| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0103/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/116 |
| Огноо | 2023-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:176/2023/0103/Э
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч Л.Наранхүү,
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.М холбогдох эрүүгийн ___ дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 2004 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын дотор засалч мэргэжилтэй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт ______________________________, М.М.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.М нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багт Монгол хороолол 7 дугаар гудамжны 9 тоот хашааны үүдэнд хохирогч Д.Тмаргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөж, гараараа хашаа руу түлхэн унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч М.М:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлдэг.
Үйл баримт
Эрүүгийн ___ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч М.М нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багт Монголын 7 дугаар гудамжны 9 тоот хашааны үүдэнд хохирогч Д.Тмаргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөж, гараараа хашаа руу түлхэн унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 252 дугаартай ... Д.Тбиед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн 9-р хавирганы хугарал, тархи доргилт, зулайн хуйх, зүүн хөмсөгний дээр, зүүн шанаанд шарх, дух, зүүн хацар шанаа, хамар, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, буйл, дээд уруул дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, цус хуралт, зүүн шанаа, хацар, эрүүнд зулгаралт, баруун хацар, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зулгаралт, хоёр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
Хохирогч Д.Т...Тухайн өдөр би 13 цагийн орчим хөдөө идшиндээ явахаар сумын төв дээр байдаг гэртээ орж зузаан үстэй дээл, дулаан хүрэм зэргээ өмсөөд хөдөө гэр рүүгээ явах гээд хашаанаасаа гартал манай гудамжны зүүн үзүүрт буюу Л.Мөнхбаяр ахын хашааны үүдэнд таван залуу байсан ба би хэн юм бол гэж бодоод дээшээ Л.Мөнхбаяр ахын хашааны үүдэнд явж байтал тэр залуучуудын нэг нь намайг дуудаад би яваад очтол тэнд Б.Сүрэнболд М.М Б.Ёндонжамц өөр танихгүй хоёр залуу байсан. Тэгээд тэд нартай мэнд мэдээд байтал Б.Ёндонжамц "Ахаа та хаана хүрэх нь вэ?” гэж асуухаар нь "Ах нь хөдөө идшиндээ явж байна” гэтэл “Аа за за, ахаа та ганц тамхилчих" гэхээр нь би тамхи авч өгөхөөр өврөө ухаж байтал хаа нэгтээ толгой дундуур цохиод авсан, би юу болов гээд сэхээ аваад хартал М.М гартаа тавь орчим см-н урттай төмөр барьчихсан зогсож байгаад дахиад цохиод авсан. Би газар унаад толгойгоо дараад “Одоо боль л доо М.Маа чи намайг аллаа шүү дээ, Ядаж наад гартаа байгаа төмрөө хая л даа” гээд хэлтэл М.Манхжаргал “одоо чамайг алнаа гээд дайраад байсан. Түүнээс хойш ямар нэг зүйл санахгүй байна. Маргааш өглөө нь эмнэлэгт ухаан орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Хохирогч Д.Тдахин өгсөн “...Надад өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй... Зүүн нүдний ухархайн дотор талын хугарлыг Мөнхжаргал газар унасан байхад өшиглөчихсөн юм, зүүн 9 дүгээр хавирганы хугарлыг мөн газар унасан байхад Мөнхжаргал өшиглөсөн, тархи доргилт, зулайн хуйх, зүүн хөмсөгний дээр зүүн шанаанд шарх, дух зүүн хацар шанаа, хамар 2 зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, буйл, дээд уруул дотор салстад язрал цус хуралт, зүүн шанаа хацар эрүүнд зулгаралт, баруун хацар, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зулгаралт, хоёр сарвуунд зулгаралт гэмтлүүдийг бол Мөнхжаргал бид хоёр ноцолдож байх үед л үүссэн гэмтлүүд байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 8 дугаар хуудас/,
Гэрч Ө.Сүрэнболдын “...2022 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 12:00 цаг өнгөрч байхад би М.Мын хашааны гадаа мотоциклийн мотор тайлах гээд ирсэн юм. Намайг ирэхэд Б.Ёндонжамц М.М хоёр “Төхөм”-ийн нуур луу хужир хийхээр явах гэж байна гээд байж байсан. Тэгээд мотоциклийн мотор тайлах гээд түлхүүр багаж байхгүй болохоор нь би нэг танил дүүгээ түлхүүр багаж аваад М.Мын хашааны гадаа ирээд мотор тайлалцаад өг гэж хэлээд байж байтал Д.ТМ.Мын гадаа ирсэн, Д.ТБ.Ёндонжамцад хандан "ах нь энэ хэдийг бүгдийг нь цохих уу” гэж хэлхээр нь би та хүн цохих гээд байгаа бол намайг цохь” гэж хэлтэл М.М “Та намайг цохь” гэж хэлсэн гэтэл Төртогтох М.Мыг цохиод автал М.М нударгаараа Д.Тнүүр хэсэг рүү ширвэх шиг болоод цаашаа эргэж хашааныхаа хаалгаар орохоор явж байтал Д.Тараас нь гүйж очоод дээлээс нь татаж унагаагаад М.Мыг хэд хэдэн удаа цохиод авсан. Тэр хооронд Б.Ёндонжамц бид хоёр Д.Тахыг дээлийнх нь араас татаад салгатал Д.Тах хойшоо болоод салсан. Гэтэл М.М газраас босож ирээд Д.Тахыг өшиглөтөл зүүн нүднийх нь дээд хэсэгт язраад цус гарсан. Би М.Мыг болио андаа гэж хэлээд цаашаа салгаад боль боль гээд байж байтал Д.Т“Лувсандоржийн шээснүүдээ алнаа та нарыг” гэж хэлээд байхаар нь М.М “Чи муу зүгээр дуугүй байгаарай ална шүү гэж хэлээд Д.Труу дайрсан. Би одоо болно, битгий хэрэггүй гэж хэлээд М.Мыг цаашаа хашаа руу нь авч яваад байж байтал Д.Тах М.Мд хандан “Би чамайг Дэлээ ахад хэлнэ” гээд яваад өгсөн. Тэгээд Б.Ёндонжамц бид хоёр тэндээс явсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Ө.Сүрэнболдын “...Эхлээд Төртогтох гараараа Мөнхжаргалын мөр рүү нэг удаа цохисон гэтэл Мөнхжаргал Төртогтохыг зөрүүлээд нударгаараа нэг удаа ширэвсэн. Тэгээд Мөнхжаргал хашаа руугаа орох гэж байтал Төртогтох араас нь гүйж очоод татаж газарт унагаад гараараа нүүр рүү нь 2 цохиод энэ үед би Төртогтохыг салгатал Мөнхжаргал босож ирээд Төртогтохын хөмсөг рүү нэг удаа өшиглөөд язалсан ингээд би Ёндонжамцтай хамт тэр хоёрыг үлдээгээд яваад өгсөн...Намайг байхад бол төмрөөр огт цохиогүй. Төртогтох ер нь болж байгаа үйл явдлыг мэдэхгүйгээр согтоод тасарчихсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ёндонжамцын “... 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдөр М.М бид хоёр сумын төвийн баруун талд байдаг “Төхөм”-ийн нуураас хужир хамах гээд өглөө 10:00 цаг болж байхад очсон. М.М бид хоёр тэдний хашааны үүдэнд “Төхөм”-ийн нуур луу явах гээд байж байхад Ө.Сүрэнболд М.Маас мотоциклийн мотор авна гээд ирсэн. Бид гурав М.Мын хашааны үүдэнд байж байхад Д.Тгэдэг нутгийн ах согтуу ирээд “Юу байцгаана дүү нар, Ёндко ах нь энэ хэдийг нэг нэг цохих уу” гэж асуухад нь М.М “Ахаа та тэгвэл намайг цохь л доо” гэж хэлтэл Д.Тах М.Мыг цохисон. Гэтэл М.М хариуд нь дээлийнхээ нударгаар ширвээд авах шиг болоод эргэж хашааныхаа хаалгаар орох гээд алхтал Д.Тах М.Мын араас гүйж очиж дээлийнх нь араас хойшоо татаж унагаагаад, унасан хойно нь М.Мын дээрээс нүүр хэсэг рүү нь “Чи ямар овоо пизда вэ?” гээд цохиод байсан. Ө.Сүрэнболд бид хоёр Д.Тахыг М.Маас салгах гээд "Та хоёр болиоч ээ” гээд дээлээс нь хойшоо таттал Д.Тах хойшоо унасан, Тэр хооронд М.М газар унасан байснаа босож ирээд Д.Тахыг нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөтөл Д.Тахын зүүн нүднийх нь хөмсөгний дээр язарчихсан байсан. Ө.Сүрэнболд М.Мыг "Болио хөгшөөн яаж байгаа юм бэ? гээд Д.Тахаас салгаад цаашаа аваад явсан, би Д.Тахын хөмсөгнөөс гарсан цусыг тогтоож өгөөд “Одоо та хоёр зодолдохгүй биз дээ” гэж хэлтэл М.М “Одоо зүгээрээ хөгшөөн” гэж хэлхээр нь Ө.Сүрэнболд бид хоёр тэндээс явсан юм... Д.Тах М.Мыг хойшоо татаж унагаагаад дээр нь гараад Чи ямар том болцын гээд л хаашаа цохиж байгаа нь мэдэгдэхгүй цохиод байсан. Д.Тахыг хойшоо унаад босож ирсэн хойно нь М.М босож ирээд Д.Тахын нүүр хэсэгт нэг удаа өшиглөсөн тэгээд Д.Тахын зүүн нүдний хөмсөг сэтэрсэн. Өөрөөр тэр хоёр хоорондоо зодолдоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Б.Ёндонжамцын дахин өгсөн “...Төртогтох бид хэд дээр ирээд надад хандаж ах нь энэ хоёрыг нэг нэг цохих уу гэхээр нь би хэрэггүй гэж хэлсэн.Тэгтэл Мөнхжаргал хажуу талаас намайг цохь гэж хэлсэн.Тэгтэл Төртогтох Мөнхжаргалыг гараараа нэг удаа цээж хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгтэл Мөнхжаргал Төртогтохыг нударгаараа нүүр рүү нэг удаа ширвэх шиг болсон. Тэгээд Мөнхжаргал хашаа руу гаа орох гээд явтал араас нь Төртогтох татаж унагаад дээр нь суугаад гараараа нүүр рүү 2 удаа цохихоор нь Сүрэнболд бид хоёр салгаад Мөнхжаргал босож ирээд Төртогтохын нүүр рүү нэг удаа өшиглөөд хөмсгийг нь язалчихсан.Ингээд бид хоёр тэр хоёрыг салгаад дахиж битгий зодолдоорой гээд орхиод гэр гэр рүүгээ явсан дахиж очоогүй... Турба төмрөөр цохиогүй ойр хавьд тийм төмөр огт байгаагүй...”гэх мэдүүлэг/хх-ийн 20 дугаар хуудас/,
Сэжигтэн М.Мын “...2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 13:00 цагийн үед Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн “Монголын” хорооллын 7-20 тоот хаягт буюу манай хашааны үүдэнд найзууд болох Ө.Сүрэнболд, Б.Ёндонжамц бид гурав байж байхад Д.Труу нь согтуу ирээд Б.Ёндонжамцад хандаж би Ө.Сүрэнболд, М.М хоёрыг цохих уу гэж асуугаад шууд миний баруун талын мөр хэсэгт гараа зангидаж байгаад нэг удаа цохисон тэхээр нь би -Та яаж байгаа юм бэ? гээд Д.Тнүүр хэсэгт цохих гэтэл миний гар хүрээгүй. Тэгээд бид хоёр зодолдохоо болиод би хашаандаа орох гээд алхаж байтал Д.Тнамайг араас хавсарч унагаагаад миний нүүр хэсэгт нэг удаа цохисон гэтэл цаанаас Ө.Сүрэнболд ирж Д.Төртогтохыг салгаж холдуулахаар нь газраас босож ирээд Д.Тнүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд Д.Т-Чамайг Мөнхдэлгэр ахад хэлнэ гээд Мөнхдэлгэр ахынх руу явчихсан. Сүрэнболд Ёндонжамц нар бид хоёр харилаа гээд явсан хойгуур нь удаагүй байтал Д.Тирээд “Лувсандоржийн шээснүүд минь одоо та нарыг ална" гээд хашаанд ороод ирэхэд нь би гэрээс гараад -Та ямар ядаргаатай юм бэ одоо харьж унт одоо больё гэж хэлтэл үг авахгүй чамайг ална гээд хэл маар доромжлоод дайраад байхаар нь би хоёр гараараа цээж хэсэг рүү нь өөрөөсөө холдуулах гээд түлхтэл хашааны хаалга дагзаараа мөргөөд ойчсон. Тэгээд Төртогтох нь босож ирээд намайг Мөнхдэлгэр ахаар зодуулна гээд чирч авч явах гэхээр нь би явахгүй гээд бид хоёр хашааны үүдэнд ноцолдож байгаад Төртогтох нь явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 23 дугаар хуудас/,
Сэжигтэн М.Мын дахин өгсөн ...Би толгойн зүүн талын шанаа дух хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Өөдөөс босож ирээд цохих гээд дайрахаар нь 2-3 удаа түлхэж унагахад толгой хэсгээрээ хашаа мөргөсөн. Мөн хашаан дотроо дээр доороо орж жаахан ноцолдсон. Мөн зүүн талын хавирга хэсэг рүү цээж рүү нэг нэг удаа өшиглөсөн байгаа. Ингээд Сүрэнболд, Ёндонжамц хоёр бид хоёрыг салгаад явсны дараа намайг Дэлээ ахаар зодуулна тийш ээ явъя гээд чирэхээр нь би явахгүй гээд түлхэж газарт 2-3 унагаасан ингээд ганцаараа намайг Дэлээ ахад хэлнэ гэж яваад эргэж ирээгүй. Би толгой руу төмрөөр цохиогүй ээ... /хх-ийн 25 дугаар хуудас/,
Яллагдагч М.Мын “...би өмнө нь сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй...Би Д.Тнүүр хэсэгт 2 удаа өшиглөж, хэвлий хэсэгт 1 удаа өшиглөж, хашаа руу 2-3 удаа түлхсэн өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Миний мөр хэсэгт нэг удаа нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч М.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 45, 47-48 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Л.Наранхүү:
...Шүүгдэгч М.Мын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирогч Д.Төртогтоход эмчилгээний зардалтай холбоотой баримт болох 380.000 төгрөгийг нөхөн төлсөн хор уршгийг арилгасан байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч М.М:
...Гэм буруу дээр маргаагүй. Өөр хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч М.М гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч М.М дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч М.Мын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдий, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Шүүгдэгч М.М хохирогч Д.Төртогтохыг цохиж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч М.Мын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Тэрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн 9-р хавирганы хугарал, тархи доргилт, зулайн хуйх, зүүн хөмсөгний дээр, зүүн шанаанд шарх, дух, зүүн хацар шанаа, хамар, хоёр зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, буйл, дээд уруул дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, цус хуралт, зүүн шанаа, хацар, эрүүнд зулгаралт, баруун хацар, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зулгаралт хоёр сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Тнь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 378.000 /гурван зуун далан найман мянга/ төгрөгийг нэхэмжилсэн ба энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан байна.
Шүүхийн шатанд шүүгдэгч М.М нь хохирогч Д.Тмөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн 378.000 /гурван зуун далан найман мянга/ төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.М энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Л.Наранхүү:
...Шүүгдэгч М.Мыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хуулийн 1.4-т зааснаар хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч М.М:
...Надад мөнгөн торгууль оногдуулж өгнө үү. Би 4 сард цэрэгт явна... гэсэн дүгнэлтийг гаргадаг.
Шүүх шүүгдэгч М.Мд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг торгох ял тохирно гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Мд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудал
Эрүүгийн ___ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,
36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч М.М шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн ___ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН