Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/102

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Т.Батжаргал, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

-иргэдийн төлөөлөгч Ц.Очирбат /онлайн/,

-улсын яллагчаар Д.Нэргүй,

-шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Эт холбогдох эрүүгийн 2234002310255 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх О.Э /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн нутаг Д.Батдэлгэрийн хашаанд хохирогч Ө.Бтой үл ялих зүйлээр шалтаглан түүний хэвлий тус газар хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч О.Э нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч О.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн нутаг Д.Батдэлгэрийн хашаанд хохирогч Ө.Бтой үл ялих зүйлээр шалтаглан түүний хэвлий тус газар хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2 тал/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 тал/,

-Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8-9 тал/,

-Хохирогч Ө.Бын “...Намайг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 13 дугаар хороонд гэртээ байхад 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумаас найз н.Батбаяр нь хүн хүргэж яваа гээд 12 цагийн орчимд ирсэн ба би тухайн үед сүхэнд иш гагнуулах гээд н.Батбаярын машинтай Алтанбулаг суманд ирээд н.Батбаярын гэрт ирж нэг шил архи уугаад сүхэнд иш гагнуулчхаад н.Батбаярын хамтаар сумын төвд баруун хажууд байх найз н.Батдэлгэрийнд очоод н.Батбаяр бид хоёр машинаас буугаад н.Батдэлгэрийн гэрт нь ороход н.Батдэлгэрийн эхнэр н.Ариунаа мөн О.Э байсан. н.Ариунаа н.Батбаяр бид хоёрт аарч аяглаж өгөөд О.Этай би сайн байна уу гэсэн чинь О.Э согтуурхаад баян пизда гэх мэтээр согтуурхаад байсан. Тэгээд явах гээд н.Ариунаа гэрээс гараад араас нь н.Батбаяр гараад би араас нь гэрээс гарсан. Тэгтэл араас О.Э гарч ирээд согтуурхаад чи явах гээд байгаа юм уу гээд байсан. Би О.Эыг чи яах гээд байгаа юм айлд чамтай муудалцмааргүй байна гэсэн чинь араас хувцаснаас зуураад татаад байсан. Би гарыг нь салгаад цааш түлхээд тэр үед О.Э гар рүү орж байгаа харагдсан. Би цааш хашааны хаалга руу очиж явтал О.Э араас хувцаснаас татаад газар намайг унагаагаад О.Э миний дээр суугаад цаанаас н.Ариунаа хашиграад, тэгтэл О.Э миний дээрээс босоод би өндийгөөд суусан чинь гэдэс хэвлийд нэг удаа хутгалсан байсан. О.Э араас ирээд татаад намайг газарт унагаах үед О.Э нударгатай дээлтэй байсан тул гарт нь хутга байсан үгүйг мэдээгүй. Би тэгээд н.Батбаяртай сумын эмнэлэгт орж эмчилгээ хийлгэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

-Хохирогч Ө.Бын “...О.Э нь намайг эмнэлэгт эмчилгээ хийлгэж байхад дансаар 1.800.000 төгрөг өгсөн. Мөн 1.500.000 төгрөг өгсөн. Түүний дараа мөн 1.500.000 төгрөг өгсөн байгаа. Мөн 2022 оны 05 дугаар сарын 31-нд би өөрийн биеэр О.Эын гэрт очиж уулзахад хохиролд мөн 3.000.000 төгрөг өгсөн. Ингээд нийт хохиролд 7.800.000 төгрөг өгсөн. Нийгмийн даатгал болон миний өөрийн хувиас гарсан мөнгө нийлээд нийт эмчилгээнд 11.000.000 орчим төгрөгийн зардал гараад байгаа юм. Нийгмийн даатгалаа хасаад 7.000.000 орчим төгрөгийн зардал гарсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

-Гэрч Ж.Ариунаагийн “...2022 оны 03 дугаар сарын 27-ны 13 цагаас 14 цагийн хооронд Төв аймгийн Алтанбулаг сум, Сумт 1 дүгээр багийн төвд 1-4 тоотод О.Э гэх нэртэй залуу манайд орж ирээд эгч би хөдөө явлаа гэхээр нь хэнтэй явах юм гэж асуухад би нэг хүнтэй явж байна. Ө.Б, н.Батбаяр нар нь араас нь 5 минутын дараа орж ирсэн. Надтай мэнд ус мэдчихээд гарсан. Тэгээд би гараад хашааны хог цэвэрлэж байгаад нэг юм тачигнаад байгааг хартал О.Э, Ө.Б нар нь хоорондоо зодолдоод байсан. Тэгэхээр би н.Батбаярыг чи наад хоёроо салга гэж хэлсэн чинь н.Батбаяр салгасан байх. Тэгээд тун удалгүй О.Э надад би хүн хутгалчихлаа гэсэн. Юун хутга вэ гэж буцааж хариу хэлээд О.Э хашаанаас гэрийн хаяа руу үүд рүү тог гээд нэг юм аваад шидэхээр нь би харсан чинь элсэнд зоогдсон. Би нөгөө хутгыг ишнээс нь бариад гэр рүүгээ оруулаад гал тогооны эд хэрэгслийн доод талын зайд тавиад нөхөр олох н.Батдэлгэрт хэлсэн. Гэрт байсан хутгийг аваад О.Э Ө.Быг хутгалсан байна шүү дээ гэж хэлсэн. Манай нөхөр н.Батдэлгэр хаанаас тэр хутгийг авсан юм бэ наад хутгийг чинь авч болохгүй шүү дээ, хутгийг авдаггүй юм, гар хурууны хээ авдаг юм биш үү. Тэгэхэд нь мэдэхгүй тэр хутгийг аваад гэр рүү оруулчихсан. Тэгээд н.Батбаяр нь Ө.Быг аваад эмнэлэг рүү авч явахгүй бол болохгүй байна гээд аваад явсан. О.Э дараа нь эгчээ би цагдаа руу явлаа хүн хутгалчихлаа би, хэргээ хүлээнэ гэж хэлээд манайхаас явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

-Гэрч Д.Батбаярын “...2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикд найз Ө.Бтой таарсан. Ө.Б сумын төв явах гэж байгаа бол хамт явья гэсэн. Тэгээд бид хоёр хамт сумын төвд орж ирээд Б.Батдэлгэрийнд очсон чинь н.Батдэлгэр гэртээ байгаагүй, ажилдаа явсан байсан н.Эрдэнээ, н.Батдэлгэрийн эхнэр н.Ариунаа нар байж байсан. Тэгээд бид хоёр явахаар болоод би түрүүлж гараад машиндаа сууж байсан чинь удалгүй манай найз Ө.Батзориг машинд орж ирээд хөгшнийг нь хатгачихлаа гээд цамцаа сөхөөд гэдсээ харуулсан. Тэгээд би шууд сумын эмнэлэг аваад явсан. Тэгээд эмнэлэг дээр очоод боолт хийлгээд шууд Улаанбаатар хот руу явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

-Шүүгдэгч О.Эын сэжигтнээр өгсөн “...Би Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багт хөдөө ээжийн хамтаар мал маллаж амьдарч байгаа ба 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 10 цагийн орчимд сумын төв орж ирээд үсээ засуулан мотоциклдоо сэлбэг аваад 14 цагийн орчимд сумаас гарах гээд явах замдаа сумын баруун дэнж Дэлгэр гэх айлаар орох гээд хашаанд нь ороод байж байсан чинь гаднаас Ө.Б хашаанд орж ирээд Ө.Б нь архи согтууруулах ундаа уусан намайг барьж аваад бацаан юу байна гээд хацар хэсэгтт алгадаад танай авгайг шааж байсанд ахдаа юм санадаггүй биздээ гээд намайг цохих гээд байхаар нь би Ө.Бийг арагш нь түлхээд Ө.Б арагшаа гэрийн довжоо дээр суугаад босож ирээд намайг чих рүү гараараа цохиод би тэгэхээр нь н.Дэлгэрийн гэр рүү орж тогооны шүүгээн дээр байсан хутга аваад гэрээс гараад Ө.Бийг айлгах гээд тэгтэл Ө.Б намайг өмсөж явсан цамцны захаар боогоод өөр рүүгээ татаад би Ө.Бийн дээр нь унах үедээ гартаа байсан хутгаар Ө.Бийн гэдс рүү хутгал гэмтэл учруулсан ба Ө.Бтой цуг явсан Бүжэн хочит Батбаяр Ө.Бийг аваад машиндаа суулган сумын эмнэлэг явсан. Би араас нь алхаад сумын цагдаа дээр ирээд цагдаа байна уу, би хүн хутгалсан гэж хэлэх гээд тэгсэн сумын цагдаа нар байхгүй байна, дуудлаганд явсан байна, одоо ирэх байх та наанаа сууж бай гэж нэг эмэгтэй хэлсэн. Тэгээд би цагдаагийн байрны үүдэнд сууж байтал сумын цагдаа ирээд саатуулсан юм..., ...Намайг н.Дэлгэрийн хашаанд орсон чинь араас хохирогч Ө.Б хашаанд орж ирээд Ө.Б согтуурхаад танай эхнэрийг ганц хоёр шааж байсан ахдаа юм санахгүй биздээ гээд байхаар нь би Дэлгэрийн гэрт орж хутга аваад айлгах гээд Ө.Б намайг заамдаад би Ө.Бийн дээр унаад гэдэс хэсэгт нь нэг удаа хутгалсан юм. н.Дэлгэрийн гэрээс хутга авсан ямар иштэй хутга байсан талаар мэдэхгүй байна. Ө.Бтой хамаатан садан холбоо байхгүй, би архи согтууруулах ундаа уусан байсан болж байгаа үйлдлийг мэдэх чадвартай байсан. Ө.Б их согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №63 дугаартай “...Ө.Бын биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэс, чацархай нэвт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн хатгалтын үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-45 тал/,

-Шүүгдэгч О.Эын яллагдагчаар өгсөн “...Би өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолтой танилцлаа. Надад холбогдох хэргийг прокурорын байгууллагаас зүйлчлэлийг өөрчилж оруулж ирсэн байна. Би нэгэнт Ө.Бийн биед хүнд гэмтэл учруулснаас хойш прокуророос нэмэлт өөрчлөлт оруулсан зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна... Би өмнөх мэдүүлэгтээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй байна. Миний тооцоогоор хохирогчид би 21.800.000 төгрөг төлж барагдуулсан байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна гэх мэдүүлэг  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн нутаг Д.Батдэлгэрийн хашаанд хохирогч Ө.Бтой үл ялих зүйлээр шалтаглан түүний хэвлий тус газар хутгаар хутгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн объектив талын шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №63 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ө.Бын биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэс, чацархай нэвт хатгагдсан шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна гэжээ. Энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд хүнд хохирол” учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч О.Эын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Шүүгдэгч О.Э нь хохирогч Ө.Бын хэвлий тус газар хутгаар хутгалсан үйлдэл, түүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан “хүнд гэмтэл” нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч О.Э нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ хутга ашигласан ба “Хутга” нь бүтцийн хувьд биетийг устгах, гэмтээх зориулалттай эд зүйл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-д хамаарч байна.

Прокуророос шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...Зэвсэг хэрэглэсэн...” хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн, шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон Ц.Очирбат нь шүүгдэгч О.Эыг “Санаатай ч бай санамсаргүй ч бай гэм буруутай учраас зохих шийтгэлийг нь оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэж дүгнэсэн дүгнэлт нь шүүх бүрэлдэхүүний хууль зүйн дүгнэлттэй нийцэж байгааг дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч ахуйн хүрээнд архидан согтуурсан, шүүгдэгчийн хувьд тухайн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж уураа тэвчиж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Иймд шүүхээс шүүгдэгч О.Эыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч О.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч О.Э нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Д.НэргүйгээсО.Эыг хүний эрүүл мэндэд зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг устгуулах, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй” гэх ялын дүгнэлтийг гаргасан байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнээс: “Шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцсон учраас улсын яллагчаас ял оногдууллаа. О.Эын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, урьд нь ял шийтгэлгүй, хувийн байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар 5 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч О.Эын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг ньтаван жилээс арван хоёр жил хүртэл” хугацаагаар хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгч О.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Эыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэлгүй байх ба анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсантай холбоотой хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.Э нь хохирогч Ө.Бод 21.800.000 төгрөг төлсөнг дурьдаж, хохирогч Ө.Бод шүүх хуралдааныг тов мэдэгдэхэд “би өмнөх 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж бичиг хийж өгсөн. Иймд гомдолгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг, бор иштэй, 26 см урттай, 15 см хэмжээтэй ажлын хэсэгтэй, бариул хэсэг 11 см хэмжээтэй хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж,

Эрүүгийн 2234002310255 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг “зэвсэг хэрэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч О.Эыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг, бор иштэй, 26 см урттай, 15 см хэмжээтэй ажлын хэсэгтэй, бариул хэсэг 11 см хэмжээтэй хутгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн 2234002310255 дугаартай хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэрийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ю.ЭНХМАА

 

             ШҮҮГЧИД                                 Ш.ГАНДАНСҮРЭН.

 

                                                         Т.БАТЖАРГАЛ