| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0059/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/58 |
| Огноо | 2023-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/58
2023 03 30 2023/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,
Шүүгдэгч: Ж.Б, Ө.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Жгийн Б, Б овогт Өгийн Н нарт холбогдох эрүүгийн 2335000000071 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....... оны 07 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн ..... суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын ... дүгээр баг ....” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Б овогт Өгийн Н /РД:........../
Монгол Улсын иргэн, ...... оны 05 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн .... суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын ... дүгээр баг .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145,2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 5 хоног хорих ялаар шийтгүүлж байсан Б овогт Жгийн Б /РД:....../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Н нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг 311 тоот хашааны гадна 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ж.Б нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг 311 тоот хашааны гадна 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ө.Нг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ж.Б, Ө.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ө.Н нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг 311 тоот хашааны гадна 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Быг зодсон, мөн шүүгдэгч Ж.Б нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг 311 тоот хашааны гадна 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ө.Нг зодсон болох нь:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал),
Шүүгдэгч Ж.Бын хохирогчоор мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байхад манай гэрт Ж, Л гэх хүмүүс ирсэн бөгөед тухайн хүмүүс “Ерөөл" нэртэй 0.5 литрийн архинаас 2 шилийг авч ирсэн тул Ж, Л бид гурав хувааж ууж дуусгаад Ж, Л хоёр гэр гэр рүүгээ явчихсан. Тухайн өдөр гадна харанхуй болчихсон, гудамжны гэрэлтүүлэг асчихсан байхад цагийн мэдэхгүй байна том хашааны хаалга хааж цоожлох гэж байхад Ө.Н манай гэрт согтуу ирэхээр нь Би Ө.Нг гэр рүү оруулахгүй, хашааны үүдэн дээрээс буцаж яв гэж хэлээд хаалга хаах гэхэд Ө.Н орно гэж маргаан үүсгэж гараараа миний нүүр, толгой хэсэгт цохисон, намайг хэдэн удаа цохисон талаар би мэдэхгүй байна. Ө.Нд цохиулснаас болж миний дух хэсгээс цус гарсан тул би охин Б.У, эмнэлгийн яаралтай тусламж зэргийг дуудаж эмнэлгийн байгууллагад хүргүүлж духандаа оёдол тавиулсан. Би тухайн үедээ Ө.Нг намайг чулуугаар цохисон гэж ойлгоод охин Б.У, хүргэн Одгэрэл нарт чулуугаар цохиулсан гэж хэлсэн. Одоо тухайн өдөр болсон асуудлын талаар нухацтай бодож үзэхээр Ө.Н намайг чулуугаар цохиогүй. гараараа цохисон. Хэрэв намайг чулуугаар цохисон бол үүнээс илүү гэмтэл учрах байсан. Бид хоёр уулзаж нэг нэгнээсээ уучлалт гуйсан учир одоо ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
Шүүгдэгч Ө.Нгийн хохирогчоор мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаангом сумын төвд эмээл авах ажлаар ирсэн бөгөөд тухайн өдөр архи уумаар санагдаад байхаар нь дэлгүүрээс Ерөөл нэртэй 0.33 литрийн архи авч ганцаараа гудамжинд уусан. Уг архийг ууж дуусчхаад Ж.Б ахын гэрт очихоор явсан бөгөөд намайг Ж Ж.Б ахын хашааны гадна ирэхэд Ж.Б ах хашааны хаалга хааж байсан бөгөөд тэдний гэрт оръё гэж хэлэхэд Ж.Б ах оруулахгүй гэж хэлээд бид хоёр маргалдсан. Ж.Б ах бас архи уучихсан согтуу байсан. Би Ж.Б ахын хашаа руу орох гэхэд Ж.Б ах хашааны төмөр хаалгаа татаж миний дух хэсэгт цохисон бөгөөд тухайн үед миний духнаас цус гарсан. Би цус гарахаар нь доошоо тонгойсон бөгөөд Ж Ж.Б ах дахин хашааны төмөр хаалга татаж миний баруун талын чих хэсэгт цохисон, энэ үед миний чихнээс бас цус гарсан бөгөөд миний уур хүрж Ж.Б ахын нүүр хэсэгт 2 удаа цохисон, тэгэхэд Ж Ж.Б ах хашааны төмөр хаалга мөргөж дух нь хэсгээс нь цус гарсан. Түүний дараа би төрсөн ах Ө.Эийн гэр рүү явсан. Ж.Б ах төмөр хашааны хаалгаар миний толгой, чих хэсэгт цохисны дараа миний уур хүрч Ж.Б ахьн нуүр хэсэгт гараараа 2 удаа цохисон. Ямар нэгэн чулуу, эд зүйлээр цохисон үйлдэл гаргаагүй. Гараараа цохисон. Би цохисны улмаас Ж.Б хашааны төмөр хаалга мөргөж дух хэсгээс нь цус гарсан. Ж.Б ах бид хоёр нэг нэгнээсээ уучлалт гуйж эвлэрсэн. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
Гэрч Б.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21 цаг 54 минутад төрсөн эцэг Ж.Б над руу гар утсаар залгаж намайг хүн зодчихлоо. Би үхлээ, хурдан ирж намайг ав гэж дуудсан. Би нөхөр З.Оийн хамт Улаангом сумын 9 дүгээр багт байдаг аав Ж.Бын хашааны гадна очиход яаралтай түргэн тусламжиин автомашин аавын гадна зогсож байсан. Би аав Ж.Бтай уулзахад Ө овогтой Н намайг чулуугаар цохисон гэж хэлээд нэг чулуу руу зааж уг чулуугаар намайг цохисон гэж хэлсэн, том хашааны үүд хэсгийн цас нь цус болчихсон байсан. Аав Ж.Б нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж зүүн талын хөмсөгний дээд хэсэгт 2 ширхэг оёдол тавиулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
Гэрч З.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21 цаг 54 минутад эхнэр Б.Уийн гар утас руу хадам аав Ж.Б залгаж ярьсан бөгөөд намайг хүн зодчихлоо. Би үхлээ, хурдан ирж намайг ав гэж дуудсан. Би эхнэр Б.Уийн хамт Улаангом сумын 9 дүгээр багт байдаг хадам аав Ж.Бын хашааны гадна очиход яаралтай түргэн тусламжиин автомашин аавын гадна зогсож байсан. Хадам аав Ж.Бтай уулзахад Ө овогтой Н намайг чулуугаар цохисон гэж хэлээд нэг чулуу руу зааж уг чулуугаар намайг цохисон гэж хэлсэн, том хашааны үүд хэсгийн цас нь цус болчихсон байсан. Аав Ж Ж.Б нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж зүүн талын хөмсөгний дээд хэсэгт 2 ширхэг оёдол тавиулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
Гэрч Ө.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 22 цагийн үед байх цагийн сайн мэдэхгүй байна. Манай гэрт дүү Ө.Н нь хүнд зодуулсан байдалтай баруун чих, толгойны орой хэсгээс нь цус гарсан, архи уучихсан согтуу ирсэн бөгөөд би дүү Ө.Нгаас юу болсон талаар тодруулж асуухад Ж.Б ах бид хоёр зодолдоод намайг зодчихлоо гэж хэлсэн, дүү Ө.Н нь согтуу байсан болохоор өөр ямар нэгэн зүйл ярилцалгүй унтчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),
Шүүгдэгч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлнө. Би 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байхад манай гэрт Ж, Л гэх хүмүүс ирсэн бөгөед тухайн хүмүүс “Ерөөл" нэртэй 0.5 литрийн архинаас 2 шилийг авч ирсэн тул Ж, Л бид гурав хувааж ууж дуусгаад Ж, Л хоёр гэр гэр рүүгээ явчихсан. Тухайн өдөр гадна харанхуй болчихсон, гудамжны гэрэлтүүлэг асчихсан байхад цагийн мэдэхгүй байна том хашааны хаалга хааж цоожлох гэж байхад Ө.Н манай гэрт согтуу ирэхээр нь Би Ө.Нг гэр лүү оруулахгүй, хашааны үүдэн дээрээс буцаж яв гэж хэлэхэд Ө.Н манай гэрт орно гэж хэлээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Миний уур хүрч хашааны хаалга татаж 2 дахь удаагаа Ө.Нгийн толгой хэсэгт цохисон, би дахин хашааны хаалга татаж 2 дахь удаагаа Ө.Нгийн толгой хэсэгт цохисон. Энэ үед Ө.Нгийн толгойноос цус гарсан бөгөөд миний нүүр хэсэг гараараа 2 удаа цохисон, 2 дахь цохилт дээр би хашааны хаалга түгжих зориулалттай төмрийг мөргөж миний дух хэсгээс цус гарсан. Ө.Н явсны дараа би эмнэлгийн түргэн тусламж дуудаж эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Ө.Н бид хоёр хэн хэнээсээ уучлалт гуйж эвлэрсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61, 63 дахь тал),
Шүүгдэгч Ө.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаангом сумын төвд эмээл авах ажлаар ирсэн бөгөөд тухайн өдөр архи уумаар санагдаад байхаар нь дэлгүүрээс Ерөөл нэртэй 0.33 литрийн архи авч ганцаараа гудамжинд уусан. Уг архийг ууж дуусчхаад Ж.Б ахын гэрт очихоор явсан бөгөөд намайг Ж.Б ахын хашааны гадна ирэхэд Ж.Б ах хашааны хаалга хааж байсан бөгөөд тэдний гэрт оръё гэж хэлэхэд Ж.Б ах оруулахгүй гэж хэлээд бид хоёр маргалдсан. Ж.Б ах бас архи уучихсан согтуу байсан. Би Ж.Б ахын хашаа руу орох гэхэд Ж.Б ах хашааны төмөр хаалгаа татаж миний дух хэсэгт цохисон бөгөөд тухайн үед миний духнаас цус гарсан. Би цус гарахаар нь доошоо тонгойсон бөгөөд Ж.Б ах дахин хашааны төмөр хаалга татаж миний баруун талын чих хэсэгт цохисон, энэ үед миний чихнээс бас цус гарсан бөгөөд миний уур хүрж Ж.Б ахын нүүр хэсэгт 2 удаа цохисон, тэгэхэд Ж.Б ах хашааны төмөр хаалга мөргөж дух нь хэсгээс нь цус гарсан. Би Ж.Бын гэрт очиход биед нь ямар нэгэн гэмтэл байгаагүй. Ж.Б ах бид хоёр согтуу байсан болохоороо маргалдаж Ж.Б ахын биед гэмтэл учруулсан. Би үйлдсэн гэмт хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 88 дугаартай “Үзүүлэгч Ж.Бын духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний дотно дээд хэсэгт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт. гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Духанд язарсан шарк, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамадрах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал)-ээр хохирогч Ж.Бын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 94 дугаартай “Үзүүлэгч Ө.Нгийн дух, баруун чихний дэлбэн, баруун чамархай хөхлөг сэртэнгийн арьсанд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Эдгэж буй шинэ гэмтлүүд байна. Дух, баруун чихний дэлбэн, баруун чамархай хөхлөг сэртэнгийн арьсанд язарсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэл (хавтаст хэргийн 49-50 дахь тал)-ээр хохирогч Ө.Нгийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нар нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ж.Б, Ө.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б (хавтаст хэргийн 7 дахь тал), шүүгдэгч Ө.Н (хавтаст хэргийн 11 дэх тал) нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Б, Ө.Н нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол хор уршиг
Хохирогч Ө.Н мөрдөн байцаалтын шатанд “Ө овогт Н би Ж овогтой Бтай харилцан тохиролцож сайн дураараа эвлэрсэн цаашид Ж.Баас нэхэмжлэх хохирол байхгүй, маргаан байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 95 дахь тал), хохирогч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд “Ж овогтой Б миний бие нь Ө овогтой Нтай тэмцэл, маргаан байхгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 128 дахь тал), -ыг тус тус үнэлээд шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Ж.Б, Ө.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Б Ө.Н нар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ж.Б нь урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145,2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 5 хоног хорих ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 115 дахь тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Н нь Увс аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 89 дэх тал)-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Б Ө.Н нар урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул Ж.Б Ө.Н нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ө.Нгийн хувийн байдлын талаар Гэрч Ө.Эийн өгсөн: “Ө.Н нь гарын эв дүйтэй учир эмээл, суран эдлэл зэрэг хийдэг, ямар нэгэн суурь өвчингүй, нийгмийн идэвхтэй, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, эрүүл чийрэг биетэй, ямар нэгэн суурь өвчингүй, хүнд худлаа хэлдэггүй, шулуун шударга зантай, аливаа ажилд гарын эв дүйтэй төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, баяр ёслол нийтийг хамарсан арга хэмжээний үед архийг тохируулж хэрэглэдэг, архи уусан үедээ элдэв муу зан гаргадаггүй, тамхи татдаггүй, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг, зөөлөн, шударга зантай, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), Гэрч Ж.Сын өгсөн: “Ө.Н нь архийг тохируулж хэрэглэдэг, тамхи татдаггүй, ямар нэгэн суурь өвчингүй, хүнд худлаа хэлдэггүй, шулуун шударга зантай, аливаа ажилд гарын эв дүйтэй төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг, зөөлөн, шударга зантай, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал)-үүд авагдсан байна.
Шүүгдэгч Ж.Бын хувийн байдлын талаар Гэрч Д.Лгийн өгсөн: “Ж.Б нь гарын эв дүйтэй, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, эрүүл чийрэг биетэй, ямар нэгэн суурь өвчингүй, хүнд худлаа хэлдэггүй, шулуун шударга зантай, аливаа ажилд гарын эв дүйтэй, төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, баяр ёслол нийтийг хамарсан арга хэмжээний үед архийг тохируулж хэрэглэдэг, архи уусан үедээ элдэв муу зан гаргадаггүй, тамхи татдаггүй, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг, зөөлөн, шударга зантай, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал), Гэрч Ц.Бын өгсөн: “Ж.Б нь Улаангом сумын 9 дүгээр баг 311 тоот хүү Б.Т, охин Б.Н нарын хамт амьдардаг бөгөөд охин Б.Н нь энэ жил оюутан болсон тул одоо хөгжлийн бэрхшээлтэй хүү Б.Тыг харж, асрамжилж, оюутан Б.Нны сургалтын төлбөрийг олохын төлөө ажлыг хүнд хэцүү гэж гололгүй хийдэг бөгөөд өөрөө гарын эв дүйтэй эмээл, суран эдлэл хийхдээ сайн хүн байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал)-үүд авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Б, Ө.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Б, Ө.Н нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Өгийн Н, Б овогт Жгийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ө.Н, Ж.Б нарт тус бүрт нь 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ө.Н, Ж.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ө.Н, Ж.Б нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ