Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/17

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овгийн ******* (РД:******)-д холбогдох эрүүгийн 2233000750085 тоот хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 00 сарын 00-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 0-р баг Хар усан тохой гудмын 0-00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хотгойд овгийн ******* (РД******).

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0 дүгээр баг, Жимстэй хорооллын уулзвар Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн 55-56 дахь километрт Хово маркийн 0000 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний холбогдох дүрмийн заалтуудыг зөрчиж, 0000 СЭА улсын дугаартай “Тоёота марк-2” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас уг машиныг жолоодож явсан*******ын биед хүндэвтэр гэмтэл, ******* хөнгөн гэмтэл, иргэн *******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 4.823.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав:

 Улсын яллагчаас:

-2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-17 хуудас/

-2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21 хуудас/

-2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 806 дугаартай шинжээчийн дүгнэлт,

-2022 оны 08 дугаар  сарын 11-ны өдрийн  “Ашид билгүү” ХХК-ын хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-59 хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 757 дугаартай дахин шинжилгээний дүгнэлт /хх-ийн 93-96 хуудас/,

-Сэлэнгэ аймгийн сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг “гэрэлт индранил” авто сургуулийн захирал шинжээч Ч.Үнэнмөнхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 108-110 хуудас/

-Хохирогч*******ын мэдүүлэг /хх-ийн 65-66 хуудас/

-Иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 81 хуудас/

-Яллагдагч *******ы мэдүүлэг /хх-ийн 125-126 хуудас/ зэргийг уншиж сонсгон шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* хэргээс хохирол төлсөн баримт /183-184 хуудас/ шинжлэн судлав.                                                                                     

  1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 4 дүгээр баг, Жимстэй хорооллын уулзвар Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн 55-56 дахь километрт Хово маркийн 0000 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, Арван тав. Уулзвар нэвтрэх: 15.9 Гол зам туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчиж, 0000 СЭА улсын дугаартай “Тоёота марк-2” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан*******ын бие махбодод хүндэвтэр гэмтэл, ******* хөнгөн гэмтэл, иргэн *******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 4.823.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдлоо. Үүнд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт:

1.Шүүгдэгч *******ы: “...2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би *******-аас 60 тонн цемент ачаад Сайхан сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу хөдөлсөн юм. Тэр үед би 0000-УБА улсын дугаартай "Сонсмол Хово" маркийн хүнд даацын тэгээд Сайхан сумын төв жимстэй ачааны машиныг жолоодож явсан. Тэгээд Сайхан сумын төв Жимстэй хорооллын уулзварын наахан хэсэгт зогсож ачаагаа хуччихаад цаашаа зам хөндлөн гарч амрах санаатай дөнгөж хөдлөөд төв замаараа дамжаад нэвт цааш гарах санаатай явж байтал ертөнцийн зүгээр Орхон аймаг чиглэлийн урсгалаас нэг жижиг суудлын машин ирээд миний талын /жолооч талын/ банкийг мөргөөд зогсчихсон юм. Тэгээд би машинаасаа буутал нөгөө жижиг машинаас жолооч нь гээд эмэгтэй хүн орилоод буугаад ирсэн юм. Тэгээд шууд цагдаа дуудаад бас эмнэлэг дуудсан юм. Би тэр үед аав ******* /утас****/-тэй хамт явж байсан юм. Би огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан юм. Би зам хөндлөн гарахаасаа өмнө 2 талаа сайн хараад нэг машин ирэхээр нь өнгөрөөчхөөд дараагийн машин нь хол байсан болохоор нь амжчих байх гээд хөдөлсөн чинь гэнэт ирээд мөргөчихсөн юм. Осол болох үед өдөр ойролцоогоор 15 цаг өнгөрч байсан болохоор гадаа гэгээтэй үзэгдэх орчин хэвийн байсан. Гадаа цаг агаар хэвийн дулаахан байсан юм. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Би 2009 онд жолоо төгссөн тэрнээс хойш жолоо барьж байгаа юм. Би хүнд даацын ачааны тээврийн хэрэгсэл жолоодох ангилалтай юм. Би 2009 онд “В” ангилал, 2011 онд “С” ангилал, 2018 онд “СЕ” ангилалтай болсон юм. Миний машины банк нь хонхойгоод цоорчихсон юм бас хамгаалалтын алаг төмөр нь хэмхэрчихсэн, банкны сууринууд нь тахийгаад хэмхэрчихсэн юм. Осол болох үед миний жолоодож явсан 0000-УБА улсын дугаартай "Сонсмол Хово" маркийн машин нь миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Тээврийн хэрэгсэл өмчлөгчийнх нь нэр нь хаан банкны нэр дээр байдаг юм. Хаан банкны санхүүгийн түрээс гэдэг зээлээр авсан болохоор Хаан банкны нэр дээр байдаг юм. Би өөрийн машинаа 2022 онд үзлэг оношилгоондоо бүрэн хамруулчихсан байсан юм. Би гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:  

2.Хохирогч *******ын өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгаас Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байдаг ээждээ 2 хүүхэд болох ,, нарын хамт би өөрөө, жолоогоо бариад өөрийн гэр бүлийн эзэмшлийн Гранд марк-2 маркийн 0000 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй өдөр 12 цаг өнгөрч байхад гарсан юм. Тэгээд Хөтөл рүү орж байтал замын хажууд улаан өнгийн чиргүүлтэй ачааны Хово маркийн машин баруун талын замаас орж ирэх гэж байгаа бололтой зогсож байсан юм. Тэгээд би төв замаар явж байгаа учраас надад зам тавьж өгөөд зогсчихсон байна гээд уулзвар нэвтрэх үед нөгөө машин гэнэт хөдлөөд урдуур ороод ирсэн юм. Тэгээд би тухайн машины зүүн талаас кабины ар хэсэг рүү нь мөргөчихсөн. Тухайн машинд жолоочоос гадна 1 хүн байсан. Тухайн хажууд нь байсан хүнийг тухайн жолоочийн аав гэж байсан.... Машин манай нөхөр *******ын эзэмшилд бүртгэлтэй. Ер нь урд хэсэг нэлэнхийдээ эвдэрсэн үнэлгээгээр 4.820.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Банкны төмөр хаалт нь хонхойсон байсан. Тухайн осол 16 цагийн үед гарсан. Би 40-50 км/цагийн хурдтай явж байсан. Миний баруун талын хөл, шагай, зүүн өвдөг, цээж хэсэг гэмтсэн. Баруун шагай орчимд хугаралтай гэсэн. Одоогоор өвчтэй бөгөөд хавдар нь буухгүй гүйцэт гишгэж чадахгүй доголж явж байгаа. Э.Элбэрэлийн эрүү жоохон шалбарсан байсан. Одоо хэвийн байгаа Э.гийн цээж, баруун суга гэмтсэн байсан. Мөн нуд харанхуйлаад байна гэж байсан юм. Одоо биеийн байдал хэвийн байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/

3. Иргэний нэхэмжлэгч *******ын өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байсан. Би Орхон аймагт байсан. Манай эхнэр******* 2 хүүхдээ аваад Сэлэнгэ аймгийн Шаамар сум орж ээжтэй уулзаж хүүхдүүдээ тэнд үлдээчхээд буцаж ирэхээр Гранд марк-2 загварын 0000-СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 12 цаг өнгөрөөгөөд хөдөлсөн. Би ажил дээрээ сууж байтал 15 цаг 50 минутын орчимд манай хүү над руу залгаад машин ирээд мөргөчихлөө гээд уйлаад байсан. Тэр үед осол болсон талаар мэдсэн. Осол болсон талаар дэлгэрэнгүй сайн мэдэхгүй байна....Энэ машиныг би эхнэр*******тай хамт дундаа хэрэглэдэг машин байгаа юм. Угаасаа даатгал дээр эхнэр бид хоёрын хариуцлагын даатгал байдаг юм. Эхнэр маань Сэлэнгэ аймгийн Шаамар сум руу явах болоод машинаа жолоодоод явсан юм. Би 2022 оны 07 сарын 28-ны өдөр Орхон аймгийн Авто тээврийн төвд оношилгоонд оруулсан. Үзлэгээр ямар нэгэн эвдрэл, зөрчил гараагүй. Би буруутай этгээдээс өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын үнэлгээг нэхэмжилж байна. Бас машинаа засуулахаар Улаанбаатар хот руу тээвэрлэсэн ачлагын төлбөрийг тус тус нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/,

4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын өгсөн: “...Осол болсны дараа манай хүүтолгой хүзүү эгэмний хэсгээр маш их өвдөлттэй үе үе нүд харанхуйлж толгой нь эргэдэг болчихсон байсан. Осол болсноос 8 хоногийн дараа би эхнэр хүүхдүүдээ Орхон аймагт мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгүүлсэн юм одоогоор биеийн байдал тогтвортой байгаа сэтгэл санааны хувьд цочролд орчихсон машинаас айгаад одоо машинд суухаа больчхоод байгаа юм. Өнөөдөр Улаанбаатар хотоос дагуулж ирэх гэсэн боловч машинаас айгаад машинд суухгүй байсан юм. Манай хүү надад хэлэхдээ би машинд унтаад явж байсан чинь гэнэт машин мөргөлдөөд би сэрсэн юм би машины арын суудал дээр сууж явсан л гэж надад ярьсан өөр зүйл яриагүй юм. Би хүүхдийнхээ эмчилгээний зардалд зарцуулсан мөнгийг эхнэрийн эмчилгээний зардалд зарцуулсан баримттай хамт хүлээлгэж өгөөд одоо нэгдсэн байдлаар хохирлын дүн гарчихсан юм чинь надад өөр нэхэмжлэх зүйл гомдол санал алга... гэх мэдүүлэг /хх-ийн 167-р хуудас/,

5.Гэрч С.*******ийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн хүү хамт 0000-УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ ачаа ачаад Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас Хөвсгөл аймаг явж байсан юм. Хүү бид хоёр ачаагаа аччихаад Сайхан сумын Жимстэй хорооллын ойролцоо төв замаар цаашаа нэвт гарах гээд явж байтал хажуунаас жижиг тэрэг ирээд мөргөчихсөн юм. Тухайн үед манай хүү Ариунсайхан жолоо барьж явсан юм. Тэр мөргөсөн машин нь их хурдтай л орж ирээд мөргөчихсөн юм....Миний биед ямар ч гэмтэл учраагүй юм. Манай хүү Ариунсайханы хувьд төлөв даруу зантай архи огт уудаггүй хамт олон дундаа нэр хүндтэй олон жил волейбол тоглосон спортын мастер хүн байгаа юм. Манай хүү Ариунсайхан эхнэр 2 хүүхэдтэй, эхнэр нь одоо Сэлэнгэ аймгийн Дулаанхаан сумын Засаг даргын тамгын газарт ажилладаг юм. Том хүү нь одоо 3 дугаар анги, бага охин нь 3 настай одоо цэцэрлэгт явдаг юм. Одоо хувиараа ачаа ачаад тээвэрт явдаг юм. Миний мэдэхээр ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй юм. Манай хүү эхээс хоёулаа дээрээ нэг эгчтэй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 160-р хуудас/,

6. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 11-17-р хуудас/,

7. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ы өдөр гаргасан 805 тоот дугаартай

1.А.-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүсэн байх боломжтой байна гэмтэл байна.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/,

8.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 806 тоот дугаартай

1.*******ын биед шагай тахилзуурын урд холбоос шагайнд бэхлэгдэх хэсгийн урагдал, баруун шагайнд цус хуралт, зүүн өвдөг, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүсэн байх боломжтой гэмтэл байна.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/,     

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ы өдөр гаргасан 757 тоот дугаартай

1.*******ын биед шагай тахилзуурын урд холбоос шагайнд бэхлэгдэх хэсгийн урагдал, баруун шагайнд цус хуралт, зүүн өвдөг, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох үйлдлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №806 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 93-96-р хуудас/,

10. 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 680 тоот ”Ашид билгүүн” ХХК-ны  авто машины эвдрэл, хохирлын үнэлгээ ...4,823,000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 55-58-р хуудас/,

11.”Гэрэлт Инраннил” авто сургуулийн дүрмийн багш Ч.Үнэнмөнхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаартай

-9116 УБА улсын дугаартай "Самсомол хово" загварын хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана,

Арван тав. Уулзвар нэвтрэх: 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 108-109-р хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.  

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх  нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.    

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас *******ыг тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, Арван тав. Уулзвар нэвтрэх: 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас*******ын эзэмшлийн 0000 СЭА улсын дугаартай Тоёота марк-2 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан*******ын биед хүндэвтэр гэмтэл, ******* хөнгөн гэмтэл, иргэн *******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 4.823.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан нь *******ы яллагдагчаар өгсөн “би зам хөндлөн гарахаасаа өмнө 2 талаа сайн хараад нэг машин ирэхээр нь өнгөрөөчхөөд дараагийн машин нь хол байсан болохоор нь амжчих байх гээд хөдөлсөн чинь гэнэт ирээд мөргөчихсөн” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг болгоомжгүй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн холбогдсон хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлдэг, улсын яллагчтай гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан эрхийнхээ дагуу өөрийгөө өмгөөлж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогч*******ын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлд “Даваадорж овогтой Уламбаяр миний бие нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сайхан сумын нутагт авто машины осолд орсон. Буруутай этгээд болох Ариунсайханаас хохирлын мөнгө болох 6.823.000 төгрөгийг авсан одоо гомдолгүй...” гэсэн хүсэлтийг гаргажээ.

2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн зам тээврийн ослын улмаас хохирогч*******ын бие махбодод хүндэвтэр, А.гийн бие махбодод хөнгөн гэмтэл, иргэн *******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 4.823.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд эдгээр хүмүүс нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байх тул хохирлын нийт төлбөрийг хохирогч*******т шилжүүлсэн нь бусдын эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.

 Иймд шүүгдэгч *******ыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: ...Шүүгдэгч ******* нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайн тогтоогдож байх тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах санал...”-ыг гаргаж байна гэв.

Шүүгдэгч ******* “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, 700.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны дагуу шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр, хэмжээ, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, байгаа байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-д  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хотгойд овгийн *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч ******* нь хохирогч*******т гэм хорын хохиролд  6.823.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН