| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0534/з |
| Дугаар | 221/МА2025/0150 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2025/0150
Т.Зын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл
Нэхэмжлэгч: Т.З
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Гуравдагч этгээд: “О” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг олгох тухай” А/258 дугаар тушаалын “О” ХХК-д холбогдох хэсгээс иргэн Т.Зын зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа нэгж талбарын 4104055569 дугаартай 0.07 га газрыг “О” ХХК-д ашиглуулахаар олгосныг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0904 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2024/0534/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.З-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг олгох тухай” А/258 дугаар тушаалын “О” ХХК-д холбогдох хэсгээс иргэн Т.Зын зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа нэгж талбарын 4104055569 дугаартай 0.07 га газрыг “О” ХХК-д ашиглуулахаар олгосныг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0904 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Зын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг олгох тухай” А/258 дугаар тушаалаар “О” ХХК-д Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас 13533 кв.м газар ашиглах эрхийг олгож шийдвэрлэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг баримталсан, тухайн газар нь төрийн захиргааны төв байгууллагын эрхлэх асуудал гэж үзэж шийдвэрлэжээ.
Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/48 дугаартай захирамжаар тус сумын 3-р баг Шар булагийн тохой гэх газарт гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай 700 кв.м газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн. Энэ захирамж хүчин төгөлдөр бөгөөд хууль бус хэмээн тогтоогоогүй. Сумын Засаг даргаас тухайн захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан, иргэнд эзэмшүүлж болохоор төлөвлөгөөнд тусгасан газарт газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан, хууль зүйн үндэслэлтэй.
3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас бүрдүүлсэн нотлох баримтад иргэн Т.Зын эзэмшиж байгаа газар нь “О” ХХК-д ашиглуулахаар олгосон газарт бүрэн хамаарч байна гэжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/258 дугаар тушаал Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан шаардлагыг хангаагүй шийдвэр юм.
Түүнчлэн сайд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг баримталсан боловч мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууь, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж зааснаар хуулийг хэлбэрэлтгүй дагаж, биелүүлэх шаардлага үүснэ.
3.3. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0904 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Т.Заас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг олгох тухай” А/258 дугаар тушаалын “О” ХХК-д холбогдох хэсгээс иргэн Т.Зын зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа нэгж талбарын 4104055569 дугаартай 0.07 га газрыг “О” ХХК-д ашиглуулахаар олгосныг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасасан.
2.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “…Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамж хүчин төгөлдөр бөгөөд гэрээ дүгнүүлж, төлбөрөө төлж хуульд заасан үүргээ биелүүлж байхад хариуцагч Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж өөр компанид давхцуулж газар олгосон нь миний газар эзэмших эрхийг зөрчсөн” гэж тайлбарлана.
2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... тухайн газар нь байршлын хувьд Улсын Их Хурлын тогтоолоор баталсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн зааг дотор багтах тул сайдын шийдвэрээр газар ашиглах эрх олгосон нь үндэслэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга өөрт олгосон эрхийг хэтрүүлж, иргэнд тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.
3. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;
3.1. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/48 дугаар захирамжаар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн, 3-р багийн “Тэрэлжийн шар булгийн тохой” гэх газарт нэр бүхий 20 иргэнд, тус бүр 0.07 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсний дотор Т.З байна.
Дээрх захирамжийн дагуу нэхэмжлэгчид сумын Газрын даамал 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 000690320 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 04176-2016/00018 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ. 2020-2023 онд газрын төлбөрийг төлсөн хэдий ч тухайн газрыг хашаалах, байшин барих зэргээр зуслангийн зориулалтаар ашиглахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа явуулаагүй.
3.2. Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучнаар/ сайдын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/258 дугаар тушаалаар, “О” ХХК-д Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 13533 кв.м газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосон.
Мөн 0222102 дугаартай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр олгосон бол 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай 100 дугаартай гэрээ байгуулсан байна.
3.3. Маргаан бүхий актаар “О” ХХК-д ашиглах эрх олгосон 13533 кв.м газар нь (а) Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт хамаарч байгаа нь, мөн (б) Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны А/48 дугаар захирамжаар Т.Зт эзэмшүүлсэн 700 кв.м газар нь байршлын хувьд уг газартай бүхэлдээ давхцалтай болох нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 07/264 дүгээр албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2/2801, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/2928 дугаар албан бичиг, газрын байршлын зураг болон маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдоно.
4. Анхан шатны шүүхээс хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтыг зөв үнэлж, “… маргаан бүхий газрууд хоорондоо давхцалтай, байгалийн цогцолбор газар хамаарч байгаа нь тогтоогдсон, энэ тохиолдолд газар ашиглах эрхийг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгох тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж дүгнэн, Т.Зын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
5. Харин маргааны үйл баримтад холбогдуулан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 12/ Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох” гэж заасныг хэрэглэсэн нь учир дутагдалтай буюу хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарах тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
6. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэгдсэн тус зохицуулалт нь маргаан бүхий акт гарснаас хойш хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, “О” ХХК-ийн газар ашиглах эрх сонгон шалгаруулалтын үндсэн дээр үүсээгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний газар ашиглах эрх үүссэн хэлбэрийн талаар, тодруулбал гаргасан хүсэлтийн дагуу биш гагцхүү сонгон шалгаруулалтын дагуу газар ашиглах эрх олгох байсан гэж маргаагүй тул энэ зохицуулалтыг хэрэглэхгүй.
7. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” хэмээн,
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-т Улсын Их Хурал “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх” бүрэн эрхтэй хэмээн,
маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан зохицуулалт болох мөн хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” хэмээн тус тус заасан.
8. Эдгээр зохицуулалтын агуулгаас үзэхэд, байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан газар нутагт газар ашиглах эрх олгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, тодруулбал сайдад хадгалагдах ба 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнө холбогдох байгууллага, албан тушаалтны саналыг харгалзан шийдвэрлэх зохицуулалттай байсан ба “О” ХХК-д энэ зарчмаар газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчөөгүй байна.
9. Улсын тусгай хамгаалалттай газар нь тусгай хэрэгцээний газар байхаар Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан бөгөөд Монгол Улсын Их хурлын 1995 оны “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “хилийн цэсийг тогтоосон” нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд маргаан бүхий газрууд нь байршлын хувьд уг байгалийн цогцолборт газарт багтаж байгаа нь энэ хэсгийн 3.3-т заасны дагуу нотлогдсон ба энэ үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй болно.
10. Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар газрын сан нэгдмэл байх, газрыг үндсэн зориулалтаар нь ашиглах зарчимтай бөгөөд сумын Засаг дарга нь Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гаргах эрхэд хамаарах байршилд, хуулиар олгогдоогүй эрх эдэлж, шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж маргаж буй газар эзэмших эрхийг хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхол гэж үзэх боломжгүй.
11. Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэлд “хүчингүй болгуулах”-аар тодорхойлсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг олгох тухай” А/258 дугаар тушаалын хувьд, “О” ХХК-д газар ашиглах эрх олгосон нь холбогдох хуульд нийцсэн, харин нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх газар эзэмших эрх нь түүнд хууль ёсоор үүсээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0904 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 12 дахь ...” гэснийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнөх зохицуулалт/-ийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ