Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2019/01736

 

 

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2019/01736

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: М  ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БМ ХХК /РД: /,

 

Хариуцагч: Б.А нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13.635.000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М. ХХК, Б М ХХК-тай 2017 оны 3 сарын 16-ны өдөр хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. М. ХХК гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Талууд гэрээний үнийн дүн 23.590.000 төгрөг байхаар тохирсон. Б М ХХК 2017 оны 3 сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 3 сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 2 сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг тус тус төлж, үлдэх 9.090.000 төгрөгийг М. ХХК-д төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Талуудын байгуулсан гэрээний 6.4-д гэрээний аль нэг тал гэрээнд заасан үүргээ зөрчвөл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр заасан. Хариуцагч Б.А-с татгалзаж, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 9.090.000 төгрөг, алданги 4.545.000 төгрөг нийт 13.635.000 төгрөгийг Б М ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М. ХХК-ийн нэхэмжлэлд дурдснаар гэрээний үүргийн үнийн дүн болох 9.090.000 төгрөгийг Б М ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрч, төлж барагдуулах болохоо илэрхийлж байна. Харин алданги 4.545.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед манай компани нь үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч талтай үндсэн төлбөр болох 9.090.000 төгрөг дээр эвлэрэх бүрэн боломжтой юм гэжээ.

Хариуцагч Б.Ариуны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа манай компанийн хувьцаа эзэмшигч Б.Ариуныг хариуцагчаар татсан байх бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Б.Ань уг асуудлаар хариуцлага хүлээх үндэслэлгүй ба М. ХХК, Б М ХХК-ийн хоорондын харилцаанд гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Б.Ань хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Иймд Б.Ариунаас төлбөр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М. ХХК нь хариуцагч Б М ХХК, Б.Анарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үндсэн төлбөр 9.090.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 4.545.000 төгрөг, нийт 13.635.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б М ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 9.090.000 төгрөгийг зөвшөөрч, алдангийн төлөх боломжгүй гэж, хариуцагч Б.Ань хариуцагч биш гэж тус тус маргаж байна.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ариунд холбогдох шаардлагаасаа татгалзаж, ажил гүйцэтгэх гэрээний үүргийг бүхэлд нь хариуцагч Б М ХХК-иас шаардав.

Иймд хариуцагч Б.Ариунд холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б М ХХК-иас шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М. ХХК, хариуцагч Б М ХХК нар нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 17/03 тоот хайгуулын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулж, Б М ХХК-ийн эзэмшилд байгаа 16/R047 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд барилгын чулууны хайгуулын ажил гүйцэтгэж, Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулж, Эрдэс Баялгийн Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах ажлыг 23.590.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Н/61 тоот нөөц хүлээн авч, бүртгэх тухай тушаал, Эрдэс баялгийн Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ХХ-11-03 тоот дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгч М. ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байх ба хариуцагч Б М ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 9.090.000 төгрөгийн төлбөр дутууг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахыг зөвшөөрчээ. Иймд гүйцэтгэсэн ажлын хөлс 9.090.000 төгрөгийг Б М ХХК-иас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь гэрээний 6.4 дэх заалтыг баримтлан төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний алдангид 4.545.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба хариуцагч нь эдийн засгийн хямралтай гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй маргав.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.4-д Гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчвөл гүйцэтгээгүй ажлын хөлснөөс 0.5 хувийн алданги хүлээхээр харилцан тохиролцсон байна.

Гэрээний 3.5-д Эрдэс Баялгийн Мэргэжлийн зөвлөлөөр тайланг хэлэлцүүлж, батлуулсны дараа үлдэгдэл төлбөр болох 7.590.000 төгрөгийг захиалагч тал гүйцэтгэгч талд төлнө гэж заасны дагуу хариуцагчийн төлбөр төлөх хугацаа нь Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Н/61 тоот нөөц хүлээн авч, бүртгэх тухай тушаал, Эрдэс баялгийн Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ХХ-11-03 тоот дүгнэлт зэрэг баримтаар 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дуусчээ.

Иймд хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байх ба 250 хоног болж байх ба үлдэгдэл 9.090.000 төгрөгөөс хоногийн 0.5 хувиар алданги тооцоход 45.450 төгрөг, хэтэрсэн хоногоор тооцоход 11.362.500 төгрөг болж байх ба хэтэрсэн хугацааны алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагад нийцүүл, үлдэгдэл төлбөр 9.090.000 төгрөгөөс тооцож 4.545.000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуульд нийцжээ.

Хариуцагч нь эдийн засгийн хямралтай байгаа, компанийн үйл ажиллагаа хүндрэлтэй гэх шалтгаанаар алдангийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байсан боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж мэтгэлцээгүй тул шүүхээс алдангийн хэмжээг багасгах боломжгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б М ХХК-иас 13.635.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М. ХХК-д олгохоор шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 226.125 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Б М ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13.635.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М. ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Ариунд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч М. ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 226.125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 226.125 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ч.МӨНХЦЭЦЭГ