| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2023/0063/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/68 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0063/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000450082 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан- Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг,*******од оршин суух, урьд ял шийтгэлгүй,******* ,
******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр, Хээтэй хорооллын 5-4 дүгээр байрны 19 дүгээр орцны подвалд эхнэр******* гарыг нь хазах, хөлөөрөө өшиглөх зэргээр, мөн өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн*******,******* гэртээ******* толгой тус газарт нь сандлаар цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь духны зүүн хэсгийн хуйх, зүүн гуя, мөрөнд цус хуралт, баруун хөлийн гадна шагай орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тухайн үед манай нөхөр нилээд согтсон байхаар нь би цамцыг нь буйдан дээр суулгаж байгаад өмсүүлтэл ямар ч шалтгаангүй чи муу яаж байгаа юм бэ гэж хэлээд миний баруун гарын ар хэсгээс нь хазсан болохоор нь чи яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд******* нь уурлаж босож ирээд баруун хөлөөрөө миний зүүн хөлийн шагай хэсэг рүү 1-2 удаа өшиглөхөөр нь миний дургүй хүрээд би*******гийн цээж хэсэг рүү нь хоёр гараараа түлхэхэд******* нь хоёр гараараа миний үснээс зулгаагаад эхэлсэн юм... Ингээд би 2023 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн орчим Дархан сумын 13 дугаар баг 1 дүгээр хороолол*******од байрлах гэртээ ирэхэд манай нөхөр ******* нь гэрт ирчихсэн байсан бөгөөд би гэрт ороод*******д хандан чи яагаад миний биед халдаж байгаа юм бэ гэж хэлэхэд******* нь миний үгийг тоолгүй шууд над руу дайраад шар өнгийн хуванцар сандлаар миний толгой руу цохихоор нь би зүүн гараараа хаатал гартай хавсраад духны зүүн хэсэг рүү цохисон болохоор би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр өдөр би гэртээ дүү, нарын хамт байж байсан. Тэгсэн тэр шөнө манай аав согтуу орж ирээд ээжийг хайгаад байсан. Тэр үед нь ээж гэрт байгаагүй. Харин удалгүй ээж аавын араас ороод ирсэн. Тэгээд аав ээжийг согтуу хэл амаар доромжпоод тэр хоёр хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Аав гэнэт ээжийг зодоод байсан. Би тэгэхээр нь ээжийг өмөөрөөд салгасан, ...Аав ээжийн толгой хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохисон бас гэрт байсан сандлаар ээжийн толгой руу цохисон" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр өдөр би гэртээ байж байсан. Манай аавыг хажуу айлын ах гэрт оруулж өгчхөөд гарсан, аав маш их согтуу байсан. Аав намайг ээж чинь хаана байна гээд хоёулаа цуг гаръя гэсэн. Би хувцсаа өмсөөд аав бид хоёр гэрээс гарах гэж байхад ээж өөдөөс ороод ирсэн. Тэгээд шууд аав ээж хоёр хэрэлдээд хоорондоо зодолдоод эхэлсэн. Аав ээжийн толгой хэсэг рүү нь гараараа хоёр гурван удаа цохиод сандлаар толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Ээж бас надад хэлэхдээ аав ажил дээрээ ангийнхаа хүүхдүүдтэй архи уугаад миний гараас хазсан гэж хэлсэн” /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 137 дугаартай: “******* биед духны зүүн хэсгийн хуйх, зүүн гуя, мөрөнд цус хуралт, баруун хөлийн гадна шагай орчмын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.******* биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр******* биед духны зүүн хэсгийн хуйх, зүүн гуя, мөрөнд цус хуралт, баруун хөлийн гадна шагай орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 600 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл бүрэн хангагдсан байна.
Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ********** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД