Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01363

 

2021           11            09                                          001/ХТ2021/01363

   ............        йн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2019/00768 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дүгээр сарын 14-ний өдрийн 212/МА2020/00020 дугаар магадлалтай,

............йн нэхэмжлэлтэй

............, ............нарт холбогдох

Шүдлэн гарсан морь буюу 550,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч ............, түүний өмгөөлөгч Т.Бахыт нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч ............, түүний өмгөөлөгч Т.Бахыт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хожагийн ............ нь ............гэгчтэй хоорондоо сайн дураараа тохирч дөрвөн настай дөнөн үхрийн оронд дааганаас шүдлэн гарах морь сольж авахаар болсон. Иргэн ............нь 2018.11.20-ны өдөр өөрийн биеэр манайхаар очиж дөнөн үхрийг авч явсан. Дараа нь би өөрөө 2019.01.20-ны өдөр ............ын гэрт очиж дааганаас шүдлэн гарсан хар саарал зүсмийн баруун гуяны дээд хэсэгт доошоо харсан саран тамгатай, тамганы доод талд ганц хөндлөн зураас тамгатай морийг тохирсон ёсоор авсан. Уг морийг 2019.07.20-ны өдөр өөрийн адууны ижил дотроос алдсан ба эрж хайж байгаад тус сумын иргэн ............ы адууны ижил дотор байсныг хараад тэднийд очсон. ............д очиж учир байдлыг хэлж дааганаас шүдлэн гарсан морь минийх байна, танай адууны ижил дотор явж байна. Миний бие ............аас малаар сольж авсан гэхэд таных биш очих газартаа очоорой /заргалдаарай/ гэж явуулсан. Би ............д хэд хэдэн удаа очсон ба хууль хяналтын байгууллагад өгч шалгуул гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ............аас шүдлэн гарсан морь буюу 550,000.00 төгрөг гаргуулж өгнө үү. ............ыг энэ хэргийн хариуцагчаар нэмж татаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ............ы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Рахат овогтой ............ миний бие ............йн танай шүүхэд надаас шүдлэн гарсан морь буюу 550,000 төгрөг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Маргаж буй дааганы эзэн бол ............ би биш харин миний дүү болох ............юм. ............нь сумын төвд амьдардаг тул түүний адуу мал над дээр байдаг ба байнга би хариулдаг. ............ы өмчлөлийн 2 толгой эр даага 2019.05.20-ны өдөр сүргээс тасраад алдагдсан. Тэр 2 даагыг эрж хайсны эцэст 7 дугаар сарын 17-ны өдөр Нөрөөлгө гэх газраас би олж аваад гэртээ авч ирсэн. Тэр өдөр 2 дугаар багийн өдөрлөг болж байсан тул замд тааралдсан хүн болгонд үзүүлсэн. Түүнийг замд Ш.Берденбек, Н.Салдатхан, Зия, Н.Батыр, Н.Аскер, Х.Ерлан нар харсан болно. Тэгээд сумын цагдаа Б.Шаригатад хэлж үзүүлсэн. Тэр 2 даага тамгагүй байсан ба би даагыг олоход доошоо харсан саран тамга дарсан байсан. 7 дугаар сарын 19-ний өдөр сумын цагдаа Б.Шаригат нь дээрх үйл явдлыг шалгаж ............, ............нартай уулзаж ирсэн. Тэгээд сүүлд 8 дугаар сарын 02-ны өдөр Алтанцөгц сумын төлөөлөгч н.Есөн-Оргил комисс гарган шалгаж ............ы даага мөн болохыг тогтоож шийдвэрлэж өгөөд явсан. Тэр хоёр дааганы нэг нь буюу хар саарал зүсмийн даага надад байна. Дааганы эзэн би биш учраас энэ хэргийн хариуцагч болохгүй гэдгийг хэлмээр байна гэжээ.

Хариуцагч ............ы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Рахат овогт ............миний бие тус аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багт амьдардаг, ногоочин хүн юм. Нэхэмжлэгч ............йн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний хэдэн мал төрсөн ах ............ы малтай хамт байдаг. Ахын адуунд байсан миний им тамгагүй хул болон хар саарал зүсмийн 2 даага дэлийг нь зассан байсан 5 дугаар сарын 20-нд алга болсон гэж ахаас сонссон. 2 сар эрж хайсны эцэст 7 дугаар сарын 17-ны өдөр ах ............ Нөрөөлгө гэх газраас олж авсан. Тэр үед даагануудад саран тамга дарсан байсан. Тэр тамга бол Хузарын дардаг тамга байсан. Гэртээ ирсний дараа тэр тамганы доор бид өөрийн давхар харуул тамгаа дарсан. Тэгээд сумын цагдаа Б.Шаригатад мэдэгдсэн ба тэр цагдаа Хузар, ............ нартай 7 дугаар сарын 19-ний өдөр очиж уулзаад ирсэн. 8 дугаар сарын 02-ны өдөр төлөөлөгч Есөн-Оргил, цагдаа Б.Шаригат нар комисс томилон очиж асуудлыг шийдсэн. Хузар нь шүдлэн адуу алдсан гэж байгаа боловч маргаж буй адуу нь даага болох нь тодорхой болсон. Энэ үйл явдлыг цагдаа Б.Шаригат, төлөөлөгч Есөн-Оргил нар сайн мэдэж байгаа тул тэд нараас гэрчийн мэдүүлэг авах ёстой гэж үзэж байна. Тэр 2 даагыг би өвөл сумын төвд тэжээсэн ба үүнийг манай хөршүүд сайн мэдэж байгаа. Нэхэмжлэгч адуугаа 7 дугаар сарын 20-ны өдөр алдсан гэж байгаа бол ах ............ 7 дугаар сарын 17-ны өдөр Нөрөөлгөөс олж авсан байна. Үүнийг 2 дугаар багийн иргэд бүгд харсан байна. 7 дугаар сарын 19-ний өдөр цагдаад үзүүлсэн. Гэтэл тэд нэхэмжлэлдээ огт үндэслэлгүй зүйл дурдаж бичсэн байна. Зун уг даагыг минийх гэж Хузар маргаж байсан бол одоо ............ маргаж байгаа нь ойлгомжгүй зүйл болоод байна. Энэ хоёр яагаад ээлжлэн зарга үүсгээд байна гэдэг нь анхаарал татаж байна. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2019/00768 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-г баримтлан хариуцагч Ботахара овогт Рахатын ............, Ботахара овогт Рахатын ............нараас шүдлэн гарсан морь буюу 550000 (таван зуун тавин мянган) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Молхы хошах овогт Хожагийн ............йн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ............йн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17150 (арван долоон мянга нэг зуун тавин) төгрөгийг улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дүгээр сарын 14-ний өдрийн 212/МА2020/00020 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2019/00768 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.150.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар ............д буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ............, түүний өмгөөлөгч Т.Бахыт нар хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т заасны дагуу шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ............йн “Шүдлэн гарсан морь буюу 550,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. 1. Нэхэмжлэгч ............ нь 2018.01.20-ны өдөр ............т 4 настай дөнөн шар үхэр өгч уг үхрийн оронд даганаас шүдлэн гарсан морь авсан гэсэн нь гэрч ............  ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан түүний гарын баримт, мөн Баяннуур сумын 2 дугаар багийн Засаг даргын өгсөн тодорхойлолт, мөн нэр бүхий 6 хүний гэрчээр өгсөн нотариатаар гэрчлүүлсэн гарын баримт зэргээр тус тус нотлогдож байгаа, 2. Мөн ............миний өмчлөлийн даагыг миний төрсөн ах ............ нь хариуцан маллаж байхад адууны ижил дотроос алга болсныг 2019.07.17-ны өдөр “Нөрөөлөг” гэх газраас ............ өөрөө олж аваад гэртээ авч ирснийг мөн гэрч нар нотолсон байдаг. 3. Шүүх хуралдаанд Баяннуур сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байсан Б.Шаригат нь гэрчээр мэдүүлэгтээ: “Хэсгийн төлөөлөгч А.Есөн-Оргил бид хоёр 2019.07.20-ны үеэр асуудлыг шалгаж тодруулахад ............“дага алдсан” гэж, харин ............: “би Хузар гэх хүнээс шүдлэн морь авсан” гэж маргасан. Тэгээд бид малын эмч болон мал сайн мэддэг хүмүүсийг авч ирж үзүүлэхэд тэд маргаж байгаа адуу бол дага байна гэж хэлсэн тул уг адууг ............авсан байсан” гэж мэдүүлсэн байдаг. 4. Мөн шүүх хуралдаанд гэрч ............мэдүүлэгтээ: “...би 2017.07 дугаар сард төрсөн гүүний унагыг шүдлэн гарах үед ............д худалдсан. Би саран тамгатай дага худалдсан ба одоо шүдлэн гарсан байх ёстой” гэж хэлсэн. 5. Мөн шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилон шинжилгээ хийлгэсэн ба 2019.11.29-ний өдрийн №12 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Хариуцагч ............ы эзэмшилд байгаа морь нь хар хээр зүсмийн 1,6 /нэг нас зургаан сартай/ дага” гэж тодорхойлсон байдаг. Гэтэл уг шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн ба дахин шинжилгээ хийлгэх талаар хүсэлт гаргаагүй байдаг. Харин 2 талын тамгыг авхуулж тааруулж үзэхэд ............йн авч ирсэн тамга таарахгүй байсан. Тамга тааруулсан үеийн зургийг баталгаажуулан авч, хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Гэтэл хэрэгт хуулийн дагуу цугларсан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрхи нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр үгүйсгэж, дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ: “...маргаж буй адуу хэзээ төрсөн эсэх нь хэрэгт авагдсан хэрэгт авагдсан баримтаар бүрэн, хангалттай тогтоогдоогүй, энэ талаар гаргасан шинжээчийн дүгнэлт нь үндэслэл тодорхойгүй, үнэн зөв эсэх нь эсэх нь эргэлзээтэй байхад шүүх уг адууг даага мөн байсан” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Харин шинжээч адууны шүдийг үзэж “1,6 сартай, даага мөн байна” гэж дүгнэсэн мөн түүнийг үгүйсгэсэн ямар нэгэн нотлох баримт үгүй байхад мөн талууд өөрсдөө үзлэг хийх үеэр биечлэн байлцаж хүлээн зөвшөөрсөн зэрэг нь нотлогдож байхад эргэлзээтэй байна гэж дүгнэсэн нь өөрөө үндэслэлгүй болжээ гэж үзэж байна. Иймд шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 212/МА2020/0020 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.19-ний өдрийн 130/ШШ2019/00768 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж, хэргийн бодит байдал тогтоогдоогүй, талууд мэтгэлцэх шаардлагатай гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг зөрчөөгүй боловч зарим эрх зүйн дүгнэлтийг зөвтгөж залруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ............ 2019.01.20-ны өдөр, ............аас дөнөн үхрийн оронд авсан өөрийн адууг хар саарал зүсмийн, баруун гуяны дээд хэсэгт доошоо харсан сар, доод талд нь хөндлөн зураасан тамгатай, шүдлэн адуу гэсэн бол хариуцагч нар уг хар саарал зүсмийн адуу нь даага насных, тамга тавиагүй байсан бөгөөд ............ы адуун сүргээс 2019.05.20-ны өдөр алдагдсаныг 2019.07.17-ны өдөр Нөрөөлгө гэх газраас олсон, дааганд  хэн нэгэн доошоо харсан саран тамга дарсан байсан, даагаа олж авсны дараа бид уг тамганы доор өөрсдийн давхар харуул тамгаа дарсан, энэ талаар маргаан үүсч уг адуу нь даага болох нь тодорхой болсон учраас Цагдаагийн албан хаагч надад хариуцуулсан гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь маргаж буй адууг 2018.05.18-ны өдөр төрсөн гэж, хариуцагч нь 2017.07.20-ны өдөр төрсөн гэж тус тус тодорхойлсноос үзэхэд морины насыг тогтоох нь ач холбогдолтой, шинжээч 2019.11.29-ний өдрийн байдлаар адууны насыг нэг нас зургаан сартай гэснээс үзэхэд шүдлэн адуу биш боловч нас тогтоосон нь хангалттай эсэхийг дахин тодруулах нь хууль зөрчихгүй байна. Үүнээс гадна маргааны зүйл болох морины удам угшилыг тодруулах нь ач холбогдолтой болохыг анхаарах нь зүйтэй.

Адуунд тавьсан 2 тамганы нэг буюу нэг зураастай доошоо харсан саран тамга нь ............ын тамга болохыг талууд маргаагүй тул уг тамгыг ............ын адуун сүргийн тамгатай тохирч байгаа эсэхийг тодруулах шаардлагагүй, уг тамга ............ынх мөн эсэх нь адууны өмчлөлийг тогтооход ач холбогдол багатай байна. Харин ............ын тавьсан тамга нь хэзээ дарагдсан болохыг тогтоох боломжтой эсэх, ийнхүү тогтоосноор 3 сартай байхад нь тамгалсан гэх ............ын мэдүүлэг үндэслэлтэй эсэхийг дүгнэх боломжтой эсэхийг  анхаарах шаардлагатай гэж үзэв. Гэрч ............тамгыг хэзээ дарсан талаар түүний өгсөн мэдүүлгээс өөр баримт хэрэгт байхгүй байна.

Давж заалдах шатны шүүх “...гэрч ............ын мэдүүлгээс үзвэл, шинжээчийн дүгнэлт гарсан 2019.11.29-ний өдрийн байдлаар уг хар хээр зүсмийн адуу нь хоёр нас дөрвөн сартай буюу шүдлэн морь байсан байна. Харин шинжээчийн дүгнэлтээр хар хээр зүсмийн адууг нэг нас зургаан сартай даага гэж тогтоосон үндэслэл тодорхойгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Шинжээч 2019.11.29-ний өдрийн байдлаар морины насыг тогтоосон, уг дүгнэлт дээр үндэслэж хэзээ төрсөн морь болохыг дүгнэх боломжтой болохоос гэрчийн мэдүүлэг дээр үндэслэж шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нь үндэслэл муутай байна. Гэвч морины насыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг тодруулах шаардлагатай гэж үзсэн давж заалдах шатны дүгнэлтийг буруутгах боломжгүй гэж үзэв.

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэх боломжгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх үндэслэл бүрдээгүй тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 212/МА2020/00020 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 17,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    Х.СОНИНБАЯР

                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД