Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/333

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,  

Улсын яллагч Э.Чанцалням,

Шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар : 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.У холбогдох 2208034480196 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, . Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан гал тэрэгний техникч мэргэжилтэй, . борлуулдаг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Г.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо **** задгай тоотын гадаа “хэл амаар доромжиллоо, бичлэг хийлээ” гэх шалтгаанаар иргэн Б.М, гар утсыг нь газар авч шидэн гэмтээж түүнд 400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, улмаар цохих, өшиглөх, цамцнаас нь татаж газарт унаган хоолойг нь боох зэргээр зодон эрүүл мэндэд нь “зүүн чих, хамар, баруун зүүн тохойнд зулгаралт, зүүн хацар, зүүн гуя, баруун зүүн шилбэ, баруун шагайн үенд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :      

        

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Г.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо *** тоотын гадна Б.М,г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн “хэл амаар доромжиллоо, бичлэг хийсэн” гэх шалтгаанаар  Б.М, гар утсыг нь газар авч шидэн гэмтээж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

- иргэн Б.М ийн...биед нь халдаж, футболк урж, самсунг маркийн гар утас шидэж гадна дэлгэц хагалсан гэх гомдол, танхайрсан иргэн Г.У эрүүлжүүлсэн” гэх дуудлагын лавлагааны /хавтаст хэргийн 7 дах тал/,

- хохирогч Б.М ийн...2022.10.11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо **** тоотод ганцаараа очсон. Хамар хашааны У, Т, нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан, У хэл амаар доромжлоод байсан...Тэгсэн Т, нь “чи муу авгай”  өнгөрсөн жил намайг эрүүлжүүлэхэд өгсөн гээд гартаа барьсан байсан ундаагаар цохиод миний нүүр лүү ундаа цацсан. Би цааш явж байсан чинь У миний араас ирээд гараараа шилэн хүзүү хэсэгт цохиод газар унагаад хоолой боогоод миний утсыг аваад шидсэн...Газраас арай гэж босоод явах гэж байсан чинь У миний зүүн талын шанаа хэсэгт гараараа цохисон. Тэр үед би дахин газар унасан...У цаанаас  ирээд миний цамцны араас татаад газар унагаад дээр гараад миний хоолойг боосон. Тэгсэн хамт явж байсан танихгүй залуу салгасан. Би манай зуслангийн байшингийн ойролцоох Д гэх айлд очиж 103, 102 дугаарт дуудлага өгсөн...Намайг балай авгай гээд хэл амаар доромжлоод байхаар нь би өөрийн гар утсаараа бичлэг хийх гээд гаргаж ирсэн чинь У ирээд миний гар утсыг надаас булааж аваад газар шидээд эвдсэн. Дараа нь очоод гар утсаа олоод авсан чинь дэлгэц нь хагарсан, дэлгэцийн мэдрэгч нь ажиллахгүй, ярьж болохгүй байсан...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 27-28, 31 дэх тал/,

- гэрч С.Т,ийн“...У бид хоёр архи ууж байгаад, гэрээс гарч тамхи татаад зогсож байсан чинь хажуу айлын Б.Мгэх эмэгтэй гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь У бид хоёр болиоч гэсэн чинь 2 архичин, гуйлгачин гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн У түлхэж унагаад гар утсыг нь газар авч шидээд цохиод байсан. Би очоод салгах гэсэн чинь Б.Мгэх хүний хөлд тээглээд газар унасан. Тэгсэн манай хүргэн Г  Уыг салгасан. Салаад байшинд орох гээд явж байсан чинь Б.Мгэх хүн дахин У бид хоёрыг гуйлгачин, та хоёрыг цагдаад өгч шоронд явуулна гээд орилоод байсан чинь У араас нь очоод цамцнаас нь татаж газар унагаад цохиод байсан. Тэр үед манай хүргэн Г дахин салгасан. Би Б.Мгэх хүнийг цохиж зодоогүй...салгах гэж байгаад хөлд нь тээглээд газар унасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

- гэрч О.Гн...Би 2022-оны 10-р сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо  тоотод байх хадам аав Т,ийн гэрт байсан. Тэгсэн өдөр 16 цагийн орчим манай хадам аав Т, найз У н хамт ирсэн...Би гал түлэх зорилгоор мод хагалаад гал түлээж байж байх хооронд хадам аав Т, түүний найз У 2 нэг шил архи хуваагаад ууж сууж байгаад тамхи татлаа гээд байшингаас гарсан, араас нь гарсан чинь хажуу айлын Б.Мгэх эмэгтэй гар утсаараа бичлэг хийгээд У хадам аав Т,  2-г гуйлгачин, архичин гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн У ах балай авгай минь юу гээд байгаа чи миний найзыг бага дээрэлхээрэй, бичлэг хийхээ боль гэж хэлээд гар утсыг нь авч шидээд түлхээд газар унагасан. Тэгсэн чинь Б.Мгэх эмэгтэй намайг аллаа гээд орилоод муу гуйлгачин, чамайг цагдаад өгнө, чи хэзээ ийм байсан юм, чи гуйлгачин байсан биз дээ гээд хэл амаар дахин доромжлоод байсан чинь У ах Б.Мгэх хүнийг дахин түлхээд газар унагаад цохиод байхаар нь би салгасан. Салгаад Б.Мгэх хүнд би энэ 2 согтуу байна, та чимээгүй бай, гэрт оруулаад унтуулчихна гэж хэлсэн чинь У болон манай хадам аав Т, нарыг дахин архичин гуйлгачин гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан чинь У дахин газар унагаад хөлөөрөө өшиглөөд байхаар нь би салгаад гэрт нь оруулсан. Б.Мгэх эмэгтэй намайг аллаа гээд цааш цааш явсан, удалгүй цагдаа ирээд У ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

- гэрч А.Ц ийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 11 -ны өдөр би өөрийн аав болох Т,ийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо  тоотод байх гэрт нь нөхөр хүүхдийн хамт байсан. Тэгсэн өдөр 14 цагийн орчим аав Т, найз У ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд У ын байшинд гал түлээд өг гээд манай нөхөр Г ийг аваад гарсан юм. Би гэртэй 1 настай хүүхдийн хамт байж байсан чинь эмэгтэй хүн орилоод байхаар нь гэрээсээ гарсан чинь хажуу талын Б.Мгэх эмэгтэйг У ах газар унагасан байдалтай цохиод байх шиг байсан. Тэгсэн манай нөхөр Г  салгаад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/

- гэрч П.Дын...2022.10.11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо  тоотод байх зуслангийн байшиндаа байсан. Тэгсэн 18 цагийн орчим манай ойролцоо байх Б.Мгэж дууддаг эмэгтэй манай гэрт ирээд намайг манай хажуу талын айлын У намайг зодоод миний гар утсыг авч шидээд эвдчихлээ цагдаа дуудах гэсэн юм гар утсаа өгөөч гэсэн. Тэгэхээр нь би 102 дугаарт залгаад Б.Мгэх хүнд гар утсаа өгсөн...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

- шинжээчийн 14117 дугаартай дүгнэлт: Б.М, биед зүүн чих, хамар, баруун зүүн тохойнд зулгаралт, зүүн хацар, зүүн гуя, баруун зүүн шилбэ, баруун шагайн үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

- шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг: Зүүн чих, хамар, баруун зүүн тохойд зулгаралт, зүүн хацар, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун, зүүн шилбэ, баруун тохойн үенд цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь зулгаах, чангаах, чирэх, алгадах зэрэг үйлчлэлүүдээр үүсэх боломжтой.../хавтаст хэргийн 48 дахь тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: Тус бичлэгийг тоглуулахад бичлэгийн 15 секунтэнд Б.Мзогсож байгаа хэсгийг харуулав. Тус бичлэгийн 24 секундэд Б.Мнь байшингийн гадна үүд хэсгээс буугаад явж байгаа хэсгийг харуулав. Бичлэгийн 1 минут 23 секунтэнд яллагдагч Г.У, гэрч Т, нар харагдаж байгааг харуулав. Тус бичлэгийн 1 минут 46 секунтэд яллагдагч Г.У нь хохирогч Б.Мруу дайрч байгааг хэсгийг харуулав. Бичлэгийн 1 минут 49 секунтэд гэрч Ц, яллагдагч Г.У салгаж байгаа болон хохирогч Б.Мнь газар унасан байдалтай байгаа хэсгийг харуулав. Бичлэгийн 1 минут 52 секунтэд гэрч Ц, Т нар нь У ыг салгаж байгаа болон хохирогч Б.Мнь босоод явж байгаа хэсгийг харуулав /хавтаст хэргийн 165-169 дэх тал/,

- “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 22/022 дугаартай үнэлгээний баримт: vivo фирм, Y68 загварын 4G-LTE. 4gb tam, rom 16gb гар утас, 1 ширхэг. Нийт үнийн дүн 500.000 төгрөг /хавтаст хэргийн 54 дэх тал/,

- Г.У яллагдагч, шүүгдэгчээр өгсөн: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлийг талаар санахгүй. Манай найз Т, бид хоёр 2022 оны 10-р сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00-р хороо  тоотод байх манай зуслангийн байшинд архи ууж байгаад тамхи татах гээд гарсан чинь манай хажуу айлын Б.Мгэх хүн байшингийнхаа үүдэн дээр байсан. Т, надад нөгөө муу Б.М авгай ирсэн байна гэж чанга хэлсэн чинь хажуу айлын Б.М гэх хүн гар утсаараа бичлэг хийгээд Т, бид 2 гуйлгачин, архичин гээд хэл амаар доромжлоод гар утсаар бичлэг хийгээд байсан. Тэгэхээр нь би Б.Мгэх хүнд бичлэг хийхээ боль гэж хэлсэн чинь болихгүй байхаар нь би гар утсыг аваад газар хүчтэй шидээд эвдсэн...Б.Мгэх хүнийг зүүн шанаа хэсэгт нь гараараа нэг удаа алгадаж, хөлөөрөө зүүн, баруун гуя, шилбэ хэсэгт нь 2-3 удаа өшиглөсөн, мөн цамцнаас нь татаж газар унагаж боосон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.     

2.2. Шүүгдэгч Г.У гэм буруугийн санаатай хэлбэрийн хүрээнд хэд хэдэн удаагийн тусдаа эхлэл, төгсгөл бүхий үйлдлээр нийлмэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байх тул тухайн нийлмэл гэмт хэрэг тус бүрийн субьектив, объектив шинж хангагдсан гэж үзнэ.             

Г.У гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, мөн хохирогчийн эд хөрөнгө гэмтсэн хохирол, хор уршгийн хоорондын шалтгаант холбоо тус тус тогтоогдсон, эргэлзээ, маргаантай асуудал үүсээгүй болно. 

2.3. Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /хх-68-71, шүүх хуралдааны тэмдэглэл/ нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.    

Иймд шүүгдэгч Г.У бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

3. Хохирол, хор уршиг: 

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 1.137.130 төгрөгийн хохирол, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 308.540 төгрөгийн зардлыг тус тус төлж барагдуулсан /хх-20-22, 52, 76-77, 171-172, 196 шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг  болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-74, 78-84, 85-151, 157, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 600.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 1000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1.600.000 төгрөгийн торгох ялаар тогтоож, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.          

 

  1. Бусад асуудал   

 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар нэг ширхэг сиди хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь : 

 

1. Шүүгдэгч Г.У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.                  

2. Шүүгдэгч Г.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгийн торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000.000 төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 1.600.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У оногдуулсан 1.600.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.            

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У оногдуулсан 1.600.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцон, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь хадгалах хугацаа дуустал хавсаргасугай.

7. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.    

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.    

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР