Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/98

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Л.Наранхүү,                      

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б овогт Ч-ийн Б-д холбогдох эрүүгийн 2334000000042 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 01-нийн өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт Цагаан хөтөл гэх газарт иргэн У.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хөмсөг тус газарт гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт Цагаан хөтөл гэх газарт иргэн У.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хөмсөг тус газарт гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

            Энэ нь эрүүгийн 2334000000042 дугаартай хэрэгт авагдсан:

 

            Хохирогч У.М-ын “...2023 оны 01 сарын 01-ны өдөр үдээс хойш Аргалант сум Хөшөөт 2 баг Цагаан хөтөл гэх газарт хуурай дүү Ч.Б-ын хамт урд талын айл болох А ахын гэрт нь орж шинэ жил гээд ганц нэг жижиг рүнк архи уусан. Ч.Б архи уугаагүй байх. Тэгээд айлд хүмүүс байсан болохоор удаагүй Ч.Б бид 2 хойшоо гэртээ орсон. Гэртээ ороод намайг унтаж байтал Ч.Б татаж чангаагаад гадаа адуу малынхаа ажлыг хийгээч унтаад байх юм гэж хэлээд намайг татаж босгож ирээд баруун гараараа миний баруун зүүн хөмсөг рүү нэг, нэг нийт 2 удаа цохисон. Тэгтэл миний 2 талын хөмсөг задарч цус гарсан. Тэгээд би 19 цаг өнгөрч байхад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/,

            Гэрч Я.А-ын “...2023 оны 01 сарын 01-ний 17 цагийн үед намайг адуунд өвс тэжээл өгчихөөд гэрт орж иртэл Ч.Б, У.М 2 хоорондоо маргалдсан Ч.Б, У.М-ын 2 хөмсөг рүү гараараа цохиж 2 хөмсөгийг язалсан байдалтай байсан. Би Ч.Б-с та 2 чинь яагаад зодоон цохион хийгээд байгаа талаар нь асуутал У.М нь адуу малын ажил их байхад унтаад байхаар уурандаа нүүр лүү нь 2 удаа гараараа цохиж зодсоныг надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,

            Шүүгдэгч Ч.Б-ын “...би прокурорын яллагагчаар татсан тогтоолтой танилцлаа. Надад сонсгож байгаа прокурорын яллагдагчаар татаж байгаа дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. би Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р ба Цагаан хөтөл   гэх газар А гэх малчинтай амьдардаг. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн оройн 18 цагийн үед би гадаа малын баас  цэвэрлээд, малаа услаад гэртээ орж ирсэн. Гэрт ороход У.М ах унтаж байсан. тэгээд би М ахыг сэрээгээд адуу малынхаа ажлаа хий гэж хэлээд бид 2 хоорондоо маргалдсан. Тэгээд би уурандаа нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд би цохичихоод гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч И.Ганболорын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн №47 дугаартай шинжээчийн: “1. У.М-ын биед баруун хөмсөг, зүүн хөмсгөнд шарх, өаруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Унсанаас үүсэх боломжгүй. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

  Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Наранхүү нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2023 оны 02 сарын 24-ний өдөр 29 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-47 тал/ 2023 оны 02 сарын 24-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

  Шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ч.Б-ыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ч.Б-ын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Ч.Б-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Ч.Б нь хохирогч У.М-ын хөмсөг тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ч.Б нь хохирогч У.М-ыг зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд,

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүх шүүгдэгч Ч.Б-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.     

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, хэрэгт хохирлын баримт авагдаагүй, “гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт гаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн 2334000000042 дугаартай хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Ч-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б овогт Ч-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овогт Ч-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Б овогт Ч-ийн Б-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

5.Эрүүгийн 2334000000042 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

           

6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

8.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Б-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.ОТГОНЖАРГАЛ