Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2025/0103

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Д м”  ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Б

 

Нэхэмжлэгч: “Д м”  ХХК /РД:******/

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Ш.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Ш.Э нарын үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн НА-25230000096 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 495,257,964.31 төгрөгийн төлбөрөөс 2 дугаар зөрчил буюу чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч төлөх албан татварыг бууруулсан зөрчлийн нийт дүн 480,527,308.93 төгрөгийг 291,979,001 төгрөгөөр багасгаж, 120,610,343 төгрөгийн нөхөн татвар, 48,422,137 төгрөгийн торгууль, 19,693,827 төгрөгийн алдангийг хүчингүй болгож, нийт 188,548,308 төгрөг болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/00758 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Б, Э.И Б.З

Хариуцагч Ш.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 128/2024/0520/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д м”  ХХК-аас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Ш.Э нарт холбогдуулан анх “... татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн НА-25230000096 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “... НА-25230000096 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 495,257,964.31 төгрөгийн төлбөрөөс 2 дугаар зөрчил буюу чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч төлөх албан татварыг бууруулсан зөрчлийн нийт дүн 480,527,308.93 төгрөгийг 291,979,001 төгрөгөөр багасгаж, 120,610,343 төгрөгийн нөхөн татвар, 48,422,137 төгрөгийн торгууль, 19,693,827 төгрөгийн алдангийг хүчингүй болгож, нийт 188,548,308 төгрөг болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/00758 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.7, 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.9-д заасныг тус тус баримтлан “Д м” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Б нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Шүүх хуулийг тайлбарлахдаа хууль хоорондын уялдаа холбоо, практик хэрэглээг сайтар авч үзэлгүй дүгнэлт хийсэн. Тухайлбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасны дагуу суутган төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох болон чөлөөлөгдөх борлуулалттай тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцох бөгөөд чөлөөлөгдөх борлуулалтанд ногдох худалдан авалтын хасалт хийх үндэслэлгүй тул нэхэмжлэгч "Дрэйпэркапитал монголиа” ХХК-ийг чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчил гаргасан гэж дүгнэсэн татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2 дахь заалт дээр хуульд нийцсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн.

Нэхэмжлэгчийн ажил гүйлгээ нь ердийн ажил гүйлгээнээс ялгаатай, тодорхой хэсэгт нь НӨАТ ногдож, тодорхой хэсэг нь уг албан татвараас чөлөөлөгдөж байгаа буюу санхүүгийн түрээсийн үндсэн төлбөрт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу уг албан татвараас чөлөөлж тайлагнаж байхад зөвхөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх орлого олж байгаа гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй.

3.2. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд албан татвараас чөлөөлөх бараа, үйлчилгээг тодорхойлсон бөгөөд эдгээр бараа, үйлчилгээнд анхнаасаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй байхаар, харин хуулийн 14 дүгээр зүйлд төсөвт төлөх албан татвараас өмнө төлсөн татварыг хасч тооцох буюу нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх байдлаар албан татвараас чөлөөлөх болон хасалт хийх харилцааг ялгаатай зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, нэмэгдсэн өртгийн албан татвар анхнаасаа ногдуулахгүй бараа, үйлчилгээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан албан татварт хасалт хийх харилцаа үйлчлэхгүй буюу нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх харилцаа үйлчлэхгүй гэж дүгнэжээ.

Гэтэл практикт нэг аж ахуй нэгж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх ажил үйлчилгээ болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ажил үйлчилгээг зэрэг эрхлэн явуулж буй нөхцөлд тухайн аж ахуйн нэгж нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээд худалдан авалтууд нь бүгд нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалтууд байдаг ба чөлөөлөгдөх орлоготой хамааралтай болон түүнд ногдох худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг ангилж хасагдахгүйгээр тайлагнаж явдаг тул дээрх 2 тайлбар нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна.

3.3. Нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээхдээ Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 2.2.3-т заасныг баримтлахдаа энэ журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.  

3.4. Зүй нь уг журмын 2.2.1-д “Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, туслах материал болон дулааны эрчим хүч шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж тухайн үйлдвэрлэл. үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ноогдох албан татварыг хасах” гэж заасныг үндэслэн татварыг хасч тооцох ёстой байсан.

Худалдан авалтыг шинж чанараар нь болон түрээсийн гэрээний нийт хугацаагаар авч үзвэл Гэрээ 1-ийн нийт борлуулалтад эзлэх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдсон үндсэн төлбөрийн хувийн жин 46%, Гэрээ 2 болон Гэрээ 3-ын НӨАТ ногдсон үндсэн төлбөрийн хувийн жин 86% тус тус гарч байгааг шүүхэд тайлбарласан. Зөвхөн тайлант хугацаагаар нь авч үзвэл 2021 онд хийгдсэн гэрээ 2 болон гэрээ 3-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж тайлагнасан дүн нь тухайн онд /2021/ тайлагнасан нийт орлогын 76% байх ба улмаар нийт хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээ нь 156,962,854 төгрөг байна.

3.5. Санхүүгийн түрээсийн гэрээ нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шууд мөнгөн хөрөнгөөр худалдах бус тухайн хөрөнгийг худалдан авагчийн орлогын эх үүсвэрийн хэмжээ, орлогынх нь орж ирэх хугацаа зэрэгтэй уялдуулан түрээслүүлж буй хөрөнгийн төлбөр болон үндсэн хүүгийн төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг түрээслүүлэгч талууд харилцан тохиролцож, тэр тухай дурдсан гэрээ байгуулснаар хэрэгжих үйл ажиллагаа юм.

Гэтэл татварын байцаагчид урт хугацаатай санхүүгийн түрээсийн гэрээг цогцоор нь авч үзэлгүй зөвхөн тодорхой хэсгийг нь авч тооцоолол хийсэн буюу 2020 болон 2021 оны татвар ногдох болон чөлөөлөгдөх борлуулалтын хувийн жинд үндэслэн худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг бараг 100% хасагдахгүй болгосон болгож дүгнэснийг анхан шатны шүүх ... татварын улсын байцаагч нар нэхэмжлэгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тухайн оны тайланд үндэслэн хувь тэнцүүлэн чөлөөлөгдөх борлуулалтын хувийг тодорхойлж ... чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтад нөхөн ногдуулалтын акт тавьсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүх санхүүгийн түрээсийн гэрээний онцлог, эдийн засгийн мөн чанарыг үл харгалзан шийдвэр гаргасан байна.

Нэхэмжлэгч нь эрх зүйн байдлаа дээрдүүлэх зорилгоор шүүхэд хандаж буй бөгөөд зөвхөн тайлант хугацаанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хувийн жингээр тооцож түрээсийн гэрээ 2 болон гэрээ 3-тай холбоотой худалдан авалтын 76 хувийг буюу 156,962,854 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасагдах нэмэгдсэн өртгийн албан татвараар тооцох нь зүйтэй байсан.

3.6. Мөн анхан шатны шүүх Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.2- т заасан хууль зүйн үндэслэлийг заах шаардлагыг хангаагүй илэрхий алдаатай актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн, Төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх нь Үндсэн хуульд заасан зарчим болон захиргааны үйл ажиллагааны хуульд үндэслэх зарчмыг зөрчиж үйлдсэн актыг хүчингүй болгох ёстой атал түүнийг зөвтгөсөнд гомдолтой байна.

 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0758 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас дахин шинэ акт гартал маргаан бүхий актын холбогдох хэсгийг түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Ш.Э нарын үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн НА-25230000096 дугаартай нөхөн ногдуулалтын актаар “Д м”  ХХК-ийг 2020 оны эхний үлдэгдэл оршин суугч бус этгээдээс суутгасан албан татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй; 2021 онд 53,380,660.30 төгрөгийн элэгдлийн зардлыг татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогыг бууруулсан; 2020 онд 1,630,429,597.43 төгрөг, 2021 онд 1,444,876,068.53 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг төсөлт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч төлөх татварыг бууруулсан зөрчил гаргасан гэж буруутган 307,530,566.59 төгрөгийн нөхөн татвар, 128,625,508.64 төгрөгийн торгууль, 59,101,889.08 төгрөгийн алданги, нийт 495,257,964.31 төгрөгийн төлбөр тогтоосон.

3. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Ш.Э нарт холбогдуулан “...татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн НА-25230000096 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 495,257,964.31 төгрөгийн төлбөрөөс тэмдэгдэх хэсгийн 2 дугаар зөрчил буюу чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч төлөх албан татварыг бууруулсан зөрчлийн нийт дүн 480,527,308.93 төгрөгийг 291,979,001 төгрөгөөр багасгаж, 120,610,343 төгрөгийн нөхөн татвар, 48,422,137 төгрөгийн торгууль, 19,693,827 төгрөгийн алдангийг хүчингүй болгож, нийт 188,548,308 төгрөг болгуулах” нэхэмжлэл гаргасан.

3.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “ ... санхүүгийн түрээсийн 3 гэрээтэй холбоотой худалдан авалтдаа нэмэгдсэн өртгийн албан татвараа ногдуулсан, түрээсийн төлбөрөө хувааж авч байгаа тохиолдолд тооцогдсон хүү нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө; урт хугацаатай санхүүгийн түрээсийн шинж чанар болон гэрээ тус бүрийн дүнг авч үзэлгүй, зөвхөн 2020, 2021 оны татвар ногдох болон чөлөөлөгдөх борлуулалтын хувийн жинд үндэслэн НӨАТ-ыг хасагдахгүй болгосон нь татвар шударга байх зарчмыг зөрчсөн; нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчил гэх үйлдэл, эс үйлдэхүйг бодитоор тогтоогоогүй, татварын хяналт хийхдээ худалдан авалттай холбоотой нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үндэслээгүй, хянан үзээгүй; санхүүгийн түрээст холбогдолгүй буюу чөлөөлөгдөхгүй өөр бусад борлуулалтын орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцно” гэх зэргээр тодорхойлно.

3.2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... санхүүгийн түрээсийн хүүгийн орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх тул уг борлуулалтад ногдох худалдан авалтыг хасалт хийж, төлөх татварыг бууруулсан нь буруу, татварын цахим системд нэхэмжлэгчийн тайлагнасан тайлан байгаа тул санхүүгийн түрээсийн гэрээнүүд тайлагналд нөлөөгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.  

3.3. Харин санхүүгийн түрээсийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох эсэх, зээлийн хүүтэй холбоотой орлогод хасалт хийх эсэх гэх асуудлаар талууд маргаагүй.

4. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 5.1.1. зайлшгүй байх; 5.1.3. шударга байх;”, 6 дугаар зүйлийн 6.1.13-д “нөхөн ногдуулалт” гэж энэ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын дүнд үндэслэн татварын албанаас тодорхойлсон татварын дүнг 21 дүгээр зүйлийн 21.2-т “Татварын алба татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай магадлагаа, баримтын хуулбар, мэдээ, судалгаа, дансны хуулга, холбогдох бусад баримт бичиг, мэдээллийг татвар төлөгч, түүнтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авна”, 41 дүгээр зүйлийн 41.10-д “Татварын алба нь татварын хяналт шалгалт хийх зорилгоор дараах эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй: 41.10.3.татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, санхүүгийн бусад баримт болон татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй холбоотой тайлбар, лавлагаа гаргуулан авах”, 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно:” гэж,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна: 8.1.2. санхүүгийн түрээсийн зүйлийг худалдан авсан бол түрээсийн төлбөр хийхээр тохирсон хуваарийг баримтлан тухай бүрд;” 13 дугаар зүйлийн 13.5-д “Дараах үйлчилгээг албан татвараас чөлөөлнө: 13.5.7. банкны болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны зээлийн хүү, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.4-т заасан хүү, 10.1.3-т заасан хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл, санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх үйлчилгээ;”, 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: 14.6.3. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортоор оруулсан болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж,

Татварын ерөнхий газрын даргын 2022 оны А/70 дугаар тушаалаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 4.4-т “Гүйцэтгэх үе шатанд татварын улсын байцаагч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 4.4.3. хяналт шалгалтын явцад татварын ногдуулалт төлөлттэй холбоотой зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичиг, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч баримтжуулах, зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх” гэж тус тус заасан байна.

5. Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзэхэд, татварын байгууллага, татварын улсын байцаагчийн хувьд хуулиар олгосон эрх хэмжээнийхээ дагуу хяналт шалгалт явуулахдаа санхүүгийн баримт, бүртгэл тайлан, дансны хуулга зэрэг аливаа мэдээллийг холбогдох этгээдээс шаардан гаргуулж, харьцуулан үнэлсний дүнд тухайн тохиолдолд татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчлийг гаргасан эсэхийг, мөн зөрчлийн бодит дүн, түүнд ногдох торгууль, алдангийн хэмжээг эргэлзээгүй тогтооход ач холбогдолтой ба энэ утгаараа татварын хяналт шалгалт шударга байх, татвар ногдуулалт, хураалт, хөнгөлөлт, чөлөөлөлт шударга байх зарчим сая биелнэ.

6. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон гэх зөрчилд анхан шатны шүүхээс “... татвар төлөгч нь татварын тайлан, суутгасан татварыг үнэн зөв тайлагнах үүрэгтэй бөгөөд алдаатай тайлагнасан нь татварын албыг буруутгах үндэслэл болохгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар анхнаасаа ногдохгүй бараа үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх харилцаа үйлчлэхгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй санхүүгийн түрээсийн орлого буюу албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтын орлогод хасалт хийх үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учиртай дутагдалтай болжээ.

7. Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 2.2.1-д “Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, туслах материал болон дулааны эрчим хүч шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж тухайн үйлдвэрлэл. үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ноогдох албан татварыг хасах”, 2.2.3-д “Энэ журмын 2.2.1-д заасны дагуу хасалт хийх боломжгүй бол хасагдах албан татварын хэмжээг тодорхойлохдоо тухайн тайлангийн хугацааны албан татвар ногдох борлуулалтын орлогын дүнг мөн хугацааны борлуулалтын орлогын дунд хувааж нийт борлуулалтад эзлэх албан татвар ногдох борлуулалтын хувийг тодорхойлон, уг хуваарь тайлангийн хугацааны худалдан авалтад төлсөн албан татварын нийт дүнг үржүүлэн хасагдах албан татварын дүнг гаргана” гэж заасан.

Уг зохицуулалтыг маргааны үйл баримтын талаар гаргасан хэргийн оролцогчдын тайлбартай уялдуулан дүгнэхэд, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх санхүүгийн түрээстэй холбогдолгүй гэж нэхэмжлэгчийн тодорхойлж буй ерөнхий ба удирдлагын зардал болон чөлөөлөгдөх орлогоос хасагдахгүйгээр тооцсон бусад худалдан авалтыг тухайн хуулийн этгээд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авч, зориулалтын дагуу зарцуулж, түүний өртөгт шингээсэн эсэхийг анхан шатны баримт,  нягтлан бодох бүртгэлийн дансны бичилт зэргийг үндэслэн ногдох албан татварыг хасах, эсхүл хасалт хийх боломжгүй тохиолдолд зохих журмаар хасагдах зардлын хэмжээг тооцох эсэхийг тодорхойлох шаардлагатай.

8. Үүнийг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үндэслэн тогтоосонгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын хасагдах зардлыг бүртгэх боломжгүйд хүргэсэн гэх зэргээр нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргаж байхад хариуцагч нар татварын хяналт шалгалтын хүрээнд ямар байдлаар шалгаж тогтоогдсон нь бүрэн тодорхойлогдохгүй байгаа энэ тохиолдолд дээрх үйл баримтын хүрээнд тогтоосон нөхөн ногдуулалтын актыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм.  

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэх агуулгатай зохицуулалт билээ.

10. Татвар ногдуулах, төлөхтэй холбоотой асуудал нь нийтийн эрх зүйн хүрээнд үүсдэг харилцаа тул маргааны үйл баримтад холбогдуулан татварын хууль тогтоомжийг шүүхээс тайлбарлан хэрэглэх агуулга нь Татварын ерөнхий хуулийн “зайлшгүй байх”, “шударга байх” зарчмын хүрээнд, хуулийг нэг мөр хэрэглэх зорилгод нийцэх учиртай маргааны үйл баримтад голлох ач холбогдолтой уг нөхцөл байдлыг дахин нягтлах шаардлагатай, татварын улсын байцаагчид хуулиар олгосон чиг үүрэгт хамаарах энэ асуудал нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий актыг 6 сарын дотор дахин акт үйлдэх хүртэл түдгэлзүүлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/00758 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Ш.Э нарын үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн НА-25230000096 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 495,257,964.31 төгрөгийн төлбөрөөс Тэмдэглэх хэсгийн 2 дугаар зөрчилд  холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Ш.Э нарын үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн НА-25230000096 дугаартай нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2 дахь зөрчилд холбогдох төлбөрийг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 2 дахь заалтыг тогтоох хэсэгт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Б нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ