Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/221

 

   

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч С.Чулуунцэцэг,

нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч О.Нандинцэцэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаргачууд овогт Жаргалчулууны Мт холбогдох эрүүгийн 2311000940046 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шаргачууд ургийн овогт Жаргалчулууны М, /РД: ./,

Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, “Итгэл эрүүл мэнд” хувийн эмнэлэгт тоног төхөөрөмжийн инженер ажилтай, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 27-545 тоотод оршин суух хаягтай урьд нь ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Ж.М нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 1-11 тоот хашаанд байрлах О.Насанбуянгийн эзэмшлийн Монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цоожийг эвдэн нэвтэрч 55 инчийн “Скайворт” загварын зурагт, мөнгөн аяга 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, авч 1,369,960 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 107 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ж.М нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 1-11 тоот хашаанд байрлах О.Насанбуянгийн эзэмшлийн Монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цоожийг эвдэн нэвтэрч 55 инчийн “Скайворт” загварын зурагт, мөнгөн аяга 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, авч 1,369,960 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч О.Насанбуян мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2022 оны 12 дугаар сарын 12-16-ны өдрийн хооронд миний гэр болох Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 1-11 тоотод байрлах Монгол гэрийн цоожийг эвдэж хулгай орсон байсан. ...Манай гэрээс 55 инчийн “Скайворт” загварын зурагт 1 ширхэг, том жижиг мөнгөн аяга 2 ширхэг зэрэг зүйлс алга болсон байсан. Зурагтын содон шинж тэмдэг нь баруун доод буландаа үйлдвэрийн алдааны цэгтэй, зүүн дээд хэсэгтээ 10 см наалтыг хуулсан байгаа, удирдлага нь халзарсан байгаа. Мөнгөн аяга дээр нь “хүүхдүүддээ сайн сайн сайхныг хүсье 2013” гэсэн бичигтэй байгаа” гэх /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

Гэрч Э.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 16-ны орой 17 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар xopoo “Ноён Оргил трейд” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрынхаа байранд байж байхад 25 орчим насны, хар өнгийн куртик, хар өнгийн амны хаалт, хар өнгийн малгайтай нэг залуу орж ирээд 55 инчийн “Скайворт” загварын зурагтыг барьцаанд тавих гэсэн юм гээд орж ирсэн. Эхлээд шууд 900,000 төгрөгт тавих гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би 750,000 төгрөгөөр барьцаанд авна гэж хэлсэн. ,...би тухайн зурагтыг асааж шалгаж үзээд 14 хоногийн хугацаатай 750,000 төгрөгөөр барьцаанд авсан. Тэгээд тухайн залуу барьцаанд тавьсан зурагтаа 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн орчимд орж ирээд 810,000 төгрөгөөр буцааж аваад зээлээ хаалгасан. Би тухайн иргэнийг танина. Манайд орж ирэхдээ амны хаалтаа авч байсан болохоор одоо харвал сайн танина” гэх /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8 дугаар тал/,

Гэрч Н.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Ж.Мыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 33-35 дугаар тал/,

“Ноён оргил трейд” ХХК-ын барьцаат зээлийн үйлчилгээний гэрээний хуулбар /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/,  

шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч О.Насанбуянгийн мэдүүлэг дээр дурдсан гэрчийн мэдүүлэг, “Ноён Оргил трейд” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний гэрээний хуулбар, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна.

            Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Ж.Мын үйлдсэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн улмаас 1,369,960 төгрөгийн хохирол учирч мөрдөн шалгах ажиллагааны явцад биет байдлаар хохирогчид өгсөн байх тул шүүгдэгчийг цаашид бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэх дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Ж.Мт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хохирогчид учруулсан хохирлыг биет байдлаар буцаан төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мт  оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Мын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлон ирүүлээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шаргачууд ургийн овогт Жаргалчулууны Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.    

4. Шүүгдэгч Ж.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй болохыг дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     П.АРИУНБОЛД