Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/335

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

Улсын яллагч Г.Лхагвасүрэн,      

Шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Т  холбогдох 2308001370250 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.Т нь _.. тоотод 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч Б.Б ыг зодож, эрүүл мэндэд нь уруул, завжны цус хуралт, 2 шүдний булгарал, 1 шүдний хугарал, зүүн хөмсөг, зовхи, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн сарвуу, цээжний зулгалат гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь : 

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч О.Т нь 2022.12.11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны **** тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Б ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :  

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...хүмүүс зодоон хийгээд байна, хутга шөвөг гаргаад...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 2-4 дэх тал/,

- хохирогч Б.Б ын: “...Би орой ажлаа тараад гэр рүүгээ харьж байхад багын найз П тэй уулзаад 0.5 архи уусан...Д гээд манай найз “намайг энд хүн зодох гээд байна” гэж худлаа яриад дуудсан тэгэхээр нь гэрт нь яваад очсон чинь Д бас нэг ахтай, Т гээд залуу байсан. Д гээд манай найз Б хөгшөөн ганц шил юм авчаач гэж хэлэхээр нь Д ийн хажууд байсан Т өөс “чи ахын дүү арай залуугаараа дэлгүүр явчхаач” гэсэн чинь чиний боол юм уу “П” минь гээд бид хоёр тэдний гэрт хэрэлдээд, гэрээс гараад гадаа миний дээрээс дараад газар унагаагаад цохисон, хүмүүс салгасан...Гэрт ороод байж байсан чинь Т гэрт орж ирээд миний нүүр рүү цохиод, өшиглөөд намайг зодсон. Шүдээ янзлуулмаар байна. Т гараараа цохиж, нүүр рүү өшиглөсөн, хэдэн удаа цохисныг санахгүй байна....”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 12/,

- гэрч Б.А н: Тэр өдөр Т намайг пойлдох гээд байна гээд чатаар мессеж бичиж явуулсан. Тэгэхээр нь би Г той хамт яваад очсон. Очсон чинь Т нэг ахтай газар хэвтээд зодолдож байсан, цуг ирсэн найз нь салгах гээд гадаа байж байсан, бид салгасан...Гэр дотор харахад тэр ахын дух хавдсан байсан. Шүд хугарчихлаа гээд тэр ах хэлж байсан. Тухайн өдөр л анх удаа харж байсан...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

- гэрч Ц.П: Би найз Бтай Баянхошууны жанцан дээр уулзаад нэг шил хараа 0.5 архи уугаад сууж байсан чинь Д  гээд найз маань залгаад ярьсан, гэрт нь очиход Д  нэг танихгүй ахтай, Т  гээд залуу архи уучихсан байж байсан. Д  хүнд зодуулчихлаа гээд дуудахаар нь яваад очсон чинь зүгээр гэртээ архи уугаад сууж байсан...Та хоёрыг ирэхгүй байх гээд худлаа яриад дуудчихсан юмаа гэсэн...Д, Баас ганц шил архи авчхаач гээд хэлсэн, Б за тэгье гэж хэлээд тэдний гэрт байсан Т гээд залууг чи арай залуугаараа дэлгүүр явчхаач гэж хэлсэн чинь Т  “би чиний архинд явдаг хэн бэ” гэж хэлээд тэр хоёр маргалдаад гадаа гараад уулзъя гээд гэрээс гарсан, дараа нь гараад очсон чинь энэ хоёр гадаа цасан дээр өнхрөлдөөд дээр доороо орчихсон байсан, би бас 2 залуу ирээд салгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25/,

- шинжээчийн 135 дугаартай дүгнэлт: Б.Б ын биед уруул, завжны цус хуралт, 2 шүдний булгарал, 1 шүдний хугарал, зүүн хөмсөг, зовхи, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн сарвуу, цээжний зулгалат гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна” /хавтаст хэргийн 27-28/,

- О.Т  яллагдагч, шүүгдэгчээр өгсөн: “...Тухайн өдөр Д  ах намайг гэртээ дуудаад байхаар нь очтол нэг танихгүй хүнтэй архи ууж байсан. Тэгээд надад архи өгөөд би тэрнээс нь уугаад байж байтал Д  ах найз руугаа залгаад “намайг хүн зодох гээд байна хүрээд ир гээд” худлаа ярьж найзуудыгаа дуудаад найз руугаа залгаад хэлсэн. Тэгээд тэдний байж байтал хоёр найз нь ороод ирсэн. Нэг найз нь намайг архинд яваад ир гэж хэлэхээр нь “чиний боол уу чадахгүй”  гэж хэлээд бид хоёр маргалдаад гэрийн гадаа гараад барьцалдаж аваад,  ноцолдсон, шидсэн. Дээр нь гараад заамдаад сууж байхад бусад хүмүүс салгасан. Тэгээд гэрлүү нь ороод байж байхад надтай маргалдаад байсан ах хайч барихаар нь түлхэж унагаагаад, хайчтай гарыг нь барьж байгаад нүүр хавьцаа цохиод дараа нь нүүрлүү нь өшиглөсөн. Удалгүй цагдаа нар бас манай эгч Д н эхнэр цагдаа дуудсан ”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан байна.

2.2. Шүүгдэгч О.Т  гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх тул шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив, объектив шинж хангагдсан гэж үзнэ.          

2.3. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулсан /хх-48-50, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар тус тус нотлогдсон байна.      

Иймд шүүгдэгч О.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

  1. Хохирол, хор уршиг :        

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч нь шүдний хугарал, булгарлын эмчилгээний зарим төлбөрт 650.000 төгрөг нэхэмжилсэн, тухайн гэмтлүүд хохирогчийн эрүүл мэндийг тогтонги 10 хувь алдагдуулсан буюу зайлшгүй эмчлүүлэх шаардлага үүссэн байх /хх-73/ тул тус эмчилгээний зайлшгүй зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч нь анх удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, оюутан гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-31, 35, 49, 53-58  шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т  300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал   

 

Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч О.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Т  оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т  650.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б т олгосугай.     

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.        

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч О.Т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ГАНБААТАР