн харилцаа, хэргийн үйл баримтад өрөөсгөл дүгнэлт хийж, ийм төрлийн хэрэг маргааныг буруу шийдэх жишиг тогтоох гэж байгаад харамсаж байна. Гэрээ нь талуудын хооронд бичгээр байгуулагдсан хэн аль нь хүлээн зөвшөөрсөн эрх, үүргийн харилцаа бөгөөд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэдгийг анхаарч тухайн харилцаанд бодиттой эрх зүйн болон хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Зээлдэгч ............, ............ нар гэр бүл бөгөөд тус зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон, үндсэн зээлдэгч ............2018.08 сард нас барсан бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч ............ үндсэн зээлийн төлбөрт 2018.09.07-ны өдөр 866,609.36 төгрөг, 2018.10.08-ны өдөр 1,124,310.93 төгрөг, 2019.04.17-ны өдөр 297,150 төгрөг тус тус төлсөн болох нь зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байна. Мөн 2018.08.22-ны өдрийн Барьцааны гэрээний 2.2-т “Банкинд барьцаалуулсан ирээдүйд бий болох барьцаа хөрөнгийн тодорхойлолт” гээд “1. Барьцааны зүйлийн нэр: Цалингийн орлого гэж тодорхойлсон нь барьцаалуулагч /............, ............/ нар цалингийн орлогоо барьцаалуулсан, мөн гэрээний 2.7.2-т “Барьцааны зүйл нь дундын өмчлөлийн хөрөнгө бөгөөд хөрөнгийг дараах этгээдүүд дундаа хамтран өмчилдөг болно. Үүнд: Дэлгэрсайханы ............ /КЮ81051260/-ын өмчлөлийн хөрөнгө болохыг тус тус нотолж байхад хэрэгт хамааралтай баримтуудыг үнэлж дүгнээгүй. Зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгч ............ үндсэн зээлдэгчийн адил баримт бичгийг бүрдүүлж, гэрээнд заасан нөхцөлийг зөвшөөрч, гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг ойлгож, ухамсарласны үндсэн дээр гэрээний оролцогч болсон. Мөн 2019.04.26-ны өдөр “............”-ны Өмнөговь салбарт зээлийн хүүг зогсоолгох тухай өргөдөл гаргахдаа хамтран зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд зээлдэгч ............, ............ нар нь Иргэний хуулийн 242.1-т заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн бөгөөд дээрх хуулийн 242.3-т “...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар нэхэмжлэгч “............” хамтран үүрэг гүйцэтгэгч ............ас зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд зээлийг зээлдэгчид өрхийн хэрэглээний зориулалтаар авсан тул ............ хамтран хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. 2. “Нэхэмжлэгч банк нь цалингийн зээл олгох журмыг шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэглээний зээл, малчны зээл нэртэй гэрээг стандарт гэрээ гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 201.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэсэн зохицуулалт маргаанд хэрэглэгдэнэ” гэсэн хэрэгт хамааралгүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн тухайд: Цалингийн зээл олгох журам, зээлийн гэрээний нэршил нь нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй, энэ талаар зохигч маргаагүй, хэргийн оролцогчид тухайн баримтыг авах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй бөгөөд дээрх журам нь “............” ХХК-ийн дотооддоо чиглэсэн буюу зээл олгоход ажилтнуудад ашиглуулах зорилгоор хуульд нийцүүлэн гаргасан актыг шүүх өөрийн санаачлагаар хэрэгт зайлшгүй шаардлагатай баримт мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл түүнд хавсаргасан баримтууд, хариуцагчийн тайлбар татгалзлаа нотолсон баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх ёстой байтал хэргийн болсон үйл баримтад өрөөсгөл дүгнэлт хийж, Иргэний хуулийн 240.1.2 дахь заалтыг тухайн харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт үнэлэх зарчмыг хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэж тогтоосон бөгөөд хоёр шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “............” ХХК нь хариуцагч ............д холбогдуулан 2018.08.22-ны өдрийн ЗГ/201843829293 дугаартай зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 20,682,280 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгө болох 5 ханатай гэр, 32 инчийн зурагт, хөргөгч гэх хөрөнгөөс үүрийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх гэрээг цуцлах нь нэхэмжлэлийн үндэслэл болохыг дүгнэж, хууль хэрэглээний хувьд шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Хоёр шатны шүүх зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хамтран үүрэг гүйцэтгэгч, үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой эсэх, цалин нь барьцааны зүйл эсэх талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс гадна 6 удаагийн зээлийн гэрээ байгуулахад үүнээс 5 удаагийн тохиолдолд зээлдэгч нар хамтран хүсэлт гаргасан байдалд дүгнэлт хийгээгүй, 2018.08.22-ны өдрийн ЗГ/201843829293 тоот зээлийн гэрээнд “17,558,363.75 төгрөгний үлдэгдэл дээр 2,000,000 төгрөгийг нэмж” зээлсэн талаар тусгасан байх ба үлдэгдэл 17,558,363 төгрөг нь зөвхөн үндсэн зээлийн дүн эсвэл уг үнийн дүнд төлөөгүй зээлийн хүүг багтааж тооцсон эсэх талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан, үндсэн зээлийн хэмжээ тодорхой байсан нөхцөлд зээлийн үүргийн хэмжээ тогтоогдох буюу шаардах эрхийн урьдчилсан нөхцөл тодорхой болох бөгөөд хэрэгт байгаа баримтын хэмжээнд уг хуулийг хэрэглэх боломжгүй байна.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 143/ШШ2020/00007 дугаар шийдвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 203/МА2020/00006 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 261,361 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Х.ЭРДЭНЭСУВД