| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0117/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/115 |
| Огноо | 2023-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:176/2023/0117/Э
Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Л.Наранхүү,
шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Базардорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Д.Г холбогдох эрүүгийн ________ дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 1977 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ганц бие, туслах малчин ажилтай, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ___________________, Д.Г.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ханан” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан иргэн Д.Г зүүн гуя хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Д.Г:
...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ________ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.Гийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ханан” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан иргэн Д.Г зүүн гуя хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-10 дугаар хуудас/,
шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаартай ... Д.Гийн биед зүүн талын гуяны гадна хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухай цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Хохирогч Д.Гийн ...2023 оны 01 дүгээр сарын 23-ны орой 19 цагийн үед гэртээ хоол хийж идэх гэж байгаад шар тос тогоонд хийгээд будаа хуурах гэж байгаад гадаа гараад үхэр малаа хараад буцаад гэрт ороод ирсэн чинь гал дээр байсан тогоотой тосыг асгасан байсан. Шар тос яагаад асгасан юм би будаа хуурах гэж байсан юм гэж хэлсэн. Ганзориг пизда минь наадах чинь боорцгийн тос байна гээд уурласан. Би үгүй шар тос гэсэн чинь ер нь чамайг би алчихъя гээд гал тогооны шүүгээнээс хутга аваад миний зүүн хөлийн гуя хэсэгт 1 удаа хутгалсан. Тэгээд тухайн үед юу болсныг мэдээгүй намайг хутгалаад хутгаа бариад дээшээ босоод гараад явсан. Би Багануур дүүргийн эмнэлэгт үзүүлэх гээд явсан. Би 2015 оноос хойш Ганзоригийг таньдаг болсон. 2022 оны 09 дүгээр сараас туслах малчин хийж байгаа. Ганзориг миний зүүн хөлийн гуя хэсэгт манай гэрт хоол хүнс хийдэг хар өнгийн бариултай урт нь 20 см урттай байх хутгаар хутгалж гэмтэл учруулсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Хишигпүрэвийн ...2023 оны 01 дүгээр сарын 24-ны 01 цагийн үед гэртээ байж байхад манай дүү эмнэлэг дээр хүрээд ирээ Сундуй ахыг эмнэлэгт хэвтүүлсэн хүнд хутгалуулсан гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр ирээд цагдаагийн байгууллагад хандсан Ганзориг гэх хүнийг сайн танихгүй. Манай туслах малчин гэр оронгүй ганцаараа байдаг. Манай дүү Мөнхжаргал таньдаг гэж хэлээд туслах малчин хийх болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Гэрч Д.Гийн ...2023 оны 01 сарын 23-ны орой 19:00 цагийн үед хонио хариулаад хотлуулчхаад гэртээ орж ирээд цай уугаад зурагт үзээд сууж байсан чинь гаднаас Үйтүмэн орж ирээд махаа хэрчээд хоолоо хийхгүй юм уу гээд уурласан би хөлдүү байна гэсэн чинь хоосон хонохгүй юу гээд махаа буцаагаад гаргасан би юм хэлээгүй дуугүй сууж байгаад өглөө гамбир хайрсан тос тогоонд байхаар нь цэвэрлээд хоол хийе гэж бодоод ус хийгээд угаах гэсэн чинь Үйтүмэн яасан цамаан пязда вэ гээд уурласан тэгээд үзье босоод ир гээд би босоод зогссон чинь зууралдаад эхлээд намайг орон дээр түлхээд дарж унагаагаад миний хугархай хуруунаас бариад хөшөөд байхаар нь наад гар тавь гэж хэлээд нөгөө гараараа гал тогооны шүүгээг тэмтэрч байгаад гарт хутга баригдахаар нь хутга аваад гуя хэсэг рүү нь 1 удаа хатгасан тэгээд би сандраад гэрээс гарч гүйсэн хэсэг байж байгаад гэрт орж ирэхэд Үйтүмэн Багануур луу эмнэлэгт үзүүлэх гээд явсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Яллагдагч Д.Гийн ...Би 202 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн. Тус мэдүүлэгт болсон хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн мал маллаж байгаа айлын эхнэр А.Наранчимэгийн данснаас Үйтүмэнгийн дагавар охин болох Болорцэцэгийн дансанд 300.000 төгрөг 2023 оны 01 сарын 30-ны өдөр мөн А.Наранчимэгийн данснаас Үйтүмэнгийн өөрийн дансанд мөн 300.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 600.000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг баримтын хүрээнд төлнө... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 49, 52, 57-59 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Д.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Гийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Л.Наранхүү:
...Шүүгдэгч Д.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ханан” гэх газар үл ялих зүйлээр шалтаглан иргэн Д.Г зүүн гуя хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардалгүй болохыг тус тус дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Базардорж:
...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хүлээн зөвшөөрдөг. Тухайн гэмт хэргийн шинж, нийгмийн хор уршиг аюулыг ухамсарлаж байна. Хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Г:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Д.Г маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Г нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.
Шүүгдэгч Д.Гийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Тухайлбал шүүгдэгч Д.Г нь хохирогч Д.Гийн зүүн гуянд хутгалж хөнгөн гэмтэл учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.
Тэрээр шүүгдэгч Д.Г хүний биед хүч хэрэглэн халдаж, зодож цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн мөрний ар даланд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Гийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Гийн биед зүүн талын гуяны гадна хэсэгт хутгалсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Д.Гнь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд авагдсан хохирогч Д.Гхавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, мөн шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Л.Наранхүү:
...Шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Б.Базардорж:
...Эрүүгийн хариуцлагын тал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх ирсэн тул улсын яллагчийн 500.000 төгрөгөөр торгох ялыг дэмжиж оролцож байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Г:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүх шүүгдэгч Д.Гийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Харин прокурор таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Д.Гт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн ________ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 20 см урттай, 10 см хар өнгийн цэнхэр туузаар ороосон бариултай, ажлын хэсэг нь 10 см урттай хутга 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасныг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Г шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 20 см урттай, 10 см хар өнгийн цэнхэр туузаар ороосон бариултай, ажлын хэсэг нь 10 см урттай хутга 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн ________ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН