Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/95

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагч Ц.Сонинмөнх,

Шинжээч Н.Оюунтуул

Иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүлэн,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Б,

Шүүгдэгч С.Ж, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр, Р.Мөнхбаясгалан нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Жад холбогдох эрүүгийн 2134000000178 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1945 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 77 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, геологич мэргэжилтэй, ам бүл 1 оршин суух хаягтай, улсаас Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Улаан тугийн одонгоор 2 удаа, Алтангадас одонгоор 1 удаа тус тус шагнуулж байсан, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх С.Жа

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ж нь 2021 оны 04 дүгээр сарын 20-с 21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүрзэт” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр 499м2 талбайд ашигт малтмалын олборлолт явуулж, газрын хэвлийгээс 24.6 грамм бүхий алтны агууламжтай шороог гарган авч, Хово маркийн “16-63 УНЦ” улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байгаль орчинд 905.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Ж нь: “2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-ний хооронд болсон. 4 дүгээр сарын 20-ны орой би 20:00 цагийн үед нинжа нарын цуглаад байгаа газар луу очоод 2 машин шороо ачсан. Би ашиглалт, олборлолтын зорилгоор аваагүй. Хэр их хэмжээний алт агуулсан эсэхийг мэдэх зорилгоор технологийн дээжлэлт хийх зорилгоор л шороо авсан. Бидний үед өнгөн хувь нь далд байна гэсэн ойлголт байгаагүй. Угааж арчаагүй, зүгээр уурхайн талбай дотор буулгаж байсан чинь ийм зүйл болоод та ашигласан байна гэсэн. Нэгэнт ачаад ирсэн шороогоо би яалтай билээ. Тухайн үед цагдаа хүчний байгууллага, тэнд очсон хүмүүсийн анхааралд өртсөн учраас хэрэг улбаалж явсан” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүлэн нь: “Миний бие Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн, байгаль орчны байцаагчийн ажлыг хавсарч хийж байгаа. 2022 оны 9 дүгээр сараас хавсарч хийж байгаа. Гэм буруутай этгээдээр байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиг үүрэгтэй оролцож байна. Иймд шүүгдэгчээс 905.000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгч 3.741.000 төгрөгийн хохирол төлсөн гэж байна. Ямар дансанд хийсэн юм бэ, манай орон нутгийн дансанд ороогүй байсан” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Б нь: “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. “Үүрд Гоулд” ХХК нь нөхөн сэргээлт хийчихсэн байгаа. Хүлээгээд авсан акт нь хэргийн материалд байгаа. Одоог хүртэл тэнд зөвшөөрөлгүй олборлолт явагдаж байгаа. Түүнээс хойш дахиж ухагдсан байхыг үгүйсгэхгүй, бид мэдэхгүй байна” гэв.

 

Шинжээч Н.Оюунтуул нь: “Байгаль орчинд учруулах экологи эдийн засгийн хохирлыг аргачлалын дагуу газар, экологи, хөрс, амьтан, агаар гээд тус бүрд нь тооцох ёстой байдаг. Хэргийн газар очиход газрын хэвлийд учирсан хохирол байсан. 2022 оны 6 дугаар сард тухайн газар дээр очсон. Ерөнхийдөө нөхөн сэргээлт хийгдчихсэн, идэгдсэн талбай гэж харагдахааргүй байсан. Тэгшилгээ хийгдсэн байсан. Эргэн тойронд нь хүмүүс олборлолт хийж байсан. Метр квадратаар хохирлыг тооцох тусдаа тооцооллын арга байдаг. Газар зүйн 5, 6 төрлийн шинж чанарыг харж үзэж тооцооллыг хийдэг. Идэгдсэн газар байсан учраас тэнд ямар ургамал ургаж байсан гэдгийг тооцох боломжгүй байсан. Тухайн газарт гадаргын ус байгаагүй. Тухайн цаг үед агаар ямар байсан гэдгийг тусгай багажаар очиж судалсан. Далайн түвшнээс дооших бүх байдал хөрс гэдэг утгаараа явдаг. Хуулийн хэллэгээрээ хэвлий гэж явж байгаа байх” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000178 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Үүнд: Шүүгдэгч С.Ж нь 2021 оны 04 дүгээр сарын 20-с 21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүрзэт” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр 499м2 талбайд ашигт малтмалын олборлолт явуулж, газрын хэвлийгээс 24.6 грамм бүхий алтны агууламжтай шороог гарган авч, Хово маркийн “16-63 УНЦ” улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байгаль орчинд 905.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 6 тал/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-11 тал/,

-2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 12-18 тал/,

-2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 19-21 тал/,

-2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 21-27 тал/,

-2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 28 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн “...Миний хувьд болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Харин хэрэг үйлдэгдсэн гэх газарт сүүлд нь очиж үзсэн чинь өмнө нь эрүүл тэгш газар байсан газрын хөрс болон доош 2 метр орчим газар ухаж хөрсийг нь сэндийччихсэн байсан. Миний хувьд өмнө нь сонгуулийн ажлаар явж бахдаа уг газраар явж байсан. Тэр үед эрүүл тэгш газар байсан. Уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчны тухай хуулийн дагуу гурав нугалуулан гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37 тал/,

-Гэрч Д.Ваанчигийн “...Би Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Үүрт гоулд” ХХК-ийн уурхай дээр геологичоор ажилладаг бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр уурхай дээр ирсэн юм. Тэгээд ажлаа хийгээд байж байхад өчигдөр буюу 04 дүгээр сарын 20-ны өдрийн орой 20 цагийн орчим захирал С.Жадамбын байрлаж байгаа гэрт нь орж өдрийн туршид ажилласан мэдээгээ өгсөн юм. Тэгтэл манай захирал С.Ж гар аргаар алт олборлоод байгаа иргэдийн цуглаад ухаж байгаа газраа 2 машин технологийн дээжийг аваад хий гэж үүрэг болгосон. Тэгээд 21 цаг 30 минутад өөрийнхөө уурхайд ажиллаж байсан 2 хово, 1 ковшийг авч яваад гар аргаар алт олборлогч этгээдүүдийн цуглаж байгаа газар очиж ковшоор газрын хөрсийг нь 2 ховондоо ачиж уурхай дээр авч ирсэн. Алт угаах төхөөрөмжийн баруун талд тусад нь буулгасан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40-41 тал/,

-Гэрч Р.Ганболдын “...Өчигдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 20 цагийн орчим захирал С.Ж дуудаад урдаас шороо ачна явья гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би өөрийнхөө жолоодож байгаа хово маркийн 16-63 УБО улсын дугаартай машинаа асаагаад геологич Д.Ваанчигийг дагаад бас нэг ховогийн жолооч нэрийг нь мэдэхгүй залуу, мөн ковшийн жолооч н.Энхтүвшин нарын хамт 3 техниктэй кемпээс урд зүгт 5-6 орчим км газарт очиж шороо ачаад уурхайн кемп дээр авч ирж асгачхаад амарсан юм....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 43 тал/,

-Гэрч Т.Энхтүвшингийн “...Би 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сум Авдар 5 дугаар багийн Хүрзэт гэх газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Үүрт гоулд” ХХК-ийн уурхайд гэрээгээр ковшийн операторын ажил хийхээр ирсэн. 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр орой 20 цагийн орчим уурхайн усан буун дээр гарах гэж байтал тус уурхайн геологич Д.Ваанчиг, захирал С.Ж ах нар дуудаад уурхайгаас ойрхон 5-6 км зайтай газраас шороо ачих ажилд гарнаа гээд ковш жолоодуулаад ажилд гаргасан .Уурхайгаас 5-6 км зайтай заасан газарт очиход олон тооны гар аргаар алт олборлож буй хүмүүс цугларсан газарт орой 21 цагийн орчим очоод геологич Д.Ваанчиг ахын зааж өгсөн газрын өнгөн хөрснөөс ковшийн 5-6 шанага шороо дагаж очсон 2 хово маркийн ачааны машинд ачиж өгчхөөд буцаад уурхай руугаа буцсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45 тал/,

-Шүүгдэгч С.Жадамбын гэрчээр өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн орчим уурхайн дарга н.Батбаярыг дуудаад геологич Д.Ваанчигийг дуудаад 1 ковш, 2 хово авч яваад Сэргэлэн сум 5 дугаар баг Хүрзэт гэх гар аргаар алт олборлогч хүмүүс цугларч байгаа газраас технологийн дээжийг аваад ир гэж явуулсан юм. Тэгээд 21 цаг өнгөрөөгөөд геологич хоёр машинаар ачаад ирлээ. Тэнд их олон хүн цугларсан байна, хайгч барьсан хүмүүс урдуур, хойгуур орж дайруулчих гээд хэцүү байна гэж миний байрлаж байгаа өрөөнд орж ирж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 тал/,

-2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шинжээч С.Эрдэнэцогтын №02 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 53-55 тал/,

-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 07/149 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 58-70 тал/,

-“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21/11-114 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 133-139 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 186 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 143-144 тал/,

-Шүүгдэгч С.Жадамбын яллагдагчаар өгсөн “...Миний хувьд Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг Хүрзэт гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Үүрт гоулд” ХХК дээр зөвлөхийн ажил хийдэг бөгөөд уг албан тушаал бол албан ёсны орон тооны албан тушаал юм. Тухайн үед би уурхай дээр байж байхад манай уурхайн талбайн ажил хил залгаа Хүрзэтийн адаг гэж ярьдаг газарт нинжа нар олноор цуглаж алт олборлож манай талбай дээгүүр ирж угаах цэвэршүүлэх үйл ажиллагаа явагдаж байгааг мэдээд ер нь тэндээс хэр их хэмжээний алт гарч байгааг мэдэх зорилгоор ачааны 2 самсмол 1 ковш явуулж шороо ачуулсан юм. Ачуулж ирээд уурхай дээрээ буулгасан. Энэ асуудал нь цагдаад шалгагдаж эхэлсэн юм... Миний хувьд тухайн газарт хэр их хэмжээний алт агуулсан юм бэ гэдгийг мэдэх зорилгоор технологийн дээжлэлт хийх зорилгоор 20м3 орчим шороо л авсан байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-78 тал/,

-“Хас цаг” ХХК-ийн хохирлын үнэлгээ /2-р хх-ийн 2-7 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Н.Цэрэнсамбуугийн “...Уг машиныг 2016 онд хувь хүнээс худалдан авч байсан машин бөгөөд одоо эвдэрсэн засвартай хашаанд байгаа. Миний өөрийн нэр дээр байдаг машин... уг машинаар 2019, 2020 онд ажиллаж байсан. Машинаа би түрээсийн жолоочтой явуулдаг юм... тухайн үедээ С.Ж гэдэг хүнтэй яриад машинаа явуулсан, албан ёсоор гэрээ хийсэн зүйлгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 19 тал/, шүүгдэгч С.Жадамбын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч С.Ж нь 2021 оны 04 дүгээр сарын 20-с 21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүрзэт” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр 499м2 талбайд ашигт малтмалын олборлолт явуулж, газрын хэвлийгээс 24.6 грамм бүхий алтны агууламжтай шороог гарган авч, Хово маркийн “16-63 УНЦ” улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байгаль орчинд 905.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор байна.

 

Шүүгдэгч С.Ж нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч С.Жадамбын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-үүд нь байгаль орчныг бохирдуулах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, хууль бусаар ан агнах, хууль бусаар мод бэлтгэх болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

Шүүгдэгч С.Жадамбын Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүрзэт” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр 499м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэх гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авч, цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч С.Жадамбыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ц.Сонинмөнхөөс: “Шүүгдэгч С.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгч С.Жадамбын өмгөөлөгч Ш.Амарбаяраас: “Миний үйлчлүүлэгч С.Ж нь уул уурхайн чиглэлээр насаараа ажилласан, түүнийг нь ч үнэлж Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтнаар шагнасан. Мөн хохирол төлбөрөө төлсөн, тухайн газраа нөхөн сэргээлт хийсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч С.Жадамбын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангаас: “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, өөрөө бас нас өндөр, 80 хүрч яваа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргасан зүйл байхгүй. Иймд миний үйлчлүүлэгчийг хамгийн бага торгуулийн хэмжээгээр торгож өгнө үү гэсэн саналтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч С.Жд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял ” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяраас “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангаас “...торгох ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлтийг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч С.Жадамбын хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа ч гэм буруугийн талаар мэтгэж маргасан гэж үзсэн.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч С.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд маргаж мэтгэлцэж байсан бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ авах нь түүний хувьд тохиромжгүй, нөгөө талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нар нэг байр суурьтай шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмын хүрээнд оролцох байтал хоёр өөр байдлаар шүүхийн хэлэлцүүлэгт дүгнэлт гаргасанг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч С.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээ болох 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр талаар хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жд оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Жадамбын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгах хуудсаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Шүүгдэгч С.Жадамбын гэм буруутай үйлдлийн улмаас эдэлбэр газар болон хөрсөнд 905.000 төгрөгийн хохирол учирсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн үнэлгээ болон газрын хэвлийн, хөрсөнд учирсан хохирлын нөхөн төлбөр болох 3.741.500 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Ж нь төлж барагдуулсан бөгөөд шүүгдэгч С.Ж болон түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр, Р.Мөнхбаясгалан нар нь энэ талаар маргаагүй байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Б нь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч С.Ж болон иргэний хариуцагч Ж.Б нараас гаргуулах гаргуулах хохиролгүй.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүлэн нь “байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь манай орон нутгийн дансанд ороогүй талаар мэтгэлцдэг боловч шүүгдэгч С.Ж нь дээрх хохирлыг “Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040” дугаартай дансанд шилжүүлсэн нь улсын орлогод оруулсан гэж үзсэн болно.

Эрүүгийн 2134000000178 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч С.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч С.Жадамбын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Н.Цэрэнсамбуугийн эзэмшлийн “Howo Sinotruck” маркийн “16-63 УНЦ” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 19.040.000 төгрөгийг, “Үүрт гоулд” ХХК-ийн захирал Ж.Бгийн эзэмшлийн “Jidong ZL50E” маркийн “45-64 УР” улсын дугаартай авто ачигчийн үнэлгээ болох 13.500.000 төгрөгийг, нийт 32.540.000 /гучин хоёр сая таван зуун дөчин мянга/ төгрөгийг шүүгдэгч С.Жас гаргуулж улсын орлого болгохыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Howo Sinotruck” маркийн “16-63 УНЦ” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг, “Jidong ZL50E” маркийн “45-64 УР” улсын дугаартай авто ачигчийг тус тус битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн болон 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24.1 грамм шаргал өнгийн металл /алт/-ыг тус тус улсын орлого болгохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Жыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жд оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жас иргэн Н.Цэрэнсамбуугийн эзэмшлийн “Howo Sinotruck” маркийн “16-63 УНЦ” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 19.040.000 төгрөг, “Үүрт гоулд” ХХК-ийн захирал Ж.Бгийн эзэмшлийн “Jidong ZL50E” маркийн “45-64 УР” улсын дугаартай авто ачигчийн үнэлгээ болох 13.500.000 төгрөг буюу нийт 32.540.000 /гучин хоёр сая таван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн 2134000000178 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24.1 грамм шаргал өнгийн металл /алт/-ыг улсын орлого болгуулахаар харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Howo Sinotruck” маркийн “16-63 УНЦ” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг, “Jidong ZL50E” маркийн “45-64 УР” улсын дугаартай авто ачигчийг тус тус битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн болон 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА