Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2019/02282

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 24/1, Монре даатгалын байр, РД-2027933, Монре даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 17-р хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, РД-5021111, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГазарт холбогдох

4 436 472 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас даатгалын хураамж 4 436 472 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Манай байгууллага нь Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГазартай 2018-10-22 өдөр Иргэний хуулийн Даатгалын тухай зохицуулалтыг үндэслэн тоног төхөөрөмжийн даатгалын ДГ/18/79 дугаартай гэрээг байгуулсан.

Энэхүү даатгалын гэрээний дагуу нийт 739 411 934 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг тодорхой эрсдлүүдээс даатгасан бөгөөд үүний хураамжийг 4 436 472 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээнд заасан. Даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт энэхүү хураамжийг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор буюу 2018-10-25 өдөр даатгуулагч нь төлөх үүрэг хүлээсэн. Гэвч даатгуулагч Радио телевизийн сүлжээ УТҮГазар нь өнөөдрийг хүртэл энэхүү үүргээ биелүүлээгүй байна. Даатгалын хураамжийг төлөхийг шаардсан албан бичгүүдийг Радио телевизийн сүлжээ УТҮГазарт удаа дараа илгээсэн ч үр дүнд хүрсэнгүй.

Иймд Радио телевизийн сүлжээ УТҮГазраас тоног төхөөрөмжийн даатгалын ДГ/18/79 дугаартай гэрээний дагуу даатгалын хураамжид 4 436 472 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Тус газар нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын эрхлэх асуудлын хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг улсын хэмжээнд төрийн нэрийн өмнөөс хэрэглэгчдэд хүргэх үндсэн үүргээс гадна арилжааны телевизүүдийн хөтөлбөр, монгол, хятад, орос, англи, япон гэсэн 5 хэл дээр бэлтгэсэн тусгай радио нэвтрүүлгийг олон улсад тасралтгүй дахин дамжуулах онцгой чиг үүргийг хүлээн ажилладаг.

Тус газрын инженер техникийн ажилтнууд нь радио, телевизийн нарийн мэргэжлийн боловсон хүчнүүд байдаг бөгөөд байгууллагын хэмжээнд ашиглаж байгаа аливаа тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, учирсан хохиролд акт тавьж, дүгнэлт гаргадаг.

Манай байгууллагын хэмжээнд ашиглаж байгаа радио, телевизийн бүх төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн гэмтэл, хохиролд акт, дүгнэлт гаргах эрх бүхий мэргэжлийн байгууллагыг холбогдох эрх зүйн актуудад тусгайлан зааж өгөөгүй болно.

Гэвч Монре даатгал ХХК-тай гэрээ байгуулж, тоног төхөөрөмжийн нөхөн төлбөрийн асуудлыг талууд харилцан зөвшилцөх явцад тус газрын гаргаж өгсөн хохирол, гэмтлийн акт, дүгнэлтийг Монре даатгал ХХК нь мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлт биш гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй талаар мэдэгдсэн бөгөөд энэ нөхцөлд тус газар гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр авах эрхээ алдахаар байна.

Иймд гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.3 дах хэсэгт заасан мэргэжлийн байгууллагын акт, тодорхойлолт гэсэнд тус газраас гаргасан холбогдох акт, дүгнэлт хамаарах эсэх асуудлыг тодорхой болгосны дараа шийдвэрлүүлэх нь зүйтэй байх.

Манайх даатгалын гэрээгээр үүрэг хүлээсэн боловч санхүүгийн байдлаас шалтгаалан төлж чадахгүй, хойшлуулж явсан юм гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тоног төхөөрөмжийн даатгалын ДГ/18/79 тоот гэрээ, даатгуулсан тоног төхөөрөмжийн жагсаалт, албан бичгүүд, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

     ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Монре даатгал ХХК даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2007 онд Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан байна.

Иймд нэхэмжлэгч бусадтай даатгалын гэрээ байгуулах эрхтэй, ашгийн төлөө хуулийн этгээд болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГазартай 2018-10-22 өдөр даатгалын ДГ18/79 гэрээг байгуулж, хариуцагчийн 739 411 934 төгрөгийн үнэлгээ бүхий, 78 ширхэг тоног төхөөрөмжийг 2018-10-25 өдрөөс 2019-04-25 өдрийг дуустлах нийт 6 сарын хугацаанд 6 төрлийн эрсдэлээс хамгаалахаар даатгаж, даатгалын хураамжийг 0,6 хувиар тооцож, 4 436 472 төгрөг байхаар тохирсон байна.

Зохигч Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын /сайн дурын/ гэрээг 431.4 дэх хэсэгт заасны дагуу бичгээр байгуулсан байх тул зохигчийн байгуулсан даатгалын гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.

Даатгагч нь хариуцагчийн 739 411 934 төгрөгийн үнэлгээ бүхий 78 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 2018-10-25 өдрөөс 2019-04-25 өдрийг дуустал 6 сарын хугацаанд тохиролцсон даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг хохирол бүрийн 20 хувиар төлөх, даатгуулагч нь хэлэлцэн тохирсон 4 436 472 төгрөгийн хураамжийг гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор даатгагчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Даатгуулагч гэрээгээр хүлээсэн даатгалын хураамж төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээний хугацаанд бий болсон даатгалын тохиолдлын үнэлгээг өөрийн байгууллагын акт, дүгнэлтэд үндэслэж хохирлыг даатгагч нөхөн төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэлийн татгалзлаа үндэслэсэн байна.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3.-т заасны дагуу даатгалын тохиолдлын хохирлыг хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материалд үндэслэх, хохирол үнэлэгч нь Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3. дахь хэсэгт заасны дагуу даатгалын хохирол үнэлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий этгээд байхыг хууль шаардсан.

Хохирол үнэлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэхийг дээрх хуулиар хориглосон, хариуцагч нь даатгалын тохиолдлын хохирлыг үнэлэх тусгай зөвшөөрөлтэйгээ нотлоогүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Даатгуулагч нь дээтгалын гэрээгээр хүлээсэн даатгалын хураамж төлөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан, 437.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөрийн чадвар нь үлэмж доройтсон нөхцөл байдал нотлогдоогүй тул нэхэмжлэгч Монре даатгал ХХК нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас даатгалын хураамж 4 436 472 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн   60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 85 934 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчиас 85 934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон