Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/245

 

 

 

 

 

 

     2023          03             29                                              2023/ШЦТ/245

НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: С.Бичинхүү,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ы ***т холбогдох эрүүгийн 2305000000110 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суудаг, урьд

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг журамлан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

*** овогт ***ы *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн *** хороо, *** тоотод хамтран амьдрагч ***ийг “гар утас зөвшөөрөлгүй үзсэн” гэх шалтгаанаар үснээс нь зулгаах, толгой бие хэсэгт нь цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, зулай, дагз, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, хоёр бугалга, зүүн шуу, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн *** хороо, *** тоотод хамтран амьдрагч ***ийг “гар утас зөвшөөрөлгүй үзсэн” гэх шалтгаанаар үснээс нь зулгаах, толгой бие хэсэгт нь цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, зулай, дагз, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, хоёр бугалга, зүүн шуу, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн “…Гэм буруу дээрээ маргахгүй” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305000000110 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ий хохирогчоор өгсөн “...2023 оны 01 сарын 09-ний өдөр гэртээ байхад *** унтаад өгсөн. Гар утсаар нь кино үзэж байх хооронд зурвас ирээд байхаар нь ороод харчихъя гэтэл хоёр хаяг байсан. Тэрийг нь хальт хараад ***т “*** гэх хүнээс зурвас ирээд байна” гээд хэлсэн чинь над руу аймар том харж байгаад “Чи пизда минь, яах гээд миний юм ухаад хараад байдаг юм” гээд “Наадах чинь хүн, тэгээд яах гэж байгаа юм” гээд над руу уурлаад байсан. Би тухайн үед “Ухаагүй байхад зурвас ирээд байна шүү дээ” гээд хэлсэн чинь шууд босож ирээд миний үснээс зулгааж, газар унагаад чирээд байсан. Толгой хэсэгт нэлээд олон удаа гараараа атгаж байгаад зодоод байсан. Би толгойгоо хамгаалаад газар хэвтсэн чинь толгой хэсэгт хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж байгаад намайг хэд хэдэн удаа гараараа орон дээр дарж, хоолой шахаад байсан. Газар унагаж байгаад зулай хэсгийн үснээс атгаж, газар шал мөргүүлсэн. Миний нүд харанхуйлаад ирэхээр болиод байсан. Миний гар утсыг гартаа атгаж байгаад биеийн хэсэгт удаа дараа цохисон. Би “Ээжээ, ааваа” гээд хашхирахад  “Тэр ээж ааваа дууд, би бүгдийг нь үзээд гарсан, чиний цагдаа, чиний ээж ааваас айхгүй шүү” гээд намайг зодоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр орой байсан. Би цагийг нь сайн санахгүй байна. Манай хүргэн *** над руу залгаад ууртайгаар “Энэ охиноо ирж хар” гэсэн. Би “Юу болов” гэж асуухад шууд утсаа салгасан. Цаана нь манай охин *** уйлаад байгаа бололтой байсан. Тэгэхээр нь нөхөр бид 2 яваад очиход манай охин *** нь гэрийнхээ гадна дээгүүрээ гадуур хувцасгүй, дан майктай доогуураа нэг хөлдөө тавчиктай, нэг хөл нь “Газарт гишгэж болохгүй байна” гээд уйлсан байдалтай байсан. Нөхөр бид 2 дотогш ороход гэр орон эмх замбараагүй аяга, таваг хагарсан байсан. *** нь гэртээ халаасандаа гараа хийсэн, ууртай өөдөөс пээдийгээд ***ийг “Пизда минь чи тэгдэг биз дээ, ингэдэг биз дээ” гээд орилоод байсан. Нөхөр бид 2 “Юу болсон” талаар асуухад манай охин *** нь болсон зүйлийн талаар ярих гэтэл *** нь “Чи ингэдэг, тэгдэг” гээд орилоод байсан. Би “Юунаас болсон юм” гэхэд “Тэр 2 хоолоо идчихээд орон дээрээ хэвтэж байгаад ***ийн утсаар кино үзэж байсан. Гэтэл ***ийн гар утсанд эмэгтэй хүнээс мессеж ирсэн. Тэрнээс болж хоорондоо муудалцаад ийм зүйл болсон” гэж *** хэлсэн. Тэгтэл *** нь дайраад орилоод байсан болохоор манай нөхөр цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

 

2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1337 дугаартай шинжээчийн “...***ий биед тархи доргилт, зулай, дагз, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, хоёр бугалга, зүүн шуу, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 тал/,  

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51 тал/, Хаан банк ХХК-ийн *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 52-67 тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***ий биед “тархи доргилт, зулай, дагз, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, хоёр бугалга, зүүн шуу, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий гэмтлийг учруулсан болох нь хэргийн 24-25 дугаар талд авагдсан шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1337 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, ***ийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1337 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 1337 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Шүүгдэгч *** болон хохирогч *** нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хэрэгт авагдсан хохирогч ***ий “...2021 оны 10 дугаар сараас эхлэн хамт нэг гэрт амьдрах болсон...” гэх мэдүүлэг, гэрч ***ийн “...манай хүргэн *** нь над руу залгаад ууртайгаар “Энэ охиноо ирж хар” гэсэн...” гэх мэдүүлэг зэрэг баримтаар болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д  заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ***ийн “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн *** хороо, *** тоотод хамтран амьдрагч ***ийг “гар утас зөвшөөрөлгүй үзсэн” гэх шалтгаанаар үснээс нь зулгаах, толгой бие хэсэгт нь цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, зулай, дагз, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, хоёр бугалга, зүүн шуу, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 155.120 /нэг зуун тавин таван мянга нэг зуун хорь/ төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан байна.

 

Шүүгдэгч *** нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс нийт 155.120 /нэг зуун тавин таван мянга нэг зуун хорь/ төгрөг гаргуулж хохирогч ***д олгох нь зүйтэй байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т *** болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ы ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сар буюу 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ***т шүүхээс оногдуулсан торгуулийн ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ***өөс 155.120 /нэг зуун тавин таван мянга нэг зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч ***д олгосугай.

 

6. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин *** болтол ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ