Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/332

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

Улсын яллагч Т.Мижиддорж, 

Шүүгдэгч П.А,, түүний өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.А,ад холбогдох 2208013830184 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :   

Монгол Улсын иргэн, , урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.А, нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо **** 00-0тоот иргэн Ц.Б гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Цийн Хуавей нова 5Т маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсны улмаас бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч П.А, нь 2022.04.06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо 00-0тоот иргэн Ц.Б гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Цийн 400.000 төгрөгийн үнэ бүхий хуавей нова 5Т маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь :      

- хохирогч Ч.Цийн:“...Би 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Налайхад байтал манай найз Б ****** гэсэн дугаараас над руу залгаад “манай гэрт хүрээд ирээ” гэхээр нь би Налайхаас гараад Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо **** 00-0тоотод байрлах Б н гэрийн ойролцоох буудал дээр ирсэн, найз Б, А нар тосож аваад бид гурав дэлгүүрээс 3-н шил 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад Б н гэрт очиж ууж байгаад архиндаа согтоод би тасраад унтчихсан байсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 05-наас 06-ны шилжих шөнө 00 цагийн орчимд сэрээд гар утсаа үзтэл байгаагүй...Зурагтын тавиур дээр цэнэглээд үлдээчихсэн байсан...Б н гэр дотор хайтал байхгүй байхаар нь Б****с миний гар утас хаана байна вэ гэхэд Б**** би мэдэхгүй, утсаа маллаж явж чадахгүй гэж хэлсэн...Гэтэл А зөвшөөрөлгүй аваад ломбардад тавьчихсан байсан...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

- иргэний нэхэмжлэгч С.М****ын: 2022.04.06-ны өдрийн 17 цаг 43 минутад бордуу царайтай 170 орчим см өндөртэй Ч овогтой А хүн ирээд, Huawei nova 5T гар утсыг барьцаанд тавихаар болсон, би авбал 200.000 төгрөгөөр авч болно гэхэд зөвшөөрөөд иргэний үнэмлэхийг нь царайтай нь тулгаж, авсан.. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29, 93 дахь тал/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн  дугаартай дүгнэлт; Huawei nova 5T маркийн гар утас, хуучин, хэрэглэж байсан, 400,000 төгрөгийн үнэлгээтэй /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

- хохирогч Ч.Цэд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 49 дэх тал/

- шүүгдэгч П.А,ын...Би 2022.04.05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***-р хороо Мандал Овоогийн *** тоотод байдаг найз Б н гэрт өглөө 09 цагийн орчимд очиж хамт архи ууж байгаад Б өөрийнхөө утаснаас 18 цагийн орчим Ч.Цийн дугаар руу залгаад хүрээд ирээч гэхэд Ц Налайхаас ирсэн...Дэлгүүрээс хамтдаа 2 шил 0,75 тай хараа архи аваад Б н гэрт очоод хувааж уусан, дахин архи авч уусан...Бид 3 архиа хувааж ууж дуусаад унтаж байгаад, шөнө 02 цаг өнгөрч байхад миний шээс хүрээд сэрээд, бие засчхаад ороод иртэл Цийн Huawei nova 5T маркийн хөх өнгийн гар утас ширээн дээр байхаар нь аваад Баянхошууны хөтөл рүү зүс таних найзынхаа гэр рүү алхаад очтол хүнгүй болохоор нь би эргээд Баянхошууны тойрог руу алхаж байхад тэр хавьд үл таних 2 хүн архи ууж байхаар нь хамт архи ууж байгаад өглөө болсон байсан, орой 17 цаг өнгөрч байхад Баянхошууны тойргийн хойш махны дэлгүүр дотор ломбардад Цийн Huawei nova 5T маркийн хөх өнгийн гар утсыг 200.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатайгаар өөрийнхөө регистрийн дугаарыг хэлж байгаад ломбардад тавьсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31, 85-86, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

2.2. Тус шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн шинж бүрэн нотлогдож тогтоогдсон, харин тус гэмт хэргийн шинжүүдийг үгүйсгэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй.

2.3. Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /хх-83-86/ нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.   

Иймд шүүгдэгч П.А,ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

3. Хохирол, хор уршиг :        

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй /хх-29, 46-49, 90, 93/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.         

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-25-26, 34, 55, 57, 59-68, 76, 85-86, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.   

Шүүгдэгч нь хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А,ад 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

2. Бусад асуудал

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч П.А,ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А,ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А,ад оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.       

4. Шүүгдэгч бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.    

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч П.А,ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ГАНБААТАР