Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/73

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0039/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000095 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эмэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “ ” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 2 хүүгийн хамт, Дархан-Уул аймаг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй,******* ,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 2 дугаар сарын 01-ний өглөө Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, 16 дугаар байрны хажуу талаас******* улсын дугаартай Примо маркийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлээд “******* ” зочид буудлын хажууд буухдаа уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн******* унагасан “Айфон-13 про” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 2,800,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 01-ний өглөө 07 цаг 38 минутад өөрийн охин хамт гэрээсээ гарч машинаа унаад хажуу талын орцны 2 хүүхдийг аваад Дархан сумын 11 дүгээр багт байрлах “ ” сургууль дээр очиж өөрийн охин болон нөгөө цуг авч авсан ах, дүү хоёрыг буулгаж сургууль руу дагуулж орсон. Ингээд буцаад машиндаа суугаад гэртээ иртэл гар утас байхгүй болсон байсан. Би 16 давхар байрны гаднаас нэг эмэгтэйг суулгасан өөр хүн суулгаагүй. Утас байхгүй болохоор хүүхдийнхээ дугаарын утаснаас 5-6 удаа залгаж үзсэн, дуудаж байгаад унтарсан. Өөрийн гар утсаа машины голын хайрцаг дээр тавьсан байсан. Миний машины голын хайрцаг дээр байсан гар утас машины явдалд хойшоо унасан байх боломжтой гэж бодож байна.  ...өөрийн алдсан “Айфон-13 про” загварын гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06, 09-р хуудас/,

 

”Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “...үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 2,800,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-р хуудас/,

 

2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гар утсыг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 29, 32-р хуудас/,

 

Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй, жолоочийн утас биш өөр хүн сууж яваад утсаа гээгдүүлсэн гэж бодоод уг утсыг авч буусан” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийн зүйлс гэдгийг мэдсээр атлаа уг эд хөрөнгийн эзнийг олох талаар идэвхтэй үйлдэл хийхгүй байх, уг эд хөрөнгийг олсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд авсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба хууль тогтоогч 300,000 төгрөгөөс дээш үнэтэй эд зүйлийг завшсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч нь жолоочийн утас гэж мэдээгүй гэж мэдүүлсэн байх ба субьектив санаа зорилгын хувьд гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг өрхийн орлогын хэмжээг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогч шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, гар утсыг шүүгдэгчээс хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар *******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар уг хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Г.ГЭРЭЛТ-ОД