Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 53

 

Б.Мө-, Б.Са-, Ш.Га-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Б.Са-гийн өмгөөлөгч Б.Хандмаа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 28 дугаар магадлалтай 201715000048 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Са-гийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1/115 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 3 жил хорих ял,

Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 217 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 cap 01 хоног хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн Б.Мө-.

2. Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Ш.Га-.

3. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын операторч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б.Са-.

Б.Мө-, Ш.Га-, Б.Са- нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, машин механизм хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  Б.Мө-, Ш.Га-, Б.Са- нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Б.Мө-, Ш.Га-, Б.Са- нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мө-, Ш.Га-, Б.Са- нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

Шүүгдэгч Ш.Га- 267.000 төгрөг, шүүгдэгч Б.Са- 266.000 төгрөг тус тус хохирогч З.Ад-д төлсөн болохыг дурдаж, Б.Мө-аас 267.000 төгрөгийг гаргуулж, хохирогч З.Ад-д олгохоор шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Са-гийн өмгөөлөгч Б.Хандмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Са- нь Б.Мө-, Ш.Га- нартай урьдчилан үгсэн тохиролцсон гэдэг нь нотлогдоогүй. Мөн Б.Са- хул зүсмийн байдсыг хулгайлахад Ш.Га-, Б.Мө- нартай хамт яваагүй, тэд өөрсдийн хөтөлж ирсэн хул зүсмийн байдас гүүг хулгайн мал гэдгийг Б.Са-д хэлээгүй нь шүүгдэгч Б.Са-, Б.Мө-, Ш.Га-, гэрч Б.Билэгмаа нарын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй. Б.Мө-, Ш.Га- нар нь тухайн хул зүсмийн байдсыг сүргээс нь барьж аваад хөтөлж явснаар хулгайн гэмт хэрэг төгссөн.

Мөн “Хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан” гэдгийг хамтын зарчмаар шийдвэрлэх хэргийг шүүгч дангаар хэлэлцсэн эсхүл шүүн таслах эрх олгогдоогүй буюу эрх нь дуусгавар болсон, хуульд заасан татгалзах үндэслэл байхад шүүх бүрэлдэхүүнд орсон зэргийг ойлгодог. Эрүүгийн хэргийг шилжүүлэх тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Б.Са- нарт холбогдох хэргийг шүүгч М.Мандахбаярт шилжүүлэхээр тогтсон бөгөөд хэргийг шилжүүлж авна гэдэг тухайн хэргийг шийдвэрлэх эрх хэмжээ хамт шилжиж байна гэж ойлгогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9-т заасан “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” гэдгийг тухайн зөрүү нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлхүйц ноцтой бол гэж ойлгоно. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээс хэрхэн зөрсөн, энэ зөрүү нь шүүхийн шийдвэрт хэрхэн нөлөөлсөн талаар дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахаар заасан бөгөөд давж заалдах шатны шүүх уг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын Б.Са-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн хуульд заасан бүрэн эрх М.Мандахбаяр шүүгчид олгогдоогүй байхад 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаан даргалагчийг өөрчилсөн ерөнхий шүүгчийн захирамж гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1, 1.9-т заасныг зөрчсөн. Мөн шүүгдэгч Б.Са- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь буруу болжээ. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос Б.Мө-, Ш.Га-, Б.Са- нарыг бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 09-нөөс 13-ны хооронд машин механизм хэрэглэн З.Ад-гийн хул зүсмийн байдас гүүг хулгайлж, З.Ад-д 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Мө-, Ш.Га-, Б.Са- нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 жил хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Б.Мө-, Ш.Га-, Б.Са- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүгч М.Мандахбаярт шилжүүлжээ. Гэтэл ерөнхий шүүгчийг орлох эрх олгогдоогүй, энэ талаар ямар нэгэн шийдвэр хэрэгт авагдаагүй байхад шүүгч М.Мандахбаяр ерөнхий шүүгчийн эрх хэмжээнд хамаарах асуудал болох “Шүүх хуралдаан даргалагчийг өөрчлөх” захирамжийг өөрөө гаргаж, улмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдох талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9-т заасныг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль бус шүүх бүрэлдэхүүний тухай асуудлаас шинж чанар, агуулгын талаар зөрүүтэй дүгнэлт болсныг дурдах нь зүйтэй байна.

Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан хүргүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэргийг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлж буйтай холбогдуулан өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Са-гийн гэм буруугийн талаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 28 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН