Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/366

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,    

Улсын яллагч О.Пүрэвсүрэн,

Хохирогч Д.Б,

Шүүгдэгч Р.Энарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Э т холбогдох 2208000002063 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ховд аймаг төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 502 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Энь 2022 оны 00 дүгээр сарын 00-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө” нэртэй караокед иргэн Д.Бтэй маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :      

        

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Р.Энь 2022 оны 11 дүгээр сарын 27-оос 28-нд шилжсэн  шөнийн цагт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө”  нэртэй караокед иргэн Д.Бтэй маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан: “...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “Ө” караокед байх үед үл таних эрэгтэй хүн цохиж гэмтээсэн...”тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

- хохирогч Д.Б “...2022 оны 11 сарын 28-ны шөнө 01 цаг 30 минутын үед найз Г.Х,хамт Сонгинохайрхан дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ө” нэртэй караокед орж 2 ширхэг пиво уугаад байж байсан ба караокеноос гарч хажуу талын бааранд ороод, Х гарч тамхи татахаар гарсан ба үл таних эрэгтэй хүн цуг гарч тамхи татсан гэсэн. Тэгээд уг залуу шивээс хийдэг гэж хэлсэн гэсэн. Мөн өөрийгөө буудалд байрлаж байгаа гэж хэлж байсан ба фейсбүүк хаягаа өгсөн байсан. Тэгээд буцаж орж ирээд манай ширээн дээр ирж цуг суугаад нэг эмэгтэйг бүжиглэж байх үед очиж аваад бид нар цуг суусан юм. Тэгээд нэг нэг пиво нэмж аваад цуг бүжиглэх гээд гарсан ба тэгсэн чинь уг залуу та нар намайг яагаад өдөөд байгаа юм бэ гээд шууд намайг нүүр тус газарт 1 удаа цохиод, уг залуу зугтаад явсан, цагдаад дуудлага өсгөн. Миний дээд талын 4 шүд хөдөлсөн ба өөр гэмтсэн зүйл байхгүй. Нэрийг нь мэдэхгүй. Хаана юу хийдэг талаар мэдэхгүй. Х д фейсбүүк хаягаа өгсөн гэсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Б б гэсэн нэртэй эрэгтэй хүний зурагтай хаягаа үзүүлсэн гэсэн. 168-170 орчим өндөртэй, 22-25 орчим насны, бордуу царайтай, хар богино үстэй, баруун гарын шуунаас эгэм хүртлээ шивээстэй, гадуураа улаан өнгийн шоотой цамцтай байсан байх. Сайн анзаарч хараагүй. Цагаан өнгийн пүүзтэй эрэгтэй хүн байсан. Бид хоёрыг уг бааранд орох үед өмнө орж ирсэн байсан...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3-6 , 101-103-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- гэрч Г.Х ын...Тэр өдөр найз Д.Бийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө” нэртэй караокед шөнө 01 цагийн үед орсон юм. Ороод бид 2 караокед 1 цаг дуулсан. Тэгэхэд 2 шил пиво авч уусан. Тэгээд караокеноос гараад хажууд байрлах бааранд орсон. Тэндээсээ дахиад 2 шил пиво авч уусан. Тэгээд би тамхи татах гээд гадагшаа гарсан чинь шатан дээр үл таних хүн зогсож байхаар нь тамхи асуусан чинь надад тамхи өгсөн. Тэгээд гарч цуг тамхи татсан. Тэгэхэд уг залуу нэрээ Б гэж хэлсэн, юм ярьж байхдаа ганцаараа явж байгаа, найзууд орхиод явсан, би шивээс хийдэг,  хийлгэхээр бол надад фейсбүүк хаягаа өгчих. Шивээс хийлгэхээр бол хэлээрэй гээд надад “****” гэх нэртэй фейсбүүк хаягаа өгсөн юм...Тэгээд сууж байсан чинь нэг эмэгтэй Б г дуудаад цаашаа дагуулаад явсан. Б араас нь босоод бүжиглэхээр гарсан чинь бүжгийн талбай дээр гараад Б Б г шууд цохисон. Гараараа 1 удаа амны хэсэгт цохиод зөөгч ах нар ирээд Б г гаргасан...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дэх тал/

- шинжээчийн 2023.03.22-ны өдрийн 318 дугаартай дахин дүгнэлт:   Д.Бийн биед 21-р шүдний булгарал, 11, 22-р шүдний ёзоорын сулрал,   гэмтлийн гаралтай холбоосын үрэвсэл, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдний булгарал нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5% хувиар алдагдуулна. Тухайн гэмтлүүд нь бүгд нийлээд болон дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../хавтаст хэргийн 112-114, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Р.Э ын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн...Б ийн биед учруулсан гэмтлийг би учруулсан. Б нь өөрөө хамт явж байсан эмэгтэйтэйгээ намайг хардаад хэл амаар доромжлоод байхаар нь баруун гараа атгаж байгаад нүүрэн тус газар нь нэг удаа цохиж гэмтээсэн. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт алга байна. Б тэй хувийн таарамжгүй харилцаа байхгүй, урьд өмнө харж байгаагүй. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэх мэдүүлэг /хх-48-49, 102-103, шүүх хуралдааны тэмдэглэлүүд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :  

 

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:  

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив болон субъектив шинж хангагдсан гэж үзнэ. 

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлыг шүүгдэгчээс өөр бусад этгээд учруулсан, хохирогч худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно.   

2.3. Өмнө нь тус хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, оролцогчийн эрхийг хангах үндэслэл, журмын хүрээнд үүссэн зарим алдаа, тодорхойгүй орхигдуулсан асуудлыг нөхөн гүйцэтгүүлсэн болно.  

Энэ дагуу шинжээчийн өмнөх дүгнэлтийг дахин нягталж, тусгай мэдлэг шаардсан зарим асуудлын эргэлзээ, зөрүүг арилгасан байх ба шинжээч нарын гаргасан дүгнэлтийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

2.4. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-46-49, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.  

Иймд шүүгдэгч Р.Э ыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг :   

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн 21-р шүдний булгарал, 11, 22-р шүдний ёзоорын сулрал, гэмтлийн гаралтай холбоосын үрэвсэл үүссэн нь тогтоогдсон, 11 ба 22-р шүдний сувгийн эмчилгээ хийлгэхэд нийт 1.920.000 төгрөгийн үнэ тарифтай тухай шүдний эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг “Дэвжих Батсайн” ХХК-ийн баримт авагдсан, эмчилгээний төлбөрийг тухайн эмнэлэгт шилжүүлсэн байхаас гадна тус эмчилгээг даруй хийлгэх зайлшгүй шаардлага үүссэн тухай хохирогч мэдүүлсэн /хх-86, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргийг харгалзан шүүгдэгчээс 1.920.000 төгрөг гаргуулж, хохирогчид олгох үндэслэлтэй гэж үзэв.    

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас ажлын чөлөө авсан гэх боловч ажлын чөлөөг хэзээ, ямар хугацаагаар, хэрхэн авсан эсэх, ажиллаагүй хугацааны цалин хөлсний алдагдлын хэмжээ зэрэгт холбогдох нотлох баримтгүй байх тул  таамаглан шийдвэрлэх боломжгүй, мөн “21-р шүдний булгарал” гэмтлийг “хаана, хэрхэн яаж, ямар үнэ тарифаар, хэзээ” эмчлүүлэх асуудлын хүрээнд шүүгдэгчтэй харилцан тохиролцох улмаар холбогдох баримтуудыг бүрдүүлэн “эмчилгээний төлбөр”-ийг шүүгдэгчээс нэхэмжлэн төлүүлэх үндэслэлтэй байх тул хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан дээрх хохирол, хор уршигт холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх, хэрэв шүүгдэгч эс зөвшөөрвөл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.      

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч урьд 2020 онд гэмт хэрэг үйлдсэн байх ба тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-19, 52-59, 87, шүүх хуралдааны тэмдэглэл/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, түүний ам бүл, ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-27-32, 48-49, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э т эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг 3 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зорчих эрхийг хязгаарлах ялд багтааж хэрэглэх тодорхой төрөл, хэлбэр”-үүдийг тусгайлан заасан, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зорчих эрхийг хязгаарлах ялыг зөвхөн ерөнхий нэршил”-ээр нь ерөнхийлөн заасан  байх тул зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заавал журамлаж, тухайн ялын төрөл, хэлбэрийг нэг мөр тусгайлан зааж оногдуулах үндэслэлтэй болохыг тэмдэглэв.      

 

  1. Бусад асуудал  

 

Уг хэрэгт 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч Р.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг 3 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э т оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Э аас 1.920.000 төгрөг гаргуулж,  хохирогч Д.Бөд олгосугай.  

5. Тус хэрэгт хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.  

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан “21-р шүдний булгарал” шүдний эмчилгээний төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, хамаарах бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэн төлүүлэх, хэрэв шүүгдэгч нь эс зөвшөөрвөл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.      

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.       

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Р.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР