Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2019/02272

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 100 айл 01-р байр, 03 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЖ68120811, Бага хотгойд овогт Очирбатын Батсайханы нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 27-р байр, 13 тоотод оршин суух, эмэгтэй, РД- ЧА76032269, Угалз овогт Базарбидэрийн Оюунгэрэлд холбогдох,

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Батсайхан, хариуцагч Б.Оюунгэрэл ,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 1999 онд Б.Оюунгэрэлтэй танилцаж, хамтран амьдарч байгаад 2008-04-08 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2000-07-05 өдөр охин Б.Уянга, 2006-08-09 өдөр охин Б.Есүй нар төрсөн. Бид зан харилцаа таарамжгүй байсан. Бид 2009 оноос хойш тус тусдаа амьдарч байна. Охидууд маань одоо эх Б.Оюунгэрэлийн асрамжинд өсч байгаа бөгөөд цаашид эхийнх нь асрамжинд үлдээнэ.Би хүүхдийн сургалтын төлбөр, амьжиргаанд боломжоороо тусалж байнаа. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.

 

Бид цаашид хамтран амьдрах боломжгүй, хариуцагчтэй гэр бүл байх нь миний ажил төрөлд саад болоод байгаа тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү? гэв.

Хариуцагч тайлбартаа: Миний бие 1999 онд О.Батсайхантай танилцаж, бид 2008 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2000-07-05 өдөр охин Б.Уянга, 2006-08-09 өдөр охин Б.Есүй нар төрсөн. Гэрлэлтээ хүүхдүүдээ төрснөөс хойш бүртгүүлсэн тул хүүхдүүд ээжээрээ овоглодог. Сая 2 жилийн өмнөөс аав нь өөрөөрөө хүүхдүүдээ овоглох болсон. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2009 оноос хойш 10 жил тусдаа амьдарч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдүүдээ би өөрийнхөө асрамжинд авна.

 

Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Том охин маань насанд хүрсэн тул бага охин Б.Есүйд хуулийн дагуу зохих тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн лавлагаа, төрсний гэрчилгээнүүд, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл, шүүүгчийн захимарж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагч нар Сонгинохайрхан дүүрэгт 2008-04-09 өдөр гэрлэлтийн бүртгэлийн 888 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2000-07-05 өдөр охин Б.Уянга, 2006-08-09 өдөр охин Б.Есүй нар төрсөн талаар зохигч маргаангүй, энэ үйл явдал бичмэл баримтаар тогтоогдож байна.

Зохигч 2000 оноос хойш хамтын амьдралтай байж байгаад, гэрлэгчид хоорондын харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2009 оноос тусдаа амьдарч, энэ хугацаанаас хойш охин Б.Уянга, Б.Есүй нар эхийнхээ асрамжинд амьдарсаар иржээ.

Хариуцагч Б.Оюунгэрэл нь нэхэмжлэгчтэй гэрлэсэн гэрлэлтээ цуцлуулахаар 2014 онд шүүхэд хандаж байсан байх боловч нэхэмжлэлээ татан авсан, тус шүүхэд сая хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч хэн аль нь гэр бүлээр амьдрах хүсэлгүй, эвлэрэх боломжгүй болсон гэж үзсэн шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Гэрлэгчид цаашид гэр бүлээр амьдрах хүсэлгүй, олон жил тусдаа амьдарсан, эвлэрэх боломжгүй гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүдээс 18 насанд хүрээгүй охин Б.Есүйг насанд хүртэл нь эхийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул түүнийг эхийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Гэрлэлт цуцлагдсан, хариуцагч өөр орон нутагт амьдарч байгаа ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ хүмүүжүүлэхэд эхтэй нь адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд насанд хүрээгүй хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээс чөлөөлөгдөхгүй тул хүүхдээ асрамжлаагүй байгаа эцгээс нь хариуцагч хүүхдээ тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхтэй.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр нэхэмжлэгчээс 2006-08-09 өдөр төрсөн Б.Есүйд тэтгэлэг гаргуулахаар тогтоов.

Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад учруулахыг Гэр бүлийн тухай хуулиар хориглодог болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Зохигч гэр бүлээр амьдрах хугацаанд бий болсон дундаа хамтран өмчлөх хөрөнгийн талаар маргаангүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу УЛСЫН тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 56 756 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Багахотгойд овогт Очирбатын Батсайхан, Угалз овогт Базарбидэрийн Оюунгэрэл нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2006-08-09 өдөр төрсөн охин Б.Есүйг 18 насанд хүртэл эх Б.Оюунгэрэлийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг баримтлан охин Б.Есүйг 16/суралцаж байгаа бол 18/нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцгээс нь тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсгийг баримтлан хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах эцэг эхийн үүрэг цаашид үргэлжлэхийг дурдсугай.